Ирээд, Намайг дага
3-р сарын 4–10. Матай 8–9; Maрк 2–5: ‘Итгэл чинь чамайг эдгээлээ’


“3-р сарын 4–10. Матай 8–9; Maрк 2–5: ‘Итгэл чинь чамайг эдгээлээ’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“3-р сарын 4–10. Матай 8–9; Maрк 2–5,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Есүс хазгар хүнийг эдгээсэн нь

Жон Макноотон, Эдгээх туяагаар гийгүүлэх нь

3-р сарын 4–10

Maтай 8–9; Maрк 2–5

“Итгэл чинь чамайг эдгээлээ”

Та Maтай 8–9, Maрк 2–5-ыг уншихдаа Ариун Сүнснээс ирэх мэдрэмжинд анхаарлаа төвлөрүүлээрэй. Хүлээж авсан мэдрэмжүүд болон тэдгээрийн дагуу үйлдэхийн тулд хийж болох зүйлүүдээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Халуунтай эмэгтэйгээс эхлээд нас барсан гэгдсэн охиныг хүртэл өвдөж, зовсон хүн бүрийг эдгээсэн Аврагчийн тухай олон шастирыг гайхаж бишрэхгүйгээр Шинэ Гэрээг уншина гэдэг хэцүү. Бид бие махбодыг эдгээсэн эдгээр гайхамшгаас ямар сургамж авч болох вэ? Нэгэн тодорхой захиас бол Есүс Христ бидний бие махбодын өвчин зовлон, төгс бус байдал зэрэг бүхий л зүйлээс дээгүүрх хүчийг агуулдаг Бурханы Хүү юм гэсэн захиас юм. Харин үл итгэгч хуулийн багш нарт хандан хэлсэн “Хүний Хүү газар дээр нүглүүдийг уучлах эрх мэдэлтэйг та нарт мэдүүлэхийн тулд” (Maрк 2:10) хэмээх Түүний үгсэд өөр нэг утга байна. Та сохор эсвэл уяман өвчтэй хүнийг эдгээсэн тухай уншихдаа Аврагчийг “Итгэл чинь чамайг эдгээлээ” (Maрк 5:34) хэмээн хэлэхийг сонсон, Түүнээс авч болох сүнслэг болон бие махбодын аль алиных нь эдгэрлийн тухай бодож болох юм.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Maтай 8–9; Maрк 25

Аврагч сул дорой байдал, өвчин зовлонг эдгээж чадна.

Эдгээр хэдэн бүлэгт Аврагчийн үйлдсэн олон гайхамшгийн жишээг цэдэглэсэн байдаг. Эдгээр эдгээлтийн талаар судлахдаа танд зориулсан байж болох захиасыг хай. Та өөртөө дараах хэдэн асуултыг тавьж болох юм. Энэ түүх итгэлийн тухай юу зааж байна вэ? Энэ нь Аврагчийн тухай юу зааж байна вэ? Бурхан намайг энэ гайхамшгаас юу сурахыг хүсэж байгаа бол?

Түүнчлэн Даллин Х.Өүксийн “Өвчтөнийг эдгээх нь” хэлсэн үгийг 2010 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 55–59-өөс үзнэ үү.

Есүс өвчтөнийг эдгээсэн нь

Есүс өвчтөнийг эдгээсэн нь, Жозеф Брики, Хейнрих Хофманны бүтээлийг сэргээв.

Матай 8:5–13; Марк 5:24–34

Би Бурханы тусламжийг авах эрхгүй мэт санагдсан ч Түүнээс тусламж эрж болно.

Зуутын дарга болох харь хүн өөрийгөө Аврагчийг гэртээ оруулах зохистой хүн биш гэж бодсон. Цус алддаг өвчтэй эмэгтэй цэвэр бусад тооцогдон иудейчүүдийн нийгмээс тусгаарлагдсан байсан. Гэвч Аврагч тэднийг хоёуланг адисалсан. Та Их Эзэнээс тусламж хүсэх тухай энэ хоёр түүхээс юу сурч болох вэ?

Maтай 8:18–22; Maрк 3:31–35

Христийн шавь байх гэдэг нь амьдралдаа Түүнийг нэгдүгээрт тавина гэсэн үг юм.

Эдгээр шүлэгт Есүс бидэнд Өөрийнх нь шавь байх нь заримдаа бусад үнэ цэнтэй зүйлээ золиослох шаардлагатай байсан ч Түүнийг нэгдүгээрт тавихыг шаарддаг хэмээн заасан. Та эдгээр хэсгийг уншаад, өөрийгөө ямар шавь болохоо тунгаан бодоорой. Шавь нар яагаад Аврагчийг нэгдүгээрт тавих хүсэлтэй байх ёстой вэ? Та Есүсийг нэгдүгээрт тавихын тулд юунаас татгалзах шаардлагатай болж байна вэ? (Мөн Лук 9:57–62-ыг үзнэ үү.)

Maтай 8:23–27; Maрк 4:35–41

Есүс Христ амьдралын шуурган дунд амар тайвныг тогтоох хүчтэй.

