“2-р сарын 18–24. Maтай 5; Лук 6: ‘Та нар ерөөлтэй еэ’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“2-р сарын 18–24. Maтай 5; Лук 6,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
2-р сарын 18–24
Maтай 5; Лук 6
“Та нар ерөөлтэй еэ”
Эхлээд Maтай 5 болон Лук 6-г унш. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр бүлгийг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд заах санааг өгнө.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхдүүдээс энэ долоо хоногт Их Эзэний гэрлийг хэн нэгэнтэй хуваалцахын тулд хийсэн зүйлээсээ хуваалцахыг хүс.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Би амар тайвныг тогтоогч байж чадна.
Таны заадаг хүүхдүүд бусдад хайр, нинжин сэтгэлээр хандсанаар гэр орондоо хүчтэй нөлөөлж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Maтай 5:9-ийг хүүхдүүдэд уншиж өгөөд, амар тайвныг тогтоогчид хаана байгаагаасаа үл хамааран ямар ч газрыг амар тайван болгодог гэдгийг тайлбарла. Хэдэн зохиомол нөхцөл байдлыг хуваалцаад, оролцож буй хүмүүс амар тайвныг тогтоогчид байсан эсэхийг олж тогтооход хүүхдүүдэд тусал.
-
Хэдэн хүүхдийн эцэг эхийг ангид ирээд, хүүхдүүд нь гэртээ амар тайвныг тогтоогчид байсан жишээг хуваалцахад урь.
-
Нарийн цаасан дээр хүүхдүүдэд тохиолдож болох хэд хэдэн хэцүү нөхцөл байдлыг бич (жишээлбэл, дүүтэйгээ тоглоом булаацалдах гэх мэт). Хүүхэд бүрийг нэг нэг нарийн цаас авахад урь. Нөхцөл байдлыг уншихдаа тэднээс энэ үед хэрхэн амар тайвныг тогтоогчид байж чадахыг асуу.
Есүс намайг бусдад гэрэл нь болоосой хэмээн хүсдэг.
Бяцхан хүүхдүүд бусдад маш хүчтэй сайн нөлөө үзүүлж чадна. Та тэднийг гэрлээ цацруулахад нь хэрхэн урамшуулж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдийн зураг гэх мэт гэрэл гэгээ цацруулдаг хэдэн зүйлийг хүүхдүүдэд үзүүл. Maтай 5:14–16-г уншаад, бидний дотор гэрэл байдаг гэдгийг хүүхдүүдэд хэл. Бид бусдыг Бурханд авчрахын тулд гэрлээ хэрхэн ашиглаж болох вэ?
-
Өрөөнд гар чийдэн асаа. Гэрэл бидэнд хэрхэн тусалдаг вэ? Бид хэрхэн дэлхийн гэрэл байж чадах вэ? Гар чийдэнг далдал. Бид гэрлээ хуваалцахгүй байвал эсвэл нуувал юу болох вэ?
-
Гар чийдэнг өрөөнд нуугаад, гэрлүүдээ унтраа. Хүүхдүүдээр үүнийг олуул. Maтай 5:15-ыг уншаад, бид яагаад гэрлээ нуух ёсгүй талаар ярилц.
-
Гар чийдэнгээ ханан дээр тусгаад, хүүхдүүдийг гэрлийг дагаж харахад урь. Гэрлээ ашиглан тэдний харцыг Аврагч дээр авчир. Бид хэрхэн бусдыг Есүс Христ рүү хөтөлдөг гэрэл байж болохыг хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
-
Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх нуусан лаануудыг олж, будахад хүүхдүүдэд тусал.
-
Хүүхдүүдтэй хамт Children’s Songbook номын 60–61, 144, 163-р хуудсан дээрх “Jesus Wants Me for a Sunbeam,” “Shine On,” эсвэл “I Am like a Star” дуунуудыг дуул.
Есүс Христ надаас хүн бүрийг хайрлаасай хэмээн хүсдэг.
Бага насны хүүхдүүд одооноос эхлэн үеийнхэн нь эсвэл ах, эгч нар нь таагүй хандсан ч гэлээ хайраа харуулах дадлага хийж чадна. Та Maтай 5:44–45-ыг уншихдаа Аврагчийн сургаалууд таны заадаг хүүхдүүдэд хэрхэн хамаатай болох тухай бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Maтай 5:44-ийг хүүхдүүдэд ойлгомжтой танил үгс, нөхцөл байдал ашиглан дахин ярь. Хэцүү байсан ч хэн нэгэнд хайраа харуулж байсан үеэ хуваалцахыг хүүхдүүдээс хүс. Эдгээр туршлага тэдэнд ямар мэдрэмж төрүүлсэн бэ?
