“1-р сарын 7–13. Матай 1; Лук 1: ‘Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“1-р сарын 7–13. Матай 1; Лук 1,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
1-р сарын 7–13
Maтай 1; Лук 1
“Хэлсэн үгсийн тань дагуу надад биелэх болтугай”
Эхлээд Maтай 1 болон Лук 1-ийг унш. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр бүлгийг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд заах санаа өгнө. Хэрэв танд бага насны хүүхдүүдэд заахад нэмэлт тусламж хэрэгтэй бол та энэ эх сурвалжийн эхэнд буй “Бага насны хүүхдүүдийн хэрэгцээнд нийцүүлэх нь”-ийг үзнэ үү.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Тойрог болж суухыг хүүхдүүдээс хүсээд, дараа нь нэг хүүхдээс энэ долоо хоногт эсвэл өөр үед судруудаас олж мэдсэн нэг зүйлээ хуваалцахыг хүс. Тэр хүүхэд тойргийн өөр нэг хүүхэд рүү бөмбөг өнхрүүлснээр эсвэл түүн рүү зааснаар дараагийн хүүхэд хуваалцана.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Тэнгэр элчүүд Есүс төрснийг зарлав.
Тэнгэр элч Мариа, Иосеф хоёр дээр айлчилж, Есүс Христийн төрснийг зарласан. Эдгээр үйл явдал Христийн төрөлт хэр чухал байсныг ойлгоход хүүхдүүдэд тусалдаг.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдийн эцэг эхийг Мариа, Иосеф хоёр болгон хувцаслаж ангид ирэхийг урь. Тэднээс Maтай 1:18–25 болон Лук 1:26–38-д цэдэглэсэн үйл явдлыг хуваалцахыг хүс.
-
Тэнгэр элч Мариа, Иосеф хоёрт үзэгдсэн түүхийг эдгээр шүлэгт цэдэглэснээр нь ярь. (Мөн Шинэ Гэрээний түүхүүд-ийн х. 8–9, 12 дээрх “Бүлэг 2: Мариа ба Тэнгэр элч” болон “Бүлэг 4: Иосеф ба Тэнгэр элч”-ийг эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү.) Та Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлж болно. Хүүхдүүдийг уг түүхийг танд эргүүлэн ярихад урь.
-
Дараа нь хүүхдүүдийг Maтай 1:18–25 болон Лук 1:26–38-д гардаг түүхийн зургийг зурахад урь.
Тэнгэрлэг Эцэг миний залбиралд хариулдаг.
Захариа, Елизабет хоёр хүүхэдтэй болохын тулд олон жил залбирч байсан байж магадгүй. Эцэст нь Тэнгэрлэг Эцэг тэдэнд Иохан Баптист хэмээх хүүг илгээж, тэдний залбиралд хариулсан. Тэнгэрлэг Эцэг залбиралд хариулдаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд туслахын тулд та энэ түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Лук 1:5–20, 57–63-т гардаг түүхийг өөрийн үгээр хуваалц. Та энэ түүхийг хэд хэдэн удаа давтаж болно. Хүүхдүүдэд тэнгэр элч, Захариа, Елизабет нарын дүрд тоглож, түүхийг жүжигчлэн үзүүлэх даалгавар өг. Тэнгэрлэг Эцэг Елизабет, Захариа хоёрын залбиралд хариулсан гэдгийг онцлоод, Тэнгэрлэг Эцэг таны залбиралд хариулж байсан туршлагаас хуваалц.
-
Хүүхдүүдэд хэрхэн залбирахыг заахын тулд Children’s Songbook номын 25-р хуудсан дээрх дууг эсвэл өөр дуу ашигла. Та түүнчлэн хамтдаа Children’s Songbook номын 12–13-р хуудасны “A Child’s Prayer” дууг дуулж болно. Хүүхдүүдийг дуулахдаа “залбир” эсвэл “залбирал” гэсэн үгсийг хэлэх бүрд толгойгоо бөхийлгөж, гараа нийлүүлэхэд урь.
-
Хүүхэд бүрээс залбирч болох ямар нэг зүйлийг төлөөлсөн үйлдэл үзүүлэхийг хүс. Үзүүлсэн үйлдэл нь юуг төлөөлж байгааг бусад хүүхдээр таалга. Тэд энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрээс санаа авч болно.
Есүс Христ бол Бурханы Хүү.
Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэг, Мариа хоёрын хүү мөн. Та Түүний талаар илүү их суралцахад хүүхдүүдэд туслахын тулд юу хийж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Тэнгэр элч Мариад бяцхан хүү нь Бурханы Хүү хэмээн дуудагдах болно гэж хэлснийг хүүхдүүдэд хэл (Лук 1:35-ыг үзнэ үү). Хүүхдүүдэд “Есүс Христ бол Бурханы Хүү” гэдэг хэллэгийг давтаж хэлэхэд тусал. Хүүхдүүдийг өөрсдийн эцэг эхийг зурахад урих замаар Есүсийн эцэг эх хэн байсныг ойлгоход тусал. Зурж байх үед нь Есүст ч бас эцэг эх байсан ба тэд бол Мариа, Тэнгэрлэг Эцэг хоёр юм гэдгийг хэл. Үүнээс гадна, Есүсийг дэлхий дээр амьдрах хугацаанд нь хамгаалахыг Иосефоос хүссэн.
