Ирээд, Намайг дага
2-р сарын 11–17. Иохан 2–4: ‘Чи дээрээс төрөх ёстой’


“2-р сарын 11–17. Иохан 2–4: ‘Чи дахин төрөх ёстой’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“2-р сарын 11–17. Иохан 2–4,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Есүс Никодемтэй ярьсан нь

2-р сарын 11–17

Иохан 2–4

“Чи дахин төрөх ёстой”

Та Иохан 2–4-ийг уншсанаар заахад бэлтгэж эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр бүлгийг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд заах санаа өгнө.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Хүүхдүүдээс “хүмүүсийн загасчин” (Матай 4:19) байхын тулд ойрын үед юу хийснийг нь асуух замаар ойлгож, мэдэрч байгаа зүйлүүдээ хуваалцахад тэднийг урамшуул. Та өнгөрсөн долоо хоногийн хичээлийг тэдэнтэй хамт давтаж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүд

Иохан 3:1–10

Би Тэнгэрлэг Эцэгтэй хамт амьдрахаар буцахын тулд баптисм хүртэж, гишүүнээр батлуулах ёстой.

Таны зааж буй хүүхдүүд баптисм хүртэж (уснаас төрж) мөн гишүүнээр батлуулах (Сүнснээс төрөх) замаар Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрах чухал алхмуудыг хийхэд бэлтгэж байгаа. Энэ хоёр ёслолын ач холбогдлыг ойлгоход та тэдэнд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс Никодемд зааж байгаа түүхийг товч ярь. Баптисм хүртсэнийх нь дараа Тэнгэрлэг Эцэг Ариун Сүнсний бэлэг өгнө гэдгийг хүүхдүүдэд амла.

  • Иохан 3:5 болон энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсыг ашиглан, Тэнгэрлэг Эцэгтэй дахин хамт амьдрахын тулд бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулах хэрэгтэй гэдгийг заа.

  • Гараа угаахдаа юу хийдгийг хүүхдүүдээс асуу. Баптисм хүртэж буй охин (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 104) зургийг үзүүлээд, гараа усаар угаахыг баптисмаар дамжуулан сүнслэг байдлын хувьд цэвэр болохтой харьцуулахад хүүхдүүдэд тусал.

Иохан 3:16

Тэнгэрлэг Эцэг намайг хайрладаг учраас надад Аврагчийг өгсөн.

Та энэ үнэ цэнтэй үнэнд суралцахад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс дараахтай төстэй өгүүлбэрүүдийг гүйцээхийг хүс. Тухайлбал: “Эцэг эх маань намайг хайрладаг учраас тэд …” Иохан 3:16-г унш. Дараа нь Иохан 3:16 дээрх “ертөнцийг” гэдэг үгийг өөрсдийн нэрээр сольж, давтан хэлэхэд хүүхэд бүрд туслаад, Тэнгэрлэг Эцэг биднийг хайрладаг учраас юу хийсэн талаар сонсохыг хүс. Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд тусалдаг зүйлсийг зурахад хүүхдүүдийг урь (гэр бүл, байгаль, судрууд гэх мэт). Тэднээс зургаа бие биентэйгээ хуваалцахыг хүс.

  • Хүүхдүүдээс Хүүхдийн дууны ном номын 34–35-р хуудсан дээрх “He Sent His Son” дууг дуулах үедээ “Хүү” гэж хэлэх бүрд Есүсийн зургийг өргөхийг хүс.

Иохан 4:5–15

Есүс Христ бол миний “амийн ус.”

Танай ангийн хүүхдүүд бүгд ам цангах ямар байдгийг мэднэ. Есүс Христийн өгдөг амийн ус бидэнд ямар их хэрэгтэй болохыг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд та энэ туршлагыг хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс, худаг дээрх эмэгтэй хоёрын түүхийг ярихдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав доторх энэ долоо хоногийн тойм дахь зургийг ашигла. Хүүхдүүдээс уг түүхийг давтаж ярихыг хүс.

  • Аягатай ус үзүүлээд, хэрэв биднийг маш их цангаж байхад аяга хоосон байвал ямар байхыг хүүхдүүдээс асуу. Иохан 4:5–15-ыг товч яриад, ус бидний биед амь амьдрал өгдөг шиг Есүс Христ болон Түүний сайн мэдээ бидний сүнсэнд амь амьдрал өгдөг гэдгийг гэрчил.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Иохан 2:1–11

Би ээжийгээ Есүстэй адил хүндэлж чадна.

Кана дахь хуриман дээр Мариа Есүст дарс дууссан тухай хэлдэг. Иосеф Смитийн Орчуулга дээр цэдэглэснээр, Есүс эхдээ хандаж, “Эмэгтэй, та надаар юу хийлгэхийг хүсэж байна? Би үүнийг хийх болно” хэмээн хэлсэн байдаг (Иохан 2:4, зүүлт тайлбар a). Есүс хүүхдүүдэд ээжийгээ хэрхэн хүндлэх ёстойг үлгэр жишээгээрээ харуулсан юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Иохан 2:1–11-ийг уншаад, хэсгүүдээс өөрсдийн үгээр ээлжлэн ярихад урь.

  • Ээжүүдэд нь хэрэгтэй, тусламж болох зүйлсийг жагсааж бичихийг хүүхдүүдээс хүс. Тэднийг Есүсийн хэлсэн үгийг ашиглан, ээждээ юу гэж хэлж болох талаар дадлага хийхэд урь. Тухайлбал: “Та надаар юу хийлгэхийг хүсэж байна?” (Иохан 2:4, зүүлт тайлбар a).

