Ирээд, Намайг дага
7-р сарын 20–26. Алма 36–38: “Бурханд найдан амьдар”


“7-р сарын 20–26. Алма 36–38: ‘Бурханд найдан амьдар,’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Мормоны Ном 2020 (2020)

“7-р сарын 20–26. Алма 36–38,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2020

Залбирч буй эрэгтэй

Зураг чимэглэлийг Жошуа Дэннис

7-р сарын 20–26

Алма 36–38

“Бурханд найдан амьдар”

“Сайн мэдээг ойлгохоос ирдэг баяр хөөрийг мэдэрснээрээ та ойлгож мэдсэн зүйлээ хэрэглэхийг хүсэх болно” (Миний сайн мэдээг номло [2004], 21). Та сурч буй үнэнээ амьдралд хэрхэн хэрэгжүүлэх тухай бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Алма эргэн тойрондоо байгаа ёс бусыг хараад, их “бэрхшээл,” “сэтгэлийн тарчлал” болон “харууслыг” мэдэрсэн (Алма 8:14). “Энэ хүмүүсийн дундах ийм ёсон бус нь сэтгэлийг минь өвтгөх бөлгөө” (Алма 31:30) хэмээн тэр зорамчуудын талаар хэлсэн. Тэр зорамчуудын дунд хийсэн номлолоосоо эргэн ирээд, үүнтэй адил мэдрэмжийг мэдэрсэн ба “хүмүүсийн зүрх сэтгэл хатуурч эхэлснийг, мөн үгийн чандын учир тэд гомдож эхэлснийг хар[ж]” түүний зүрх сэтгэл “үлэмж харамсаж байв” (Алма 35:15). Алма энэ бүхнийг харж, мэдрээд юу хийсэн бэ? Тэр дэлхийн байдалд зүгээр л сэтгэлээр унаж эсвэл итгэл алдраагүй юм. Харин “тэрээр хөвгүүдээ цугларах болго[ж],” тэдэнд “зөв шударгад хамаарах зүйлүүдий[г]” (Алма 35:16), “зөвхөн Христэд мөн түүгээр бус аваас хүмүүн аврагдаж чадах өөр зам эсвээс арга үгүй. … Болгоогтун, тэр бол үнэн хийгээд зөв шударгын үг билээ” (Алма 38:9) хэмээн заасан.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Алма 36

Би даруу байж, наманчилснаар Бурханаас төрөх боломжтой.

Алмад тохиолдсонтой адил сэтгэл хөдөлгөм хөрвөлт олон хүнд тохиохгүй ч хүн бүр “Бурханаас төрөх” (Алма 36:23) ёстой учир түүний туршлагаас бидний хүн нэг бүр суралцаж, амьдралдаа хэрэгжүүлж болох зарчмууд бий. Та Алма 36-г уншиж байхдаа, амьдралдаа хэрэгжүүлж болох зарчмуудыг олж мэд. Тухайлбал, Бурханаас төрсөн хэн нэгэн нүглийн талаар мөн Есүс Христийн тухай юу гэж боддог вэ? Та мөн Бурханаас төрсөн хүний итгэл үнэмшил, үйлс үйлдэлд гарсан байх ёстой гэж үзэж байгаа өөрчлөлтийг олж харж болно.

Мөн Мозая 5:7; 27:25–26; Алма 5:14; 22:15; Хиламан 3:35; “Хөрвөгч, хөрвүүлэг,” Судруудын удирдамж, topics.ChurchofJesusChrist.org-ийг үзнэ үү.

Алма 36

Есүс Христ дэлхийн нүглүүдийг цагаатгасан.

Та энэ бүлэгт өгүүлсэн Алмагийн хөрвөлтийн тухай түүхэнд хэд хэдэн зүйл давтагдаж байгааг анзаарсан байж магадгүй. Яагаад гэвэл Алма 36 нь еврей яруу найргийн нэг хэлбэр болох хиазмын маш сайн жишээ бөгөөд энэ хэлбэрийн яруу найрагт үгийг эсвэл санааг тодорхой дарааллаар бичиж, улмаар гол санааг илэрхийлээд, дараа нь урвуу дарааллаар давтан бичдэг. Алма 36-р бүлгийн 3-р шүлэгт байгаа санаа 27-р шүлэгт, харин 5-р шүлэгт байгаа санаа 26-р шүлэгт гэх мэт давтан бичигдсэн. Хиазмын хувьд гол санаа нь хамгийн чухал захиас байдаг. Та тэрхүү гол санааг 17–18-р шүлгээс олж чадах эсэхээ үз. “Энэ бодол дээр тогтож тунгаах” нь хэрхэн Алмад нөлөөлж, амьдралыг нь өөрчилснийг анхаар. Энэ үнэн танд хэрхэн нөлөөлсөн бэ? Та энэ судрын хэсгээс давтагдсан өөр ямар санааг олсон бэ?

Наманчлалын болон өршөөлийн тухай энэ түүх Алмагийн үлгэр жишээг дагаж, Их Эзэнд хандахад таныг сүнсээр хэрхэн өдөөдөг вэ?

Хиазмын талаар илүү дэлгэрэнгүй мэдээллийг Мормоны Номын суралцагчийн гарын авлага-аас үзнэ үү (Сүмийн Боловсролын Системийн гарын авлага [2009], 232–233).

Алма 37

Судруудыг “мэргэн зорилгын тулд” хадгалан авч үлдсэн.

