6-р сарын 8–14. Алма 8–12: Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“6-р сарын 8–14. Алма 8–12,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
6-р сарын 8–14
Алма 8–12
Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно
Судруудыг судлах нь илчлэлтийг урин авчирдаг. Тиймээс та Алма 8–12-ыг уншихдаа Алма, Амюлек хоёрын захиасаас Сүнсний танд заах удирдамжийг бичиж тэмдэглэнэ үү.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Бурханы ажил унахгүй. Гэхдээ Түүний ажилд туслах гэсэн бидний хүчин чармайлт заримдаа амжилтгүй болсон юм шиг санагдаж, бид хүсэн хүлээж байсан үр дүнгээ шууд харж чадахгүй байж болох юм. Заримдаа бидэнд Аммонайха дахь хүмүүст сайн мэдээг номлож байхад нь Алмаг хүлээн зөвшөөрөхгүй, нулимж, хөөж байсантай адил санагдах үе гарч магадгүй. Гэсэн ч тэнгэр элч буцаж очин, дахин оролдох зааврыг түүнд өгөхөд Алма зоригтойгоор “хурдан эргэсэн” (Алма 8:18) ба Бурхан түүнд замыг нь бэлдэж өгсөн юм. Тэрээр Алмад хоол унд, орогнох газар бэлдэж өгөхийн зэрэгцээ түүнтэй хамт ажиллах сайн мэдээний зоригтой хамгаалагч, үнэнч найз нь болсон Амюлекийг мөн адил бэлдсэн. Их Эзэний хаант улсад үйлчлэх явцдаа бид саад тотгор, сэтгэлээр унах явдалтай тулгарах үедээ Бурхан Алмад хэрхэн тус дэм үзүүлж, удирдан залж байсныг санаж, бидэнд ч мөн адил хүнд хэцүү нөхцөлд тусламж дэмжлэг үзүүлэн, удирдан зална гэдэгт найдаж болно.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Сайн мэдээг хуваалцахад гаргах хүчин чармайлт маань надаас тууштай, тэвчээртэй байхыг шаардаж болно.
Хэдийгээр сайн мэдээний талаарх таны гэрчлэлийг хэн нэгэн хүлээн авахгүй байж болох ч та итгэл алдахгүй байх ёстой. Учир нь Их Эзэн уг хүнийг орхихгүй бөгөөд таны үйлдлийг ч удирдан чиглүүлэх болно. Алмагийн хувьд Аммонайха нутгийн хүмүүс түүнийг ширүүн эсэргүүцсэн ч тэнгэр элч түүнд тийшээ эргэж очин, сайн мэдээг номлохыг зарлигласан (Алма 8:14–16-г үзнэ үү). Саад бэрхшээл, эсэргүүцэлтэй тулгарсан ч сайн мэдээг заасан Алмагийн үлгэр жишээнээс та юу сурсан бэ? Алма 8 дахь аль шүлгүүд сайн мэдээг хуваалцах хүслийг тань өсгөн нэмэгдүүлж байна вэ?
Мөн 3 Нифай 18:30–32; Жэффри Р. Холланд, “Шавь байхын адислал ба төлөөс,” Ensign эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 19-ийг үзнэ үү.
Бурхан хүүхдүүдээ өөрсдөд нь байгаа гэрэл, мэдлэгийнх нь дагуу шүүдэг.
Аммонайха дахь нифайчууд Их Эзэний үйлчлэгчдэд хэрхэн хандаж байгаа тухай уншиж байхдаа тэд өмнө нь сайн мэдээний дагуу амьдарч, “Их Эзэний ихээр таалсан хүмүүс байсны[г]” мартахад амархан байдаг (Алмa 9:20). Үнэндээ Аммонайха нутгийн хүмүүст өгсөн Алмагийн захиасын нэгэн хэсэг бол хэдийгээр тэд ихэд адислагдсан ч гэлээ, зүрх сэтгэлээ хатууруулсан тул тэдний нөхцөл ихэвчлэн мэдлэггүйгээсээ болж нүгэл үйлдсэн леменчүүдийнхээс ч доор болохыг хэлсэн явдал байсан юм. Энэхүү эсрэг тэсрэг явдал Бурхан хүүхдүүдээ хэрхэн шүүдэг талаар бидэнд юу зааж байна вэ?
Та Бурханы Нифайн хүмүүст өгсөн агуу адислалуудын талаар уншихдаа (ялангуяа Алма 9:19–23-ыг үзнэ үү), Түүний танд өгсөн агуу адислалуудын талаар тунгаан бодно уу. Та тэдгээр адислалдаа үнэнч байхын тулд юу хийж байна вэ? Ямар ямар өөрчлөлт хийх хэрэгтэй хэмээн танд санагдаж байна вэ?
Мөн Сургаал ба Гэрээ 82:3-ыг үзнэ үү.
Бурханы төлөвлөгөө бол гэтэлгэлийн төлөвлөгөө мөн.
