Ирээд, Намайг дага
4-р сарын 15–21. Христийн амилсны баяр: ‘Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?’


“4-р сарын 15–21. Христийн амилсны баяр: ‘Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“4-р сарын 15–21. Христийн амилсны баяр,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Бунхант цэцэрлэг

4-р сарын 15–21

Христийн амилсны баяр

“Үхэл ээ, чиний хатгуур хаана байна вэ?”

Та энэхүү тойм дахь Аврагчийн Амилалтын тухай гэрчлэлүүдийг уншихдаа Ариун Сүнснээс ирэх мэдрэмж, сэтгэгдлийг тэмдэглэж аваарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Аврагчийн амьдралын сүүлийн долоо хоногийн туршид эргэн тойронд нь байсан олон иудей Дээгүүр өнгөрөх баярын уламжлалд оролцсон. Тэд хоол бэлдэж, дуу дуулан, Израилийн угсаа Египетийн боолчлолоос чөлөөлөгдсөнийг дурсан санах гэж цуглацгаасан. Гэр бүлүүд хурганы цусаар хаалган дээрээ тэмдэг тавьсан өвөг дээдсийнх нь гэр дээгүүр устгагч тэнгэр элчүүд өнгөрч байсан тухай түүхийг сонсож байв. Маш олон төрлийн тэмдгийг агуулдаг эдгээр тэмдэглэлт үйл явдлын дунд харьцангуй цөөн хүн Бурханы Хурга Есүс Христ Өөрийн шаналал, үхэл, Амилалтаар дамжуулан тэднийг нүгэл, үхлийн боолчлолоос чөлөөлөх гэж байсныг мэдэж байсан. Хэдий тийм ч, Есүсийг өөрсдийн амлагдсан Мессиа, мөнхийн Чөлөөлөгч хэмээн таньж байсан хүмүүс байсан. Тэр өдрөөс эхлэн Есүс Христийн шавь нар бүх дэлхийд “Христ бидний нүглийн төлөө үхсэн бөгөөд оршуулагдан, … гурав дахь өдөртөө амилуулагджээ” (1 Коринт 15:3–4) хэмээн гэрчилж байсан.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Матай 21–28

Есүс Христ надад нүгэл, үхэл, сорилт бэрхшээл, сул дорой байдлыг даван гарахад туслах хүчтэй.

Энэ долоо хоногт Аврагчийн Цагаатгалын адислалд төвлөрөх нэг арга зам бол өдөр бүр Есүсийн амьдралын сүүлийн долоо хоногийн талаар уншихад цаг зарцуулах явдал юм (унших хуваарийг хавсаргав). Та эдгээр бүлгээс Аврагчийн хайрыг мэдрэхэд туслах юуг олж мэдэх вэ? Таныг нүгэл, үхлээс чөлөөлөх Түүний хүчийн талаар юу ойлгож авах вэ? Сорилт бэрхшээлийг тэвчин, сул дорой байдлыг даван гарах талаар юу мэдэж авах вэ? Та Түүний чөлөөлөх хүчинд итгэх итгэлээ хэрхэн хөгжүүлж байна вэ?

  • Ням гараг: Ялгуусан байдалтай Иерусалимд орсон нь (Maтай 21:6–11)

  • Даваа гараг: Ариун сүмийг цэвэрлэсэн нь (Maтай 21:12–16)

  • Мягмар гараг: Иерусалимд заасан нь (Maтай 21–23)

  • Лхагва гараг: Үргэлжлүүлэн заасан нь (Maтай 24–25)

  • Пүрэв гараг: Дээгүүр өнгөрөх баяр ба Гетсемани цэцэрлэг дэх Христийн шаналал (Maтай 26)

  • Баасан гараг: Сорилт, цовдлолт, оршуулга (Maтай 27:1–61)

  • Бямба гараг: Сүнс нь сүнсний дэлхийд тохинуулж байхад (С ба Г 138) Христийн бие булшинд байсан нь (Maтай 27:62–66)

  • Ням гараг: Амилсан Христ үзэгдсэн нь (Maтай 28:1–10)

Сүүлчийн зоог

Карл Хэйнрих Блок, Сүүлчийн зоог

Maтай 28:1–10; Лук 24:13–35; Иохан 20:19–29; 1 Коринт 15:1–8, 55

Олон гэрч Есүс Христийн Амилалтыг гэрчлэв.

Есүсийг доромжлуулж, ад үзэгдэж, цовдлуулж байхыг харах шавь нарт нь ямар байсныг төсөөл. Тэд Түүний сүр хүчийн гэрч байж, сургаалынх нь үнэнийг мэдрэн, Түүнийг Бурханы Хүү гэдэгт итгэх итгэлтэй байсан. Түүний үхлийн гэрч болох нь зарим хүний хувьд итгэлийн сорилт байсан байж болох ч удалгүй тэд Түүний Амилалтын агуу гайхамшгийн гэрч болсон билээ.

