Ирээд, Намайг дага
2-р сарын 11–17. Иохан 2–4: ‘Чи дахин төрөх ёстой’


“2-р сарын 11–17. Иохан 2–4: ‘Чи дахин төрөх ёстой’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“2-р сарын 11–17. Иохан 2–4,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Зураг
Есүс Никодемтэй ярьсан нь

2-р сарын 11–17

Иохан 2–4

“Чи дахин төрөх ёстой”

Иохан 2–4-ийг унших үед Сүнс танд өөрийн тань хөрвөлтийн тухай зүйлсийг заах болно. Түүний өдөөлтийг тэмдэглэж аваарай. Та энэхүү тойм дахь суралцах санаануудаас нэмэлт сүнслэг ойлголтыг олж авч болох юм.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Кана хотод болсон хуриман дээр Христ усыг дарс болгож өөрчилсөн юм. Энэхүү үйл явдлыг Иохан “тэмдгүүдийн эхлэл” (Иохан 2:11) хэмээн нэрлэсэн. Энэ нь нэгээс олон утгатай. Энэ бол Есүсийн олны нүдэн дээр үйлдсэн анхны тэмдэг байсан бөгөөд биднийг Аврагчтайгаа илүү адилхан болох үе дэх зүрх сэтгэлийн өөрчлөлтийн үйл явцыг буюу өөр нэгэн тэмдгийн эхлэлийг бэлгэдэж болно. Амьдралын туршид үргэлжлэх энэхүү тэмдгүүд нь Есүс Христийг дагах шийдвэр, Түүгээр дамжуулан амьдралаа өөрчилж, сайжруулахаас эхэлдэг. Эцэст нь энэхүү өөрчлөлт бүрэн гүйцэд болдог бөгөөд үүнийг “дахин төрөх”(Иохан 3:7) гэж тайлбарлах нь хамгийн тохиромжтой. Гэвч дахин төрөх нь шавь байхын зөвхөн эхлэл юм. Худаг дээрх самари эмэгтэйд хэлсэн Христийн үгс бидэнд хэрэв энэ замаар үргэлжлүүлэн явбал яваандаа сайн мэдээ бидний доторх “мөнх аминд хүртэл оргилох” “булаг” (Иохан 4:14) болох болно гэдгийг сануулдаг.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Иохан 2:1–11

Есүс Христийн хүч намайг өөрчилж чадна.

Та Иохан 2:1–11-ээс Аврагчийн усыг дарс болгон өөрчилсөн тухай уншаад, таныг өөрчлөх Христийн хүчийн талаар ямар ойлголт олж авч болох вэ?

Та Мариа, шавь нар зэрэг тэнд байсан бусад өөр өөр хүний өнцгөөс эргэцүүлэн бодохдоо нэмэлт ойлголт олж авч болно. Энэ хүмүүс уг тэмдгийг хэрхэн үзсэн байж болох вэ? Та эдгээр шүлгэн дээрх тэмдгүүдийн тухай ойлгож авсан зүйлсээ Есүс Христийн Никодемд (Иохан 3:1–8) болон худаг дээрх эмэгтэйд (Иохан 4:3–26) заасан зүйлстэй харьцуулж болно.

Иохан 3:1–21

Би Бурханы хаант улсад орохын тулд дахин төрөх ёстой.

Никодем нууцаар Есүс дээр ирэхдээ хянамгай ажиглагч байсан. Харин дараа нь тэр олны өмнө Есүсийг өмөөрч хамгаалсан (Иохан 7:45–52-ыг үзнэ үү) бөгөөд итгэгчдийн хамт Аврагчийн оршуулгад оролцсон (Иохан 19:38–40-ийг үзнэ үү). Та Иохан 3:1–21-ээс Есүсийг дагаж, дахин төрөхөд нь Никодемд нөлөөлсөн байж болох ямар сургаалыг олсон бэ?

Бошиглогч Иосеф Смит “Дахин төрөх нь ёслолуудаар дамжин Бурханы Сүнсээр ирдэг” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2007], 111) гэж заасан байдаг. Дахин төрөхөд таны баптисм (“уснаас төрөх” [Иохан 3:5]) болон гишүүний баталгаа (“Сүнснээс төрөх” [Иохан 3:5]) ямар үүрэг гүйцэтгэсэн бэ? Та өөрчлөлтийн энэхүү үйл явцыг үргэлжлүүлэхийн тулд юу хийж байгаа вэ? (Алма 5:11–14-ийг үзнэ үү).

Түүнчлэн Moзая 5:7; 27:25–26 болон Дэвид A.Бэднарын “Ye Must Be Born Again” хэлсэн үгийг 2007 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 19–22-оос үзнэ үү).

Иохан 3:16–17

Тэнгэрлэг Эцэг Есүс Христээр дамжуулан намайг гэсэн хайраа харуулдаг.

Ахлагч Жэффри Р.Холланд “мөнх оршихуйн хамгийн эхний агуу үнэн бол Бурхан биднийг бүх зүрх сэтгэлээрээ, Өөрийн бүх хүчин чадал, оюун хийгээд чадлаараа хайрладаг явдал юм” хэмээн заасан (“Маргааш ЭЗЭН та нарын дунд гайхамшигт зүйлсийг хийх болно,” 2016 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 116) . Та Бурханы хайрыг Түүний Хүүгийн бэлгээр дамжуулан хэрхэн мэдэрсэн бэ?