Мормоны Номын бошиглогчид Бурханы хүүхдүүддээ зориулсан төлөвлөгөөг дүрслэхдээ авралын төлөвлөгөө эсвэл аз жаргалын төлөвлөгөө зэрэг янз бүрийн нэрийг хэрэглэсэн байдаг. Алма 11–12-т Алма, Амюлек хоёр үүнийг гэтэлгэлийн төлөвлөгөө хэмээн нэрлэсэн. Та эдгээр бүлгийг уншихдаа, уг төлөвлөгөөг тайлбарлахдаа яагаад “гэтэлгэл” гэх үгийг ашигласан талаар тунгаан бодно уу. Та мөн Алма, Амюлек хоёр уг төлөвлөгөөний дараах хэсгүүдийн талаар юу заасныг товч хураангуйлан бичиж болно. Үүнд:
Уналт:
Гэтэлгэгч:
Наманчлал:
Үхэл:
Амилалт:
Шүүлт:
Амюлекийн үгс хүмүүст хэрхэн нөлөөлснийг анхаарна уу (Алма 11:46-г үзнэ үү). Яагаад эдгээр зарчим ийм хүчтэй нөлөө үзүүлсэн гэж та бодож байна вэ? Тэдгээр нь таны амьдралд хэрхэн нөлөөлсөн бэ?
Д.Тодд Кристоффэрсон, “Есүс Христийн амилалт,” Ensign, 2014 оны 5-р сар, 111–114 эсвэл 2014 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х. 132–135-ыг үзнэ үү.
Би зүрх сэтгэлээ хатууруулахгүй бол Бурханы үгийг илүү ихээр хүлээн авч чадна.
Яагаад Тэнгэрлэг Эцэг бүх зүйлийг бидэнд мэдэгдэж болдоггүй юм бол гэж зарим хүн боддог байж болох юм. Алма 12:9–14 дээр Алма Бурханы нууцыг заримдаа биднээс далдалдаг байж болох нэг шалтгааныг тайлбарласан. Дараах асуултууд түүний заасан зүйлсийн талаар тунгаан бодоход танд тусалж болно.
-
Зүрх сэтгэлээ хатууруулах гэдэг нь юу гэсэн үг вэ? Та ийм хандлагыг өөрөөсөө олж харж байсан уу?
-
Яагаад Их Эзэн зүрх сэтгэлээ хатууруулсан хүмүүсээс Өөрийн үгийг далдалдаг байж болох вэ?
-
Та “үгийн илүү их хэсэг” хүлээн авах амлалт биелэгдэхийг хэрхэн мэдэрч байсан бэ? (Алма 12:10). Тухайн туршлага ямар байсан бэ?
-
Бурханы үгийг “[өөрийнхөө] дотроос олж” болохын тулд та юу хийж болох вэ? (Алма 12:13). Хэрэв дотор тань Бурханы үгс байвал энэ нь таны “үгс,” “үйл,” “бодолд” хэрхэн нөлөөлөх вэ? (Aлма 12:14).
Эдгээр зарчмын жишээг харуулахын тулд Амюлекийг Аммонайхагийн бусад хүнтэй харьцуул. Амюлект тохиолдсон үйл явдал (ялангуяа Алма 10:1–11-ийг үзнэ үү) эдгээр шүлэгт Алмагийн заасан зүйлийг хэрхэн харуулж байна вэ?
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судраас унших үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
Алма 8:10–18
Хэцүү байсан ч Их Эзэнийг “хурдан” дагах (18-р шүлэг) талаар бид Алмагаас юу сурч болох вэ? Энэ зарчмыг бяцхан хүүхдүүдэд суулгаж өгөхийн тулд та нар ямар нэгэн даалгаврыг хурдан хийж гүйцэтгэх тоглоом тоглож, гэр бүлийнхэн тань хэр хурдан хийж гүйцэтгэж байгааг харж болно. Жишээлбэл, хэн хамгийн хурдан хувцсаа эвхэхийг үзэж болно.
Алма 10:1–12
Бид эдгээр шүлэг дэх Амюлекийн туршлагаас юу сурч болох вэ? Түүний гэрчлэл сонссон хүмүүст нь хэрхэн нөлөөлсөн бэ? Гэр бүлийнхнийгээ энэ долоо хоногт Амюлекийн жишээнээс сурсан зүйл дээрээ тулгуурлан ямар нэгэн зүйл хийхэд урь.
Алма 10:22–23
Хэсэг бүлэг зөв шударга хүн ёс бус хотод хэрхэн нөлөөлж болох талаар бид эдгээр шүлгээс юу сурч болох вэ?
Алма 11:34–37
Есүс Христ биднийг гэм нүгэлд нь аврах болон гэм нүглээс аврахын ялгаа юу вэ? (Хиламан 5:10-ыг үзнэ үү; мөн 1 Иохан 1:9–10-ыг үзнэ үү). Амюлекийн заасан зүйлсийг харуулахын тулд, та ахлагч Аллэн Д. Хэйни, “Хэнд итгэснээ санагтун,” (Ensign эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 117–119) хэлсэн үгийн эхний хэсгийг хуваалцаж болно. Есүс Христ хэрхэн биднийг нүглүүдээс маань авардаг вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.