Ирээд, Намайг дага
6-р сарын 8–14. Алма 8–12: Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно


“6-р сарын 8–14. Алма 8–12: Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно,” Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“6-р сарын 8–14. Aлма 8–12,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Зураг
Алма номлож байгаа нь

Үнэн сургаалыг заах нь, Майкл Т. Малм

6-р сарын 8–14

Алма 8–12

Есүс Христ Өөрийн хүмүүсийг гэтэлгэхээр ирэх болно

Таныг Алма, Амюлек хоёр Аммонайхагийн хүмүүст юу заасан талаар унших үед таны заадаг хүүхдүүдэд юу нь хамгийн хамаатай байх болно гэж санагдаж байна вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Номлогчид юу хийдэг талаар дүрслэн ярихыг мөн номлолд байгаа таньдаг хэн нэгнийхээ талаар ярьж өгөхөд тэднийг урь. Номлогчид хүмүүст юу заадаг вэ? Алма, Амюлек хоёр Аммонайхагийн хүмүүстэй сайн мэдээг хуваалцсан номлогчид байсан гэдгийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Aлма 8

Би сайн мэдээг хуваалцаж чадна.

Алма сайн мэдээг номлохын тулд уг нутаг даяар аялсан бол Амюлек өөрийн хотод хөршүүд болон найзууддаа номлосон. Та хүүхдүүдийг тэдний жишээг даган, сайн мэдээг бусадтай хуваалцахад хэрхэн урамшуулж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • 22-р бүлэг: Алма Аммонайхад номлосон нь”-ын (Мормоны Номын түүхүүд, 58–63 бас ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэгийг үзнэ үү) эхний хагасыг хамт унш. Хүүхдүүдийг “Би яг одоо номлогч болохыг хүсч байна” (Хүүхдийн дууны ном, 90) зэрэг номлогчийн ажлын талаарх дууг дуулах үедээ хоёр хоёроороо гараа сугадан, сайн мэдээг хамтдаа заасан Алма, Амюлек хоёрын дүрийг үзүүлэхэд урь.

  • “Мормоны Ном Христийн талаар гэрчилдэг” эсвэл “Есүс надад хайртай гэдгийг би мэднэ” гэх зэрэг сайн мэдээний үнэнийг хэд хэдэн удаа давтан хэлэхэд хүүхдүүдэд тусал. Тэгээд энэ үнэнийг ангийнхаа хэн нэгэнтэй хуваалцах дадлага хийхэд хүүхэд бүрийг урь. Энэ үйл ажиллагааны хэсэг болгон, энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг хийж гүйцэтгэхэд нь та хүүхдүүдэд тусалж болно.

  • Хүүхдүүдээс тоглоом, чихэр гэх мэт зүйлийг гэр бүлийн гишүүн юм уу найзтайгаа хуваалцсан талаараа өөрт тань ярьж өгөхийг хүс. Есүс Христийн талаар бусадтай хуваалцаж болох зарим чухал зүйлийг жагсаахад тэдэнд тусал. Сайн мэдээ маш чухал учраас Алма үүнийг өөр олон хотын хүмүүстэй хуваалцаж, тэднийг хэрхэн баяр хөөртэй байхад сургаж болохын тулд явсан гэдгийг тайлбарлаж өг.

Aлма 8:18–22

Би сайн найз байж чадна.

Амюлекийн Алмад үзүүлсэн үйлчлэл нь хүүхдүүдэд бусдыг хэрхэн хайрлахын мөн бусдад хэрхэн үйлчлэхийн сайн жишээ болох юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Таныг Aлма 8:18–22 дээрх түүхийг ярих үед нэг хүүхдийг Амюлекийн, өөр нэг хүүхдийг Алмагийн дүрд тоглоход урь. Уг түүхийг ярихдаа хүүхдүүдээр туслуулж, өөр өөр хүүхдийг Алма, Амюлек болоход урь. Амюлек хэрхэн Алмад сайн найз нь байсан бэ? Хэн нэгэн тэдэнд сайн найз байсан талаар ярихыг хүүхдүүдээс хүс. Эдгээр туршлага тэдэнд ямар мэдрэмж төрүүлсэн бэ? Яагаад Бурхан биднийг бусдын сайн найз байгаасай хэмээн хүсдэг вэ?

