“4-р сарын 1–14. Maтай 16–17; Maрк 9; Лук 9: ‘Та бол Христ’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“4-р сарын 1–14. Maтай 16–17; Maрк 9; Лук 9,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
4-р сарын 1–14
Maтай 16–17; Maрк 9; Лук 9
“Та бол Христ”
Дараагийн хоёр долоо хоногийн турш Матай 16:15–17-д гардаг Петрийн гэрчлэлийг мөн Ерөнхий чуулганы үеэр сонсох бошиглогч, төлөөлөгчдийн гэрчлэлийн тухай тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Фарисайчууд болон садукайчууд Есүсийг “тэнгэрээс тэмдэг үзүүлэхийг” шаардсан нь сонин биш гэж үү? Түүний олонд танигдсан гайхамшгууд хангалттай биш гэж үү? Түүний хүчирхэг сургаалууд эсвэл эртний бошиглолуудыг гүйцэлдүүлсэн олон арга зам юу болж таарах вэ? Тэдний шаардлага тэмдэг дутагдсанаас болоогүй, харин “тэмдгүүдийг ялгаж эс чадах,” тэдгээрийг хүлээн зөвшөөрөх хүсэлгүй байснаас нь үүдэлтэй. (Матай 16:1–4-ийг үзнэ үү.)
Петр фарисайчууд, садукайчуудтай адил Аврагчийн гайхамшгуудыг нүдээр үзэж, сургаалыг нь сонссон. Гэвч ‘Та бол Христ, амьд Бурханы Хүү мөн’ хэмээх Петрийн лавтай гэрчлэл түүний “мах цус” буюу бие махбодын мэдрэмжээр дамжин ирээгүй. Харин түүний гэрчлэл “тэнгэр дэх бидний Эцэгээр” дамжин илчлэгдсэн юм.” Илчлэлт нь тухайн үед Аврагчийн дээр нь Сүмээ барьсан чулуу бөгөөд өнөө үед үйлчлэгчдэдээ тэнгэрээс өгөх илчлэлт юм. Энэ нь Есүс бол Христ бөгөөд Түүний үйлчлэгчид “хаанчлалын түлхүүрийг” атгадаг хэмээх илчлэлт буюу шавь байх сууриа тавих чулуу юм. Бид энэхүү суурин дээр босгогдсон цагт “үхэгсдийн орны хаалга [биднийг] дийлэхгүй”. (Maтай 16:15–19.)
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Есүс Христийн тухай гэрчлэл илчлэлтээр дамжин ирдэг.
Хэрэв Есүс Христ өнөөдөр хүмүүсээс “Хүмүүс Хүний Хүүг хэн гэж ярьж байна?” хэмээн асуувал хариултууд нь Түүний үед амьдарч байсан хүмүүсийн хариултаас өөр байх байсан. Өнөө үеийн хүмүүсийн Есүст хандах хандлага ямар байна гэж та анзаарсан бэ? Хэрэв Есүс танаас “Та нар Намайг хэн гэж хэлэх вэ?” гэж асуувал та юу гэж хариулах вэ? (Maтай 16:13–15-ыг үзнэ үү.)
Аврагчийн тухай гэрчлэлээ мөн үүнийг хэрхэн хүлээн авсан талаар тунгаан бод. Гэрчлэлийг тань хүчирхэгжүүлж болох юуг та Maтай 16:15–17-оос суралцах вэ? Хэрэв та гэрчлэл, хувийн илчлэлтийн талаар илүү ихийг суралцахыг хүсвэл дараах судруудыг судлаарай. Үүнд: Иохан 15:26; 1 Коринт 12:3; 2 Нифай 31:18; Aлма 5:45–48 болон Сургаал ба Гэрээ 8:2–3.
Матай 17:1–9; Марк 9:2–10; Лук 9:28–36
Хувиралтын уулан дээр юу болсон бэ?
Есүс Петр, Иаков, Иохан гуравтай хамт “өндөр ууланд” гаран, тэдний өмнө хувирч өөрчлөгдөв (эсвэл алдаршив). Мосе, Елиа нар үзэгдэн, төлөөлөгчдөд санваарын түлхүүрүүдийг олгов. Уг түлхүүрүүд нь Есүсийг амилсны дараа дэлхий дээр Христийн Сүмийг удирдах боломжийг тэдэнд өгсөн (Судруудын удирдамж, “Хувиралт”-ыг үзнэ үү). Эдгээр түлхүүр бидний үед ч бас сэргээгдсэн (С ба Г 110-ыг үзнэ үү).
“Тэнгэрийн хаанчлалын түлхүүр” гэж юу вэ?
