Сургаал ба Гэрээ 2021
Хөрвүүлэгдэх нь бидний зорилго


“Хөрвүүлэгдэх нь бидний зорилго,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Сургаал ба Гэрээ 2021 (2020)

“Хөрвүүлэгдэх нь бидний зорилго,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2021

Зураг
Судар судалж буй эмэгтэй

Хөрвүүлэгдэх нь бидний зорилго

Сайн мэдээнээс суралцаж, заах бүхий л зорилго нь Есүс Христэд хөрвөх хөрвөлтөө гүнзгийрүүлж, Түүнтэй илүү адилхан болоход бидэнд туслах явдал юм. Иймээс бид сайн мэдээнээс суралцахдаа шинэ мэдээлэл хайхын зэрэгцээ “шинэ бүтээл” болохыг эрмэлздэг (2 Коринт 5:17-г үзнэ үү). Энэ нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд зүрх сэтгэл, хандлага, үйлдэл, мөн чанараа өөрчлөхөд тусална гэдэгт найдна гэсэн үг юм.

Бидний итгэлийг хүчирхэгжүүлж, хөрвөлтийн гайхамшиг руу хөтөлдөг сайн мэдээнээс суралцах үйл явц нэг дор тохиодоггүй. Энэ нь ангиас гарч, хувь хүний зүрх сэтгэл, гэр орон руу өргөжин тэлдэг. Энэ нь сайн мэдээг ойлгож, үүний дагуу амьдрах өдөр тутмын, байнгын хичээл зүтгэлийг шаарддаг. Гэвч Тэнгэрлэг Эцэг биднээс энэ бүгдийг ганцаараа хийхийг хүсдэггүй. Тэр бидэнд хөрвүүлэгдэхэд туслахаар Ариун Сүнсийг илгээх болно.

Ариун Сүнс биднийг үнэн рүү хөтөлж, тэрхүү үнэнийг гэрчилдэг (Иохан 16:13-ыг үзнэ үү). Тэр бидний оюун санааг гэрэлтүүлж, ойлголтыг түргэсгэн, бүхий л үнэний эх сурвалж болох Бурханаас ирэх илчлэлтээр зүрх сэтгэлд маань хүрдэг. Ариун Сүнс бидний зүрх сэтгэлийг ариусгадаг. Тэрээр бидний үнэний дагуу амьдрах хүслийг өдөөдөг бөгөөд үүнийг хийх арга замуудыг бидэнд шивнэн хэлдэг. Үнэнийг хэлэхэд, “Ариун Сүнс [бидэнд] бүх зүйлийг заана” (Иохан 14:26).

Эдгээр шалтгааны улмаас бид сайн мэдээний дагуу амьдарч, суралцаж, заахдаа хамгийн түрүүнд Сүнстэй нөхөрлөхийг эрэлхийлэх хэрэгтэй. Энэхүү зорилго нь бидний сонголтуудыг тодорхойлж, бодол, үйлдлийг маань удирдаж байх ёстой. Бид Сүнсний нөлөөг урьдаг аливаа зүйлсийг эрэлхийлж, тэрхүү нөлөөг холдуулдаг зүйлсийг эсэргүүцэж байх хэрэгтэй. Учир нь бид Ариун Сүнсний оршихуйд байж чадахуйц зохистой байж чадвал Тэнгэрлэг Эцэг, Түүний Хүү Есүс Христийн оршихуйд амьдрахуйц зохистой байж чадна гэдгээ мэддэг.

Хэвлэх