“7-р сарын 13–19. Алма 32–35: ‘Энэ үгийг зүрх сэтгэлдээ тарь,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)
“7-р сарын 13–19. Алма 32–35,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020
7-р сарын 13–19
Алма 32–35
“Энэ үгийг зүрх сэтгэлдээ тарь”
Алма 32–35-ыг судалж байхдаа хүлээн авсан сүнслэг удирдамжаа бичиж тэмдэглэ. Ойлгосон зүйлийнхээ дагуу юуг хийхээр та сүнсээр өдөөгдсөн бэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Зорамчуудын хувьд залбирал нь долоо хоногт нэг удаа л хийдэг, аминч бөгөөд нэгэн хэвийн зан үйл байв. Тэд залбирахдаа бүх хүнд харагдах газар зогсоод, хоосон мөн бардам үгсийг давтан хэлдэг байжээ. Тэр бүү хэл зорамчууд Есүс Христэд итгэдэггүй байсан бөгөөд бүр Түүнийг байдаг гэдгийг үгүйсгэж, ядуусыг хяхан хавчдаг байв (Алма 31:9–25-ыг үзнэ үү). Харин эсрэгээрээ Алма, Амюлек хоёр залбирал бол олны өмнө тавцан дээр хийдэг гэхээс илүү бидний зүрх сэтгэл дотор юу болж байгаатай холбоотой болохыг зоригтойгоор заасан. Залбирал нь гачигдагсдыг өрөвдөх сэтгэл рүү хөтлөхгүй бол “хоосон, мөн … ямар ч хэрэггүй” (Алма 34:28). Хамгийн чухал нь, залбирал бол Өөрийн “хэмжээлшгүй хийгээд мөнхийн золиослолоороо” дамжуулан гэтэлгэгдэх боломжийг олгосон Есүс Христэд итгэх итгэлийн илрэл юм (Алма 34:10). Тийм итгэл даруу байдлаас болон “итгэх хүслээс” төрдөг (Алма 32:27). Энэ нь мод мэт аажмаар өсөж, байнгын арчилгаа шаарддаг гэж Алма тайлбарласан. Та Алма 32–35-ыг уншиж байхдаа итгэл, залбирлынхаа талаар бодож үз. Зорамчуудын адил хандлага танд байна уу? Та Есүс Христэд итгэх итгэлээ “үүрдийн амьдралд хүргэх мод” болгохын тулд хэрхэн арчлах вэ? (Алмa 32:41).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Би даруу байхыг сонгож чадна.
Алма ядуу зорамчууд даруу бөгөөд “үгийг сонсоход бэлтгэгдсэнийг” ойлгов (Алма 32:6). Та Алма 32:1–16-г уншиж байхдаа, Бурханы үгийг сонсоход хэрхэн бэлтгэдгээ бодно уу.
Ямар үйл явдал таныг даруусгасан бэ? Та илүү даруухан болохын тулд юу хийсэн бэ? Эдгээр шүлэг танд албан хүчээр даруу байхын оронд даруу байхыг хэрхэн сонгохыг заадаг. Жишээлбэл, “дэлхийн зүйлүүдээр ядуу” байх, “зүрх сэтгэлдээ ядуу байх” хоёр хоорондоо ямар ялгаатай вэ? (3-р шүлэг). “Үгийн учир [өөрийгөө] даруусгах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (14-р шүлэг).
Мөн “Humility,” Gospel Topics, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.
Би зүрх сэтгэл доторх Түүний үгсийг тарьж, арчилснаар Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлдэг .
Зорамчуудын бишрэн шүтэх талаар тавьсан асуултад хариулахдаа яагаад Алма үр тарих талаар ярьсан гэж та бодож байна вэ? Алмагийн хэлсэн үр юу вэ? (Алма 32:28; 33:22–23-ыг үзнэ үү). Та Алма 32:17–43-ыг уншиж байхдаа, Есүс Христ болон Түүний үгсэд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлэхийг ойлгоход туслах үг, хэллэгүүдийг олж мэд. Та итгэл гэж юу болох, бас юу биш болох талаар юу мэдэж авсан бэ? Дараа нь 33–34-р бүлгийг уншиж байхдаа, “үрийг [бид] хэрхэн тарих вэ?” гэсэн зорамчуудын асуултын хариултыг хайж ол (Aлмa 33:1).
Мөн Алма 32–34-ийг өөр нэгэн аргаар судалж болно. Үр ургах өөр өөр үе шатыг харуулсан зураг зур. Зүрх сэтгэлдээ хэрхэн үгийг тарьж, арчлахыг ойлгоход тань туслах Алма 32:28–43 дээрх үгсээр зураг тус бүрийг нэрлэ.
Мөн Матай 13:3–8, 18–23; Еврей 11; Нийл Л.Андэрсэн, “Итгэлийг тохиолдлоор бус, сонголтоор олж авдаг,” Ensign, Nov. 2015, 65–68 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 54–57-г үзнэ үү.