  • Найз нөхөрлөлийг харуулж байгаа зургийг (зүрхний зураг эсвэл хоёр хүн тэврэлдэж байгаа зураг гэх мэт) олж эсвэл зураад, эвлүүлдэг хэсгүүд болгон хайчил. Эвлүүлдэг жижиг хэсэг болгоны ар талд Алма, Амюлек хоёрын сайн найзын хувьд хийсэн зүйлийг эсвэл сайн найз байхын тулд бидний хийж чадах зүйлсийг бич. Хүүхдүүдээр ээлжлэн нэг жижиг хэсгийг сонгуулаад, ард нь бичигдсэн зүйлийг уншаад, уг хэсгийг бусадтай нь нийлүүлэхийг хүс. Тэдэнд найзалж болох хүмүүсийг бодож олоход нь тусал. Есүс Христ бол бидний хамгийн агуу найз гэдгийг гэрчил.

Зураг
Инээлдэж буй хоёр охин

Бид бусдын сайн найз байж чадна.

Aлма 11:43–44

Би үхээд, амилуулагдах болно.

Амюлек Аммонайхагийн хүмүүст Амилуулалтын талаар заасан. Амилуулагдах гэдэг нь ямар утгатай үг болохыг ойлгоход нь та өөрийн заадаг хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Та гараараа сүнсийг, бээлийгээр бие махбодыг төлөөлүүл. Биднийг үхэх үед сүнс биеэсээ тусгаарлагддаг гэдгийг хүүхдүүдэд харуулахын тулд бээлийг тайл. Тэгээд Амилуулалтын үед бидний сүнс бие махбодтойгоо дахин нийлнэ гэдгийг харуулахын тулд бээлийг буцааж өмс. Та Aлма 11:43-ыг уншиж өгөх үедээ ээлжлэн бээлийг өмсөж, тайлах боломжийг тэдэнд олго. Амилсан Есүс Христтэй хамт байгаа Мариагийн зургийг үзүүлээд (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 59), Есүс Христ хүн бүрийг амилуулагдах боломжтой болгосон гэдгийг гэрчил.

  • Хүүхдүүдийг найз нөхөд, гэр бүлийн гишүүд, хамаатан садныхаа зургийг зурахад урь. Хүүхдүүдийг зурсан зургаа хуваалцах үед, тэдний зурсан найз нөхөд, гэр бүлийн гишүүн бүрийг заан, бүх хүн амилуулагдах болно гэдгийг тайлбарла. Есүс бидэнд гэр бүлтэйгээ мөнхөд хамт амьдрах боломжийг олгосон гэдгийг гэрчил.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Алма 8–10

Би сайн мэдээг хуваалцаж чадна.

Алма, Амюлек хоёр хэцүү үед ч сайн мэдээг хуваалцсан. Тэдний итгэл, эр зориг заадаг хүүхдүүдийг тань хэрхэн урамшуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Aлма 8–10 дахь үйл явдлуудыг өөрийн үгээр дүгнэн ярьж өг. Цөхрөлтгүй хөдөлмөр (Aлма 8:8–13-ыг үзнэ үү), Христийн талаар гэрчлэх (Алма 9:26–27-г үзнэ үү), хамтрагчтай байх (Алма 10:7–11-ийг үзнэ үү) зэрэг сайн мэдээг хуваалцахад нь хүүхдүүдэд туслах хэд хэдэн зарчмыг эдгээр үйл явдлаас сонго. Сонгосон шүлгүүдээ уншихад мөн сайн мэдээг хуваалцах талаар юу сурснаа ярихад хүүхдүүдийг урь. Яагаад бусдад сайн мэдээний тухай ярих нь чухал вэ?

