“1-р сарын 7–13. Матай 1; Лук 1: ‘Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“1-р сарын 7–13. Матай 1; Лук 1,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
1-р сарын 7–13
Maтай 1; Лук 1
“Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”
Матай 1, Лук 1-ийг уншаад, тунгаан бодож, хүлээн авсан сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Та сургаалын ямар үнэнийг олсон бэ? Ямар захиас танд болон танай гэр бүлийн хувьд хамгийн үнэ цэнтэй байх вэ? Энэхүү тойм дахь суралцах санаанууд нь нэмэлт ойлголт олж авахад тань тус болж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Мөнх бус байдлын үүднээс бол энэ нь боломжгүй зүйл байсан юм. Онгон бүсгүй хүүхэд төрүүлж чадахгүй. Хүүхэд тээх наснаас хэтэрсэн, хүүсэр эмэгтэй ч мөн хүүхэд олж чадахгүй. Гэвч Бурхан Өөрийн Хүүгийн болон Иохан Баптистын төрөлтийг төлөвлөсөн байсан бөгөөд ямар ч саад бэрхшээлийг үл тоон Мариа, Елизабет хоёр ээж болцгоосон билээ. Боломжгүй мэт санагдсан ямар нэгэн зүйлтэй тулгарах бүрдээ тэдний гайхамшигтай туршлагыг санах нь бидэнд тус болж болно. Бид сул талуудаа ялан дийлж чадах уу? Бид сургаалд тоомжиргүй ханддаг гэр бүлийнхээ гишүүний зүрх сэтгэлийг хөндөж чадах уу? Габриел “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” (Лук 1:37) хэмээн Мариад сануулахдаа бидэнд хандан ярьж байсан байж магадгүй. Мөн Бурхан Өөрийн хүслийг илэрхийлэхэд Мариагийн “Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай” (Лук 1:38) гэж хэлсэн үгс бидний өгөх хариулт байж болно.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Матай, Лук гэж ямар хүмүүс байсан бэ?
Матай татвар хураагч иудей хүн байсан бөгөөд Есүс түүнийг төлөөлөгчдийнхөө нэгээр дуудсан (Матай 10:3 мөн Судруудын удирдамж, Татвар хураагч-ийг үзнэ үү). Матай сайн мэдээгээ голчлон иудейчүүдэд зориулан бичсэн тул Есүсийн амьдрал, тохинууллаар дамжин гүйцэлдсэн Хуучин Гэрээн дэх Мессиагийн тухай бошиглолуудыг онцлон тодорхойлохыг зорьжээ.
Лук бол төлөөлөгч Паултай хамт аялан явдаг оточ харь хүн (иудей биш) байсан юм. Тэр Аврагчийг нас барсны дараа голчлон иудей биш уншигчдад зориулан сайн мэдээгээ бичсэн. Есүс Христ бол харийнхан болон иудей хүмүүсийн аль алиных нь Аврагч юм хэмээн тэр гэрчилсэн. Тэрээр Аврагчийн амьдралын үйл явдлуудыг нүдээр үзсэнээ цэдэглэн бичсэн бөгөөд бусад сайн мэдээтэй харьцуулахад эмэгтэйчүүдийн тухай түүхүүдийг илүү түлхүү багтаасан байдаг.
Судруудын удирдамжаас “Сайн мэдээнүүд,” “Maтай,” “Лук”-ыг мөн үзнэ үү.
Аврагч яагаад мөнх бус эх, мөнхийн Эцэг хоёроос төрөх ёстой байсан бэ?
Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон Есүс Христийн Цагаатгал нь “үхэлд харьяалагддаггүй мөнх хүмүүнээр хийгдэх хувийн золиослолыг шаардаж байв. Тэрбээр үхээд Өөрийн бие махбодыг эргүүлэн авах ёстой байлаа. Аврагч үүнийг гүйцэлдүүлж чадах цорын ганц нь байсан юм. Тэрбээр эхээсээ үхэх хүчийг өвлөн авсан бол Эцэгээсээ үхлийг ялах хүчийг өвлөн авсан юм” хэмээн тайлбарласан (“Constancy amid Change,” Ensign, 1993 оны 11-р сар, 34).
Бурханы адислалууд Түүний цаг хугацаанд ирдэг.
Ямар нэгэн шалтгаанаар Елизабет, Захариа хоёрын хүүхэдтэй болохыг хүссэн адислалыг тэдний бодож байснаас хамаагүй хожуу өгсөн нь Бурханы цаг хугацааны зохицуулалт юм. Хэрэв та адислал ирэхийг хүлээж байгаа эсвэл Бурхан таны залбирлыг сонсохгүй байгаа мэт санагдаж байвал Елизабет, Захариа хоёрын түүх танд Бурхан таныг мартаагүй гэдгийг сануулах болно. Танд зориулсан төлөвлөгөө Түүнд байгаа бөгөөд Тэрээр зөв шударга гэгээнтнүүддээ өгсөн амлалтаа үргэлж биелүүлдэг билээ. Ахлагч Жэффри Р.Холландын амласнаар “Зарим адислал удалгүй ирдэг, зарим нь оройтож ирдэг, зарим нь тэнгэрт очих хүртэл ирдэггүй хэдий ч Есүс Христийн сайн мэдээг хүлээн авсан хүмүүсийн хувьд бол заавал ирнэ” (“An High Priest of Good Things to Come,” Ensign, 1999 оны 11-р сар, 38). Захариа, Елизабет хоёр хэрхэн итгэлтэй хэвээр байсан бэ? (Лук 1:5–25, 57–80-ыг үзнэ үү). Та адислал ирэхийг хүлээж байна уу? Хүлээж байхдаа юу хийхийг Их Эзэн танаас хүсэж байна гэж танд санагдаж байна вэ?
