Ирээд, Намайг дага
6-р сарын 1–7. Алма 5–7: “Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү?”


“6-р сарын 1–7. Aлма 5–7: ‘Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү?’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“6-р сарын 1–7. “Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү?,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020

Есүс хурга тэвэрч байгаа нь

Та нарыг мартаагүй, Жон Макноотон

6-р сарын 1–7

Алма 5–7

“Та нар энэ хүчит өөрчлөлтийг зүрх сэтгэлээрээ эдэлсэн үү?”

Aлма 5–7 дээрээс өөрийнхөө заадаг хүүхдүүдэд онцгой чухал гэж бодсон зарчмуудыг залбиралтайгаар бодож үз.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдийг хэдэн долоо хоногийн өмнө сурсан, Залуу Алмагийн талаар санаж байгаа зүйлээ хуваалцахад урь. Алма хөрвөгдсөнийхөө дараа, хүмүүст сайн мэдээний талаар чухал зүйлсийг заасан гэдгийг тайлбарла. Түүний заасан зүйлсийн талаар мэддэг зүйлсээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд

Aлма 5:44–48

Би Ариун Сүнсээр дамжуулан өөрийн гэсэн гэрчлэлтэй болж чадна.

Таны заадаг хүүхдүүд бага байхдаа ч өөрсдийн гэсэн хүчтэй гэрчлэлийг хөгжүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Тэнгэр элч Залуу Алма дээр зочилж байгаа түүхийг (Moзая 27-г үзнэ үү) давтан үзэхийн тулд Залуу Алмагийн зургийг (Сайн мэдээний уран зургийн цуглуулга, д. 77-г үзнэ үү) ашигла. Тэгээд хүүхдүүдээс гэрчлэл гэж юу болохыг дүрслэн хэлэхийг хүсэж, шаардлагатай бол тэдэнд тусал. Тэнгэр элч өөр дээр нь зочилсны дараа Алма гэрчлэлтэй болохын тулд хичээсэн гэдгийг тайлбарла. Aлма 5:46-г хэд хэдэн удаа аажуухан уншиж, Алма юу хийснийг болон үнэнийг хэрхэн мэдсэнийг олж сонсоход хүүхдүүдийг урь. (Мацаг барих гэдэг нь хоол идэхгүй, ус уухгүй байхыг хэлдэг гэдгийг та тайлбарлах хэрэгтэй байж болно.)

  • Аажим өсдөг, байнгын арчилгаа хэрэгтэй байдаг нялх амьтан, ургамал зэрэг зүйлсийн зургийг үзүүл. Бид эдгээр зүйлийг хэрхэн халамжилж, өсөж ургахад нь тусалдаг талаар хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Үүний адилаар бид өөрсдийн гэрчлэлийг байнга тордож байх ёстой гэдгийг тэдэнд сануул.

  • Гэрчлэлийг төлөөлүүлэн нэг агаарын бөмбөлөг авчирч, гэрчлэлээ нэмэгдүүлэхэд туслах ямар нэгэн зүйлийг хуваалцах бүрдээ үүнийг үлээ. Амыг нь боогоод, хүүхдүүдэд дамжуулан, гэрчлэлээ нэмэгдүүлэхэд нь туслах ямар нэгэн зүйлийг хуваалцахыг тэднээс хүс. Гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хийж болох зүйлийг хийж байгаагаар өөрсдийгөө зурахад хүүхдүүдийг урь.

Хоёр хүү нялх амьтдын хамт

Биднийг сайн мэдээг хүлээн авах үед шинэ амьдрал эхэлж байгаа мэт байдаг.

Aлма 7:10–13

Аврагч миний нүгэл, шаналал мөн өвчнийг Өөр дээрээ авсан.

