“6-р сарын 1–7. Алма 5–7: ‘Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн үү?’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“6-р сарын 1–7. Алма 5–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
6-р сарын 1–7
Алма 5–7
“Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ мэдэрсэн үү?”
Алма 5–7 нь Есүс Христэд хөрвөгдөх явцаа эргэн харахад танд тусална. Та уншиж байхдаа Сүнсний зааж байгаа зүйлийг бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хүний амийг аврахаар хийгддэг, согогтой эсвэл өвчтэй зүрхийг эрүүл саруул зүрхээр солин, шилжүүлэн суулгадаг өнөө үеийн мэс заслын талаар Алма мэдэхгүй байсан. Гэхдээ тэрээр өөр нэгэн гайхамшигт “зүрх сэтгэлийн өөрчлөлтийн” (Алма 5:26) талаар буюу ”дахин төрөх[тэй]” (Алма 5:14, 49-ийг үзнэ үү) адил шинэ сүнслэг амьдралыг Аврагч бидэнд өгдөг тэрхүү өөрчлөлтийн талаар мэдэж байсан. Энэхүү зүрх сэтгэлийн өөрчлөлт нь олон нифай хүнд хэрэгтэй яг тэр зүйл нь болохыг Алма олж харсан юм. Зарим нь баян байхад, зарим нь ядуу мөн зарим нь бардам байхад, зарим нь даруухан, зарим нь хавчин гадуурхаж байхад, зарим нь хавчигдан гадуурхагдаж байлаа (Алма 4:6–15-ыг үзнэ үү). Гэхдээ тэд бүгдээрээ яг бидний адил, эдгэрэхийн тулд Есүс Христэд ирэх хэрэгтэй байв. Бид бардамналаа ялан дийлэхээр эсвэл зовлон бэрхшээлээ даван гарахаар эрэлхийлж байгаа эсэх нь хамаагүй, бүгдэд нь Алма “Ирэгтүн мөн бүү эмээ” (Алма 7:15) хэмээн хэлсэн. Хатуурсан, нүгэлтэй эсвэл шархалсан зүрх сэтгэлийг даруу, цэвэр, шинэ болгох боломжийг Аврагчид олгогтун.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Би зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг туулж, үргэлжлүүлэн мэдрэх ёстой.
Алма 5:14–33-т Зарахемлагийн хүмүүсээс Алмагийн асуусан дүгнэж цэгнэхэд туслах асуултууд танд өөрийн дотоод сэтгэлийг шинжин, “зүрх сэтгэлийн хүчирхэг өөрчлөлтийг” амьдралынхаа туршид мэдрэх гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход тусална. Ерөнхийлөгч М.Рассэлл Баллард эдгээр асуултын үнэ цэнийн талаар “Би өөрөөсөө “Би хэр сайн байна вэ?” гэж асуух цаг гаргах хэрэгтэйг олж мэдсэн. Энэ нь өөрөө өөртэйгөө ганцаарчилсан ярилцлага хийхтэй төстэй юм. … Ийм ганцаарчилсан хувийн ярилцлагын үеэрээ би Алмагийн тавдугаар бүлэгт гардаг өөрийгөө дүгнэж цэгнэх асуултыг уншиж, тунгаан бодох дуртай” гэж тайлбарлажээ (“Эргэж очоод, хүлээн ав,” Ensign, May 2017, 64 эсвэл 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 51).
Алмагийн асуултуудыг өөрөө өөрөөсөө ярилцлага авч, зүрх сэтгэлдээ дүгнэлт хийж байгаа байдлаар уншиж үз. Та өөрийнхөө хариултыг бичиж тэмдэглэж болно. Та ярилцлагынхаа үр дүнд юуг өөрчлөхөөр өдөөгдөж байна вэ?
Мөн Дэйл Г. Рэнланд, “Зүрх сэтгэлийнхээ хүчирхэг өөрчлөлтийг хадгалах нь,” Ensign, Nov. 2009, 97–99 эсвэл 2009 оны 10-р сарын Ерөнхий чуулган, х. 112–114-ийг үзнэ үү.
Бид Аврагч болон Түүний сайн мэдээний тухай өөрийн гэсэн гэрчлэлийг Ариун Сүнсээр дамжуулан олж чадна.
Аврагч болон Түүний сайн мэдээний тухай хүчирхэг гэрчлэлийг Алма хуваалцахын зэрэгцээ уг гэрчлэлээ хэрхэн олж авснаа бас тайлбарласан. Гэрчлэх үедээ тэр тэнгэр элчийг харж, түүний үгийг сонссоноо (Мозая 27:10–17-г үзнэ үү) гэрчлэлдээ дурдаагүй. Харин үүний оронд тэр үнэнийг өөрөө олж мэдэхийн тулд төлсөн төлөөсөө дүрслэн өгүүлсэн. Та Алма 5:44–51-ээс Алма хэрхэн үнэнийг олж мэдсэн талаар юу сурч мэдсэн бэ? Та өөрийн гэрчлэлтэй болж эсвэл гэрчлэлээ хүчирхэгжүүлэхдээ түүний үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ? Та Алма 5:33–35, 48–50, 57–60 дээр Алмагийн заасан зүйлсээс Аврагчийн талаар юу сурч мэдсэн бэ?