Ариун ёслол нь Бурханы хайр болон Түүний Хүүгийн бэлгийн талаар тунгаан бодох цаг олгодог. Ямар ямар дуулал танд энэхүү хайрыг мэдрэхэд тусалдаг вэ? Мормон Табернеклын найрал дуучдын дуулсан “Би гайхширна” (LDS.org) дууллын видео бичлэгийг үзэж болно. Та ариун ёслолыг илүү гүн гүнзгий утга учиртай болгохын тулд юу хийж болох вэ?

Иохан 4:24

Бурхан Сүнс үү?

Есүсийн хэлсэн Бурхан бол сүнс гэсэн үгсэд зарим хүн будилдаг. Энэхүү шүлгийн Иосеф Смитийн Орчуулгад чухал тодруулга оруулсан байдаг. “Учир нь ийм хүмүүст Бурхан өөрийн Сүнсийг амласан бөлгөө” (Судруудын удирдамж, Иосеф Смитийн Орчуулга, Иохан 4:26). Хожмын үеийн илчлэлтэд мөн Бурхан мах, яснаас бүрдсэн биетэй гэдгийг заадаг (С ба Г 130:22–23 болон Эхлэл 5:1–3; Еврей 1:1–3-ыг үзнэ үү).

Иохан 4:7–26

Христ надад амийн усыг өгдөг.

Есүс самари эмэгтэйд Өөрийнх нь өгөх уснаас уугч хэн ч хэзээ ч цангахгүй хэмээн хэлсэн нь ямар утгатай вэ? Сайн мэдээ хэрхэн амийн устай адил байдаг вэ?

Зураг
Горхины ус

Христийн сайн мэдээ бол бидний бодгалийг тэтгэдэг амийн ус юм.

Самари эмэгтэйд хандан хэлсэн Аврагчийн нэгэн захиас бидний хэрхэн бишрэн шүтэх нь хаана бишрэн шүтэхээс илүү чухал хэмээх захиас юм (Иохан 4:21–24). Та “Сүнсээрээ, үнэнээр Эцэгт мөргөхийн” тулд юу хийж байгаа вэ? (Иохан 4:23).

Мөн Судруудын удирдамж дахь “Бишрэн шүтэх”-ийг болон Дийн M.Дэйвийсийн “Шүтлэг бишрэлийн адислал” хэлсэн үгийг Ensign эсвэл 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 85–88-аас үзнэ үү.

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлахад тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Иохан 2–4

Гэр бүлээрээ эдгээр бүлгийг уншихдаа Аврагч сүнслэг үнэнийг заахдаа өдөр бүрийн зүйлс буюу төрөлт, салхи, ус, хоол хүнс зэргийг хэрхэн ашигласан тал дээр анхаарлаа хандуулаарай. Та гэртээ байгаа ямар ямар зүйлийг ашиглан сүнслэг үнэнүүдийг зааж болох вэ?

Иохан 2:13–17

Гэр орныг тань материаллаг болон сүнслэг байдлаар цэвэр бус болгох зүйлсээс зайлсхийснээр гэр тань ариун сүм шиг ариун нандин газар болж чадна. Танай гэр бүл гэрээ ариун нандин байлгахын тулд юуг гаргаж хаях хэрэгтэй вэ? Та эдгээр зүйлийг гэрээсээ гаргаж хаяхын тулд юу хийх вэ?

Иохан 3:1–6

Гэр бүлийн гишүүдээс амьд, хөдөлгөөнтэй, оюун ухаантай хүнийг бүтээх үйл явц буюу жирэмслэлт, төрөлтийн гайхамшгийн тухай бодохыг хүс. Христ биднийг Бурханы хаанчлалд орохоос өмнө дахин төрөх ёстой хэмээн заасан. Яагаад дахин төрөх нь Бурханы хаант улсад орохоос өмнө хийх шаардлагатай өөрчлөлтөд тохирсон сайн зүйрлэл болж байна вэ? Бид дахин төрөх үйл явцыг хэрхэн үзсэн бэ?

Иохан 3:16

Энэ шүлгийг найздаа тайлбарлаж байгаа мэт өөрийн үгээр хэлэхийг гэр бүлийнхнээсээ хүс. Амьдралдаа Бурханы хайрыг мэдрэхэд Христ бидэнд хэрхэн тусалсан бэ?

Иохан 4:5–15

Аврагч сайн мэдээгээ амийн устай зүйрлэхдээ бидэнд юу зааж байсан бэ? Аягатай ус бариад, гэр бүлийнхнээсээ усны шинж чанарыг дүрслэн хэлэхийг хүсэж болно. Бид яагаад өдөр бүр ус уух шаардлагатай вэ? Яагаад Есүс Христ сайн мэдээгээ “мөнх аминд хүртэл оргилох булаг”-тай зүйрлэсэн бэ? (Иохан 4:14).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Тэмдгүүдийг эрж ол. Судруудад сүнслэг үнэнүүдийг төлөөлөх эд зүйл, үйл явдал, үйлдэл, сургаалыг олонтоо ашигладаг. Эдгээр тэмдэг нь заагдаж буй сургаалын талаарх таны ойлголтыг баяжуулах болно. Жишээлбэл, Аврагч хөрвөлтийг дахин төрөхтэй зүйрлэсэн.

Зураг
Худгийн дэргэд буй Есүс ба самари эмэгтэй

Саймон Дүви, Амийн ус

Хэвлэх