Aлма 7:10–13 дахь үнэнүүд Есүс Христ тэдэнд санаа тавьдаг мөн тусалж чадна гэдгийг мэдэхэд хүүхдүүдэд тусална.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүсийн зургийг хүүхдүүдэд үзүүл. Тэр өвдөх, гуних, айх ямар байдгийг мэддэг гэдгийг тайлбарла. Аврагчийн юу туулсныг дүрслэх зарим үгийг Aлма 7:11–13 дээрээс уншаад, хүүхдүүдийн ойлгохгүй байж болох үгсийг тайлбарлаж өг. Биднийг гунигтай байгаа үед Есүс бидэнд тусалж, биднийг тайвшруулж чадна гэдгийг онцол. Аврагч танд хэрхэн тусалсан мөн таныг хэрхэн тайвшруулсан талаар хуваалц.

  • Хүүхдүүдээс гунигтай, өвчтэй эсвэл өөрсдийг нь гуниглуулсан өөр нэг асуудалтай байсан үеийнхээ тухай туршлагаас хуваалцахыг хүс. Аврагч тэдгээр зүйлийг туулсан бөгөөд бидэнд хэрхэн туслахаа мэддэг талаар гэрчлэлээ хуваалц.

Алма 7:19–20

Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд очих зам шулуун.

Та сайн сонголтуудыг хийж сурахад нь хүүхдүүдэд туслахын тулд Тэнгэрлэг Эцэг рүү очих замын талаарх Алмагийн дүрслэлийг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд Aлма 7:19-ийг уншиж өгөөд, бид сайн сонголт хийх үедээ Тэнгэрлэг Эцэг рүү хөтлөх зам дээрээ үлддэг гэдгийг тайлбарла. Хүүхдүүдэд янз бүрийн сонголт, үйлдлүүдийг эш татан хэл (гэр бүлийн гишүүддээ найрсаг бус хандах эсвэл тэдэнд үйлчлэх гэх мэт). Сонголт нэг бүрийг сайн, Бурхан руу хөтөлдөг эсвэл муу, Түүнээс холдуулдаг эсэхийг танд хэлж өгөхийг тэднээс хүс.

  • Aлма 7:20-ийг уншиж, Бурхан руу буцаж очих замыг дүрсэлж байгаа үгсийг ойлгоход нь хүүхдүүдэд тусал. Самбар дээр биднээс Тэнгэрлэг Эцэг рүү хөтлөх шулуун зам зур. Тэгээд Бурханаас холдуулдаг мөн салаа замууд нь мухарддаг муруй тахир зам зур. Хүүхдүүдийг эдгээр замыг хуруугаараа дагуулан явахад урь. Аль зам нь дээр вэ? Тэдэнд шулуун зам дээр үлдэхэд нь туслах сайн сонголтуудын талаар бодоход тусал.

заах шигтгээ зураг

Сургаалыг заах нь: Том хүүхдүүд

Aлма 5:12–14, 27–28, 57; 7:14–24

Би дахин төрж, тэгээд Бурхан руу хөтлөх замыг дагах ёстой.

Дахин төрөх гэдэг нь юу гэсэн үг болохыг ойлгоход нь та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд нялх хүүхдийн зураг үзүүлээд, нялх хүүхэд анх төрөхдөө ямар байдаг талаар ярихад тэднийг урь. Нэг хүүхдийг Алма 5:14-ийг уншихад урь. Хүүхдүүдэд “сүнслэг байдлаараа Бурханаас төр[өх]” гэдэг нь юу гэсэн утгатай болохыг ойлгоход нь туслахын тулд Залуу Алма хөрвөгдөхөөсөө өмнө ямар байсан талаар бодохыг тэднээс хүс. Тэр дараа нь ямар болсон бэ? (Мозая 27:23–32, Aлма 36:12–24-ийг үзнэ үү.) Бид Есүс Христэд итгэж, Түүний сайн мэдээний дагуу амьдрах үедээ нялх хүүхэдтэй адил шинэ амьдрал эхэлж байгаа гэдгийг тайлбарла.

  • Aлма 7:19-ийг хамт уншаад, бид дахин төрснийхөө дараа “Бурханы хаант улс тийш удирдах зам”-ыг дагах ёстой гэдгийг тайлбарла. Дараах судрын эшлэлүүдийг бичсэн цааснуудыг өрөөний эргэн тойронд нуу. Үүнд: Aлма 5:12–13, 27–28, 57; 7:14–16, 23–24. Хүүхдүүдийг цааснуудыг олоод, судрын эшлэлүүдийг гаргаж, судар бүр Бурханы дэргэд буцаж очихын тулд юу хийх ёстой гэж зааж байгааг хуваалцахад урь.

