“Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“Гэр бүлээрээ судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
Гэр бүлээрээ судраас суралцах үйл явцыг сайжруулах санаанууд
Гэр бүлээрээ судраас тогтмол суралцах нь гэр бүлдээ сайн мэдээнээс суралцахад нь туслах хүчирхэг арга юм. Гэр бүлээрээ хэр ихийг хэр удаан унших нь тогтмол хичээл зүтгэл гаргахтай адил тийм ч чухал биш. Та судраас суралцахыг гэр бүлийнхээ амьдралын чухал хэсэг болгосноор гэр бүлийнхээ гишүүдэд нэг нэгэндээ болон Есүс Христэд илүү ойртож, Түүний үгэн дээр суурилан гэрчлэлээ босгоход туслах болно.
Дараах асуултуудыг тунгаан бод. Үүнд:
-
Та гэр бүлийнхээ гишүүдийг хувиараа судруудаас суралцахад хэрхэн урамшуулж болох вэ?
-
Та гэр бүлийнхнийгээ сурч мэдэж байгаа зүйлсээ хуваалцахад урамшуулан дэмжихийн тулд юу хийж болох вэ?
-
Өдөр бүр зааж байхдаа Сургаал ба Гэрээнээс сурч байгаа зарчмуудаа хэрхэн онцолж болох вэ?
Гэр орон бол сайн мэдээнээс суралцах хамгийн тохиромжтой газар юм гэдгийг сана. Сүмийн ангиудад боломжгүй тийм арга замаар гэртээ сайн мэдээнээс суралцаж, зааж болно. Гэр бүлдээ судраас суралцахад нь туслах арга замуудыг бодож олохын тулд санаачилгатай бай.
Үйл ажиллагааны санаанууд
Гэр бүлийнхээ судраас суралцах үйл явцыг сайжруулахын тулд дараах санаануудаас заримыг нь ашиглахыг бод. Үүнд:
Дуу хөгжим ашигла
Сударт заасан зарчмуудыг бататгах дуунуудыг дуул. Долоо хоног тутмын тоймд дуулал эсвэл хүүхдийн дууг санал болгон оруулсан. Та дууны шүлэгт орсон үг, хэллэгийн талаар асууж болох юм. Танай гэр бүл дуулахаас гадна дууны үгийг жүжигчлэн үзүүлж эсвэл өөр бусад үйл ажиллагааг явуулах хооронд ард нь тавьсан хөгжмийг сонсож болно.
Утга учиртай судруудыг хуваалц
Хувиараа суралцах үедээ олж мэдсэн утга учир бүхий судрын хэсгийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцах цаг гарга.
Өөрийнхөө үгээр ярь
Судраас сурч мэдсэн зүйлээ өөрсдийн үгээр дүгнэн хэлэхийг гэр бүлийнхнээсээ хүс.
Судруудыг амьдралдаа хэрэгжүүл
Судрын хэсгийг уншсаныхаа дараа, үүнийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх арга замуудыг хуваалцахад гэр бүлийнхнийгээ урь.
Асуулт тавь
Гэр бүлийнхнийгээ сайн мэдээний тухай асуулт тавихад уриад, уг асуултад хариулахад туслах шүлгийг эрж олоход цаг гарга.
Судар үзүүл
Танд утга учиртай санагдсан шүлгийг сонгож, гэр бүлийнхээ гишүүдийн тогтмол харж болох газарт байрлуул. Үзүүлэх судраа ээлжлэн сонгоход гэр бүлийнхнээ урь.
Судрын жагсаалт гарга
Гэр бүлээрээ ирэх долоо хоногт хэлэлцэх хэд хэдэн шүлэг сонго.
Судруудыг цээжил
Гэр бүлийн тань хувьд утга учир бүхий судрын хэсгийг сонгоод, гэр бүлийнхнээ өдөр бүр давтан уншихад эсвэл цээжлэх тоглоом тоглосноор уг хэсгийг цээжлэхэд урь.
Үзүүлэнт хичээлүүдийг заа
Гэр бүлээрээ уншиж буй бүлгүүд эсвэл шүлгүүдтэй холбоотой үзүүлэн ол. Судрууд дахь сургаал үзүүлэнгүүдтэй хэрхэн холбогдож байгаа тухай ярилцахыг гэр бүлийн гишүүдээс хүс.
Сэдэв сонго
Гэр бүлээрээ хамтдаа суралцах сэдвийг гэр бүлийн гишүүдээр ээлжлэн сонгуул. Тухайн сэдвийн тухай судрын хэсгийг олохын тулд Topical Guide, Bible Dictionary эсвэл Судруудын удирдамж (scriptures.ChurchofJesusChrist.org)-ийг ашигла.
