Ирээд, Намайг дага
1-р сарын 21–27. Иохан 1: Бид Мессиаг оллоо


“1-р сарын 21–27. Иохан 1: Бид Мессиаг оллоо,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“1-р сарын 21–27. Иохан 1,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

галт тэрэгний буудал дээр сайн мэдээ хуваалцаж буй эмэгтэй

1-р сарын 21–27

Иохан 1

Бид Мессиаг оллоо

Иохан 1-ийг уншаад, тунгаан бодохдоо төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Танд болон танай гэр бүлийн хувьд хамгийн үнэ цэнтэй ямар захиасыг та олж авсан бэ? Сүмийн ангидаа юу хуваалцаж болох вэ?

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хэрэв та Түүний мөнх бус амьдрал дахь тохинууллын үед амьдарч байсан бол Назарын Есүсийг Бурханы Хүү гэдгийг таних байсан болов уу? Олон жилийн турш Андрей, Петр, Филип, Натанаел зэрэг итгэлтэй израильчууд амлагдсан Мессиагийн ирэхийг хүлээн, залбирч байсан. Тэд Түүнтэй уулзаад, өөрсдийнх нь эрэлхийлж байсан Хүн мөн гэдгийг хэрхэн мэдсэн бэ? Тэд ч мөн “Ир, та нар харна” (Иохан 1:39) хэмээсэн урилгыг хүлээн авч, бидний мэдсэн тэрхүү арга замаар Аврагчийг мэдэж авсан. Бид судруудаас Аврагчийн тухай уншиж, сургаалыг нь сонсон, амьдралынх нь арга барилыг ажигладаг бөгөөд Түүний Сүнсийг мэдэрдэг. Ингэх явцдаа бид Натанаелын адил Аврагч бидэнд хайртай бөгөөд биднийг “илүү агуу зүйлсийг” (Иохан 1:50) хүлээн авахад бэлтгэхийг хүсдэг гэдгийг мэдэж авдаг.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Иоханы сайн мэдээ

Иохан гэж хэн байсан бэ?

Иохан нь Иохан Баптистын шавь байсан бөгөөд сүүлд нь Есүс Христийн анхны дагалдагчдын нэг, Арван хоёр төлөөлөгчийн нэг болсон. Тэрээр Иоханы сайн мэдээ, хэд хэдэн захидал болон Илчлэлт номыг бичжээ. Иохан сайн мэдээндээ өөрийгөө “Есүсийн хайрласан хүн,” “нөгөө шавь” (Иохан 13:23; 20:3) хэмээн бичсэн байдаг. Иоханы сайн мэдээг тунхаглах хүсэл тэмүүлэл бодгалиудыг Христэд авчирч болохын тулд бүр Аврагчийн Хоёр дахь ирэлт хүртэл дэлхий дээр үлдэхийг хүсэхээр тийм хүчтэй байсан юм (С ба Г 7:1–6-г үзнэ үү).

Түүнчлэн Судруудын удирдамжаас “Иохан,” “Иоханы Сайн мэдээ”-г үзнэ үү.

Иохан 1:1–5

Есүс Христ “эхэнд Бурхантай хамт байсан.”

Иохан сайн мэдээгээ “Эхэнд … Үг [Есүс Христ] Бурхантай хамт байсан” хэмээн Христийн төрөхөөсөө өмнө хийсэн ажлыг дүрслэн эхлүүлдэг. Та 1–5-р шүлгээс Аврагч, Түүний ажлын талаар юу олж мэдэж болох вэ? Тус болох тодруулгыг (Судруудын удирдамж) Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–5-аас олж болно. Аврагчийн амьдралын талаар суралцаж эхлэхэд Түүний мөнх бус байдлын өмнөх ажлыг мэдэж авах нь яагаад чухал вэ?

Иохан 1:1–18

Есүс Христийн шавь нар Түүнийг гэрчилдэг.

Иохан “жинхэнэ гэрлийн тухай гэрчлэхээр ирсэн” (Иохан 1:8–9, 15–18) хэмээн тунхагласан Иохан Баптистын гэрчлэлийн нөлөөгөөр Аврагчийг эрэлхийлэхээр өдөөгдсөн. Иохан өөрөө Аврагчийн амьдрал, номлолын тухай хүчирхэг гэрчлэлээ хуваалцсан юм.

Иоханы Христийн талаарх гэрчлэлийнхээ эхэнд оруулсан үнэнүүдээр жагсаалт гаргах нь сонирхолтой байж болох юм (1–18-р шүлэг, түүнчлэн [Судруудын удирдамж дахь] Иосеф Смитийн Орчуулга, Иохан 1:1–19-ийг үзнэ үү). Яагаад Иохан сайн мэдээгээ эдгээр үнэнээр эхлүүлсэн гэж та бодож байна вэ? Та Есүс Христийн талаар гэрчлэлээ бичихдээ юуг хуваалцахыг хүсэх вэ? Аврагчийг танин мэдэж, дагахад ямар ямар туршлага танд тусалсан бэ? Таны гэрчлэлийг сонсоод хэн адислагдаж болох вэ?

Иохан 1:12

“Бурханы хүүхэд болох” гэдэг нь ямар утгатай вэ?