Өнөө үед судартай байгаа нь ямар гайхамшигтай зүйл бөгөөд адислал болохыг та бодож байсан үү? Бурхан “ариун нандин эдгээр зүйлийг [бидэнд] даатгасан” (Алма 37:14). Та Алма 37-г уншиж байхдаа судартай байхаас ирдэг адислалуудыг олж мэд. Та эдгээр адислалыг хэрхэн хүлээн авч байсан бэ? “[Бурханы] хүчийг ирээдүйн үеийнхэнд үзүүл[эхэд]” туслахын тулд бид судруудыг хэрхэн ашиглаж болох вэ? (Aлмa 37:18).

Алма 37:38–47-д Алма “Христийн үгийг” Лиахонатай зүйрлэдэг. Уг зүйрлэлийн талаар тунгаан бодохдоо Христийн сургаалын гайхамшиг болоод хүчийг “өдөр өдрөөр” (Алма 37:40) мэдэрч байсан арга замуудаа тунгаан бод.

Мөн Д.Тодд Кристоффэрсон, “Судрын адислал,” Ensign, May 2010, 32–35 эсвэл 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х. 37–40-ийг үзнэ үү.

Судар уншиж байгаа эмэгтэй

Судрууд бидэнд Бурханыг хэрхэн дагахыг заадаг.

Алма 37:6–7

“Өчүүхэн мөн энгийн зүйлүүдээр агуу их зүйлүүд улиран авчрагддаг.”

Заримдаа бидэнд асуудлууд маань том бөгөөд төвөгтэй учраас шийдлүүд нь ч мөн адил том бөгөөд төвөгтэй байна гэж боддог үе бий. Гэвч, ихэнх тохиолдолд Их Эзэн Өөрийн ажлыг гүйцэлдүүлж, хүүхдүүдийнхээ амьдралыг адислахын тулд “өчүүхэн мөн энгийн зүйлүүдийг” (Алма 37:6) сонгон ашигладаг. Та Алма 37:6–7-г уншиж байхдаа, энэ зарчим таны амьдралд хэрхэн хэрэгжиж байсныг харж байснаа тунгаан бодож, бичиж тэмдэглэ. Их Эзэн таныг адисалж, ажлаа гүйцэлдүүлэхийн тулд ашигладаг зарим өчүүхэн хийгээд энгийн зүйлс юу вэ?

Мөн Алма 37:41–46; Даллин Х.Өүкс, “Өчүүхэн бөгөөд энгийн зүйлс,” Ensign, May 2018, 89–92 эсвэл 2018 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х. 110–114-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Энд хэд хэдэн санааг дурдав.

Алма 36:5–26

Хэдийгээр Алмад ер бусын үйл явдал тохиолдсон ч түүний хөрвөлт бид бүгдэд хамаатай хэд хэдэн зарчмыг харуулдаг. Гэр бүлийн гишүүн бүрийг Алма 36:5–26-аас “Бурханаас төрөх” тухай заадаг нэг шүлгийг сонгоход урь. Бид эдгээр шүлгээс юу мэдэж авч болох вэ? Гэр бүлийн гишүүд Алмагийн тайлбарласан зарчмуудыг хэрхэн хэрэгжүүлснээ хуваалцаж болох юм.

Алма 36:18–21, 24

Наманчлал нь аймшигтай зүйл биш, харин баярт үйл явдал болохыг ойлгоход хэн нэгэнд туслахад бид эдгээр шүлгийг хэрхэн ашиглаж болох вэ? Наманчлах нь сайн мэдээг бусадтай хуваалцахад биднийг хэрхэн сүнсээр өдөөдөг вэ?

Алма 37:6–7, 38–46

Бидний амьдралд агуу зүйлсийг авчирдаг ямар “өчүүхэн мөн энгийн зүйл” (Aлма 37:6) байдаг вэ? Ямар байдлаар Христийн үг Лиахонатай адилхан бэ? Бид нэг нэгэндээ судрыг илүү хичээнгүйлэн судлахад хэрхэн тусалж болох вэ?

Aлмa 37:35

“Насны залууд” зарлигуудыг дагаж сурах нь яагаад ухаалаг зүйл вэ?

Алма 38:12

Танай гэр бүлийнхэн хазаар гэж юу болохыг мэдэх үү? Та тэдэнд хазаарын зургийг үзүүлээд, үүнийг амьтныг гарын аясаар хөдөлгөхөд хэрхэн ашигладаг талаар ярь. “Хүслээ хазаарлах” гэдэг нь юу гэсэн үг вэ? Хүслээ хазаарлах нь хэрхэн бидэнд “хайраар дүүргэгдэхэд” тусалдаг вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санааг Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос үзнэ үү.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Та сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэснээр, Их Эзэний удирдамжийг үнэлдэг гэдгээ Түүнд харуулахаас гадна Тэр танд илчлэлтийг илүү ойр ойрхон өгч адислах болно. Та суралцаж байхдаа төрсөн бодол санаагаа бичиж тэмдэглэ. (Аврагчийн арга барилаар заах нь,12, 30-ийг үзнэ үү.)

Алма болон Мозаягийн хөвгүүдэд тэнгэр элч үзэгдэж байгаа нь

Алма болон Мозаягийн хөвгүүдэд тэнгэр элч үзэгдсэн нь, Кларк Кэлли Прайс