“1-р сарын 28-аас 2-р сарын 3. Матай 3; Марк 1; Лук 3: ‘Эзэний замыг бэлтгэгтүн’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“1-р сарын 28-аас 2-р сарын 3. Матай 3; Марк 1; Лук 3,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
1-р сарын 28-аас 2-р сарын 3
Maтай 3; Maрк 1; Лук 3
“Эзэний замыг бэлтгэгтүн”
Эхлээд Матай 3; Марк 1; Лук 3-ыг унш. Таныг эдгээр бүлгийг ойлгоход туслах Ариун Сүнсийг эрэлхийлэн залбирахад Тэр онцгойлон танд зориулсан ойлголтыг өгөх болно. Эдгээр ойлголт, сэтгэгдлээ бичиж, хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Есүс Христ болон Түүний сайн мэдээ таныг өөрчилж чадна. Иохан Баптистын номлол болон Аврагчийн ирсний нөлөөгөөр “Гуу жалга бүр дүүрч, уулс, толгод бүхэн доошлон, тахир нь шулуун болж, хотгор бүхэн тэгшрэх” мэт байх болно хэмээн дүрсэлсэн Исаиагийн эртний бошиглолыг Лук эш татсан (Лук 3:5 түүнчлэн Исаиа 40:4-ийг үзнэ үү). Энэ нь бид бүгдэд, тэр дундаа өөрчлөгдөж чадахгүй, өөрчлөлт хэрэггүй гэж боддог хүмүүст ч зориулсан захиас юм. Уул толгод зэрэг тогтвортой суурин байдаг зүйлс тэгширч, хавтгай болж болох юм бол Их Эзэн бидэнд тахир замаа тэгшлэхэд тусалж чадах нь лавтай (Лук 3:4–5-ыг үзнэ үү). Бид Иохан Баптистын наманчил мөн өөрчлөгд гэсэн урилгыг хүлээн авснаар оюун ухаан, зүрх сэтгэлээ Есүс Христийг хүлээн авахад бэлтгэдэг. Ингэснээр бид ч бас “Бурханы авралыг үзэж” (Лук 3:6) болно.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Маркийн сайн мэдээ
Марк гэж хэн байсан бэ?
Бид сайн мэдээнүүдийг бичсэн хүмүүсийн дундаас Маркийн талаар хамгийн бага зүйл мэддэг. Тэрээр Паул, Петр, өөр хэд хэдэн номлогчийн хамтрагч байсан гэдгийг бид мэднэ. Олон Библи судлаачид Петр Аврагчийн амьдралын үйл явдлыг цэдэглэн бичихийг Маркад зааварласан гэж итгэдэг. Маркийн сайн мэдээ нь бусад гурваас өмнө бичигдсэн байж болзошгүй.
Судруудын удирдамжийн “Марк”-ийг бас үзнэ үү.
Матай 3:1–12; Марк 1:1–8; Лук 3:2–18
Наманчлал бол оюун ухаан, зүрх сэтгэлийн хүчит өөрчлөлт юм.
Иохан Баптистын үүрэг бол хүмүүсийн зүрх сэтгэлийг Аврагчийг хүлээн авахад, Түүнтэй илүү адил болоход бэлтгэх явдал байсан юм. Тэр үүнийг хэрхэн хийсэн бэ? Тэрээр “Гэмшицгээ” (Матай 3:2) хэмээн тунхагласан. Тэр Христийг хүлээн авахын тулд наманчлахын ач холбогдлыг онцлон тодорхойлох гэж жимс, улаан буудай зэрэг дүрслэлийг ашиглаж байсан (Лук 3:9, 17).
Та Иохан Баптистын тохинууллын тухай шастираас өөр ямар ямар дүрслэлийг олсон бэ? Тэдгээрийг судар дээрээ тэмдэглэх юм уу судрын тэмдэглэл дээрээ зурж болно. Тэдгээр дүрслэл нь наманчлалын сургаал, хэрэгцээний тухай юу зааж байна вэ?
Чин сэтгэлийн наманчлал бол “Бурханд, өөртөө болон ерөнхийдөө амьдралд хандах шинэ хандлагыг авчирдаг оюун санаа хийгээд зүрх сэтгэлийн өөрчлөлт юм. … [Ингэснээр хүн] зүрх сэтгэл хийгээд хүсэл зоригоо Бурхан руу эргүүлнэ” (Судруудын удирдамж, “Наманчлал, наманчлах”) гэсэн үг юм. Лук 3:7–14-т Иохан хүмүүсийг Христийг хүлээн авахад бэлтгэхийн тулд ямар өөрчлөлт хийхэд урьсан бэ? Энэ зөвлөгөө тантай хэрхэн холбогдож болох вэ? Та чин сэтгэлээсээ наманчилсан гэдгээ хэрхэн харуулж болох вэ? (Лук 3:8-ыг үзнэ үү).
Мөн (Судруудын удирдамж дахь) Иосеф Смитийн Орчуулга, Лук 3:4–11; Судруудын удирдамж, “Иохан Баптист”; Д.Тодд Кристоффэрсон, “Наманчлалын бурханлиг бэлэг,” 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 45–48-ыг үзнэ үү.