Энэхүү түүхэнд Их Эзэний танд зориулсан өөр ямар захиас байна вэ?
Итгэлтэй хүмүүс Бурханы хүслийг дуртайяа дагадаг.
Мариагийн адил бид заримдаа бидэнд зориулсан Бурханы төлөвлөгөө өөрсдийн маань төлөвлөж байснаас тэс өөр болохыг олж мэддэг. Та Мариагийн Бурханы хүслийг хүлээн зөвшөөрсөн тухай түүхээс юу сурсан бэ? Дараах хүснэгтэд тэнгэр элч, Мариа хоёрын хэлсэн үгсээс (Лук 1:26–38-ыг үзнэ үү) мөн тэдний үгсээс олж харсан захиасаа бичнэ үү.
Мариад хэлсэн Тэнгэр элчийн үгс |
Надад зориулсан захиас |
---|---|
Мариад хэлсэн Тэнгэр элчийн үгс “Эзэн чамтай хамт байна” (28-р шүлэг). | Надад зориулсан захиас Их Эзэн миний нөхцөл байдал, зовлон зүдгүүрийг мэддэг. |
Мариад хэлсэн Тэнгэр элчийн үгс | Надад зориулсан захиас |
Мариад хэлсэн Тэнгэр элчийн үгс | Надад зориулсан захиас |
Мариагийн хариу үйлдэл |
Надад зориулсан захиас |
---|---|
Мариагийн хариу үйлдэл “Энэ нь яаж бүтэх билээ?” (34-р шүлэг). | Надад зориулсан захиас Ойлгохгүй байгаа үедээ асуулт тавьж болно. |
Мариагийн хариу үйлдэл | Надад зориулсан захиас |
Мариагийн хариу үйлдэл | Надад зориулсан захиас |
Та Maтай 1:18–25-д гардаг Иосефын зөвт үлгэр жишээг уншаад, Бурханы хүслийг хүлээн зөвшөөрөх тухай юу сурч болох бэ? Та Захариа, Елизабет хоёрын туршлагаас юу сурч болох вэ? (Лук 1-ийг үзнэ үү).
Түүнчлэн Moзая 3:19; Лук 22:42; Хиламан 10:4–5 болон Судруудын удирдамжаас “Габриел”-ыг үзнэ үү.
Мариа Есүс Христийн номлолын тухай гэрчлэв.
Лук 1:46–55 дахь Мариагийн үгс Аврагчийн номлолыг урьдчилан хэлсэн байдаг. Та Мариагийн хэлсэн үгсээс Есүс Христийн тухай юу мэдэж авсан бэ? Эдгээр шүлгийг 1 Самуел 2:1–10 дахь Ханнагийн үгс, Матай 5:4–12 дахь Есүсийн ерөөлүүдтэй харьцуулснаар Аврагчийн санал болгодог адислалуудын тухай ямар нэмэлт ойлголтуудыг олж авсан бэ? Эдгээр ойлголтыг тунгаан бодох үед Сүнс танд юу заадаг вэ?
Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Гэр бүл тань Есүсийн удмын бичгийг уншиж байх хооронд та Түүний удам Иосефоос дээш Давид хаан хүртэл явдгийг тайлбарлаж болно. Давидын удмаар дамжин Мессиа ирэх болно хэмээн бошиглосон болохоор энэ нь маш чухал удам байсан (Иеремиа 23:5–6-г үзнэ үү). Энэ нь гэр бүлийнхээ түүхийг ярилцаж, өвөг дээдсийнхээ тухай түүхийг хуваалцах сайхан боломж байж болох юм. Гэр бүлийнхээ түүхийг мэдэх нь танай гэр бүлийг хэрхэн адислах вэ?
Эдгээр шүлэгт гарсан хүмүүс яагаад айдастай байсан бэ? Юу бидний айдсыг хүргэдэг вэ? Бурхан бидэнд хэрхэн “бүү ай” хэмээн хэлж байж болох вэ?
Та “Бурханд боломжгүй юм гэж нэг ч байхгүй” хэмээх итгэлийг хөгжүүлэхэд нь гэр бүлдээ туслахын тулд хамтдаа Лук 1-ээс Бурханы хийсэн боломжгүйд тооцогдох зүйлсийг олж болно. Тэд судраас эсвэл өөрсдийн амьдралд тохиолдсон боломжгүй мэт санагдах зүйлсийг Бурхан хийсэн тухай өөр ямар түүхийг хуваалцаж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.