“2-р сарын 4–10. Матай 4; Лук 4–5: ‘Эзэний Сүнс Над дээр байна’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“2-р сарын 4–10. Матай 4; Лук 4–5,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
2-р сарын 4–10
Maтай 4; Лук 4–5
“Эзэний Сүнс Над дээр байна”
Эхлээд Матай 4, Лук 4–5-ыг уншаад, хүлээж авах сүнслэг ойлголтууддаа анхаарлаа хандуул. Энэхүү тойм дахь санаанууд нь танд эдгээр бүлэгт орших чухал зарчмуудыг тодорхойлоход туслах боломжтой.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Есүс өсвөр наснаасаа л онцгой, ариун нандин номлолынхоо талаар мэдэж байсан. Гэвч Есүсийг дэлхий дээрх тохинууллаа эхлүүлэхээр бэлтгэх үед чөтгөр эргэлзээ төрүүлэхийг хичээж байв. Сатан “Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол” (Лук 4:3, налуу бичлэг нэмэгдсэн) гэж хэлсэн. Харин Аврагч Тэнгэр дэх Өөрийн Эцэгтэй харилцаж байсан. Тэрээр судруудыг болон Өөрийнхөө хэн болохыг мэддэг байв. Түүнд хандан хэлсэн “Энэ бүх сүр хүчийг би Чамд өгье” (Лук 4:6) гэсэн Сатаны үгс хий хоосон зүйл байсан. Учир нь Аврагчийн бүхэл амьдралынхаа турш хийсэн бэлтгэл нь Түүнд “Сүнсний хүчийг” (Лук 4:14) олгосон юм. Есүс Христ уруу таталт, саад бэрхшээл, эсэргүүцлийг үл тоон “Би Бурханы хаанчлалыг … тунхаглах ёстой. Энэ зорилгын тулд Би илгээгдсэн билээ” (Лук 4:43) хэмээн хэлж, томилогдсон ажлаасаа хэзээ ч няцаагүй.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Бурхантай харилцах нь намайг Түүнд үйлчлэхэд бэлддэг.
Есүс номлолдоо бэлтгэхийн тулд “Бурхантай хамт байхаар” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:1) цөл рүү явсан. Та Бурханд илүү ойр байхын тулд юу хийх талаар бод. Энэ нь Түүний хийгээсэй гэсэн ажлыг хийхэд таныг хэрхэн бэлтгэх вэ?
Есүс Христ уруу таталтыг эсэргүүцсэнээр надад үлгэр жишээ үзүүлсэн юм.
Заримдаа хүмүүс гэм нүгэл үйлдэхээр уруу татагдах үед гэм буруугаа мэдэрдэг. Гэвч “нүгэлгүй” (Еврей 4:15) амьдарч байсан Аврагч хүртэл уруу татагдаж байсан. Христ уруу таталттай тулгарч, үүнийг даван гарч байсан болохоор бидэнд тулгардаг уруу таталтуудыг мэддэг, тэдгээрийг даван гарахад бидэнд тусалж чадна (Еврей 2:18; Алма 7:11–12).
Та Матай 4:1–11, Лук 4:1–13-ыг уншихдаа уруу таталттай тулгарсан үед тань тус болох юуг ойлгож авч болох вэ? Та бодлуудаа иймэрхүү хүснэгтэд нэгтгэн бичиж болно.
Есүс Христ |
Би |
---|---|
Есүс Христ Сатан Христийг юу хийхэд уруу татсан бэ? Өлөө дарахын тулд хүчээ ашиглахад уруу татсан | Би Сатан намайг юу хийхэд уруу татсан бэ? |
Есүс Христ Христ яагаад уруу таталтыг эсэргүүцэхэд бэлтгэгдсэн байсан бэ? Тэр мацаг барьсан; Тэр Бурхантай хамт байхаар явсан; Тэр судруудыг мэдэж байсан. | Би Би уруу таталтыг эсэргүүцэхэд хэрхэн бэлтгэх вэ? |
Есүс Христ | Би |
Бид Maтай 4-ийн Иосеф Смитийн Орчуулгаас ямар нэмэлт ойлголтыг олж авах вэ?
Мөн 1 Коринт 10:13; Aлма 13:28; Moсе 1:10–22-ыг үзнэ үү.
Есүс Христ бол бошиглогдсон Мессиа мөн.
Хэрэв танаас Есүс Христ дэлхий рүү юу хийхээр илгээгдсэнийг дүрслэн хэл гэвэл та юу хэлэх вэ? Лук 4:18–19-д Аврагч Өөрийн номлолыг тодорхойлохдоо Мессиагийн тухай бошиглосон Исаиагийн бошиглолуудын нэгийг эш татсан (Исаиа 61:1–2-ыг үзнэ үү). Та эдгээр шүлгийг уншаад, Түүний номлолын талаар юу олж мэдэж болох вэ?