Фарисайчууд, садукайчууд гэж ямар хүмүүс байсан бэ?
Фарисайчууд нь Мосегийн хуулийг чанд сахидаг хэмээн өөрсдөөрөө бардамнадаг иудейчүүдийн шашны бүлгийн гишүүд байсан. Тэд шашныг ёс төдийхөн сахиснаар сулруулахыг оролдож байсан. Садукайчууд нь шашны болон улс төрийн чухал нөлөө бүхий чинээлэг иудейчүүдийн бүлэг байсан. Tэд Амилалтын сургаалд итгэдэггүй байв. Энэ хоёр бүлэг нь хоёулаа Бурханы хуулийн жинхэнэ зорилгоос гажсан бөгөөд тэдний гишүүдийн олонх нь Бурханы бошиглогч Иохан Баптистын захиасыг хүлээж авахаас татгалзаж байсан.
Түүнчлэн Матай 23:27; Иохан 1:19–24; Судруудын удирдамжаас “Фарисайчууд”, Садукайчууд”-ыг үзнэ үү.
Maтай 3:13–17; Maрк 1:9–11; Лук 3:15–16, 21–22
Есүс Христ “аливаа зөвт байдлыг гүйцэлдүүлэхийн” тулд баптисм хүртсэн юм.
Та баптисм хүртэхдээ Аврагчийн жишээг дагасан. Аврагчийн баптисмыг дүрсэлсэн эдгээр шастираас сурч мэдсэн зүйлсээ өөрийнхөө баптисмын үеэр болсон зүйлстэй харьцуул.
Есүст ямар эрх мэдэлтэй хэн гэдэг хүн баптисм хүртээсэн бэ? |
Танд ямар эрх мэдэлтэй хэн гэдэг хүн баптисм хүртээсэн бэ? |
Есүс хаана баптисм хүртсэн бэ? |
Та хаана баптисм хүртсэн бэ? |
Есүс хэрхэн баптисм хүртсэн бэ? |
Та хэрхэн баптисм хүртсэн бэ? |
Есүс Христ яагаад баптисм хүртсэн бэ? |
Та яагаад баптисм хүртсэн бэ? |
Тэнгэрлэг Эцэг Есүсээр бахархаж байгаагаа хэрхэн илэрхийлсэн бэ? |
Тэнгэрлэг Эцэг танаар бахархаж байгаагаа хэрхэн илэрхийлсэн бэ? Тэр Түүнийг сайшаан баталж байгаагаа хэрхэн илэрхийлсэн бэ? |
Нифай Аврагчийн баптисмын тухай хэдэн чухал сургаал цэдэглэсэн. 2 Нифай 31-р бүлэг дээрх түүний үгс танд юу зааж байна вэ? Өөрийнхөө баптисмын туршлагыг тэмдэглэлдээ бичээрэй.
Мөн Иохан 1:32–33; Moзая 18:8–11; Сургаал ба Гэрээ 13:1; 20:37, 68–74-ийг үзнэ үү.
Maтай 3:16–17; Maрк 1:9–11; Лук 3:21–22
Бурхан Тэргүүтэний гишүүд гурван тусдаа биетэй гэдгийг Ариун Библи заадаг уу?
Бурхан Тэргүүтэний гишүүд бол гурван тусдаа хүн гэдгийг батлах олон нотолгоог Ариун Библи агуулдаг. Жишээлбэл, Аврагчийн баптисмын тухай шастир нь Бурхан Эцэг, Есүс Христ, Ариун Сүнс гурав тусдаа хүмүүс гэсэн сургаалыг дэмждэг. Аврагчийг баптисм хүртэж байхад Бурхан Эцэг тэнгэрээс ярьж, Ариун Сүнс (тагтаагаар төлөөлүүлэн) Түүн дээр ирсэн. Энэхүү үнэнийг заадаг судрын бусад хэсэг: Эхлэл 1:26–27; Maтай 17:1–5; Иохан 17:20–23; Үйлс 7:55–56; ба Сургаал ба Гэрээ 130:22.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлахад тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Иохан Баптист Аароны санваарыг атгаж байсан. Бид түүний тухай суралцаж байхдаа Аароны санваарын талаар юу сурч мэдэж болох вэ? Иоханы үлгэр жишээ Аароны санваартнуудад үүргээ биелүүлэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? (С ба Г 13:1; 20:46–60-ыг үзнэ үү.)
Гэр бүлийн гишүүддээ баптисм, Ариун Сүнсний бэлгийн тухай заахдаа тэдэнд ямар нэгэн бохир зүйл үзүүлээд, усаар угаалга. Энэ үйл ажиллагаа нь баптисмыг хэрхэн төлөөлж байна вэ? Дараа нь гэр бүлийнхнээсээ галын ариусгах шинж чанарын талаар ярихыг хүс. Яагаад Ариун Сүнсний бэлгийг “галын баптисм” гэж дүрслэн хэлдэг вэ? (Судруудын удирдамжийн “Ариун Сүнс”-ийг үзнэ үү.)
Бид Бурханы таалалд нийцэж байгаа гэдгээ хэзээ мэдэрсэн бэ? Гэр бүлээрээ Бурханы таалалд нийцэхийн тулд бид юу хийж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.