“Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)
“Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах нь,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагыг ашиглах нь
Энэхүү эх сурвалжийг хэнд зориулсан бэ?
Үүнийг Сүмийн хувь хүн, гэр бүл болгонд зориулсан. Уг гарын авлага нь бие даан эсвэл гэр бүлээрээ сайн мэдээнээс суралцахад тань туслах зорилготой. Хэрэв та урьд нь сайн мэдээнээс тогтмол суралцдаггүй байсан бол энэхүү эх сурвалж танд суралцаж эхлэхэд тусална. Хэрэв та аль хэдийн сайн мэдээнээс суралцах сайн хэвшилтэй болсон бол энэ нь танд илүү ач холбогдол бүхий туршлага олж авахад туслах болно.
Би энэ эх сурвалжийг хэрхэн ашиглах вэ?
Үүнийг өөртөө тустай ямар ч арга замаар ашиглаж болно. Энэ нь хувиараа болон гэр бүлээрээ судар судлах заавар эсвэл удирдамж болохын хувьд танд тустай байж болох юм. Мөн та үүнийг гэр бүлийн үдэштээ ашиглаж болно. Тойм нь Сургаал ба Гэрээнд гардаг чухал зарчмуудыг тодотгон, хувь хүн болон гэр бүлүүдэд зориулсан суралцах санаа, үйл ажиллагааг санал болгож, сэтгэгдлээ бичих хэсгийг гаргаж өгдөг.
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага нь таны хийж байгаа бусад сайн зүйлийг орлох юм уу тэдгээртэй өрсөлдөх зорилгогүй. Бурханы үгээс хэрхэн суралцах арга барилаа тодорхойлохын тулд Сүнсний удирдамжийг дага.
Энэхүү эх сурвалж Сүмд болж буй зүйлтэй хэрхэн холбогдож байна вэ?
Энэ эх сурвалжийн тоймыг долоо хоног тутмын унших хуваарийн дагуу бэлтгэсэн. Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав, Ирээд, Намайг дага—Ням гаргийн ангид зориулав гарын авлагууд мөн адил хуваарийг баримтална. Гэртээ сайн мэдээнээс суралцаж, үүнийхээ дагуу амьдрах хичээл зүтгэлээ нэмэгдүүлэхэд Сүмийн багш нар тань танд гэртээ судалсан судрын хэсгийнхээ талаарх асуулт, бодол санаа, туршлагыг хуваалцах боломжийг олгох болно.
Ням гаргийн анги сард ердөө хоёр удаа ордог тул Ням гаргийн ангийн багш нар долоо хоногийн хуваарийг дагахын тулд хичээлийг алгасаж эсвэл нэгтгэж болно. Гадасны чуулган юм уу өөр бусад шалтгаанаар Сүмийн ердийн цуглаан болохгүй долоо хоногуудын хичээлийг мөн адил байдлаар заах шаардлагатай байж болох юм. Ийм долоо хоногуудад Сургаал ба Гэрээг гэртээ үргэлжлүүлэн судлахад таныг урьж байна.
Би энэ хуваарийг дагах шаардлагатай юу?
Энэхүү хуваарь энэ ондоо багтаан, Сургаал ба Гэрээг уншиж дуусгахад танд тусална. Түүнчлэн бусад хүнтэй адил нэг хуваарийг дагах нь гэр орондоо болон сүм дээр мөн өөр бусад газарт утга учир бүхий туршлага олж авахад хөтөлж болно. Гэхдээ хуваарьт баригдах юм уу заавал шүлэг бүрийг унших ёстой гэх хэрэггүй бөгөөд энэхүү хуваарь нь өөрийнхөө алхмыг зохицуулахад туслах хөтөч төдий зүйл юм. Хамгийн чухал зүйл бол таны хувиараа болон гэр бүлээрээ сайн мэдээнээс суралцаж байгаа явдал билээ.