Ирээд, Намайг дага
5-р сарын 25–31. Мозая 29–Алма 4: “Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв”


“5-р сарын 25–31. Мозая 29–Алма 4: ‘Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“5-р сарын 25–31. Мозая 29–Алма 4,” Ирээд, Намайг дага—Хувь хүн болон гэр бүлүүдэд зориулав: 2020

Залуу Алма номлож байгаа нь

Залуу Алма номлож байгаа нь, Гари Л.Капп

5-р сарын 25–31

Мозая 29–Алма 4

“Тэд хөдөлшгүй мөн гуйвшгүй байв”

Судруудыг унших нь илчлэлтийг урин авчирдаг. Их Эзэний танд өгөхийг хүссэн захиаст нээлттэй бай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зарим нь хаадыг сонгогдсон шүүгчдээр солих хаан Мозаягийн саналыг улс төрийн ухаалаг шинэчлэлт хэмээн үзэж болох юм. Харин нифайчуудын хувьд, ялангуяа ёс бус хаан Ноагийн доор амьдарч байсан хүмүүсийн хувьд энэ өөрчлөлт сүнслэг байдлын хувьд чухал ач холбогдолтой байсан юм. Шударга бус хаан хүмүүсийнхээ дунд хэрхэн “ёс бус” бөгөөд “агуу их устгалыг” (Мозая 29:17) авчирсныг тэд харсан ба ийм нөлөөнөөс чөлөөлөгдөнө гэхээс “үлэмж догдолж байв.” Энэ өөрчлөлт тэдэнд өөрсдийн зөв шударга байдлыг болон “[өөрсдийн] нүглүүдээ хариуцах” боломжийг олгох байлаа (Мозая 29:38; С ба Г 101:78-ыг үзнэ үү).

Мэдээж хаанчлал үгүй болсноор нифайчуудын асуудал шийдэгдсэн гэсэн үгс биш байв. Нихор, Амлисай гэх мэт зальт хүмүүс худал хуурмаг үзэл санааг ухуулан, итгэлгүй хүмүүс гэгээнтнүүдийг хавчин гадуурхаж, Сүмийн олон гишүүн бардамнаж, сүмээ орхин одсон юм. Гэсэн ч “Бурханы даруухан дагалдагчид” эргэн тойронд өрнөж байгаа зүйлсээс үл хамааран “хөдөлшгүй мөн гуйвшгүй байв” (Алма 1:25). Мөн Мозая өөрчлөлт хийснээр тэд нийгэмд сайн нөлөөлөл үзүүлэхээр “саналаа өгөх” (Алма 2:6) боломжтой болсон юм.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Мозая 29:11–27; Алма 2:1–7

Би өөрийнхөө нийгэмд эергээр нөлөөлж чадна.

Шүүгчдийн засаглал тогтсоноос тавхан жилийн дараа хүнд асуудал үүсэж, хүмүүсийн дуу хоолой ихэнхдээ зөвийг сонгоно хэмээсэн Мозаягийн тунхаглалыг сорив (Мозая 29:26-г үзнэ үү). Асуудал нь шашны эрх чөлөөтэй холбоотой байлаа. Амлисай нэртэй нэгэн эр “[хүмүүсийн] сүмийнх нь эрх хийгээд боломжуудыг тэднээс булааж авах[ыг]” эрэлхийлж байв (Алма 2:4). Таны улс орон, орон нутагт шашны эрх чөлөөнд халдаж байхыг та анзаарч харсан уу? Нифайчуудын энэхүү аюул заналд хэрхэн хандсан байдлаас та юу сурч болох вэ? (Алма 2:1–7-г үзнэ үү).

Танай орон нутагт өөр олон чухал асуудал тулгарч байгаа байх. Та нифайчуудын адил өөрийн дуу хоолойг “хүмүүсийн санал[д]” оруулж байгаагаа хэрхэн бататгаж болох вэ? Та хүмүүсийн дуу хоолой засгийн газарт нөлөөлж чаддаггүй газар амьдарч байж болох юм. Хэрэв тийм бол танд орон нутагтаа эергээр нөлөөлөх өөр арга зам байгаа юу?

Алма 1

Би худал хуурмаг сургаалыг таньж, уг сургаалаас татгалзаж чадна.

Хэдийгээр эцэст нь Нихор өөрийнх нь заасан зүйлс худал байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн ч түүний заасан зүйлс олон жилийн туршид нифайчуудад нөлөөлсөөр байсан (Алма 1:15–16; 2:1–2; 14:14–18; 15:15; 21:4; 24:28-ыг үзнэ үү). Хүмүүс Нихорын сургаалд яагаад татагдсан байж болох вэ? Та Алма 1:2–4-ийг уншихдаа, Нихорын заасан зүйлсээс худал хуурмаг зүйлсийг тодорхойлж чадах эсэхээ үз. Тэдгээр нь үнэний ортой байгааг та анзаарах байх.

Гидеон Нихорыг “Бурханы үгсээр” эсэргүүцсэн юм (Алма 1:7, 9). Нихорын худал хуурмаг сургаалыг няцаасан судар таны санаанд орж ирж байна уу? Өөр олон жишээ байгаа ч заримыг нь өгье. Үүнд: Матай 7:21–23; 2 Нифай 26:29–31; Мозая 18:24–26; Хиламан 12:25–26. Эдгээр судар нь өнөөдөр заагдаж байгаа худал хуурмагийг няцаахад танд хэрхэн туслах вэ?

