Ирээд, Намайг дага
3-р сарын 25–31. Maтай 14–15; Maрк 6–7; Иохан 5–6: ‘Бүү ай’


“3-р сарын 25–31. Maтай 14–15; Maрк 6–7; Иохан 5–6: ‘Бүү ай’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“3-р сарын 25–31. Maтай 14–15; Maрк 6–7; Иохан 5–6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Христ цугласан олныг хооллосон нь

Хорхе Кокко, Тэднийг хоолло

3-р сарын 25–31

Maтай 14–15; Maрк 6–7; Иохан 5–6

“Бүү ай”

Та Maтай 14–15; Maрк 6–7 болон Иохан 5–6-г уншихдаа өөрийнхөө хувьд ач холбогдолтой үнэнүүдийг хай. Та өөртөө дараах асуултуудтай адил асуулт тавьж болох юм. “Эдгээр бүлэг дэх түүхүүд надтай хэрхэн холбогдож байна вэ?” “Би амьдралдаа тохирсон ямар захиасыг олж болох вэ?” эсвэл “Би гэр бүлтэйгээ юм уу бусадтай юу хуваалцах вэ?”

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хүчтэй шуурга шуурч байх үед Галил нууран дундах аюулгүй завиа орхин явахад Петрт юу нөлөөлсөн бэ? Есүс усан дээгүүр алхаж чадаж байхад түүнийг ч бас чадна хэмээн итгэхэд юу хүргэсэн бэ? Бид тодорхой мэдэж чадахгүй ч, Бурханы Хүү зөвхөн хүмүүсийн төлөө гайхалтай зүйлсийг хийхээр ирээгүй, харин Өөртэй нь адил хүмүүст гайхалтай зүйл хийх хүч олгохоор ирсэн гэдгийг Петр ойлгож байсан байх. Эцсийн эцэст Есүсийн урилга “Ирээд, Намайг дага” (Лук 18:22) гэсэн урилга байсан билээ. Петр энэ урилгыг нэг удаа хүлээж авсан бөгөөд айдастайгаа нүүр тулан, боломжгүй мэт санагдах зүйлийг хийх байсан ч дуртайяа хоёр дахь удаагаа хүлээн авсан. Их Эзэн шуурган дунд завинаасаа буухыг эсвэл олон мянган хүн өлсөж байхад тэдэнд яагаад ч хүрэлцэхээргүй талхаар тэднийг хооллохыг биднээс хүсэхгүй байх. Харин Тэрээр өгсөн зааврыг нь бүрэн ойлгохгүй байсан ч хүлээн авахыг биднээс хүсэж болно. Бидэнд хандсан Түүний урилга юу ч байж болох бөгөөд заримдаа гэнэтийн эсвэл айдас хүрмээр байж болно. Харин бид Петртэй адил айдас, эргэлзээ, хязгаарлагдмал ойлголтоо хойш тавин, Түүнийг итгэлтэйгээр дагах юм бол гайхамшгууд тохиох болно.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Иохан 5:17–47

Есүс Христ Эцэгээ хүндэлдэг.

Тэнгэрлэг Эцэг болон Түүний хүүхэд бүрийн хоорондын харилцаа ариун нандин байх ёстой. Эдгээр шүлэгт Есүс Христ бидэнд Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцах харилцаандаа дагах сүнслэг нөлөө бүхий жишээ өгсөн. Иохан 5:17–47-г уншаад, Эцэг гэсэн үгийн жишээ тус бүрийг тэмдэглэж эсвэл бичиж ав. Хүү Эцэгээ хэрхэн хүндэлдэг вэ? Та Түүний жишээг хэрхэн дагах вэ? Эцэг Хүүгийнхээ талаар ямар мэдрэмжтэй байдаг тухай та юу мэдэж авч болох вэ? Тэнгэрлэг Эцэгтэйгээ харилцаагаа хүчирхэгжүүлэх нь Түүний хүслийг эрэлхийлж, дуулгавартай дагах хүслийг тань хэрхэн нэмэгдүүлж болох вэ?

Мөн Иохан 17-г үзнэ үү. 

Матай 14:16–21; Марк 6:33–44; Иохан 6:5–14

Түүний зорилгыг биелүүлэх даруухан өргөлийг минь Аврагч нэмэгдүүлж чадна.

Та гэр орны болон харилцааны мөн нийгмийн гэх мэт өөрийнхөө эргэн тойрны хэрэгцээ шаардлагыг хангахад хангалтгүй мэт мэдэрч байсан уу? Есүсийн шавь нар тавхан талх, хоёрхон загасаар таван мянга гаруй өлссөн хүнийг (Maтай 14:21-ийг үзнэ үү) хооллохыг тэднээс хүсэхэд хангалтгүй гэж мэдэрсэн байх. Дараа нь тохиолдсон гайхамшгийн тухай уншихдаа таны эргэн тойрны хүмүүсийг адислах үйлчлэлийн даруухан өргөлийг тань Бурхан хэрхэн ашиглаж болох талаар бод. Таныг Сүмд үйлчилж байхад хичээл зүтгэлийг тань Тэр хэрхэн нэмэгдүүлж болох вэ? Ерөнхийлөгч Жэймс Э.Фаустын хэлсэн үгийн мэдэгдлийн талаар эргэцүүлэн бодоорой. “Тавхан талх, хоёрхон жижиг загастай дүйцэхүйц бэлэг бүхий нэр нь үл мэдэгдэх олон хүн дуудлагуудаа эрхэмлэн биелүүлж, чухамдаа мянга мянган хүнийг хооллон, анхаарагдахгүй, сайшаал магтаал хүртэлгүйгээр үйлчилж байна” (“Five Loaves and Two Fishes,” Ensign, 1994 оны 5-р сар, 5).