Иудейчүүд хэдэн зууны турш Исаиагийн бошиглол биелэхийг хүлээж байсан ч Түүнийг “Энэхүү Судар өнөөдөр сонсголд тань биеллээ” (Лук 4:21) хэмээн тунхаглахад олонх нь Есүсийг Мессиа гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй. Та Лук 4:20–30-ийг (мөн Maрк 6:1–6-г үзнэ үү) уншихдаа Назарын хүмүүсийн оронд өөрийгөө тавиад үзээрэй. Христийг өөрийнхөө хувийн Аврагчаар бүрэн хүлээн зөвшөөрөхөд тань саад болж байгаа ямар нэгэн зүйл байна уу?
Moзая 3:5–12-ыг үзнэ үү.
Их Эзэнд итгэхэд Тэр надад тэнгэрлэг чадавхдаа хүрэхэд тусалж чадна.
Ерөнхийлөгч Эзра Тафт Бэнсон “Тэрээр амьдралаа Бурханд зориулдаг эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдийн амьдралыг өөрсдийнх нь чадахаас хамаагүй илүүгээр үр бүтээлтэй болгож чаддаг гэдгийг тэд олж мэддэг” (Teachings of Presidents of the Church: Ezra Taft Benson [2014], 42) хэмээн заасан. Петрт болон түүнтэй хамт байсан загасчдад ийм зүйл тохиолдсон. Есүс тэдэнд загас барихаас илүү зүйлийг буюу “хүмүүсийн загасчин” (Maтай 4:19; мөн Лук 5:10-ыг үзнэ үү) болж чадна гэдгээ ойлгоход тусалсан. Үүнийгээ харахад нь туслахын тулд Есүс тэдэнд ойр жишээг ашигласан.
Аврагч Өөрийг нь дага хэмээн таныг дуудаж байгааг та хэзээ мэдэрсэн бэ? Та “бүхнийг [орхих]” (Лук 5:11) хүсэлтэй байгаагаа Их Эзэнд хэрхэн харуулж чадах вэ? Maтай 4:18–22, Лук 5:1–11-ийг уншихдаа эдгээр асуултыг тунгаан бод.
Сүмийн дуулал номын 116-р хуудсан дээрх “Ирээд, Намайг дага” дууг үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлахад тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Есүс чөтгөрт уруу татагдахаасаа өмнө мацаг барьж байсан. Бид мацаг барилтын хүчний талаар энэ шастираас ямар ямар ойлголт олж авч болох вэ? Та мацаг барилтаас олж авсан туршлагаа хуваалцахыг гэр бүлийн гишүүдээсээ хүсэж болно. Танай гэр бүл тодорхой зорилгын төлөө гэр бүлээрээ хамтдаа мацаг барих төлөвлөгөөг залбирч гаргаж болох юм.
Сатан Христийг чулууг талх болгохыг ятгахдаа “Хэрэв Чи Бурханы Хүү мөн юм бол” (Матай 4:3, налуу бичлэг нэмэгдсэн) хэмээн Түүний бурханлаг чанарыг сорьсон. Яагаад Сатан биднийг бурханлаг чанартаа эргэлзэхэд уруу татахыг оролддог вэ? Тэр үүнийг хэрхэн хийдэг вэ? (Moсе 1:10–23-ыг үзнэ үү.)
Есүс бие махбодоор болон сүнслэгээр соригдсоныхоо дараа шоронд байсан Иохан Баптистын хэрэгцээний талаар бодож эхэлсэн. “Мөн эдүгээ Иохан шоронд хаягдсаныг Есүс мэдэв, мөн тэрээр тэнгэр элчүүдийг илгээв, мөн, болгоогтун, тэд ирж мөн түүнд тохинуулав” (Иосеф Смитийн Орчуулга, Матай 4:11). Бид өөрөөсөө түрүүнд бусдыг бодох Христийн үлгэр жишээг дагаснаар хэрхэн адислагддаг вэ? Бид Түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ?
Бид сэтгэлийн шархтай эсвэл үүнээсээ “чөлөөлөгдөх” хэрэгтэй хэн нэгнийг мэдэх үү? (Лук 4:18). Бид бусдад Аврагчийн эдгээлт, эрх чөлөөг хүлээн авахад нь хэрхэн тусалж чадах вэ? Та нар ариун сүмийн ёслолуудыг үйлдэх нь хэрхэн “олзлогдогсдод эрх чөлөөг” (Лук 4:18) авчрахад тусалж болох тухай ярилцаж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.