Хэдийгээр бид бүгдээрээ Бурханы сүнсэн хөвгүүд, охид ч гэсэн нүгэл үйлдэхдээ Түүнээс тусгаарлагдаж эсвэл холддог. Есүс Христ бидэнд буцах замыг санал болгодог. Түүний цагаатгах золиослолоор дамжуулан сайн мэдээний гэрээнүүдэд дуулгавартай байх үед Тэрээр “[бидэнд] Бурханы хөвгүүд охид болох эрхийг” дахин өгдөг. Бид дахин төрж, Эцэгтэйгээ эвлэрүүлэгдэн, Түүнд байдаг бүх зүйлийн мөнхийн өв залгамжлагчид байхаар зөв зохистой болдог (Ром 8:14–18; Иаков 4:11).

Иохан 1:18

Хэн нэг нь Бурханыг харж байсан уу?

Хуучин Гэрээнд Бурханыг харсан хүмүүсийн жишээг цэдэглэсэн байдаг (Эхлэл 32:30; Египетээс гарсан нь 33:11; Исаиа 6:5-ыг үзнэ үү). Иохан Баптист яагаад “Бурханыг хэн ч, хэзээ ч хараагүй” гэж хэлсэн бэ? Энэ шүлгийн Иосеф Смитийн Орчуулга (Иохан 1:18, зүүлт тайлбар в) Бурхан Эцэг хүмүүнд харагддаг бөгөөд ингэхдээ Өөрийн Хүүг гэрчилдэг гэдгийг тодорхой тайлбарладаг. Жишээлбэл, Тэр Ариун ойн цоорхойд Иосеф Смитэд үзэгдэхдээ Иосефт хандан “Энэ бол миний Хайртай Хүү, Түүнийг сонс!” хэмээн хэлсэн. (Иосеф Смит—Түүх 1:17 мөн С ба Г 76:23-ыг үзнэ үү). Хүмүүс Бурхан Эцэгийг үзэгдэлд харсан (Үйлс 7:55–56; Илчлэлт 4:2; 1 Нифай 1:8; С ба Г 137:1–3) эсвэл Хүүгээ гэрчилж буй Түүний дууг сонссон (Матай 3:17; 17:5; 3 Нифай 11:6–7-г үзнэ үү) тухай хэд хэдэн өөр жишээ цэдэглэгдсэн байдаг.

Иохан 1:19–23

Елиа гэж хэн бэ? “Өнөөх эш үзүүлэгч” гэж хэн бэ?

Иудейчүүдийн удирдагчид хэзээ нэгэн өдөр хүмүүсийн дунд ирэх бошиглогчийн тухай эртний бошиглолыг Иохан Баптист гүйцэлдүүлж байгаа юм болов уу хэмээн гайхацгааж байсан. Тэд түүнээс бүх зүйлийг сэргээнэ хэмээн бошиглосон Елиас буюу грекээр Eлиа хэмээх бошиглогч мөн үү гэж асуужээ (Maлахи 4:5–6-г үзнэ үү). Мөн тэд “өнөөх Эш үзүүлэгч” мөн үү хэмээн түүнээс асуусан бөгөөд энэ нь Дэд хууль 18:15-д дурдсан “эш үзүүлэгч”-ийг хэлсэн болов уу. Иохан өөрийгөө тэдгээр эш үзүүлэгчийн аль нь ч биш, харин Исаиагийн хэлсэн Их Эзэний замыг бэлтгэхээр ирсэн бошиглогч гэдгээ тайлбарласан (Исаиа 40:3-ыг үзнэ үү).

Судруудын удирдамжийн “Елиас”-ыг бас үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд танд Сүнс туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Судар уншиж буй охин

Бид судраас унших үедээ амьдралдаа хэрэгтэй сүнслэг өдөөлтийг хүлээн авах болно.

Иохан 1:4–10

Та эдгээр шүлгээс гэрлийн тухай уншсан зүйлсээ төсөөлөн бодоход нь гэр бүлдээ хэрхэн тусалж болох вэ? Гэр бүлийн гишүүн тус бүрээр харанхуй өрөөнд гэрэл тусгуулж, Аврагч хэрхэн тэдний амьдралын Гэрэл болдог тухай хуваалцуулж болно. Тэгээд Иохан 1:4–10-ыг унших үед гэр бүлийн гишүүд Дэлхийн Гэрэл Есүс Христийн тухай Иоханы гэрчлэл дээр нэмэгдэх нэмэлт ойлголт олж авч болно.

Иохан 1:35–46

36-р шүлэгт буй Иохан Баптистын гэрчлэлийг анзаараарай. Түүний гэрчлэлийн үр дүн юу байсан бэ? (35–46-р шүлгийг үзнэ үү). Танай гэр бүл эдгээр шүлэгт дүрслэгдсэн хүмүүсээс сайн мэдээг хэрхэн хуваалцах талаар юу сурсан бэ?

Иохан 1:45–51

Натанаел Аврагчийн тухай гэрчлэлийг олж авахад тусалсан ямар зүйл хийсэн бэ? Бид гэрчлэлээ хэрхэн олж авсан бэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Заах чадвараа сайжруулах

Үзүүлэнт хичээлүүдийг заах. Гэр бүлээрээ уншиж байгаа сударт гарсан зарчмуудыг ойлгоход нь туслах үзүүлэнг олохыг гэр бүлийн гишүүдээсээ хүс. Жишээлбэл, тэд Христийн Гэрлийг лаагаар төлөөлүүлэн ашиглаж болно (Иохан 1:4-ийг үзнэ үү).

Есүс Христ дэлхийг бүтээсэн нь

Волтэр Рэйн, Иехова дэлхийг бүтээсэн нь