Сургаал ба Гэрээнүүд 2021
Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд


“Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Судар уншиж буй эрэгтэй

Хувиараа судар судлах үйл явцыг сайжруулах санаанууд

Судрууд дахь Бурханы үгсийг илүү үр дүнтэй суралцах зарим энгийн арга байдаг. Үүнд:

Сүнслэг удирдамжийн төлөө залбир

Судрууд Бурханы үг учир тэдгээрийг ойлгохын тулд Түүнээс тусламж хүс.

Есүс Христийн тухай үнэнийг эрж хай

Судрууд бидэнд бүх зүйл Христийг гэрчилдэг гэдгийг заадаг (2 Нифай 11:4; Мосе 6:63-ыг үзнэ үү) учраас Аврагчийг гэрчилдэг, Түүнийг хайрлах хайрыг тань гүнзгийрүүлдэг, Түүнийг хэрхэн дагахыг заадаг шүлгүүдийг тэмдэглэж, бичиж авч болно.

Сүнслэг нөлөө бүхий үг, хэллэгүүдийг эрж хай

Танд онцгойлон зориулан бичсэн мэт нөлөөлж байгаа тодорхой үг, хэллэгүүдийг судруудаас олж болно. Тэдгээр нь хувь хүний хувьд танд хамаатай, сүнслэг нөлөө, урам зориг төрүүлэхүйц санагдаж магадгүй. Тэдгээр үг, хэллэгийг судар дээрээ тэмдэглэх юм уу судрын тэмдэглэл дээрээ бичиж болно.

Сайн мэдээний үнэнийг эрж хай

Заримдаа сайн мэдээний үнэнүүдийг (ихэнхдээ сургаал эсвэл зарчмууд гэгддэг) шууд илэрхийлсэн байдаг бол зарим тохиолдолд жишээгээр эсвэл түүхээр дамжуулан тайлбарладаг. “Эдгээр шүлэгт мөнхийн ямар үнэнийг заасан байна вэ?” гэж өөрөөсөө асуу.

Сүнсийг сонс

Уншиж буй зүйлтэй тань хамааралгүй байсан ч бодол, мэдрэмждээ анхаарлаа төвлөрүүл. Эдгээр нөлөө нь Тэнгэрлэг Эцэгийн танаас сураасай хэмээн хүссэн зүйл ч байж магадгүй.

Судруудыг өөрийн амьдралтай адилтга

Та уншиж буй түүх, сургаалаа амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх талаар эргэцүүлэн бод. Жишээлбэл, та өөрөөсөө “Надад уншиж буй зүйлтэй маань адил юу тохиолдсон билээ?” эсвэл “Судар дээрх энэ хүний үлгэр жишээг би хэрхэн дагаж чадах вэ?” гэж асууж болно.

Суралцаж байхдаа асуу

Таныг судруудаас суралцаж байхад оюун бодолд тань асуултууд орж ирж болно. Эдгээр асуулт таны уншиж байгаа зүйлтэй эсвэл ерөнхийдөө таны амьдралтай холбоотой байж болох юм. Та үргэлжлүүлэн судраас суралцаж байхдаа эдгээр асуултыг тунгаан бодож, хариултыг нь эрж хай.

Судар судлах тусламжийг ашигла

Уншиж буй шүлгүүдийнхээ талаар нэмэлт ойлголт олж авахын тулд зүүлт тайлбар, Topical Guide, Bible Dictionary, Судруудын удирдамж, (scriptures.ChurchofJesusChrist.org) болон бусад судлах тусламжийг ашигла.

Судрын түүхэн нөхцөл байдлыг бодож үз

Та тухайн судрын нөхцөл байдал буюу орчныг бодож үзэхдээ уг судрын хэсгийн талаар гүн гүнзгий ойлгох боломжтой. Жишээлбэл, Бурханы хандан ярьсан хүмүүсийн нөхцөл байдал, итгэл үнэмшлийн талаар мэдэх нь Түүний үгийн зорилгыг ойлгоход танд тусална.

Төрсөн бодол, сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Суралцаж байхад төрсөн сэтгэгдлээ тэмдэглэж авах олон арга зам бий. Жишээлбэл, та утга учир бүхий үг, хэллэгийг тэмдэглэж, төрсөн сэтгэгдлээ судар дээрээ бичиж болно. Мөн та хүлээж авсан ойлголт, мэдрэмж, сэтгэгдлээ тэмдэглэл дээрээ бичиж болно.

Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг судал

Таны судраас олсон зарчмуудын талаар хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид юу заасан тухай унш (жишээ нь, conference.ChurchofJesusChrist.org болон Ерөнхий чуулган дээр хэлсэн үгсийг үзнэ үү).

Ойлголтуудаа хуваалц

Хувиараа судалж мэдсэн ойлголтынхоо талаар ярилцах нь бусдад заах сайн арга байхаас гадна уншсан зүйлийнхээ талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд тусалдаг.

Сурч мэдсэн зүйлийнхээ дагуу амьдар

Судар судлах нь бидэнд сүнслэгээр нөлөөлөхөөс гадна биднийг амьдрах арга замаа өөрчлөхөд хүргэдэг. Уншиж байхад тань Сүнс юу хийхэд өдөөж байгааг сонс, дараа нь эдгээр өдөөлтийн дагуу үйлдэх амлалт өг.

Судар судалж буй эмэгтэй

Ахлагч Дэвид А.Бэднар “Үнэнч шавь нар болж, зоригтой тэвчдэг байхын тулд бидний мэдвэл зохих болон хийх шаардлагатай бүх зүйлийг байгууллагын хувьд зааж эсвэл хэлж өгнө хэмээн бид Сүмд найдах ёсгүй. Харин сурах ёстой зүйлдээ суралцан, амьдрах ёстойгоороо амьдарч, Багшийнхаа хүссэн тийм хүмүүс болох нь бидний хувийн үүрэг хариуцлага юм. Бидний гэр орон бол суралцаж, дагаж амьдарч, өөрсдийгөө хөгжүүлэх анхдагч орчин билээ” хэмээн хэлсэн (“Хэрэгтэй юм болгоныг олж авахад бэлтгэгдсэн байх нь,” Ensign, May 2019, 102 эсвэл 2019 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 123).