-
Есүс Бурханы Хүү байсан учраас бидний нүглийн улмаас нас барж мөн амилах чадвартай байсан хэмээн гэрчлэлээ хуваалц. Есүсийн цовдлуулсан болон амилсан тухай зургийг үзүүл (Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 57, 59-ийг үзнэ үү).
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Бурханд боломжгүй зүйл гэж үгүй.
Есүс, Иохан Баптист хоёрын төрсөн нь зөвхөн Бурханы хүчээр боломжтой байсан. Эдгээр гайхамшгийн талаар суралцах нь Бурхан амьдралд нь гайхамшгийг үйлдэх хүчтэй гэсэн хүүхдүүдийн итгэлийг хүчирхэгжүүлнэ.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Та хүүхдүүдтэй хамт Матай 1:18–25, Лук 1:5–37-г уншихдаа тэднээс “Та нар Мариа байсан бол юу гэж хэлэх байсан бэ?” эсвэл “Та нар Захариагийн оронд байсан бол ямар санагдах байсан бэ?” гэх мэт асуултууд тавь.
-
Иохан Баптист, Есүс Христ хоёрын төрсөн тухай түүхийг энгийн үгсээр ярьж өг. Бурханы хүчгүйгээр хийх боломжгүй мэт санагдах ямар нэг зүйлийн тухай сонсох бүрд гараа өргөхийг хүүхдүүдээс хүс. Бурхан боломжгүй мэт санагдсан ямар нэгэн зүйлийг хийсэн өөр ямар түүхийг хүүхдүүд хуваалцаж болох вэ?
-
Хүүхдүүдэд Лук 1:37-г цээжлэхэд тусал. Үүнийг хийхийн тулд та уг шүлгийг самбарт бичээд, хэд хэдэн удаа давтан хэлэхийг хүүхдүүдээс хүс. Давталт бүрийн дараа нэг үг арилга.
Матай 1:21–25; Лук 1:30–35, 46–47
Есүс Христ бол Бурханы Хүү.
Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэг, Мариа хоёрын хүү мөн. Энэ үнэнийг сурахад та хүүхдүүдэд хэрхэн тусалж чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдээс Лук 1:30–35-ыг уншаад, дараах асуултуудын хариултыг олохыг хүс. Тухайлбал: “Есүсийн ээж хэн байсан бэ?” мөн “Есүсийн аав хэн бэ?” Есүс Христ бол Тэнгэрлэг Эцэгээс махан биед төрсөн цорын ганц хүү гэдгийг ойлгоход тэдэнд тусал (мөн 1 Нифай 11:18–21-ийг үзнэ үү).
-
Эдгээр шүлгийг уншихдаа, Есүс Христийн нэр эсвэл хэргэм зэргийг хайж олоход хүүхдүүдийг урь. Эдгээр нэр ямар утгатай мөн Есүсийн тухай бидэнд юу заадаг вэ?
-
Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцаж мөн хүүхдүүдийг гэрчлэлээ хуваалцахад урь.
Тэнгэрлэг Эцэг миний залбирлыг сонсож, хариулдаг.
Бурхан залбиралд хариулдаг ч бидний хүссэн арга замаар үргэлж хариулдаггүй. Та хүүхдүүдэд энэ үнэнийг заахын тулд Захариа, Елизабет хоёрын түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Адислал авах гэж залбирсан боловч үүнийгээ хараахан хүлээж аваагүй байгаа хүнд юу гэж хэлэх байсныг хүүхдүүдээс асуу. Тэднийг Лук 1:5–25, 57–80-ыг уншиж байхдаа энэ асуултыг бодож үзэхэд урь. (Мөн Шинэ Гэрээний түүхүүд-ийн х. 6–7, 10–11 дээрх “Бүлэг 1: Eлизабет ба Захариа” болон “Бүлэг 3: Иохан Баптист мэндэлсэн нь” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү.) Захариа, Елизабет хоёр залбиралд нь хариу өгөөгүй мэт санагдаж буй хүнд юу гэж хэлэх байсан бол?
-
Тэнгэрлэг Эцэг залбиралд нь хариулж байсан туршлагаасаа хуваалцахыг хэд хэдэн хүүхдэд урьдчилан хэл. Гэнэт залбиралд тань хариу өгсөн тохиолдлоос хуваалц.
-
Хүүхдүүдийг Тэнгэрлэг Эцэг залбиралд нь хариулж байсан үеэ зурахад урь. Зургаа ангийнхантайгаа хуваалцах боломжийг тэдэнд олго.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдийг зурсан зургуудаа гэрийнхэндээ үзүүлээд, гэр бүлийн гишүүдээсээ Бурхан залбиралд нь хариулж байсан үеэ хуваалцахыг хүсэхэд урамшуул.