Есүсийн шавь нар далайн шуурган дунд давалгаалан ирэх ус завийг нь дүүргэхийг хараад “Багш аа, бидний үхэх нь Танд хамаагүй гэж үү?” хэмээн асуусны адил мэдрэмж танд төрж байсан уу?

Та Maрк 4:35–41-р шүлгээс дөрвөн асуулт олох болно. Асуултуудыг нэг бүрчлэн жагсаан бичээд, эдгээр нь Есүс Христэд итгэх итгэлээр амьдралын саад бэрхшээлүүдийг даван гарах тухай юу зааж байгааг тунгаан бод. Аврагч амьдралын шуурган дунд амар амгаланг хэрхэн тогтоодог вэ?

Матай 9:1–13; Марк 2:15–17

Би үнэн зарчмуудыг зааснаар итгэлээ хамгаалж чадна.

Хүмүүс бидний шашны итгэл үнэмшлийг шүүмжлэхэд хэрхэн хариу өгөхөө мэдэх нь заримдаа хэцүү байдаг. Та Maтай 9:1–13, Maрк 2:15–17-г уншихдаа буруушаагчийн шүүмжлэлийг болон Аврагчийн хариултыг олж уншаарай. Шүүмжлэл болон хариултыг өөр өөр өнгөөр тэмдэглэж эсвэл бичиж авч болно. Та Аврагчийн заах арга барилын талаар юу анзаарсан бэ? Та сайн мэдээний зарчмыг эсвэл Сүмийн итгэл үнэмшлийг хамгаалах хэрэгтэй болбол Түүний үлгэр жишээг дагах нь танд хэрхэн туслах вэ?

Матай 9:1–8

Наманчлалын ачаар би зоригтой байж чадна.

Саа өвчтэй хүнийг Аврагч руу авчрахад түүнийг бие махбодын хувьд эдгээх хэрэгтэй нь ойлгомжтой байсан. Харин Есүс түүнд нүглээс уучлагдах нь нэн тэргүүнд шаардлагатай болохыг хэлсэн. Тэр хүн бие махбод нь эдгээгдээгүй байсан ч “зоригтой бай” (Maтай 9:2) хэмээх Есүсийн зөвлөгөөг дагах байсан. Та хэзээ өршөөгдсөнөө мэдээд баяр баяслыг мэдэрсэн бэ? (Мөн Aлма 36:18–24-ийг үзнэ үү.)

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ Аврагчийн тохинууллын талаар үргэлжлүүлэн судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд тусална. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Maтай 8–9; Maрк 25

Гэр бүлийнхээ гишүүн тус бүрээс нэг нэг гайхамшгийн тухай ярьж, (боломжтой бол зураг ашиглан) үүнээс ойлгож авсан зүйлээ хуваалцахыг хүсэж болно. Та орчин үеийн Сүмийн түүхээс уншсан юм уу өөрийнхөө нүдээр үзсэн гайхамшгийн нэг жишээг хуваалцаж болно.

Матай 9:10–13

Бусдын ад үзэж байсан татвар хураагчид, нүгэлтнүүдтэй харьцаж байсан Аврагчийн хандлагаас бид юу сурч болох вэ? Бид бусад хүнтэй харилцахдаа Түүний үлгэр жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Матай 9:36–38

Та сайн мэдээг хуваалцахад туслах ажилчдыг гуйсан Аврагчийн гуйлтыг ойлгоход нь гэр бүлийнхэндээ хэрхэн тусалж чадах вэ? Нэг хүн хийвэл урт хугацаа шаардагдах ажлыг хамтдаа хийх зэрэг энгийн зүйл хийж болно. Жишээ нь, оройн хоолоо идсэний дараа гал тогооны өрөөгөө цэвэрлэх гэх мэт. Бид сайн мэдээний захиасыг хуваалцахын тулд юу хийж болох вэ?

Марк 4:35–41

Гэр бүлийн гишүүдийг айсан үед энэ түүх тус болох уу? Тэд 39-р шүлгийг уншаад, үймээн самуунтай эсвэл айдас түгшүүртэй үед амар тайванг мэдрэхэд нь Аврагч тусалсан тухай туршлагаасаа хуваалцаж болох юм.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Заах чадвараа сайжруулах

Үргэлж холбогдож, харилцахад бэлэн бай. Заах хамгийн онцгой боломж нь гэр бүлийн гишүүдийн сэтгэл дотроо тээж явдаг асуултуудаас эсвэл сэтгэлийг нь шаналгаж байдаг асуудлуудаас эхэлдэг. Та үг хэл, үйлдлээрээ гэр бүлийнхнийгээ сонсох хүсэлтэй байгаагаа тэдэнд харуул (Аврагчийн арга барилаар заах нь, 16).

Дэвсгэр дээр хэвтүүлсэн хүнийг Христ рүү дээврээс доош буулгасан нь

Ж. Көрк Ричардс, Христ ба саа өвчтэй хүн