Aлма 5:14, 44–48

Би Ариун Сүнсээр дамжуулан өөрийн гэсэн гэрчлэлтэй болж чадна.

Алма дээр тэнгэр элч зочилсон боловч түүний гэрчлэл “Ариун Сүнсээр [түүнд] мэдүүлэгдсэн” (Aлма 5:46).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдтэй хамт Aлма 5:44–46-г унш. Алма сайн мэдээний талаар өөрийн гэсэн гэрчлэлтэй болохын тулд юу хийсэн бэ? Хүүхэд бүрд цаас өгч, өөрсдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлэхийн тулд энэ долоо хоногт нэг зүйл хийх төлөвлөгөө гаргахад урь.

  • Таныг Aлма 5:14-ийг уншиж байх хооронд хүүхдүүдийг ээлжлэн өөрсдийгөө толинд харахыг хүс. Аврагчийн дүр төрхийг царай төрхөндөө авна гэдэг нь юу гэсэн үг вэ? Хэн нэгэн хүн Аврагчийн талаар сануулах зүйлийг хэлсэн эсвэл хийсэн үеийн талаар хуваалцаж, хүүхдүүдээс мөн ийн хуваалцахыг хүс.

Aлма 7:10–13

Аврагч миний нүгэл, шаналал мөн өвчнийг Өөр дээрээ авсан.

Та Aлма 7-г судлахдаа, хүүхдүүдэд бэрхшээлийг туулахдаа Есүс Христэд ханддаг болоход нь туслахын тулд тэдний итгэлийг хэрхэн нэмэгдүүлж чадах талаар тунгаан бодож үз.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Aлма 7:11–13-ыг уншихдаа Есүс Христийн туулсан зүйлсийг олж мэдэхэд урь. Хүүхдүүд өвчин, шаналал, бэрхшээлийг мэдэрсэн үеийнхээ туршлагаас хуваалцахыг хүсэж болох юм. Эдгээр шүлэгт цэдэглэснээр, Аврагч яагаад бидний төлөө энэ бүхнийг туулахад бэлэн байсан бэ? (“Халамжлах” гэдэг нь “туслах” гэсэн үг гэдгийг тайлбарла.)

  • Та өөрийн туулсан өвчин зовуурь, бэртэл гэмтэл, өөр бусад бэрхшээлийн талаар хүүхдүүдэд ярьж өгөөд, үүнтэй адил зүйлийг туулж байсан эсэхийг нь асуу. Aлма 7:11–13-ыг хамт уншаад, Есүс бидний төлөө юу туулсныг онцол. Аврагчийн уруу татагдсан үедээ (Maтай 4:1–11-ийг үзнэ үү) эсвэл Гетсеманид зовж байсан үедээ эдгээр зүйлийг туулсан үеийн талаар бодоход нь хүүхдүүдэд тусал. Есүс бидний бэрхшээлийг ойлгодог гэдгийг мэдэх нь бидэнд хэрхэн тус болж чадах вэ? Есүс Христийн биднийг тайвшруулах, туслах, эдгээх хүчийн тухай гэрчлэлээ хуваалц.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдэд Есүсийн талаар өнөөдрийн сурсан зүйлийг нь сануулж байх, байнга харагдах газарт Түүний зургийг өлгөхөд урь.

Заах чадвараа сайжруулах

Христтэй адил багш болтлоо сайжир. Та багшийн хувьд хүүхдүүдэд Тэнгэрлэг Эцэгт болон Есүс Христэд итгэх итгэлээ бэхжүүлэхэд нь туслах чадвараа нэмэгдүүлж болох арга замуудыг тунгаан бодох нь маш чухал. Аврагчийн арга барилаар заах нь гарын авлагын 37-р хуудсан дээрх хувийн дүгнэлтийн асуултуудыг ашиглах талаар бодож үзээрэй.