Ирээд, Намайг дага
2-р сарын 18–24. Матай 5; Лук 6: ‘Та нар ерөөлтэй еэ’


“2-р сарын 18–24. Матай 5; Лук 6: ‘Та нар ерөөлтэй еэ’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“2-р сарын 18–24. Матай 5; Лук 6,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Зураг
Уулан дээрх номлол

Хорхе Кокко, Уулан дээрх номлол

2-р сарын 18–24

Maтай 5; Лук 6

“Та нар ерөөлтэй еэ”

Та Матай 5, Лук 6-г унших үед төрөх сэтгэгдэлдээ анхаарал хандуулж, судар судлах тэмдэглэл дээрээ бичээрэй. Энэхүү тойм нь танд эдгээр бүлэгт орших хамгийн чухал, ач холбогдолтой зарим зарчмыг тодорхойлоход туслах боломжтой.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Тохинууллынх нь энэ цаг үед Есүсийн сургаал тэр үеийн хүмүүсийн сонсож дассан зүйлсээс өөр гэдэг нь тодорхой болсон. Ядуу хүмүүс Бурханы хаант улсыг хүлээн авна гэж үү? Дөлгөөн хүмүүс дэлхийг өвлөн авах юм уу? Хавчигдсан хүмүүс адислагдана гэж үү? Хуулийн багш нар болон фарисайчууд ийм зүйл заагаагүй. Харин Бурханы хуулийг үнэхээр ойлгодог хүмүүст эдгээр сургаал зөв санагдсан. “Нүдийг нүдээр” болон “дайснаа үзэн яд” (Maтай 5:38, 43) гэдэг нь доод хууль байсан бөгөөд эдгээр нь дээд хуулиар амьдрах хүсэлгүй хүмүүст өгөгдсөн юм. Гэсэн ч Христ доод хуулийг гүйцэлдүүлж (3 Нифай 15:2–10-ыг үзнэ үү), “Тэнгэрлэг Эцэг [маань] төгс байдаг шиг” (Матай 5:48) бидэнд ч мөн нэгэн өдөр төгс болоход туслах дээд хуулийг заахаар ирсэн.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Матай 5:1–12; Лук 6:20–26

Үүрдийн аз жаргал Есүс Христийн заасан замаар амьдарснаар ирдэг.

Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг боловч хүн бүр ижил газраас аз жаргалыг хайдаггүй. Зарим хүн үүнийг дэлхийн сүр хүч, байр сууринаас хайдаг бол бусад нь эд баялаг, биеийн дур хүслийг хангах зүйлсээс хайдаг. Есүс Христ үүрдийн аз жаргалд хүрэх замыг заахаар, адислагдах гэдэг нь үнэхээр ямар утгатай болохыг заахаар ирсэн. Та Maтай 5:1–12, Лук 6:20–26-аас үүрдийн аз жаргалыг олж авах талаар юу сурсан бэ? Энэ нь аз жаргалын талаарх дэлхийн үзэл бодлоос юугаараа ялгаатай вэ?

Таныг эдгээр шүлгийг нэг бүрчлэн уншиж байхад таны санаанд ямар асуулт эсвэл сэтгэгдэл төрж байна вэ? Эдгээр шүлэг танд Есүс Христийн шавь байх талаар юу зааж байна вэ? Та эдгээр шүлэгт дүрсэлсэн зан чанаруудыг хөгжүүлэхийн тулд юу хийхэд сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Түүнчлэн Иохан 13:17; 3 Нифай 12:3–12-ыг үзнэ үү.

Матай 5:13

Аврагч яагаад шавь нараа давстай зүйрлэсэн бэ?

Давсыг урт удаан хугацаагаар нөөшлөх, амтлах, ариутгах зорилгоор ашигласаар ирсэн. Давс мөн израильчуудын хувьд шашны утга санаа агуулдаг. Энэ нь Мосегийн хуулиар амьтан золиослох эртний дадалтай холбоотой байсан (Левит 2:13; Тооллого 18:19-ийг үзнэ үү). Давс амтаа алдахдаа үр нөлөөгүй болж, “юунд ч хэрэг болдоггүй” (Матай 5:13). Бусад элементтэй холилдож, бохирдсон бол ийм зүйл болдог. Христийн шавь нарын хувьд бид дэлхийн сүнслэг бохирдлоос зайлсхийж, “амтаа” хадгалдаг. Энэ нь бидэнд газрын давсны адил нөөшлөх, ариутгах ажлаа гүйцэтгэх боломж олгодог. Жишээ нь, сайн мэдээг хуваалцах, дэлхийд сайн нөлөө үзүүлэх (С ба Г 103:9–10-ыг үзнэ үү) гэх мэт.

Зураг
Давс

“Та нар бол газрын давс” (Maтай 5:13).

Maтай 5:17–48; Лук 6:27–35

Христийн хууль Мосегийн хуулийг орлодог.

Есүс шавь нараа Мосегийн хуулийг сайн дагадаг гэдгээрээ өөрсдөөрөө бардамнадаг хуулийн багш нар, фарисайчуудаас (Maтай 5:20-ийг үзнэ үү) илүү зөв шударга байх хэрэгтэй хэмээн хэлсэн нь тэднийг цочирдуулсан байж болох юм. Гэвч Есүс зөвхөн бидний үйлдлийг төдийгүй үйлдлийг маань өдөөн урамшуулдаг бодол, мэдрэмжийг өргөн дэмждэг дээд хуулийг заасан. Энэхүү дээд хууль нь зүрх, сэтгэл, оюун ухаан гэх мэт илүү ихийг шаарддаг (Maтай 22:37).