-
Ангиараа Children’s Songbook номын 140–141-р хуудсан дээрх “I’ll Walk with You” дууг дуул. Бид бусдыг хайрлах талаар энэ дуунаас юу сурч болох вэ?
-
“Би хүн бүрд хайраа харуулна” гэж бичсэн цаасан зүрхнүүдийг хүүхдүүдэд тарааж өг. Тэднээс уг зүрхнүүдийг чимэглээд, бусдыг хайрлахыг сануулан гэртээ өлгөхийг хүс.
-
Children’s Songbook номын 136-137-р хуудсан дээрх “Love One Another” дуунд тохирсон үйлдлүүдийг Children’s Songbook номонд зөвлөсний дагуу хийж сурахад хүүхдүүдэд тусал.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Би Есүсийн заасан замаар амьдарвал аз жаргалтай байж чадна.
Maтай 5:3–12-ыг уншихад танд ямар үг, хэллэг нь онцгой санагдаж байна вэ? Эдгээр сургаал таны заадаг хүүхдүүдийн амьдралыг хэрхэн адислах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Самбар дээр Ерөөлтэй … ба Адислал гэсэн хоёр баганатай хүснэгт зур. Maтай 5:3–12-ыг судлаад, Есүс хэнийг адислагдсан хэмээн хэлж байгааг мөн тэдэнд ямар адислал амласныг олоход хүүхдүүдийг урь.
-
Эдгээр шүлэгт буй бүх зан чанар болон холбогдох адислалыг картан дээр бичээд, хүүхдүүдээр зан чанаруудыг адислалтай нь ижилсүүл. Хүүхдүүдээс эдгээр шүлгээс хөгжүүлэхийг хүсэж байгаа нэг зан чанараа сонгохыг хүс.
Би амар тайвныг тогтоогч байж чадна.
Амар тайвныг тогтоогчид Бурханы хүүхдүүд гэж нэрлэгдэх болно хэмээн Есүс заасан. Та хүүхдүүдийг амар тайвныг тогтоогчид болоход хэрхэн урамшуулж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдийг Матай 5:9-ийг уншихад урь. Дараа нь дараах асуултуудыг тавь. Тухайлбал: Амар тайвныг тогтоогч гэж юуг хэлэх вэ? Бид ямар арга замаар гэр бүл, найз нөхдийнхөө дунд амар тайвныг тогтоогчид байж чадах вэ? (Зарим санааг 21–24, 38–47-р шүлгээс үзнэ үү.)
-
Хүүхэд бүрээс амар тайвныг тогтоогчийн тусламж хэрэгтэй байж болох нөхцөл байдлын талаар бодохыг хүс. Тухайн нөхцөл байдалд амар тайвныг тогтоогч юу хийх байсан бэ?
-
Хэн нэгэн хүн өөрсдөөс нь өөр эсвэл хайрлахад хэцүү байсан ч гэлээ тухайн хүнд хайраа харуулж чадсан үеэ хуваалцахад хүүхдүүдийг урь.
Би үлгэр жишээ үзүүлснээр бусдад Есүсийг дагах замыг гэрэлтүүлж чадна.
Эдгээр шүлгийг уншихдаа заадаг хүүхдүүдийнхээ талаар бод. Энэ хэсэгт Их Эзэн хүүхдүүдэд ямар захиас өгсөн байж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд Maтай 5:16-г цээжлэхэд тусал. Уг шүлгийг самбарт бич. Хамтдаа хэд хэдэн удаа унш. Унших болгондоо хэд хэдэн үг арилга. Хүүхдүүдийг уг шүлгийг цээжилсний дараа та Children’s Songbook номын 144-р хуудсан дээрх “Shine On” дууг дуулж болно.
-
Бидэнд гэрэл өгдөг зүйлс зурахыг хүүхдүүдээс хүс. Maтай 5:14–16-г унш. Яагаад Есүс биднийг дэлхийн гэрэл байгаасай хэмээн хүсдэг болохыг тэднээс асуу.
-
Бусдад гэрэл байхын тулд ямар зүйл хийж болохыг зурахад хүүхдүүдийг урь. Та түүнчлэн “Дэлхийг гэрэлтүүлцгээе: Үйлчлэлийн 25 өдөр” (LDS.org) видео бичлэгийг үзүүлж болно. Хоёр хүүхдийг өөд өөдөөсөө хараад, нэг нэгэндээ хүрэхгүйгээр бие биенээ инээлгэхэд урь. Хүүхдүүдийн бусдад аз жаргал авчрахад нөлөөлж чадах хүч чадлын талаар ярилц.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Энэ долоо хоногт амар тайвныг тогтоогч хэн нэгнийг олж харах даалгавар хүүхдүүдэд өг. Дараагийн долоо хоногийн хичээлийн эхэнд хэнийг мөн юуг харсан тухайгаа ярихад тэднийг урь.