Зураг зур
Гэр бүлээрээ хэдэн шүлэг уншсаны дараа, уншсан зүйлтэйгээ холбоотой ямар нэгэн зүйл зурахад цаг зарцуул. Нэг нэгнийхээ зурсан зүйлийн тухай ярилцах цаг гарга.
Түүхийг жүжигчлэн тогло
Түүх уншсаныхаа дараа гэр бүлийнхээ гишүүдийг энэ тухай жүжигчлэн тоглоход урь. Дараа нь уг түүх хувь хүн бүрд болон гэр бүлд тань тохиолдож буй зүйлстэй хэрхэн холбогдож байгаа тухай ярилц.
Хүүхдүүдэд заах
Танай гэр бүл бага насны хүүхдүүдтэй бол дараах үйл ажиллагаанууд тэдэнд суралцахад нь туслах болно.
Дуулах
Хүүхдийн дууны ном дээрх дуунууд нь сургаалыг үр нөлөөтэй заадаг. Энэхүү эх сурвалж дахь тойм бүрд санал болгох дууг багтаасан. Зааж буй сайн мэдээний зарчимтайгаа холбоотой дуунуудыг Хүүхдийн дууны номын ард байх нэрсийн индексийг ашиглан олж болно. Дуунуудын зааж буй захиасуудыг өөрсдийнхөө амьдралтай адилтгахад хүүхдүүддээ тусал.
Түүх сонс эсвэл жүжигчлэн үзүүл
Бага насны хүүхдүүд судруудаас болон таны амьдралаас мөн Сүмийн түүх, сэтгүүл зэргээс түүхүүдийг сонсох дуртай байдаг. Түүхээ ярихдаа тэднийг оролцуулах арга зам эрэлхийл. Тэд зураг эсвэл үзүүлэн барин зогсож, сонсож буй зүйлээ зурж, түүхийн үйл явдлыг жүжигчлэн үзүүлэх юм уу бүр түүх ярихад тусалж болно. Хуваалцаж байгаа түүхүүд дээрх сайн мэдээний үнэнийг ойлгож ухаарахад нь хүүхдүүддээ тусал.
Судар унш
Бага насны хүүхдүүд тийм ч сайн уншиж чадахгүй байж болох ч та тэднийг судраас суралцахад оролцуулж болно. Та ганцхан шүлэг, түлхүүр үг хэллэг дээр анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй байж болох юм.
Зураг эсвэл видео бичлэг үзүүл
Хэлэлцэж буй сайн мэдээний зарчимтай холбоотой зураг, видео бичлэгийн тухай асуулт тавь. Жишээлбэл, “Энэ зураг дээр юу болж байна вэ? Үүнийг үзэхэд та нарт ямар мэдрэмж төрж байна вэ?” гэж асууж болно. Gospel Library аппликэйшн, ChurchofJesusChrist.org дахь Gospel Media Library, children.ChurchofJesusChrist.org вэбсайтууд нь зураг, видео бичлэг олж үзэхэд тохиромжтой эх сурвалжууд юм.
Бүтээлч зүйл хий
Хүүхдүүд суралцаж байгаа зарчим, түүхүүдтэйгээ холбоотой ямар нэгэн зүйлийг барьж, зурж, будаж болно.
Үзүүлэн материал ашигласан хичээлд оролц
Энгийн үзүүлэн материал хэрэглэсэн хичээл нь ойлгоход хэцүү сайн мэдээний зарчмуудыг хүүхдүүдэд ойлгуулахад тусалж болно. Үзүүлэнт хичээлийг заахдаа хүүхдүүдээ оролцуулах арга замуудыг хайж ол. Тэд зүгээр нэг үзэж харахаас илүү харилцан үйлддэг үйл ажиллагаанаас илүү ихийг сурна.
Дүр бүтээ
Хүүхдүүд бодит амьдралд тулгарч болзошгүй нөхцөл байдлын талаар дүр бүтээхдээ, сайн мэдээний зарчмууд тэдний амьдралд хэрхэн хэрэгжиж байгааг илүү сайн ойлгоно.
Үйл ажиллагаануудыг давт
Бага насны хүүхдүүд зарчмыг ойлгохын тулд хэд хэдэн удаа сонсох хэрэгтэй байж болно. Жишээлбэл, судрын түүхийг судраас унших, өөрийн үгээр товчилж ярих, түүхүүдийг ярихдаа хүүхдүүдээрээ туслуулах, түүхийн утгыг жүжигчлэн үзүүлэхэд тэднийг урих гэх мэт өөр өөр арга замаар хэд хэдэн удаа хуваалцаж болно.
