“6-р сарын 22–28. Aлма 17–22: ‘Би та нарыг зэмсэг болгох болно,’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“6-р сарын 22–28. Aлма 17–22,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2020
6-р сарын 22–28
Aлмa 17–22
“Би та нарыг зэмсэг болгох болно”
Энэ түүхэнд Лемонай болон өөр бусад хүн амьдралыг нь өөрчлөхүйц сүнслэг үйл явдлыг туулсан шиг, таны заадаг хүүхдүүд мөн ирэх жилүүдийн туршид амьдралд нь нөлөөлөх сүнслэг туршлагуудыг судруудаас авч чадна. Та тэдэнд хэрхэн заах талаар тунгаах явцдаа үүнийг санаарай.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Aлма 17–22 дахь үйл явдлыг харуулж байгаа зургийг үзүүл (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү). Зурган дээрээс харж байгаа зүйлийн талаар өөрт тань ярьж өгөхийг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заах нь: Бага насны хүүхдүүд
Би сайн мэдээг бусадтай хуваалцаж чадна.
Мозаягийн хөвгүүдийн үлгэр жишээ гэрчлэлээ бусадтай хуваалцахад тэднийг хэрхэн урамшуулж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Aлма 17–19 дээрх Аммоны түүхийг жүжигчлэн тоглоход хүүхдүүдэд тусал. Та “23-р бүлэг: Аммон бол агуу үйлчлэгч” (Мормоны Номын түүхүүд, 64–68 эсвэл ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ийг үзэж болох юм. Хэрвээ та хүүхдүүдэд таалагдана гэж бодвол дүрд өмсөх энгийн хувцас, хэрэглэлийг авчирч болох юм. Уг түүхээс та юу ойлгож мэдсэнээ хүүхдүүдэд ярьж өгөн, тэднийг мөн ийн ярихад урь.
-
Багаж зэмсэг харуулж, үүнийг юунд хэрэглэдэг талаар хүүхдүүдтэй ярилц. Хүүхдүүд өөр ямар багажийг мэддэг вэ? Тэднийг уг багажийг хэрэглэж байгаа дүр үзүүлэхэд урь. Бид зарим зүйлийг хийхийн тулд багаж зэмсэг хэрэглэдэг шиг Тэнгэрлэг Эцэг Өөрийн ажлыг гүйцэлдүүлэхэд биднийг ашиглаж чадна гэдгийг тайлбарла. Aлма 17:11-ийг уншин, Аммон болон түүний ах дүүс сайн мэдээнээс суралцахад нь леменчүүдэд туслахын тулд Тэнгэрлэг Эцэгийн зэмсэг болсон гэдгийг тайлбарла.
-
Таныг Бурханы хүч чадлын талаар хүмүүст хэлж, нэг байшингаас нөгөөд явж байгаа Эбишийн түүхийг ярьж байх хооронд хүүхдүүдийг доор доороо гүйгээд, хаалга тогшиж байгаа дүр эсгэхэд урь (Aлма 19:16–34-ийг үзнэ үү). Эбишийн адил байж, бусадтай сайн мэдээг хуваалцаж болох арга замуудыг бодоход хүүхдүүдэд тусал.
-
Хүүхдүүдийг бусадтай сайн мэдээг хуваалцаж байгаа дүр зургаа зурахад урь. Хуваалцаж болох тодорхой зүйлсийнхээ талаар бодоход тэдэнд тусал. “Би яг одоо номлогч болохыг хүсч байна” (Хүүхдийн дууны ном, 90) зэрэг сайн мэдээг хуваалцах тухай дууг хамтдаа дуул. Аммоны заасан зүйлсийн талаар бодлоо хуваалцах боломжийг тэдэнд олго.
Би бусдад хайраа харуулснаар тэднийг Христэд ирэхэд нь тусалж чадна.
Аммоны хайр, үйлчлэл Лемонай хаан болон түүний эцгийн зүрх сэтгэлийг зөөллөсөн. Хүүхдүүд эдгээр түүхээс юу сурч болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд Aлма 17:21–25-ыг дүгнэн ярьж өгч, Аммон Лемонайд үйлчлэхийг хүссэн гэдгийг онцлон хэл. Хүүхдүүдийг хэн нэгэнд үйлчилсэн туршлагаа хуваалцахад урь. Аммоны агуу үйлчлэл Лемонай хаанд сайн мэдээний талаар сурах хүсэлтэй болоход тусалсан (Aлма 18:15–23-ыг үзнэ үү) гэдгийг хүүхдүүдэд сануул. Хүүхдүүдийг өнөөдөр үйлчилж болох хэн нэгний талаар бодоход урьж, уг хүндээ хэрхэн үйлчилж болох талаар ярилц.
-
Хүүхдүүдэд Aлма 20:8–27 дахь түүхийг ярьж өг. Та “24-р бүлэг: Аммон Лемонай хааны эцэгтэй уулзсан нь” (Мормоны Номын түүхүүд, 69–70 юм уу ChurchofJesusChrist.org дээрх холбогдох видео бичлэг)-ыг ашиглаж болно. Таныг Аммон, Лемонай эсвэл Лемонайн аавыг дурдах тутамд тэдний хийж болох үйлдэл, хөдөлгөөнийг бодохыг хүүхдүүдээс хүс. Аммон Лемонайд хайртай байсан нь Лемонайн эцгийн зүрх сэтгэлийг өөрчилсөн нэг шалтгаан гэдгийг онцол. Хүүхдүүдийг хэн нэгэнд хайртай гэдгээ харуулахын тулд хийж болох нэг зүйлийг зурахад урь.