Алма 1-ийг судалж болох өөр нэгэн арга зам бол Нихор болон түүний дагалдагчдыг (3–9, 16–20-р шүлэг) “Бурханы хүмүүстэй” харьцуулах явдал юм (25–30-р шүлэг мөн 2 Нифай 26:29–31-ийг үзнэ үү). Та Бурханы хүмүүстэй хэрхэн илүү адилхан болж чадах вэ? Та үйлчилж байхдаа ямар нэгэн “санваараар мэргэшсэн” тохиолдлыг харж байсан уу?

Алма 1:27–31; 4:6–15

Есүс Христийн үнэнч шавь нар зүрх сэтгэлээ баялаг дээр тулгуурладаггүй.

Алмагийн болон  4-р бүлэгт Сүм өсөж хөгжиж байсан ч, уг өсөлт хөгжилд Сүмийн гишүүд өөр өөрөөр хандсан үеийг үзүүлдэг. Та ямар ялгаатай талуудыг олж харсан бэ? Олж мэдсэн зүйл дээрээ үндэслэхэд, “Бурханы даруухан дагалдагчдын” (Алма 4:15) эд баялаг, өсөлт хөгжилд хандах хандлагыг та хэрхэн дүрслэх вэ? Та өөрийн хандлагын хувьд юуг өөрчлөхөөр өдөөгдсөн бэ?

Алма 4

“Бурханы үгс” болон “цэвэр гэрчлэл” зүрх сэтгэлийг өөрчлөх чадалтай.

Алма 4-т цэдэглэгдсэнээр, Алмаг “маш их харамса[хад]” (Aлма 4:15) хүргэсэн зүйл юу вэ? Ерөнхий шүүгчийн алба нь Алмаг өөрийн хүмүүсийн асуудлуудыг шийдэж болох хамгийн сайн байр сууринд аваачих байсан гэж зарим хүн хэлж болох юм. Гэсэн ч Алма үүнээс илүү сайн арга зам байгаа гэж бодсон. Хүмүүстээ туслах түүний арга замын юу нь танд гүн сэтгэгдэл төрүүлсэн бэ? Таны судалгаа эргэн тойрныхоо хүмүүст хэрхэн зөв шударгаар нөлөөлж болох бодлыг төрүүлж болно. Хэрэв тийм бол тэдгээр бодлынхоо дагуу үйлд.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Алма 1:19–25

Эдгээр шүлэгт Сүмийн гишүүд хавчлагад хэрхэн өөр өөрөөр хандсаныг тодорхойлох нь танай гэр бүлд тустай байж болно. Хүмүүсийг бидний шашин шүтлэг рүү дайрах үед зохих ёсоор хэрхэн хариулах арга замуудаар та нар дадлага хийж болно. ChurchofJesusChrist.org/religious-freedom/examples дэх видео бичлэгүүд тус болж магадгүй.

Алма 3:4

Амлисайчууд “өөрсдийн дээр тэмдэг тавьснаар” ямар мэдээлэл хүргэхийг хүссэн бэ? (Алма 3:4, 13-ыг үзнэ үү). Бид санаатай юм уу санамсаргүйгээр өөрсдийн гаднах төрхөөр ямар мэдээлэл өгч болох вэ? Энэ нь Залуучуудын бат бөх байдлын төлөө (2011), 6–8 дахь “Хувцаслалт болон гадаад төрх” хэсгийг авч үзэх зөв цаг байж болох юм.

Алма 4:2–3

Ямар зүйлс эсвэл үйл явдал биднийг Бурханы өмнөх “үүргийнхээ санамжинд сэрээ[сэн]” бэ? (Aлмa 4:3). Гэр бүлийнхнийгээ өглөө сэрээсний дараа эдгээр шүлгийг хуваалцах нь тохиромжтой байж болно. Дараа нь та нар бие махбодын хувьд сэрэхэд хэцүү байдаг нь сүнслэг байдлын хувьд сэрэхэд хэцүү болохыг ойлгоход тусалдаг талаар ярилцаж болно.

Алма 4:10–11

Бид хэрхэн “сүмд харьяалагдаагүй тэдэнд агуу тээглэх чулуу” болохоос зайлсхийж болох вэ? (Алма 4:10). Түүнчлэн бид бусдын, ялангуяа Сүмийн бусад гишүүний үйлдлийг сүнслэг өсөлт хөгжлийнхөө тээглэх чулуу болгохгүй байхад хэрхэн анхаарч болох талаар ярилцах нь тустай байж болно.

Алма 4:19

Гэрчлэлийн хүчийг ойлгоход нь гэр бүлийнхэндээ туслахын тулд хэн нэгний гэрчлэлийг сонссон нь тэдэнд гүн гүнзгий нөлөөлсөн үеийн талаар бодоход тэднийг урьж болно. Яагаад Алма хүмүүсийн зүрх сэтгэлд хүрэхийн тулд гэрчлэл болон Бурханы үгийг ашигласан байж болох вэ? (мөн Алма 31:5-ыг үзнэ үү). Яагаад энэ нь бусдыг өөрчлөхөөр ятгахад ашигладаг бусад арга замаас илүү үр дүнтэй байдаг вэ? Гэрчлэлээ хуваалцсанаар итгэлийг нь хүчирхэгжүүлж болох хүмүүс бидэнд байгаа юу?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Судруудыг өөртэйгөө адилтга. Таны судраас уншиж буй түүх, заалгаж байгаа зүйлс амьдралд тань ямар хамаатай талаар эргэцүүлэн бод. Жишээлбэл, та өнөө үеийн дэлхий болон Алма 1–4-т нифайчуудтай тулгарсан нийгмийн асуудлуудын хооронд ижил төстэй зүйлсийг олж болно.

Нифайчууд амлисайчуудтай тулалдаж байгаа нь

Алма ба Амлисай, Скотт М.Снөү