Тэдний хувийн өсөлт хөгжлийн зорилготой уялдуул
Гэр бүлээрээ судар судлах нь өсвөр үеийнхэн, хүүхдүүдэд сүнслэг болон биеийн мөн оюун санааны болон нийгмийн өсөлт хөгжлийн зорилго тавихад нь сүнслэгээр нөлөөлж болно (Лук 2:52-ыг үзнэ үү).
Өсвөр үеийнхэнд заах
Танай гэр бүл өсвөр насны хүүхдүүдтэй бол дараах үйл ажиллагаанууд тэдэнд суралцахад нь туслах болно.
Тэднийг заахад урь
Бид аливаа зүйлийг заах үедээ зөвхөн сонссоноос илүү ихийг сурч мэддэг. Өсвөр үеийнхэндээ судруудын талаарх гэр бүлийн ярилцлагыг удирдан явуулах боломж олго.
Семинартай холбо
Энэ жил семинарын суралцагчид Сургаал ба Гэрээг судалж байгаа. Өсвөр насны хүүхдүүд тань семинарт явж байгаа бол тэндээс мэдэж авсан зүйлээ хуваалцахад тэднийг урь.
Судруудыг өөрсөдтэйгөө адилтга
Заримдаа өсвөр үеийнхэн судрууд дахь сургаал, зарчмууд тэдний амьдралтай хэрхэн уялдаа холбоотой байдгийг харж чаддаггүй. Судрууд дахь түүх, сургаалууд тэдэнд гэртээ, сургууль дээрээ, найз нөхөдтэйгөө харилцахад тулгардаг нөхцөл байдлуудтай хэрхэн хамааралтайг харахад тэдэнд тусал.
Тунгаан бодоход урамшуулан дэмждэг асуулт тавь
Олон өсвөр үеийнхэн судруудад хэлсэн зүйлсийг давтан хэлэхээс илүүтэй судрын талаарх бодол, мэдрэмжээ илэрхийлэхэд урьсан асуултад сайн хариулдаг. Жишээ нь, “Эдгээр шүлэгт Их Эзэн та нарт юу зааж байж болох вэ?” эсвэл “Энэ илчлэлт 1830-аад оны үеийн гэгээнтнүүдийн хувьд ямар утга учиртай байсан гэж та нар бодож байна вэ?” гэж та асууж болно.
Тэдний хувийн өсөлт хөгжлийн зорилготой холбо
Гэр бүлээрээ судар судлах нь өсвөр үеийнхэн, хүүхдүүдэд сүнслэг болон биеийн мөн оюуны болон нийгмийн өсөлт хөгжлийн зорилго тавихад сүнслэгээр нөлөөлж болно (Лук 2:52-ыг үзнэ үү).
Тэдний асуултад нээлттэй ханд
Өсвөр үеийнхний тавих асуулт бол үнэнийг хуваалцах, уг хүүхдийн чин сэтгэлээсээ сонирхож буй сэдвээр ойлгож авахыг эрэлхийлэх нандин боломж юм. Асуултууд нь ярилцаж буй сэдэвтэй холбоогүй байсан ч асуултаас бүү ай. Тоохгүй орхиж болохгүй. Та бүх хариултыг мэдэхгүй байгаа бол санаа зовох хэрэггүй. Гэр орон бол хамтдаа хариултуудыг эрж олоход хамгийн тохиромжтой газар юм.
Тэднийг санаа бодлоо хуваалцахад урамшуул
Өсвөр үеийнхэн гэр бүлээрээ судраас суралцахад хувь нэмэр оруулах өвөрмөц сонирхол, үзэл бодолтой байдаг. Сүнс судруудын талаар юу зааж байгааг сонирхож байгаагаа тэдэнд илэрхийл. Хувиараа суралцахдаа хүлээн авсан ойлголтоосоо хуваалцахыг тэднээс хүссэн ч болно.
Уян хатан бай
Хэрвээ өсвөр насны хүүхэд тань гэр бүлээрээ судар судлахад оролцохыг хүсэхгүй байгаа бол түүнтэй холбоотой байх өөр арга замуудыг эрэлхийл. Жишээ нь, та ярианыхаа дундуур сайн мэдээний сэдвийг хөндөх юм уу утга учир бүхий судрыг хэт номлож, шахаагүй мэт байдлаар хуваалцаж чадах уу? Судраас суралцах нь гэр бүл бүрд адилхан байх шаардлагагүй. Зарим хүүхэд ганцаарчилсан байдлаар судраас суралцахад илүү дуртай байдаг байж болно. Залбиран байж, Сүнсний өдөөлтүүдийг дага.