Та амилсан Аврагчийн гэрч болсон хүмүүсийн түүхээс юу сурч мэдэж болох вэ? Maтай 28:1–10; Лук 24:13–35; Иохан 20:19–29; 1 Коринт 15:1–8, 55 дээрх хүн бүрийн туршлагыг тэмдэглэж, бичиж ав. (3 Нифай 11; Moрмон 1:15; Eфер 12:38–39; Сургаал ба Гэрээ 76:19–24; 110:1–10; Иосеф Смит—Түүх 1:15–17-р шүлгүүдээс амилсан Христийн бусад гэрчийг олж болно.) Эдгээр түүхэн дэх юу нь таны Их Эзэний Амилалтад итгэх итгэлийг хүчирхэгжүүлж байна вэ? Аврагчийг амилсны дараа бусад хүн амилж, олон хүнд үзэгдсэн (Maтай 27:52–53; 3 Нифай 23:9-ийг үзнэ үү). Үүнийг Ариун Библи, Мормоны Ном хоёрт хоёуланд цэдэглэсэн нь яагаад чухал гэж та бодож байна вэ?

1 Петр 1:3–11

Есүс Христ надад итгэл найдвар, баяр баясал өгдөг.

Ахлагч Пол В.Жонсоны охин Алиса эдгэшгүй хорт хавдар тусаж, олон удаа хагалгаа хийлгэсэн бөгөөд 1 Петр 1:3–11-р шүлэгт Петрийн дүрсэлсэн “амьд найдвар”-ын үлгэр жишээ болсон. Ахлагч Жонсон Алисагийн нас барахаасаа өмнөхөн Христийн амилсны баярын үеэр бичсэн захидлыг хуваалцсан юм. “Христийн амилсны баяр нь надад өөртөө байлгахыг хүссэн бүхнийг сануулдаг. Нэгэн өдөр би эдгэрч, эрүүл саруул болно. Хэзээ нэгэн цагт миний бие доторх төмөр, хуванцар эд анги байхгүй болж, айж эмээх зүйлгүй, сэтгэлийн түгшүүргүй болно. Би … гайхалтай сайхан, мөнх бус байдлын дараах амьдралд чин сэтгэлээсээ итгэдэгтээ талархаж явдаг” (“Тэнд цаашид үхэл үгүй болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган,  111).

1 Петр 1:3–11 дэх ямар үг эсвэл хэллэг танд Есүс Христээс ирэх найдварыг өгч байна вэ? Та хэзээ тэр найдварыг мэдэрсэн бэ? Та Есүс Христээр дамжуулан авсан найдвараа хайртай хүмүүстэйгээ хэрхэн хуваалцаж болох вэ?

Мөн Aлма 27:28; 36:1–24; 3 Нифай 9:11–17; Моронай 7:40–41-ийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Mormon.org

Mormon.org/easter-ийн “Holy Week” хэсэгт Аврагчийн амьдралын сүүлчийн долоо хоногийн өдөр бүр юу тохиолдсоныг тайлбарласан он цагийн хэлхээс байгаа. Долоо хоногийн өдөр бүр гэр бүлээрээ Аврагчийн тухайн өдөр юу хийснийг харахын тулд эдгээр тайлбарыг унших юм уу судраас Түүний сүүлчийн долоо хоногийн тухай уншиж болно (“Хувиараа судар судлахад зориулсан санаанууд” хэсэгт санал болгосон жагсаалтыг хар).

Сүмийн дуулал болон Хүүхдийн дуу

Энэ долоо хоногийн турш Аврагчийн Цагаатгал, Амилалтын тухай дуунууд болон сайн мэддэггүй дуунуудаа ч дуулж болно (Сүмийн дуулал болон Хүүхдийн дуу зэрэг номын гарчгаас “Тусгай сэдвүүд” хэсэг дэх дуунуудыг хар). Гэр бүлийнхэндээ дуунуудыг сурахад нь туслахын тулд үгсийг төлөөлөх зургуудыг харуулж болно.

“Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”

Гэр бүлээрээ “Амьд Христ: Төлөөлөгчдийн гэрчлэл”LDS.org)-ийг уншиж, хүн бүрийг энэ гэрчлэлээс Христийн амилсны баяртай холбоотой захиас сонгож, бусадтай хуваалцахад урь. Жишээлбэл, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, гэрийнхээ хаалга, цонхон дээр тавих зурагт хуудас хийж болно.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Биелүүлж болохуйц зорилго тавь. Судраас судлахад өдөрт ядаж хэдхэн минут зарцуулах нь таны амьдралыг адислах болно. Өдөр бүр суралцах амлалт өг, амлалтыг тань сануулах арга замыг хайж ол, үүнийгээ хамгийн сайнаараа дага.

Христ Гетсеманид

Адам Абрам, Гетсемани