“3-р сарын 25–31. Maтай 14–15; Maрк 6–7; Иохан 5–6: ‘Бүү ай’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“3-р сарын 25–31. Maтай 14–15; Maрк 6–7; Иохан 5–6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
3-р сарын 25–31
Матай 14–15; Марк 6–7; Иохан 5–6
“Бүү ай”
Та Maтай 14–15; Mарк 6–7 болон Иохан 5–6-аас заахад бэлтгэж байхдаа заадаг хүүхдүүдийн тань амьдралд хамаатай захиасыг эрж хай. Тэдэнд эдгээр захиасыг ойлгоход юу тусална гэж та бодож байна вэ? Энэ тойм танд зарим санааг өгөх болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Есүсийн усан дээр алхаж байгаа зургийг үзүүлээд (Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав доторх энэ долоо хоногийн тоймыг үзнэ үү), уг түүхийн талаар мэддэг зүйлээ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Есүс Христ бидэнд юу хэрэгтэй гэдгийг мэддэг бөгөөд бидэнд тусалж чадна.
Есүс Бетзада цөөрөм дээрх хүнийг эдгээсэн тухай уншиж байхдаа уг түүх Есүсийн нинжин сэтгэл, хайр болон бусад зан чанарын талаар зааж буй зүйлийг олж харахад хүүхдүүдэд хэрхэн тусалж болох тухай тунгаан бод.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Христ Бетзада цөөрөмд өвчтөнг эдгээсэн нь (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 42) зургийг ашиглан Иохан 5:1–9 дэх түүхийг хүүхдүүдэд ярь. Эсвэл “Jesus Heals a Man on the Sabbath” (LDS.org) видео бичлэгийг үзүүл. Өөрсдийгөө Есүсийн эдгээсэн тэр хүн гэж төсөөлөн бодохыг хүүхдүүдээс хүс. Есүс тэднийг эдгээх үед тэдэнд ямар санагдах байсан бэ?
-
Тэдэнд хэцүү байдаг эсвэл тэднийг гунигтай болгодог зарим зүйлийг нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Амьдралынхаа хүнд хэцүү үед Аврагчаас тусламж хүлээн авсан талаар тэдэнд ярь. Есүс бидний бүх асуудлыг мэддэг ба бидэнд туслахыг хүсдэг гэдгийг гэрчил.
Бид бусдад нинжин сэтгэл гаргахдаа Есүсийн үлгэр жишээг дагадаг.
Есүсийн хайраа харуулдаг байсан нэг жишээ бол дагалдагчдаа өлсөж байхад нь хооллодог байсан явдал байв. Та Есүсийн адил бусдад үйлчилж сурахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Maтай 14:13–21 дээрх түүхийг ярихдаа хүүхдүүдэд сагс болон хэсэг талх үзүүл. Хэдийгээр Есүс ганцаараа байхын тулд зэлүүд газар руу явсан ч хүмүүс Түүнтэй ойр байхыг хүссэн гэдгийг тайлбарла. Түүхийн үлдсэн хэсгийг хүүхдүүдтэй хуваалцаад, Есүс тэдэнд нинжин сэтгэлээр хандаж, хайрлаж байгаагаа харуулахын тулд юу хийснийг олж сонсохыг хүс.
-
Хүүхдүүдээс хэн нэгэн хүн өөрсдөд нь ямар байдлаар нинжин сэтгэлээр хандсан талаар хуваалцахыг хүс. Тэд бусдад нинжин сэтгэлээр хандахын тулд энэ долоо хоногт юу хийж чадах вэ? Тэдний өгөх хариулт бүрд самбар дээр нэг талх эсвэл загас зур. Тэд эдгээр зүйлийг хийснээр Есүс өлссөн таван мянган хүнийг хооллосноор үзүүлсэн үлгэр жишээг дагаж байгаа хэрэг гэдгийг хүүхдүүдэд хэл.
Есүс Христэд итгэх итгэл бидэнд айхгүй байхад тусалж чадна.
Петр усан дээгүүр Есүсийн зүг алхахдаа агуу итгэлийг харуулсан. Энэ түүхэнд хүүхдүүдэд зориулсан ямар сургамж байж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Уг түүхийг өөрийн үгээр ярихдаа Усан дээр алхаж буй Есүс (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 43) зургийг үзүүл. Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан уг түүхийг танд эргүүлэн ярихад хүүхдүүдэд тусалж болно. Та мөн жижиг аягатай ус авчраад, хүүхдүүдийг усан дээр хуруугаараа “алхаж” байгаа мэт хөдөлгөөн хийхэд урь.
