“4-р сарын 27-оос 5-р сарын 3. Мозая 7–10: ‘Их Эзэний хүчинд,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“4-р сарын 27-оос 5-р сарын 3. Мозая 7–10,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
4-р сарын 27-оос 5-р сарын 3
Moзая 7–10
“Их Эзэний хүчинд”
Уншиж байхад тань Сүнс тодорхой хэллэг юм уу шүлэгт анхаарлыг тань хандуулж магад. Эдгээр хэсэг танд хэрхэн хамаатай болох талаарх мэдрэмжээ бичиж тэмдэглэнэ үү.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хаан Мозаягийн хүмүүс Зарахемлад “үргэлжилсэн амгаланд” (Мозая 7:1) байсны дараа, олон жилийн өмнө Лихай-Нифайн нутагт амьдрахаар явсан хэсэг нифайчуудын талаар бодож эхэлсэн. Олон үе өнгөрсөн ч Мозаягийн хүмүүс тэднээс ямар ч сураг сонсоогүй аж. Тиймээс Мозая явсан нифайчуудыг хайлгахаар эрлийн багийг удирдахыг Аммоноос хүсэв. Эрлийн баг “шударга бус явдлынхаа улмаас” (Мозая 7:24) леменчүүдэд боолчлогдсон байсан уг нифайчуудыг олжээ. Харин Аммон ах дүүстэйгээ ирсэн явдал гэнэт тэдэнд чөлөөлөгдөх итгэл найдварыг төрүүлсэн байна.
Заримдаа бид яг тэр боолчлогдсон нифайчуудын адил нүглийнхээ улмаас зовж шаналан, амар амгаланг дахин мэдрэх болов уу хэмээн боддог. Заримдаа бид Аммоны адил бусдад тусламжийн гараа сунгах сүнслэг удирдамжийг хүлээн авч, хожим нь бидний гаргасан хүчин чармайлт тэднийг “тэргүүнээ өргөцгөө[ж], мөн баяс[аж], мөн найдлагаа Бурханд хандуул[ахад]” (Мозая 7:19) өдөөсөн болохыг олж мэддэг. Ямар нөхцөлд байхаас үл хамааран, бид бүгд наманчилж, “тэрээр … [биднийг] чөлөөлөх болно” гэдэгт итгэн, “зүрх сэтгэлийн дүүрэн зорилготойгоор Их Эзэнд ханд[ах]” (Мозая 7:33) хэрэгтэй.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Хэрэв би Их Эзэнд хандан, Түүнд итгэж, үйлчлэх юм бол Тэрээр намайг чөлөөлнө.
Зарахемлагаас ирсэн нифай үндэстэн байсан Аммонтой уулзсан явдал хаан Лимхайн найдварын очийг асаасан бөгөөд тэрээр уг найдвараа хүмүүстээ дамжуулан өгөхийг хүссэн. Та Мозая 7:14–33-ыг уншихдаа, Лимхай өөрийн хүмүүсийг урамшуулж, итгэлийг нь хөгжүүлэн, Бурхан тэдэнд тусална гэсэн найдварыг төрүүлэхийн тулд тэдэнд юу хэлснийг анхаарна уу. Хэдийгээр та Лимхайн хүмүүсийнхтэй адил нүгэл үйлдээгүй байж болох ч түүний үгс Их Эзэнд хандахад тань хэрхэн тусалж болох вэ? Жишээлбэл, Бурхан өмнө нь боолчлолоос чөлөөлж байсан түүхүүдийг Лимхай хүмүүстээ сануулсныг та олж харах болно (18–20-р шүлгийг үзнэ үү). Эдгээр түүхийн зэрэгцээ судрын бусад түүх, хувийн туршлага танд Бурханд найдахад хэрхэн тусалдаг вэ?
Лимхайн хүмүүсийн олсон 24 ялтас ямар ялтаснууд байсан бэ?
Лимхайн хүмүүсийн цөөхөн хүнтэй баг Зарахемлагийн нутгийг үр дүн муутай хайж байх зуураа мэдэхгүй хэлээр сийлсэн 24 алтан ялтсыг олсон байна. Эцэст нь эдгээр ялтсыг хаан Мозая орчуулсан бөгөөд эдгээр нь Бабелийн цамхгаас амлагдсан нутагт ирсэн ба яваандаа устаж үгүй болсон жаредчууд хэмээх ард түмний талаар өгүүлсэн байв (Мозая 28:11–19-ийг үзнэ үү). Хожим нь Моронай эдгээр ялтсыг хураангуйлан (Ифер 1:1–2-ыг үзнэ үү), Иферийн ном болгосон юм. Мозая 28:18 дээрээс энэ түүх Мозаягийн хүмүүст ямар нөлөө үзүүлснийг анхаар.
Их Эзэн хүн төрөлхтний тусын тулд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийг өгдөг.