  • Хэд хэдэн ээжийг ангид авчраад, хүүхдүүд нь хүндэлж байгаагаа харуулахын тулд тэдэнд зориулан юу хийдэг талаар хуваалцахад урь.

Зураг
Есүс хуримын зоог дээр Мариатай ярьж байгаа нь

Есүс ээждээ “Та надаар юу хийлгэхийг хүсэж байна?” хэмээн хэлсэн. (Иосеф Смитийн Орчуулга, Иохан 2:4 [Иохан 2:4, зүүлт тайлбар a]).

Иохан 3:1–8

Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь дахин төрөхтэй адил.

Бид Есүсийн хэлснээр “уснаас төрөх” буюу баптисм хүртсэнээр нүглүүдээсээ ангижирдаг бөгөөд “Бурханы хаант улсад орох” боломжтой болдог (Иохан 3:5). Та дахин төрөх гэдэг нь ямар утгатай үг болохыг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иохан 3:3 дахь Аврагчийн хэлсэн үгсийг тарааж тавиад, хүүхдүүдээс зөв дараалалд оруулахыг хүс. Баптисм хүртэж, гишүүнээр батлуулах нь дахин төрөхтэй хэрхэн адилхан бэ?

  • Дөнгөж төрсөн хүүхдийн болон баптисм хүртэж, гишүүнээр батлуулсан хүний зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 104 ба 105-ыг үзнэ үү). Бид баптисм хүртэж, гишүүнээр батлуулсны дараа хэрхэн дөнгөж төрсөн хүүхэдтэй адилхан болдог вэ? (Иохан 3:3–5-ыг үзнэ үү).

  • Хүүхдүүдийг баптисмынхаа дурсамжаас хуваалцахад урь. Баптисмын гэрээг ярилцахын тулд Moзая 18:8–10 ба Сургаал ба Гэрээ 20:37-г унш. Долоо хоног бүр ариун ёслолоос анхааралтайгаар хүртэх нь дахин төрөх үйл явцыг үргэлжлүүлэх нэг арга зам гэдгийг хүүхдүүдэд заа.

  • Хүүхдүүдэд Итгэлийн тунхаг 1:4-ийг цээжлэхэд тусал.

Иохан 3:16–17

Тэнгэрлэг Эцэг надад хайртай учраас Хүүгээ илгээсэн юм.

Та Есүс Христ Тэнгэрлэг Эцэгийн хайрын илэрхийлэл болж дэлхий рүү илгээгдсэн гэдгийг хүүхдүүдэд хэрхэн ойлгуулж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс дуртай бэлгээ мөн тухайн бэлгийг өгсөн хүнийхээ зургийг зурахыг хүс. Нэг хүүхдээс Иохан 3:16-г уншихыг хүс. Тэнгэрлэг Эцэг бидэнд ямар бэлэг өгсөн бэ? Энэ бэлэг Түүний хайрыг хэрхэн харуулдаг вэ?

  • Сүмийн дуулал номын 38-р хуудсанд байгаа “Би Гэтэлгэгч амьдыг мэднэ” дууг дуулж эсвэл сонсож байхдаа “Яагаад Тэнгэрлэг Эцэг бидэнд Есүс Христийг илгээсэн бэ?” гэсэн асуултын хариултыг олохыг хүүхдүүдээс хүс.

Иохан 4:6–23

Есүс Христ “амийн усыг” санал болгодог.

Есүс усыг ашиглан самари эмэгтэйд заасны адил та ч бас Есүс Христийн сайн мэдээ бидэнд хэрэгтэй шалтгааныг ус ашиглан зааж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдэд уух ус өгөөд, цангаж байсан туршлагаасаа хуваалцахыг хүс. Эцэст нь ус уух ямар байсан талаар ярилц.

  • Худаг дээр байсан эмэгтэйн түүхээс товч өгүүлбэрүүд бичээд, Иохан 4:6–23-ыг уншин тэдгээрийг зөв дараалалд оруулахыг хүүхдүүдээс хүс. Есүс уг эмэгтэйд юу заахыг хичээж байсан бэ?

  • Самбар дээр аяга ус болон булаг юм уу гол зур. Хүүхдүүдийг аяга устай адил түр зуур цангаа тайлдаг зүйлүүдийг нэрлэхэд урь. Ямар зүйлс биднийг “амийн устай” адил үүрд тэтгэж чадах вэ?

  • Самбар дээр Сайн мэдээ хэрхэн устай адил байдаг вэ? гэж бич. Иохан 4:6–23-ыг уншиж байхдаа хүүхдүүдээс энэ асуултад яаж хариулах байсныг нь асуу.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Хүүхдүүдээс гэртээ очоод гэр бүлийн гишүүддээ уух ус өгөхийг хүсэх талаар бодож үз. Үүнийг хийх үедээ тэд амийн усны талаар сурч мэдсэн зүйлээ тэдэнтэй хуваалцаж болно.

Заах чадвараа сайжруулах

Үйл ажиллагааны хуудсыг ашигла. Хүүхдүүд үйл ажиллагааны хуудсыг гүйцээж байх хооронд цаг ашиглан хичээлээр заасан зарчмуудыг эргэн хар.

Хэвлэх