Ирээд, Намайг дага
2-р сарын 25-аас 3-р сарын 3. Матай 6–7: ‘Тэр эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв’


“2-р сарын 25-аас 3-р сарын 3. Матай 6–7: ‘Тэр эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“2-р сарын 25-аас 3-р сарын 3. Матай 6–7,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Зураг
Есүс далайн эрэг дээр заасан нь

Жэймс Тиссот, Есүс далайн эрэг дээр хүмүүст заасан нь

2-р сарын 25-аас 3-р сарын 3

Матай 6–7

Матай 6–7: “Тэр эрх мэдэлтэй нэгэн шиг тэдэнд зааж байв”

Бид оюун бодолдоо хариултыг нь олохыг хүссэн асуултаа мөн Тэнгэрлэг Эцэгийн биднийг хийгээсэй хэмээн хүсэж байгаа зүйлийг ойлгох чин хүслээр судраас уншихдаа Ариун Сүнсийг бидэнд сүнслэг өдөөлт өгөхөд урьдаг. Та Maтай 6–7-г уншихдаа эдгээр өдөөлтөд анхаарлаа хандуулаарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Уулан дээрх номлол нь Христийн шашинтнуудын дундах хамгийн түгээмэл яриа юм. Аврагч уулан дээрх хот, талын сараана цэцэг, хонины арьс нөмөрсөн чоно зэрэг тодорхой дүрслэлүүдээр заасан. Гэвч Уулан дээрх номлол бол сайхан ярианаас хамаагүй илүү гүн утгатай. Аврагчийн шавь нартаа заасан сургаалын хүч бидний амьдралыг, ялангуяа биднийг үүний дагуу амьдрах үед өөрчилдөг. Тэгснээр Түүний үгс үгсээс ч илүү; мөн мэргэн хүний байшинтай адил дэлхийн салхи салхилж, үер буухад бат зогсох амьдралын баттай суурь болдог (Maтай 7:24–25-ыг үзнэ үү).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Матай 6–7

Би зүрх сэтгэлээ бурханлаг зүйлс дээр тавих хэрэгтэй.

Бурханы зүйлсийг дэлхийн зүйлсээс түрүүнд тавих нь үргэлж амархан байдаггүй. Maтай 6–7 дээрх Аврагчийн заасан зүйлсээс аль нь бурханлаг зүйлсэд анхаарлаа хандуулахад тань тусалдаг вэ? Түүний үгсээс суралцах үед танд ямар бодол сэтгэгдэл төрдөг вэ? Та юу хийхэд сүнслэгээр өдөөгдөж байна вэ? Сэтгэгдлээ бичиж тэмдэглэж болно. Жишээлбэл:

Матай 6:1–4

Би хүмүүс миний талаар юу гэж бодож байгаа бол гэдгээс илүү Бурхан миний талаар юу гэж бодож байгаа бол гэдэгт санаа тавих ёстой.

Матай 6–7

Би даруухан, чин сэтгэлийн залбирлаар дамжуулан Бурханд ойртож чадна.

Уулан дээрх номлол маш олон сэдвийг агуулдаг бөгөөд таны ажигласан сэдвүүд амьдралын тань одоогийн нөхцөл байдал, Их Эзэний танд хэлэхийг хүсэж буй зүйл дээр тодорхой хувиар тулгуурлах болно.

Матай 6–7-ийн нэг сэдэв бол залбирал юм. Залбирлаа дүгнэн бодоход цаг гарга. Та өөрийгөө залбирлаар дамжуулан Бурхантай илүү ойр болох хүчин чармайлтыг хэр гаргаж байна гэж бодож байна вэ? Матай 6–7-р бүлгийн ямар сургаал таныг залбирлаа сайжруулахад сүнслэгээр өдөөж байна вэ? Сүнсээр дамжуулан хүлээн авсан мэдрэмжээ бичиж тэмдэглэ. Жишээлбэл:

Матай 6:9

Би залбирахдаа Тэнгэрлэг Эцэгийн нэрийг хүндэтгэлтэй хэрэглэх ёстой.

Матай 6:10

Би залбирахдаа Их Эзэний хүсэл биелэгдэг хэмээн өөрийнхөө хүслийг илэрхийлэх хэрэгтэй.

Та Уулан дээрх номлолыг дахин нэг удаа буюу энэ удаад танд хамааралтай захиасыг эсвэл өөр нэг нийтлэг сэдвийг олж харахаар уншиж болно. Олсон зүйлээ төрсөн бодол сэтгэгдлийн хамт судар судлах тэмдэглэл дээрээ бич.

Зураг
Гэр бүлээрээ залбирч байгаа нь

Би залбирлаар дамжуулан Бурханд ойртож чадна.

Матай 6:7

Залбирахдаа “утгагүй хоосон давтах” гэдэг нь ямар утгатай вэ?

Хүмүүс “утгагүй хоосон давтах” гэдгийг ихэвчлэн нэг үгээ ахин дахин давтахыг хэлж байна гэж боддог. Гэсэн хэдий ч хоосон гэдэг үг нь ямар ч үнэ цэнгүй зүйлийг дүрсэлж болдог. Залбиралдаа “утгагүй хоосон давтах” нь чин сэтгэл, үнэн хүсэлгүйгээр залбирч байна гэсэн үг юм (Aлма 31:12–23-ыг үзнэ үү).