Хичээнгүйлэн дуулгавартай байх нь надад “Бурханы хаант улс тийш удирдах зам дээр” үлдэхэд тусална.
Гидеоны хүмүүст тулгарсан бэрхшээл Зарахемла дахь хүмүүст тулгарсан бэрхшээлээс өөр байсан учраас Сүнс Алмад тэдний хэрэгцээг олж харан, өөрөөр заахад тусалсан (Алма 7:17, 26-г үзнэ үү). Та Алмагийн Зарахемлад (Алма 5-ыг үзнэ үү) болон Гидеонд өгсөн захиасууд хоорондоо ялгаатайг анзаарч болно. Жишээлбэл, Алма Гидеоны хүмүүс “Бурханы хаант улс тийш удирдах зам дээр” (Алма 7:19) байсныг олж харсан. Алма тэдэнд өгсөн номлолынхоо туршид уг зам дээрээ хэрхэн үлдэж болох талаар олон зүйлийг заасан юм (Алма 7). Тэр тэдэнд ямар зөвлөгөө өгсөн бэ? Та өнөөдөр амьдралдаа юуг нь хэрэгжүүлж болох вэ?
Аврагч миний нүгэл, зовлон шаналал, зүдгүүрийг Өөр дээрээ авсан.
Зовлон зүдгүүр, асуудлыг тань хэн ч ойлгохгүй байна гэж хэзээ нэгэн цагт танд бодогдож байсан уу? Хэрэв тийм бол Алма 7:7–16-д заасан үнэнүүд тусалж болно. Ахлагч Дэвид А. Бэднар: “Харин Бурханы Хүү төгс мэддэг, төгс ойлгодог, учир нь Тэр бидний хүн нэг бүрийн ачааг мэдэрч, үүрсэн юм. Тэр Өөрийн хязгааргүй хийгээд мөнхийн золиослолын улмаас (Алма 34:14-ийг үзнэ үү) сэтгэл санааны зовлонг төгс ойлгодог бөгөөд бидэнд нигүүлслийн мутраа сунгаж чадна” (“Тэд ачаагаа амархан дааж чадахын тулд,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 105) хэмээн гэрчилсэн юм.
Та Алма 7:7–16-г уншихдаа эдгээр шүлэг Аврагчийн золиослолын зорилгын талаар юуг ойлгоход бидэнд тусалж байгаа талаар тунгаан бод. Бид Түүний хүчийг амьдралдаа хэрхэн хэрэглэж чадах вэ? Бодол санаагаа бичиж тэмдэглэх талаар бодож үз.
Түүнчлэн Исаиа 53:3–5-ыг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судраас унших үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
Алма 5:6–13
Яагаад Алма өөрийн хүмүүсийг өвөг дээдэст нь Их Эзэн нигүүлсэлтэй хандсаныг санахыг хүссэн бэ? Гэр бүлийн түүхийн тань ямар түүхүүд Түүний нигүүлслийн талаар танд заадаг вэ? Та familysearch.org/myfamily руу орж, тэдгээр түүхийг оруулж болно.
Алма 5:14–33
Гэр бүлийн тань гишүүд аялал зугаалга, хичээлийн шалгалт, ажлын ярилцлагад бэлэн эсвэл бэлэн бус байх нь ямар болохыг мэдэж байж болно. Бэлэн байхын ач холбогдлыг харуулсан сүүлийн үеийн ямар туршлагаа тэд хуваалцаж чадах вэ? Та гэр бүлийнхнээ Алма 5:14–33-ыг уншаад, хүмүүсээсээ Бурхантай уулзахад бэлдэх талаар асуусан Алмагийн асуултуудыг олоход урьж болно. Гэр бүлийн гишүүн бүр нэг асуулт сонгоод, энэ нь хэрхэн бидэнд Бурхантай уулзахаар бэлтгэхэд туслах талаар хуваалцаж болно. Тунгаан бодоход нь гэр бүлийн гишүүддээ туслахын тулд танай гэр бүлийнхэн Алмагийн хэдэн асуултыг гэрийнхээ энд тэнд тавьж болно.
Алма 6:4–6
Бид ямар ямар шалтгаанаар гэгээнтнүүдийн хувьд цугларцгаадаг вэ? Бид Сүм дээрх цагаа өөрсдөдөө болон бусдад хэрхэн илүү ашиг тустай болгож болох вэ?
Алма 7:9–16
Бид наманчилж, өөрчлөгдөх хэрэгтэй үедээ “эмээ[хгүй]” (Алма 7:15) байхад туслах ямар зүйлсийг эдгээр шүлгээс сурч байна вэ? Тусламж хэрэгтэй үедээ Аврагчид хандах талаар эдгээр шүлэг бидэнд юу зааж байна вэ? Түүний тусламжийг авахын тулд бид өөр юу хийж байсан бэ? Тэрээр биднийг хэрхэн халамжилдаг вэ?
Алма 7:23
Энэ шүлэгт жагсаасан зан чанаруудын нэг юм уу хэд хэдэн сайн жишээг харуулдаг ямар хүнийг бид мэдэх вэ? Яагаад эдгээр зан чанарыг хөгжүүлэх нь чухал вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.