Бид хэзээ ч мөн хаана ч Бурханыг залбиралдаа шүтэн биширч чадна.
Шүтлэг бишрэл, залбирлын талаарх Алма, Амюлек нарын зөвлөгөө зорамчуудын зарим буруу ойлголтыг засаж зүгшрүүлэх зорилготой байсан (Алма 31:13–23-ыг үзнэ үү). Гэхдээ тэдний заасан үнэн бидний хэнд нь ч залбирал, шүтлэг бишрэлийг илүү сайн ойлгоход тусална. Та Алма 33:2–11-ээс болон 34:17–29-өөс залбирлын тухай олж мэдсэн үнэнээ жагсаан бичиж болно. Тэр жагсаалтынхаа хажууд эдгээр үнэний засаж залруулдаг залбирлын талаар байж болох буруу ойлголтуудыг жагсаан бич (Алма 31:12–23-ыг үзнэ үү). Эдгээр шүлгээс ойлгож мэдсэн зүйлс таны залбирах, шүтэн бишрэх байдалд хэрхэн нөлөөлөх вэ?
Зинос, Зинок гэж хэн хэн бэ?
Зинос, Зинок хоёр бол Хуучин Гэрээний цаг үед Есүс Христийг гэрчилдэг байсан бошиглогчид юм. Гэхдээ тэдний сургаал Хуучин Гэрээнд байдаггүй. Тэдгээр нь Нифайн Лебенээс авсан гуулин ялтаснууд дээр бичигдсэн байсан тул нифайчууд эдгээр бошиглогчийн сургаалыг ойлгож мэдэх боломжтой байсан. Тэднийг мөн 1 Нифай 19:10–12; Иаков 5:1; Хиламан 8:19–20 дээр дурдсан байдаг.
“Энэ амьдрал бол … Бурхантай уулзахдаа бэлтгэх цаг үе юм.”
Та Aлма 34:30–41-ийг уншиж байхдаа, хэрхэн “энэ амьдралдаа цагийг сайнаар ашиглах” тухай бодож үз (33-р шүлэг). Бурхантай уулзахаар бэлтгэхэд тань наманчлал, тэвчээр хэрхэн тусалдаг вэ? Танд хийх хэрэгтэй боловч хойшлуулсаар байгаа өөрчлөлтүүд бий юу? Хүлээн авсан сүнслэг өдөөлтийнхөө дагуу үйлдэхэд анхаар.
Мөн Алма 12:24; Ларри Р.Лорэнс, “Надад юу дутагдаж байна вэ?” Ensign, Nov. 2015, 33–35 эсвэл 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 17–19-ийг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.
Алма 32:9–11; 33:2–11; 34:38–39
Хэрэв бид зөвхөн ням гарагт шүтэн биширч, залбирах боломжтой бол ямар байх вэ? Та нар эдгээр шүлгийг хамт уншиж байхдаа, гэр бүлийн гишүүд хэрхэн өдөр бүр шүтэн биширч чаддаг талаар мөн ингэх боломжтой байгаадаа талархдаг шалтгаанаа ярилц.
Алма 32:28–43
Эдгээр шүлэг дэх Алмагийн үгсийг тайлбарлахдаа энэ тоймд байгаа модны зургийг ашиглаж болно. Эсвэл танай гэрийнхэн гадуур явж, ургалтын өөр өөр шатандаа байгаа ургамлуудыг олоод, Алма 32-оос итгэлийг маань ургаж буй ургамалтай зүйрлэсэн шүлгүүдийг уншиж болох юм. Гэр бүлийн гишүүн бүр нэг нэг үр тарьж, тэрхүү үрийг ургахад туслахын тулд бид юу хийх ёстой болохыг ярилцаж болно. Та нар ирэх долоо хоногийн туршид өөрсдийн тарьсан үрийг шалгаж, Есүс Христийн тухай гэрчлэлээ үргэлжлүүлэн арчлахыг бие биедээ сануул.
Алма 33:2–11; 34:17–29
Эдгээр шүлэг хувийн болон гэр бүлийн залбирлаа хэрхэн сайжруулах талаар бидэнд юу санал болгодог вэ?
Алма 34:31
Бид наманчлахдаа гэтэлгэлийн төлөвлөгөөний адислалуудыг “тэр даруй” мэдэрч эхэлдгийг ямар үйл явдлууд харуулсан байна вэ?
Алма 34:33–35
Хойшлуулах гэдэг нь ямар утгатай болохыг гэрийнхэн тань мэддэг үү? Хэн нэгэн нь хойшлуулах талаар мөн үүний сөрөг үр дагавруудын жишээг хуваалцаж болно. “Наманчлалынхаа өдрийг хойшлуулах” гэдэг нь юу гэсэн утгатай вэ?
Хүүхдүүдэд заах талаарх нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.