  • Хүүхдүүдийг сайн мэдээг хэн нэгэнтэй хуваалцсан туршлагаасаа хуваалцахад урих юм уу өөрийн туршлагаас хуваалц. “Бид энэ дэлхийд Түүний үнэнийг авчирна” (Хүүхдийн дууны ном, 92–93) зэрэг номлогчийн ажлын тухай дууг дуулахдаа, сайн мэдээг хуваалцахад бэлтгэх арга замуудыг олж сонсоход хүүхдүүдийг урь. Яагаад Тэнгэрлэг Эцэг биднээс сайн мэдээг бусадтай хуваалцаасай хэмээн хүсдэг вэ? Найзууддаа Мормоны Номын хувийг өгөх эсвэл тэднийг Сүмийн үйл ажиллагаанд урих зэрэг тэдэнтэй сайн мэдээг хуваалцах арга замуудыг төлөвлөхөд хүүхдүүдэд тусал. Эдгээр нөхцөл байдалд юу хэлж, юу хийж болох талаар жүжигчлэн тоглох цагийг тэдэнд гаргаж өг.

Aлма 11–12

Бурханы төлөвлөгөө бол гэтэлгэлийн төлөвлөгөө юм.

“[Хүүхдүүдэд] гэтэлгэлийн төлөвлөгөөг [мэдүүлэхийн]” тулд та Алма 11–12-ыг хэрхэн ашиглах вэ?Алма 12:30.

Боломжит үйл ажиллагаа

  • Адам, Ева хоёрын уналт, Есүс Христийн Цагаатгал, наманчлал, үхэл, амилуулалт, шүүлт зэрэг Aлма 11–12-т байгаа гэтэлгэлийн төлөвлөгөөтэй холбоотой зарим зарчмыг самбар дээр бич. Эдгээр зарчмын талаар зааж байгаа цөөн шүлгийг Aлма 11 юм уу 12 дээрээс уншаад, эдгээр зарчим бүрийг төлөөлж байгаа зургийг зурах цаг хүүхдүүдэд гаргаж өг. Энэ төлөвлөгөөн дэх Аврагчийн үүрэг юу вэ? Тэгээд нэг найздаа Бурханы төлөвлөгөөний талаар зааж байгаа дүр үзүүлэхдээ тэдгээр зургаа ашиглахад хүүхдүүдийг урь.

Алма 12:10

Хэрэв би зүрх сэтгэлээ хатууруулахгүй байвал Бурханы үгийг илүү ихээр хүлээн авч чадна.

Сүнслэг үнэнүүдэд суралцах үед бидний зүрх сэтгэлийн нөхцөл байдал оюун ухааны чадвартай маань адил чухал байдаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Алма 12:10-ыг хамт уншаад, зүрх сэтгэлээ “хатууруулах” гэдэг нь юу гэсэн үг болох талаар ярилц. Яагаад хатуурсан зүрх сэтгэлтэй байх нь Бурханаас суралцахад илүү хэцүү болгодог вэ?

  • Энэ зарчмыг харуулахын тулд чулуу болон хөвсгөр зөөлөн порлоныг хүүхдүүдэд үзүүлээд, аль нь усыг илүү сайн шингээдгийг асуу. Бид зүрх сэтгэлээ порлон шиг зөөлөн байлгахыг хүсэж байгаа гэдгээ Их Эзэнд хэрхэн харуулж чадах вэ?

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Энэ долоо хоногт хүүхдүүдийг хэн нэгэнтэй сайн мэдээг хуваалцах эсвэл хэн нэгэнд туслах боломжуудыг эрж хайхад урь.

Заах чадвараа сайжруулах

Ангийнхантайгаа гэрчлэлээ хуваалц. Гэрчлэл тань “Би Тэнгэрлэг Эцэг та нарын хүн нэг бүрийг хайрладаг гэдгийг мэднэ” эсвэл “Намайг Есүс Христийн талаар суралцах үед сэтгэлд сайхан мэдрэмж төрдөг” гэх зэрэг энгийн байж болно. (Мөн Аврагчийн арга барилаар заах нь, 11-ийг үзнэ үү.)

Хэвлэх