Ирээд, Намайг дага
6-р сарын 22–28. Алма 17–22: “Би та нарыг зэмсэг болгох болно”


“6-р сарын 22–28. Алма 17–22: ‘Би та нарыг зэмсэг болгох болно,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“6-р сарын 22–28. Алма 17–22,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Зураг
Aммон Лемонай хаантай ярьж байгаа нь

Аммон, хаан Лемонай хоёр, Скотт М.Снөү

6-р сарын 22–28

Aлмa 17–22

“Би та нарыг зэмсэг болгох болно”

Та Алма 17–22-ыг уншихдаа, төрсөн санаа бодлоо бичиж аваад, түүнийхээ дагуу үйлд. Ийнхүү үйлдэх нь илүү их хувийн илчлэлт хүлээн авах хүсэлтэй байгааг тань Их Эзэнд харуулах болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хүмүүсийн сайн мэдээг хуваалцахгүй байх бүх шалтгааныг бод. Тухайлбал: “Би хангалттай сайн мэдэхгүй,” “Тэднийг сонирхоно гэдгийг сайн мэдэхгүй байна” эсвэл “Би тэднийг гомдоочихвол яах вэ?” гэх мэт байж болно. Танд эдгээртэй адил бодол төрж байсан байж магадгүй. Леменчүүд “зэрлэг мөн хатуу сэтгэлт мөн харгис хүмүүс; нифайчуудыг хөнөөхдөө баясдаг хүмүүс” байсан учраас нифайчуудад сайн мэдээг тэдэнтэй хуваалцахыг хүсэхгүй байх өөр шалтгаан байсан (Алма 17:14; Алма 26:23–25-ыг үзнэ үү). Гэхдээ Мозаягийн хөвгүүдэд сайн мэдээг леменчүүдтэй хуваалцах ёстой илүү чухал шалтгаан байсан. “Аврал бүтээл бүрд тунхаглагдвал зохино хэмээх хүсэл тэдэнд байв, учир нь тэд аль ч хүмүүний бодгаль мөхнө гэдгийг тэвчиж үл чадах байсан” (Мозая 28:3). Аммон болон түүний ах нарыг өдөөсөн энэхүү хайр танд ч мөн адил гэр бүлийнхэн, найз нөхөд, танилтайгаа, тэр ч бүү хэл хүлээн авахгүй байх гэж бодсон хүмүүстэй сайн мэдээг хуваалцахад өдөөж болно.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Алма 17:1–4

Би өөрийн итгэлийг хүчирхэгжүүлснээр сайн мэдээг илүү үр дүнтэй хуваалцаж чадна.

Хуучны найзтайгаа дахин уулзаад, итгэлдээ үнэнч хэвээр байгаад нь Алмагийн адил баярлаж байсан үе танд байсан уу? (Алма 17:1–2-ыг үзнэ үү). Сайн мэдээнд хэрхэн итгэлтэй хэвээр, тууштай байж болох талаар та Мозаягийн хөвгүүдээс юу сурч байна вэ? Мозаягийн хөвгүүдийн сүнслэг хүчийн талаар тунгаан бодоход та юуг хийхээр өдөөгдөж байна вэ?

Мозаягийн хөвгүүдийн сүнслэг бэлтгэл нь леменчүүдийн дунд хийх ажилд хэрхэн нөлөөлсөн бэ? Та энэ боломжийг сайн мэдээг “Бурханаас хүлээн авсан хүч мөн эрх мэдэлтэйгээр” (Алма 17:3) заахад гаргаж буй өөрийнхөө хүчин чармайлтыг үнэлж дүгнэхэд ашиглаж болох юм.

Aлмa 17:6–12

Би Бурханы хүүхдүүдэд авралыг авчрах Түүний мутар дахь зэмсэг болж чадна.

Ерөнхийлөгч Томас С. Монсон “Их Эзэнд хийлгэх ажил байвал Том Монсон өмнөөс нь ажлыг нь хийнэ гэдгийг Тэрээр үргэлж мэдэж байгаасай хэмээн би хүсдэг” хэмээн хэлсэн байдаг (“On the Lord’s Errand: The Life of Thomas S. Monson,” video, ChurchofJesusChrist.org). Алма 17:6–12-ыг уншихдаа, Мозаягийн хөвгүүд Бурханы мутарт зэмсэг болохын тулд юу хийснийг олж мэд. Та хэрхэн бусдыг адислахаар Бурханы мутар дахь зэмсэг байж чадах вэ? Их Эзэний танаас хүссэн зүйлийг хийх урам зоригийг өгдөг ямар зүйлийг та тэдний үлгэр жишээнээс сурсан бэ?

Даллин Х. Өүкс, “Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь,” Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 48–51-ийг түүнчлэн үзнэ үү.

Алма 17–18

Би бусдад сайн мэдээг хүлээн авахаар бэлдэхэд нь тусалж чадна.

Лемонай “зэрлэг мөн хатуу сэтгэлт мөн харгис хүмүүсийн” (Alma 17:14) удирдагч байсан ч олон жилийн ёс заншлаа орхин, Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан. Та Аммон, Лемонай хоёрын харилцааны талаар уншихдаа, Лемонайг хүлээн авахад илүү тусалсан байж болох ямар зүйлийг Аммон хийснийг олж хар. Бусадтай сайн мэдээг хуваалцахын тулд хийж болох ямар нэг зүйлийн тухай бодол төрсөн бол тэдгээр өдөөлтийг бичиж тэмдэглэ.