Их Эзэн үзмэрчийг өгсөн талаарх Аммоны гэрчлэлийг Лимхай сонсоод, “үлэмж баясан, мөн Бурханд талархал илэрхийлж[ээ]” (Мозая 8:19). Яагаад түүнд ийм мэдрэмж төрсөн гэж та бодож байна вэ? Та Мозая 8:13–19 дэх Аммоны үгсээс үзмэрчдийн талаар юу олж мэдсэн бэ? Өнөө үед “Тэргүүн Зөвлөл, Арван хоёрын Зөвлөлийг бошиглогч, үзмэрч, илчлэгчид хэмээн дэмжин баталдаг” (Bible Dictionary, “Seer”). Та дэлхий дээр бошиглогч, үзмэрч, илчлэгчидтэй байхын адислалын талаар хамгийн сүүлд хэзээ тунгаан бодсон бэ? Та бошиглогч, үзмэрч, илчлэгчид танд хэрхэн “агуу ашиг тус хүргэ[сэн]” талаар бичиж тэмдэглэж болно (Мозая 8:18).
Бошиглогч Иосеф Смит бол бидний эрин үеийг тэргүүлдэг агуу үзмэрч юм ( С&ба Г 21:1; 124:125; Иосеф Смит—Түүх 1:62-ыг үзнэ үү). Тэрээр үзмэрчийн талаар өгүүлсэн Аммоны дүрслэлийг өөрийн тохинууллын туршид хэрхэн үлгэрлэн үзүүлсэн бэ?
Би “Их Эзэний хүчинд” зовлон бэрхшээлтэйгээ нүүр тулж чадна.
Зениф алдаа гаргаснаа хүлээн зөвшөөрсөн. Тэр заримдаа хэт их зүйл хүсдэг нэгэн байсан ба хаан Лементэй буруу гэрээ байгуулж, Лимхайн хүмүүсийн өвөг дээдэс болох өөрийн хүмүүсийг хүнд байдалд оруулжээ. Харин дараа нь тэр леменчүүдтэй тулалдахаар явахдаа өөрийн хүмүүст зовлон бэрхшээлтэйгээ итгэлтэйгээр нүүр тулахад нь тусалсан юм. Та Мозая 9–10-ыг уншихдаа, Зенифийн хүмүүс итгэлээ харуулахын тулд юу хийснийг олж мэд. Бурхан тэднийг хэрхэн хүчирхэгжүүлсэн бэ? “Их Эзэний хүчинд” урагш явах гэдэг нь таны хувьд юу гэсэн утгатай вэ? (Mозая 9:17; 10:10–11).
Миний сонголт олон үеийнхэнд нөлөөлнө.
Мозая 10:11–17-д өгүүлснээр, леменчүүдийн өвөг дээдсийнхний үйлдэл, хандлага леменчүүдэд үнэнийг олж мэдэхэд хэрхэн саад болсон бэ? Леменчүүдийн өвөг дээдсийнхний сонголтууд ирээдүйн залгамж үеийнхэнд нь хэрхэн нөлөөлсөн бэ? Таны итгэл үнэмшил, сонголт нөлөөлж болох хүмүүсийнхээ талаар бод. Та тэдэнд Христэд илүү бүрэн дүүрэн итгэхэд нь туслахын тулд юу хийж байна вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
Moзая 7:19–20
Хүмүүсээ итгэлтэй байхад урамшуулан дэмжихийн тулд Лимхайн онцлон заасан жишээнүүдийг анхаарна уу. Судрын ямар жишээнүүд биднийг “Бурханд найдлага хандуулахад” өдөөдөг вэ? Бурханд итгэлээ тавина гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (мөн Мозая 9:17; 10:19-ийг үзнэ үү). Бид өөрсдийн эсвэл өвөг дээдсийнхээ амьдралын ямар түүхийг Бурханд илүү их найдахад өдөөхөөр хуваалцаж болох вэ?
Moзая 7:26–27
Бид эдгээр шүлгээс Аврагчийн талаар юу мэдэж авдаг вэ? (мөн С&ба Г 130:22-ыг үзнэ үү). Яагаад бид эдгээр зүйлийг мэдэж байгаадаа талархдаг вэ?
Moзая 8:13–18
Гэр бүлийн гишүүддээ үзмэрч гэдэг нь хэн болохыг ойлгоход нь туслахын тулд та бидэнд харагдахгүй зүйлсийг харахад тусалдаг дуран, телескоп, микроскоп гэх мэт хэрэгслийн зургийг тэдэнд үзүүлж болно. Эдгээр багаж нь үзмэрчтэй юугаараа адилхан бэ? (Мосе 6:35–36-г үзнэ үү). Үзмэрч бидэнд харагддаггүй ямар зүйлсийг хардаг вэ? Иосеф Смит үзмэрч байсан гэдгийн ямар нотолгоо бидэнд байдаг вэ?
Та амьд бошиглогч, үзмэрч, илчлэгчдийн зургийг үзүүлээд, тэдний талаар юу мэдэхийг гэр бүлийнхнээсээ асууж болно. Бид тэднийг хэрхэн дагаж байгаа вэ?
Мозая 9:14–18; 10:1–10
Леменчүүдийг дайрахад зенифчүүд биеийн болон сүнслэг байдлын хувьд бэлэн байсан. Зениф болон түүний хүмүүсээс саад бэрхшээлд бэлэн байх талаар бид юу сурч болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.