Сургаалыг заах нь: Том хүүхдүүд
Судруудыг уншиж, залбирч, мацаг барих үед миний гэрчлэл өсдөг.
Мозаягийн хөвгүүд судруудыг хичээнгүйлэн судалж, залбирч мөн мацаг барьсан учраас сайн мэдээнд хүчирхэгжиж, хүчит номлогчид болсон юм. Яг үүнтэй адил зүйлүүд таны заадаг хүүхдүүдэд ч мөн тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ангидаа судрын ном, хэн нэгний залбирч байгаа зураг, хоолны зураг гэх мэт судар, залбирал, мацаг барих үйл явцыг төлөөлүүлэх зүйлсийг авчран, уг зүйл бүр юуг төлөөлж байгааг тайлбарла. Aлма 17:1–4-ийг уншаад, эдгээр зүйл Мозаягийн хөвгүүдэд хэрхэн тусалсныг хүүхдүүдээс асуу. Судруудыг унших, залбирах, мацаг барих нь бидэнд Тэнгэрлэг Эцэгт ойр очиход хэрхэн тусалдаг вэ?
-
Хүүхдийн дууны номын индексийг ашиглан судраас суралцах, залбирах тухай дуунуудыг олоход хүүхдүүдэд тусал. Эдгээр дууны заримыг хамтдаа дуулж, эдгээр зүйлийг хийх нь биднийг хэрхэн адисалдаг талаар уг дуунуудад юу зааж байгааг олж тодорхойлоход хүүхдүүдэд тусал.
Би бусдад хайраа харуулснаар тэднийг Христэд ирэхэд тусалж чадна.
Лемонайн зарц болохыг хүссэн Аммоны хүсэл Лемонайн зүрх сэтгэлийг аажмаар нээлттэй, сайн мэдээг хүлээн авахад бэлэн болох үед нь түүнд заах боломжийг олгосон юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Аммоны Лемонай хаанд үзүүлсэн үйлчлэлийн түүхийг Aлма 17:21–39-р шүлгээс уншихад хүүхдүүдэд тусал. Энэ түүх дээрх үйл явдал юм уу хүмүүсийн зургийг зураад, уг түүхийг өөрсдийн үгээр ярихад тэднийг урь. Аммоны үйлчлэл хаанд хэрхэн нөлөөлснийг ойлгоход хүүхдүүдэд тусал (Aлма 18:9–23-ыг үзнэ үү). Энэ түүхээс бид бусдад сайн мэдээний талаар илүү ихийг сурах хүсэлтэй болоход нь хэрхэн туслах талаар юуг сурч байна вэ?
-
Aлма 22:1–3-ыг уншаад, Аммоны сайн үлгэр жишээ Лемонай хааны эцэгт хэрхэн нөлөөлснийг олж сонсохыг хүүхдүүдээс хүс. Сайн мэдээний талаар мэдэх хэрэгтэй байгаа таньдаг хэн нэгний талаар бодоход тэднийг урь. Тэдний хайр, сайн үлгэр жишээ сайн мэдээ ямар агуу гэдгийг олж харахад тухайн хүнд тус болно гэдгийг хүүхдүүдэд зөвлө. Бодсон хүмүүстээ сайн үлгэр жишээ үзүүлж, хайрладаг гэдгээ харуулах арга замуудыг бодоход нь хүүхдүүдэд тусал.
-
Aлма 17–18 дахь Аммоны түүхийг хуваалцуулахаар бүрэн цагийн номлогчдыг эсвэл саяхан номлолоосоо буцаж ирсэн номлогчийг урь. Аммоноос номлолын ажлын талаар мөн тэдний хичээл зүтгэлд үйлчлэл ямар нөлөөтэй байсан талаар сурсан зүйлээ хуваалцахыг тэднээс хүс. Аммоны үлгэр жишээг дагаж болох арга замуудыг хүүхдүүдтэй ярилц.
-
Ангиараа, хүүхдүүдийн гэр бүлийнхэндээ үйлчлэхийн тулд хийж болох зүйлсийн жагсаалтыг самбарт бич. Эдгээр үйлчлэлийг хийх нь гэр бүлийг хэрхэн бүхэлд нь адислах вэ?
Би сайн мэдээг бусадтай хуваалцаж чадна.
Та эдгээр шүлгэн дээрх түүхүүдийг Аммон, Эбиш хоёрын адил номлогчид болоход хүүхдүүдийг урамшуулахад хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Aлма 18:24–40-д өгүүлснээр Аммоны Лемонай хаантай хуваалцсан зарим үнэнийг төлөөлж байгаа зургуудыг үзүүл (энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг үзнэ үү). Хүүхдүүдийг номлогчийн дүрд орж, эдгээр үнэний талаар мэддэг зүйлээ нэг нэгэнтэйгээ хуваалцахад урь.
-
Эбишийн түүхийг хүүхдүүдтэй хамт унш (Aлма 19:16–20, 28–29-ийг үзнэ үү). Хүүхдүүдийг ээлжлэн ангийн хаалгыг тогшиж, Aлма 19:1–17-д тохиосон үйл явдлын талаар гэрчлэн, Эбишийн дүрд тоглоход урь. Бид хэрхэн Эбишийн адил байж, өөрсдийн мэддэг үнэний талаар гэрчилж чадах вэ?
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг сайн мэдээг хэн нэгэнтэй хуваалцахын тулд гэр бүлийнхэнтэйгээ хамт залбирах зорилго тавихад урь.