Мөн Аммоны Лемонайд заасан үнэнийг (Алма 18:24–39-ийг үзнэ үү) болон Аароны Лемонайн аавд заасан үнэнүүдийг (Алма 22:1–16-г үзнэ үү) тэмдэглэх эсвэл бичих нь тустай байж болно. Бусдад сайн мэдээний гэрчлэлтэй болохыг эрэлхийлэхэд туслахын тулд хуваалцаж болох үнэнүүдийн талаар эдгээр шүлэг танд юу санал болгож байна вэ?

Зураг
Аммон хааны хоньдыг аварсан нь

Минерва К. Тэйчэрт (1888–1976), Аммон хааны сүргийг аварч байгаа нь, 1935–1945, масонит дээр тосон будгаар, 35 x 48 инч. Бригам Янгийн Их Сургуулийн Уран зургийн музей

Алма 18–22

Миний гэрчлэл том хүрээнд нөлөөлж чадна.

Судруудаас бидний уншдаг хөрвөлтийн талаарх түүхүүд ихэвчлэн анхаарал татам үйл явдлууд байдаг ба эдгээрийн голд бид амаа нээж, гэрчээ бусадтай хуваалцах зүрх зоригтой байсан хүмүүсийг ихэнхдээ олдог. Алма 18–22 дахь үйл явдлуудыг судлах нэг арга зам бол нэг хүний хуваалцсан гэрчлэл хэр том хүрээнд нөлөөлж болох талаар олж мэдэх явдал юм. Та олж мэдсэн зүйлээ доорхтой адил хүснэгтэд бичиж болно.

Аммон сайн мэдээг -тэй, харин тэр хүн нь -тэй хуваалцсан бөгөөд үр дүн нь байсан.

Алма 19:36

Намайг наманчлах үед Их Эзэн мутраа сунгадаг.

Лемонайн хөрвөлтийн түүхийн төгсгөлд Мормон Их Эзэний зан чанарын талаар нэгэн чухал зүйл заадаг. Алма 19:36 нь Их Эзэний зан чанарын талаар ямар мэдээлэл өгч байна вэ? Их Эзэн мутраа тан руу сунгаж байгааг та хэзээ мэдэрч байсан бэ? Та хайртай хүмүүстээ Түүний нигүүлслийг мэдрэхэд нь хэрхэн тусалж болох вэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Алма 17–19

Та эдгээр бүлэг дэх түүхүүдийг хэрхэн гэр бүлийнхэндээ бодитой болгож өгч чадах вэ? Аммон хоньдыг хамгаалсан эсвэл Эбиш Бурханы хүчийг харуулахаар хүмүүсийг цуглуулсан түүхийг та нар жүжигчлэн үзүүлж болно. Гэр бүлийнхэн тань уг түүхийн өөр өөр хэсгээс зураад, зургаа ашиглан түүхийг ярьж болно. Гэр бүлийнхэн тань Аммон болон Эбишийн үлгэр жишээг дагахын тулд юу хийж болох вэ?

Алма 18:24–39

Гэр бүлийнхэн тань Алма 18:24–39-ийг хамтдаа уншаад, Аммоны Лемонайд заасан үнэнүүдийг тодорхойлж болно. Яагаад Аммон эдгээр үнэнийг эхлээд Лемонайд заасан гэж та бодож байна вэ? Яагаад эдгээр үнэний талаар гэрчлэлтэй байх нь бидэнд чухал вэ?

Алма 20:8–15

Лемонайн эцэгтээ өгсөн хариултаас бид юу сурч болох вэ? Бид үнэнийг хамгаалсан Лемонайн үлгэр жишээг хэрхэн дагаж болох вэ? (Жишээлбэл, ChurchofJesusChrist.org дээр байгаа “Dare to Stand Alone” видео бичлэгийг үзнэ үү.)

Алма 22:15–18

Та Алма 20:23-ыг давтан үзээд, Лемонайн аав амиа аврахын тулд юугаа өгөхөд бэлэн байсныг олж мэд. Дараа нь Алма 22:15-ыг уншаад, сайн мэдээний баяр баясгаланг хүлээн авахын тулд тэр юугаа өгөхөд бэлэн байсныг олж мэд. Тэр Бурханыг мэдэхийн тулд юугаа өгөхөд бэлэн байсан бэ? (18-р шүлгийг үзнэ үү). Гэр бүлийн гишүүн бүр Бурханыг илүү бүрэн дүүрэн мэдэхийн тулд золиослон өгөх зүйлийнхээ төлөвлөгөөг бичиж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Зарчмуудыг тодорхойлж, амьдралдаа хэрэгжүүл. Судрын түүхэнд гардаг үйл явдлууд танд хамаагүй мэт санагдаж болох ч эдгээр түүхэн дэх зарчмууд ихэнхдээ хамаатай байдаг. Та Аммон, Аарон хоёрын талаар уншихдаа сайн мэдээг хуваалцах ямар зарчмуудыг олсон бэ?

Зураг
Хаан Лемонайн эхнэр ухаан алдсан нь

Хаан Лемонайн эхнэр газраас босоод, Есүсийг магтан дуулав. Ай, алдаршсан Есүс, Волтэр Рэйн

Хэвлэх