Та Maтай 5:21–48, Лук 6:27–35-ыг уншихдаа Мосегийн хуулиар шаарддаг байсан зан байдлуудыг болон (“… та нар сонссон”) Есүсийн заасан ямар зүйлс тэдгээрийг өргөн дэмжиж байгааг тэмдэглэж болно.

Жишээлбэл, Есүс Матай 5:27–28-д бодлуудынхаа төлөө бидний хүлээх хариуцлагын талаар юу заасан бэ? Та оюун ухаан, зүрх сэтгэлд орж ирдэг бодлоо хэрхэн илүү сайн хянаж чадах вэ? (С ба Г 121:45).

Матай 5:48

Тэнгэрлэг Эцэг үнэхээр биднээс төгс байхыг шаарддаг уу?

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон:

Төгс гэдэг үг нь грекийн ‘бүрэн’ гэсэн утга илэрхийлдэг teleios хэмээх үгнээс орчуулагдсан. Үйл үгийн тодорхойгүй төлөв нь teleiono буюу ‘цаад захад хүрэх, гүйцэд өсөж хөгжих, боловсронгуй болох эсвэл дуусгах’ гэсэн утгатай. Энэ үг нь ‘алдаанаас чөлөөлөх’ гэсэн утга илэрхийлдэггүй, харин ‘хол байгаа зүйлд хүрэх’ гэсэн утга илэрхийлдэг болохыг анхаараарай …

… Их Эзэн ‘Эдүгээ та нар Бурханы оршихуйд ч, … тэсч чадах нь үгүй; иймийн тул, та нар төгөлдөржих хүртлээ тэвчээрт үргэлжлүүл’ [С ба Г 67:13] хэмээн заасан байдаг.

Хэрэв бидний төгс төгөлдөр болох гэсэн хичээнгүй чармайлт одоогоор давагдашгүй бөгөөд дуусашгүй мэт санагдаж байгаа бол бид зовох шаардлагагүй. Төгс байдал хүлээгдэж байна. Энэ нь зөвхөн амилуулалтын дараа, гагцхүү Их Эзэнээр дамжин бүрэн утгаараа ирэх болно. Энэ нь Түүнийг хайрлаж, зарлигуудыг нь дагах бүх хүнийг хүлээдэг” (“Perfection Pending,” Ensign, 1995 оны 11-р сар, 88) хэмээн заасан.

Түүнчлэн Филиппой 3:13–15; 2 Петр 1:3–11; Илчлэлт 3:21–22; 3 Нифай 27:27; Moронай 10:32–33; Сургаал ба Гэрээ 76:69-ийг үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлахад тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Матай 5:1–9

Maтай 5:1–9-д заасан аль аль зарчим танай гэр орныг илүү аз жаргалтай газар болоход тусалж чадах вэ? Дараагийн хэдэн долоо хоногт Уулан дээрх номлолын талаар судлахдаа нэг юм уу хоёр зарчим дээр анхаарлаа төвлөрүүлж болно. Жишээлбэл, аль сургаал гэр бүлийн гишүүдэд тань амар тайвныг тогтоогч байхад тусална гэж тэд бодож байна вэ? (Maтай 5:21–25, 38–44). Та ямар ямар зорилго тавьж болох вэ? Үүнийгээ хэрхэн шалгах вэ?

Maтай 5:14–16

Гэр бүлийнхэндээ “дэлхийн гэрэл” байна гэдэг нь ямар утгатай болохыг ойлгоход туслахын тулд та гэртээ болон гудамжиндаа мөн дэлхийд байдаг гэрэл гаргадаг зүйлсийн талаар судалж болно. Та гэрлийг нуухад юу болдгийг үзүүлбэл тустай байж болох юм. Есүс “Та нар бол дэлхийн гэрэл мөн” хэмээн хэлсэн нь ямар учиртай вэ? (Maтай 5:14). Манай гэр бүлийн гэрэл нь хэн бэ? Бид хэрхэн бусдын гэрэл байж болох вэ? (С ба Г 103:9–10-ыг үзнэ үү).

Матай 5:43–44

Их Эзэн яагаад бидэнд найрсаг бус хандсан хүмүүсийн төлөө залбирахыг биднээс хүсдэг вэ? Бид гэр бүл дотроо энэ зарчмын дагуу хэрхэн амьдарч чадах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Заах чадвараа сайжруулах

Ажигч гярхай бай. Та хүүхдүүдийнхээ амьдралд юу болж байгаад анхаарал хандуулснаар заах онцгой боломжуудыг олж авах болно. Мөн өдрийн турш хүүхдүүдийн тань хэлсэн үг эсвэл тавьсан асуулт заах боломж руу хөтлөх боломжтой. (Аврагчийн арга барилаар заах нь, 16-г үзнэ үү).

Зураг
Лаа

“Та нар бол дэлхийн гэрэл мөн” (Maтай 5:14).

Хэвлэх