Аврагчийн Петрт өгөхөөр амласан “тэнгэрийн хаанчлалын түлхүүр” бол санваарын түлхүүр юм (Maтай 16:19). “Санваарын түлхүүрүүд бол санваарын удирдагчдад Түүний санваарыг дэлхий дээр хэрэглэх, удирдах, хянах, засаглах Бурханаас олгосон эрх мэдэл юм. Санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүс санваарын эрх мэдлийг удирдан зохион байгуулдаг (С ба Г 65:2; 81:2; 124:123-ыг үзнэ үү). Санваарын түлхүүрүүдийг эзэмшдэг хүмүүс тухайн эрх мэдлийнхээ хүрээнд Сүмийг тэргүүлж, удирддаг” (Гарын авлага 2: Сүмийг удирдах нь [2010], 2.1.1).
Хувиралтын уулан дээр Петрт болон бусад төлөөлөгчид өгсөн санваарын түлхүүрүүд бидний үед дахин сэргээгдсэн (C ба Г 110:11–16-г үзнэ үү). Санваарын түлхүүрүүдийг Тэргүүн Зөвлөл, Арван хоёр Төлөөлөгчийн Чуулга болон бусад ерөнхий эрх мэдэлтэн, ариун сүм, номлол, гадас, дүүргийн ерөнхийлөгч, бишоп, салбарын ерөнхийлөгч болон чуулгын ерөнхийлөгч атгадаг.
Түүнчлэн Нийл Л.Андэрсэны “Санваар дахь хүч” хэлсэн үгийг 2013 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 106–110-аас мөн Итгэлдээ үнэнч байх нь номын х.166–171-ийг үзнэ үү).
Би илүү агуу итгэлийг олж авахаар эрэлхийлэх үедээ эхлээд өөрт байгаа итгэлдээ тулгуурлах ёстой.
Матай 17, Марк 9-д дурдсанаар тухайн эцэг Есүсийг хүүг нь эдгээж чадна гэдэгт эргэлзэх шалтгаантай байсан. Тэр Есүсийн шавь нараас хүүг нь эдгээхийг хүссэн боловч тэд чадаагүй. Харин Аврагч түүнээс итгэлээ бодит болгохыг хүсэхэд тэр эргэлзээндээ анхаарлаа хандуулаагүй. Тэр “Би итгэж байна” гэж хэлээд, итгэл нь төгс биш байгааг хүлээн зөвшөөрөн, “Итгэлгүй байгаад минь туслаач” хэмээн нэмж хэлсэн.
Эдгээр гайхамшгийн тухай уншиж байхад Сүнс танд юу заасан бэ? Итгэлээ нэмэгдүүлэхэд тань Тэнгэрлэг Эцэг хэрхэн тусалсан бэ? Та өөрт байгаа итгэлээ өсгөн нэмэгдүүлэхийн тулд юу хийж болох вэ? Та итгэлийг тань хүчирхэгжүүлсэн судар, чуулганы захиас, туршлагаа жагсааж болно.
Жэффри Р.Холландын “Эзэн минь, би итгэж байна” хэлсэн үгийг 2013 оны 4-р сарын Ерөнхий чуулганы 108–111-р хуудаснаас үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Хүүхдүүддээ санваарын түлхүүрүүдийн тухай заахдаа ахлагч Гари Э.Стивэнсоны машиныхаа гадна түгжигдсэн тухай түүхийг ярьж өгч болно (Санваарын түлхүүр ба эрх мэдэл хаана байна вэ? 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 13–16). Та хүүхдүүдээрээ гэрийн болон машины эсвэл бусад зүйлийн цоожийг түлхүүр ашиглан онгойлгуулж болно. Сүмийн ерөнхийлөгчийн зураг үзүүлээд, түүнийг Петртэй адил санваарын бүхий л түлхүүрийг атгадаг гэдгийг гэрчилж болно.
Есүс Христэд итгэлтэй байдаг бошиглогчид уулыг нүүлгэж байсан (Иаков 4:6; Moсе 7:13-ыг үзнэ үү). Бишоп Ричард С.Эжлигийн дараах гэрчлэл эдгээр шүлгийг гэр бүлтэйгээ холбоход тусална. Тэрээр: “Би хэзээ ч яг бодит уулыг нүүлгэхийг харан гэрчилж байгаагүй. Гэвч итгэлийн ачаар уул мэт их эргэлзээ, цөхрөл нь найдвар, өөдрөг үзлээр солигдохыг би харж байсан. Итгэлийнхээ ачаар би уул мэт их нүгэл наманчлал, өршөөлөөр солигдохыг биеэрээ үзсэн. Мөн би итгэлийнхээ ачаар уул мэт өвчин зовнил амар амгалан, найдвар, талархлаар солигдохыг биеэрээ гэрчилсэн билээ. Тийм ээ, би уул нүүлгэгдэхийг харсан” (“Итгэл—Сонголт нь та нарынх юм,” 2010 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37–39). Бидний амьдралын ямар уулс нүүн шилжих хэрэгтэй вэ? Бид эдгээр уулыг нүүлгэхэд туслах Бурханы хүчинд итгэх итгэлээ хэрхэн үзүүлж чадах вэ?
Анжсан дээр гар тавьсан атлаа арагшаа харах гэдэг нь ямар утгатай вэ? Яагаад энэ хандлага биднийг Бурханы хаант улсад тэнцэхээргүй болгох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.