Матай 6:9–13

Яагаад бид Их Эзэний залбирлыг цээжээр хэлдэггүй вэ?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон “Их Эзэн залбирлынхаа өмнө дагалдагчдадаа ‘хоосон давталтаас’ [Матай 6:7] зайлсхийж, ‘энэ маягаар’ [Матай 6:9] залбирахыг хүссэн байдаг. Тийнхүү Их Эзэний залбирал бол дагах загвар болохоос биш, цээжилчихээд давтаж байх өгүүлбэр биш юм. Эзэн хилэнцийг эсэргүүцэж, үргэлж зөв шударга амьдрахын тулд Бурханы тусламжийн төлөө залбирахыг л биднээс хүсдэг билээ” (“Их Эзэний залбирлаас авах сургамж,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 52) хэмээн заасан.

Матай 7:1–5

Би зөв шударгаар шүүх хэрэгтэй.

Матай 7:1-д Аврагч бидэнд шүүж болохгүй тухай заасан мэт санагдаж болох ч бусад сударт (мөн энэ бүлгийн бусад шүлэгт) Тэр бидэнд хэрхэн шүүх тухай удирдамж өгсөн. Хэрэв энэ нь ойлгомжгүй санагдаж байвал Иосеф Смитийн Орчуулгын энэ шүлэг тус болно. “Та нар шүүгдэхгүйн тулд шударга бусаар бүү шүү. Харин шударга шүүгч адил шүү”. Та Maтай 7:1–5 болон энэ бүлгийн бусад шүлгээс хэрхэн “зөв шударгаар шүүх” тухай мэдэхэд тус болох юуг олж мэдсэн бэ?

Мөн Итгэлдээ үнэнч байх нь номын 62–63-р хуудсан дээрх “Бусдыг шүүх нь”; Линн Ж.Роббинсын “Зөв шударга шүүгч” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 89-өөс үзнэ үү.

Матай 7:21–23

Би Есүс Христийн тааллын дагуу үйлдсэнээр Түүнийг таньж мэднэ.

Матай 7:23-р шүлгэн дээрх “Би та нарыг огт танихгүй юм байна” хэмээх хэллэгийг Иосеф Смитийн Орчуулга дээр “Та нар Намайг огт танихгүй байсан” хэмээн өөрчилсөн.  Энэ өөрчлөлт нь 21–22-р шүлэгт Их Эзэний Өөрийнх нь хүслийг гүйцэлдүүлэх тухай заасан зүйлсийг илүү сайн ойлгоход танд хэрхэн тусалж байна вэ? Та Их Эзэнийг хэр сайн мэддэг гэж боддог вэ? Та Түүнийг илүү сайн мэдэхийн тулд юу хийж болох вэ?

Мөн Дэвид А.Бэднарын “Хэрэв та нар Намайг мэдсэн бол хэлсэн үгийг ”2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 97–101-ээс үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ Уулан дээрх номлолын талаар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Матай 6–7

Матай 6:5–13

Бид Аврагчийн залбирсан аргаас залбирлын тухай юу сурч болох вэ? Бид хэрхэн хувийн болон гэр бүлийн залбирлаа сайжруулахад Түүний залбирлыг жишээ болгон ашиглаж болох вэ? (Мөн Лук 11:1–13-ыг үзнэ үү.) Хэрэв та бага насны хүүхдүүдтэй бол хамтдаа залбирах дадлага хийж болно.

Maтай 6:33

“Эхлээд Түүний хаанчлалыг … хайгтун” гэдэг нь ямар утгатай вэ? Бид үүнийг гэр бүлээрээ хэрхэн хийж байгаа вэ?

Матай 7:1–5

Та Аврагчийн заасан бусдыг шүүх тухай сургаалын талаар ярилцахдаа үртэс, дүнз хоёрыг төлөөлөх жижиг зомгол, том тайрдас мод ашиглаж болно. Хичээлийнхээ нэг хэсэг болгон Итгэлдээ үнэнч байх нь номын 62-р хуудсан дээрх “Бусдыг шүүх нь” гарчгаас эхний хэсгийг уншихыг бодож үз.

Maтай 7:24–27

Мэргэн хүн ба мунхаг хүний тухай Аврагчийн зүйрлэлийг илүү сайн ойлгоход нь гэр бүлдээ туслахын тулд тэднээр элсэн дээр болон чулуун дээр ус асгуулж болно. Бид сүнслэг сууриа чулуун дээр хэрхэн тавьж чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Ойлголтоо хуваалц. Хувиараа суралцсан зарчмуудынхаа тухай ярилцах нь бусдад заах сайн арга байхаас гадна уншсан зүйлийнхээ тухай ойлголтыг хөгжүүлэхэд тусалдаг. Энэ долоо хоногт гэр бүлтэйгээ эсвэл Сүмийн ангидаа суралцсан зарчмаа хуваалцахыг хичээ.

Зураг
Есүс Христ залбирсан нь

Дэл Парсон, Би Таны төлөө залбирсан

Хэвлэх