-
“Wherefore Didst Thou Doubt?” видео бичлэгийг үзүүлээд (LDS.org), хүүхдүүдээс юу Петрийг айхад хүргэснийг олж мэдэхийг хүс. Дараа нь тэднийг айж байсан үеийнхээ тухай ярьж, юу тэдэнд тус болсон талаар хуваалцахыг хүс. Есүс Христэд итгэх итгэл нь бидэнд айдсыг ялан дийлэхэд тусалдаг гэдгийг олж харахад тэдэнд тусал.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Есүс Христ бидэнд Тэнгэрлэг Эцэгийн талаар заадаг.
Эцэгийнхээ тухай заасан Есүсийн сургаал Тэнгэрлэг Эцэгийн талаар суралцахад хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иохан 5-д Есүс Тэнгэрлэг Эцэгийн тухай заахдаа ашигласан хайр, амьдрал ба ажлууд (Иохан 5:20, 26, 36-г үзнэ үү) гэх мэт үгсийг хоёр хоёр хос цаасан дээр бич. Цааснуудыг доош харуулан тавиад, хүүхдүүдээс цаасыг эргүүлэн харж, ижил үгтэй хоёр цаас олохыг хүс. Ижил үгтэй цааснууд гарах бүрд уг үг орсон шүлгийг уншаад, Тэнгэрлэг Эцэгийн талаар юу зааж байгааг нь хүүхдүүдээс асуу.
-
Хүүхдүүдээс Иохан 5:30-ийг уншаад, “Би өөрийнхөө хүслийг бус, харин …” өгүүлбэрийг гүйцээхийг хүс. Христ хэрхэн Тэнгэрлэг Эцэгийнхээ хүслийг биелүүлсэн бэ? Бид Тэнгэрлэг Эцэгийн хүслийг хэрхэн биелүүлж чадах вэ?
Бидний өчүүхэн өргөл өөрчлөлт авчирч чадна.
Есүст таван мянган хүнийг хооллоход ашигласан талх, загасыг нэгэн хөвгүүн авчирч өгсөн. Та заадаг хүүхдүүддээ тэднийг Их Эзэний ажилд хувь нэмэр оруулж чадна гэдгийг олж харахад хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хэдэн ширхэг жигнэмэг эсвэл хэдэн зүсэм талх хүүхдүүдийн дунд хувааж өг. Таван мянган хүн хэр их байхыг төсөөлөн бодоход тэдэнд тусал. Тийм олон хүнийг ердөө таван талх, хоёр загасаар хооллох ямар байх байсан бэ?
-
Нэг хүүхдийг таван мянган хүнийг хооллож буй түүхийг өөрийн үгээр ярихад урь. Бид хэрхэн Иохан 6:9 дээрх хөвгүүнтэй адил байж чадах вэ? Хүүхдүүдийг цаасан дээр талх, загас зураад, дээр нь Их Эзэний ажилд туслахын тулд Түүнд өгч чадах зарим зүйлээ бичихэд урь.
-
Хүүхдүүдэд жижиг эвлүүлдэг тоглоом өг. Эвлүүлдэг тоглоомын хэсгүүдээс нэг нь дутвал юу болох вэ? Бид бүгдээрээ эвлүүлдэг тоглоомын хэсэгтэй адил бөгөөд бидний хүн нэг бүрд бусдын амьдралд хувь нэмэр оруулж болох чухал зүйл байдаг гэдгийг тайлбарла. Хүүхдүүд гэр бүл эсвэл ангидаа хэрхэн хувь нэмэр оруулдаг вэ?
Есүс Христэд итгэх итгэл бидэнд айхгүй байхад тусалж чадна.
Итгэл ба айдас нь Есүс, Петр хоёрын усан дээр алхсан түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэдэг. Хүүхдүүд энэ түүхээс юу ойлгож авч болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүл. Хүүхдүүдээс Maтай 14-өөс уг зургийг дүрсэлсэн шүлгийг олохыг хүс.
-
Хүүхдүүдээс Maтай 14:22–33-ыг уншиж байхдаа итгэл ба айдас илэрхийлсэн шинж тэмдгүүдийг хайж олохыг хүс. Та түүнчлэн “Wherefore Didst Thou Doubt?” видео бичлэгийг үзүүлж болно (LDS.org). Есүс Христэд итгэлтэй байх гэдэг нь юу гэсэн үг вэ? Бид айдсыг итгэлээр хэрхэн сольдог вэ?
-
Есүс, Петр хоёрыг тэнгисийн усан дээгүүр алхаж байх үед өөрсдийгөө хажууд нь камертай байна гэж төсөөлж бодохыг хүүхдүүдээс хүс. Тэд аль агшны зургийг авах байсан бол? Яагаад? Тэдэнд Maтай 14:22–33-аас санаа авахыг зөвлө. Тэднийг сонгосон агшныхаа зургийг зурж мөн зургаа хуваалцан, яагаад уг агшныг сонгосноо тайлбарлахад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хэрэв хүүхдүүд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсаа гүйцээж хийсэн байвал тэднийг уг хуудсаа өнөөдрийн сурч мэдсэн зүйлээ гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад ашиглахад урь.