Матай 14:22–33; Марк 6:45–52; Иохан 6:15–21

Есүс Христ намайг айдас, эргэлзээгээ хойш тавин, Түүнд итгэх итгэлээ хөгжүүлэхэд урьдаг.

Maтай 14:22–33; Maрк 6:45–52 болон Иохан 6:15–21 дээр тайлбарласан үзэгдлийн нарийн тодорхой байдлыг оюундаа дүрслэн бод. Петр болон бусад шавь юу мэдэрч байсныг төсөөлөн бод. Та эдгээр шүлгэн дээрх Аврагчийн үгс, үйлдлээс шавь байх тухай юу сурч болох вэ? Та Петрийн үг, үйлдлээс юу сурч болох вэ? (Мөн 1 Нифай 3:7-г үзнэ үү). Их Эзэн таныг завинаас буухтай адил ямар зүйлийг хийхэд урьж байна вэ? Эдгээр шүлгээс Есүс Христэд итгэх итгэлээ хөгжүүлэхэд урамшуулсан юуг олж болох вэ?

Иохан 6:22–71

Есүс Христийн шавийн хувьд би хийхэд хэцүү байсан ч үнэнд итгэн, хүлээн авах хүсэлтэй байх ёстой.

Есүс эзгүй талд цугласан олонд талх өгч, гайхамшигтайгаар хооллосны маргааш хурсан олон Түүнийг олоод дахин хоол эрэлхийлэв. Гэвч Түүнийг тэдэнд сүнслэг тэжээл болох “амийн талх” (Иохан 6:48) санал болгоход тэдний урам хугарч, бүр гомджээ. Олонх нь үүнийг “хэцүү үг” (Иохан 6:60) гэцгээсэн.

Аврагчийн эсвэл Түүний үйлчлэгчдийн нэгний заасан зүйлийг “хэцүү” эсвэл хүлээж авахад бэрх сургаал байна гэж бодож байсан туршлага танд бий юү? Энэ түүхийг буюу ялангуяа 68–69-р шүлэгт буй Петрийн үгсийг уншихдаа тийм туршлагынхаа талаар бодоорой. Аврагчийг дагах амлалтаа үргэлжлүүлэн биелүүлэхэд тань тусалсан ямар ямар “мөнх амийн үгс” (Иохан 6:68) байгаа вэ?

Мөн M.Рассэлл Баллардын “Бид хэн рүү явах юм бэ?” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 81–84-өөс үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Матай 14:16–21

Та таван мянган хүнийг хооллосон тухай уншихдаа талх болон загас идэж болно. Тэгээд таван мянган хүнийг хооллоход хэр их хэрэг болохыг төсөөлөн бод. Танай гэр бүл сүнслэг байдлын хувьд Христээр хэрхэн адислагдсан бэ? Тэр бусдыг хооллоход таныг хэрхэн ашигласан бэ?

Талх ба загас

Есүс таван талх, хоёр загасаар 5000 хүнийг гайхамшигтайгаар хооллов.

Матай 14:22–33

Танай гэр бүл эдгээр шүлэгт гардаг түүхийг дүрслэн харуулахдаа баяр баяслыг мэдрэх байх. Яагаад шавь нар нь айсан бэ? Яагаад Петр завинаас буун, айдсаа ялан дийлэх боломжтой байсан бэ? Тэрээр живж эхлэхдээ ч итгэлээ хэрхэн харуулсан бэ? Бид заримдаа Петртэй хэр адил байдаг вэ?

Иохан 5:1–16

Эдгээр шүлгэн дээрх “эрүүл болох” гэсэн хэллэгийн жишээнүүдийг олж анзаарахыг гэр бүлийнхнээсээ хүс. Есүс Христ ямар арга замаар хүмүүсийг эрүүл болгож чадах вэ? Тэр хэзээ, хэрхэн биднийг эрүүл болгосон бэ?

Иохан 6:28–58

Гэр бүлийнхээ гишүүн бүрд идэх зүсэм талх өгөөд, талх болон бусад эрүүл хүнснээс авдаг шим тэжээлийн талаар ярилц. Тэгээд эдгээр шүлгээс Есүс Христ яагаад Өөрийгөө “амийн талх” (Иохан 6:35) гэснийг эрж ол.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сүнслэг ойлголт олж авахаар эрэлхийл. Хувиараа болон гэр бүлээрээ судлахдаа эдгээр тоймд өгөгдсөн судрын хэсгүүдээр өөрсдийгөө бүү хязгаарла. Энд ороогүй бүлгүүдэд танд зориулсан Их Эзэний захиас байж болно. Тэдгээрийг залбирч эрэлхийл.

Есүс Петрийг уснаас татан гаргасан нь

Лиз Лэмон Свиндл, Салхийг сөрөн