“12-р сарын 31-ээс 1-р сарын 6. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“12-р сарын 31-ээс 1-р сарын 6. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
12-р сарын 31-ээс 1-р сарын 6
Бид өөрсдөө суралцах үүрэгтэй
Энэ тойм дахь судруудыг уншиж байхдаа хүлээж авах сүнслэг өдөөлтүүдээ бичиж тэмдэглэ. Та энэ гарын авлагын тойм бүрд бага насны хүүхдүүд болон том хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаанууд байгааг харж болно. Гэхдээ та аль ч үйл ажиллагааг ангидаа зориулан өөрчилж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хичээл бүрийн эхэнд сайн мэдээний талаар ойлгож мэдсэн зүйлээ хуваалцах боломжийг хүүхдүүдэд олго. Жишээлбэл, энэ долоо хоногт та тэднийг Есүс Христийн тухай дуртай түүхээ хуваалцахад урьж болно.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Есүс Христ намайг Өөрийг нь дагаасай хэмээн хүсдэг.
Энэ жил та хүүхдүүдтэйгээ хамт Есүс Христийн амьдралаас олон түүх уншина. Бид эдгээр түүхээс суралцсанаар Есүс Христийн төгс үлгэр жишээг илүү сайн дагаж чадна гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Лук 18:22 дахь “Ирээд, Намайг дага” хэмээх Аврагчийн урилгыг унш. Нэг хүүхдийг үйлдэл хийсний дараа бусад хүүхдэд “Ирээд, Намайг дага” гэж хэлдэг тоглоом тогло. Бусад хүүхдийг уг үйлдлийг дагаж хийхэд урь.
-
Аврагчийн мөнх бус амьдрал дахь тохинууллын үеэр болон өнөө цаг үед өөр өөр арга замаар Түүнийг дагаж байгаа хүмүүсийн зургийг үзүүл. Та Сайн мэдээний зургийн цуглуулга эсвэл Сүмийн сэтгүүлүүдээс зургууд олж болно. Та мөн “Дэлхийг гэрэлтүүл” (LDS.org) видео бичлэгийг үзүүлж болно. Хүмүүс Аврагчийг хэрхэн дагаж байгааг хүүхдүүдээр олж тогтоолго.
-
Аврагчийг дагахын тулд хийж буй зүйлүүдээ бодоход хүүхдүүдэд тусал. Children’s Songbook номын 108-р хуудсан дээрх “Seek the Lord Early” дууг дуулах нь тэдэнд зарим санааг өгч болох юм. Эдгээр зүйлийг өөрсдөө хийж байгаагаар өөрсдөөр нь зуруул.
Судрууд бол үнэн.
Хүүхдүүд уншдаг болохоосоо өмнө судрууд бол үнэн гэсэн гэрчлэлтэй болж чадна. Та энэ жил хүүхдүүдтэй хамт судруудыг судлахдаа судрууд бол үнэн гэдгийг өөрсдөө мэдэж авахад тэдэнд тусалж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг төрсөн өдрөөрөө эсвэл бусад тохиолдлоор хүлээн авч байсан дуртай бэлгийнхээ тухай ярихад урь. Бэлгийн боодолд боосон судар авчирч, нэг хүүхдээр задлуулаад, судрууд бол Тэнгэрлэг Эцэгээс бидэнд ирсэн бэлэг гэдгийг гэрчил.
-
Хүүхдүүдэд уран зохиолын ном харуулж мөн тэднээс дуртай түүхийг нь асуу. Тэдэнд судар харуулаад, сударт Бурханы бидэнд зориулсан үг байдаг ба бодитой амьдарч байсан хүмүүс болон үнэхээр болсон үйл явдлуудыг өгүүлдэг гэдгийг гэрчил.
-
2 Тимот 3:15 болон Моронай 10:3–5-д байгаа захиасыг хуваалцаад, хэд хэдэн хэллэгийг давтаж хэлэхэд хүүхдүүдэд тусал. Судрууд үнэн гэдгийг өөрсдөө мэдэж болно гэдгийг ойлгоход тэдэнд тусал.
-
Аврагчийн зургийг нуугаад, хүүхдүүдэд зургийг олоход туслах сэжүүр гаргаж өг. Судруудыг судлах нь бидэнд Есүс Христийг таньж мэдэхэд тусалдаг гэдгийг ойлгоход хүүхдүүдэд тусал. Хүүхдүүдээр ээлжлүүлэн зургийг нуулгаж, бусад хүүхдэд сэжүүр гаргуул.
-
Хамтдаа Children’s Songbook номын 108–109-р хуудсан дээрх “Seek the Lord Early” болон “Search, Ponder, and Pray” дууг дуулж, дууны үгтэй нийцсэн хөдөлгөөн зохиож хийхэд хүүхдүүдэд тусал. Өөрийн дуртай нэг эсвэл хоёр судрыг хүүхдүүдтэй хуваалцаад, судрууд үнэн гэдгийг хэрхэн мэддэг болсноо тэдэнд хэл. Хэрэв хүүхдүүдэд дуртай судар эсвэл судрын түүхүүд байдаг бол тэднийг хуваалцахад урь.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Есүс Христ намайг Өөрийнх нь талаар суралцаж мөн Өөрийг нь дагаасай хэмээн хүсдэг.
Есүс Христийг хэрхэн мэддэг болсноо бод. Түүний талаар суралцаж, Түүнийг дагахад хүүхдүүдэд туслахын тулд та юу хийж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг дотнын найзынхаа тухай мөн түүнийг хэрхэн найзаа болгосныг ярихад урь. Иохан 5:39 ба Иохан 14:15-ыг уншиж ярилцаад, Есүстэй илүү ойр байх арга замуудыг ол. Түүнтэй ойр байгаагаа мэдэрч байсан үеэ хуваалцахыг хүүхдүүдээс хүс.
-
Ангийнхнаа дагуулан цуглааны байраар алх. Хүүхдүүдийг алхаж байхдаа Аврагчийг дагаж болох арга замыг (баптисмын усан сан эсвэл зураг) сануулсан ямар нэг зүйл харвал гараа өргөхөд урь.
-
Хүүхдүүдтэй хамт Hymns номын 116-р хуудсан дахь “Come, Follow Me” дууг дуул. Хүүхдүүдийг Аврагчийн үлгэр жишээг дагаж байсан үеэсээ хуваалцахад урь.
Би өөрийнхөө төлөө судруудыг судалж чадна.
Та хүүхдүүдтэй хамт судар уншиж, тэднээс асууж байхдаа тэдэнд судруудаас суралцаж, үнэ цэнтэй мэдлэг олж авч чадна гэсэн итгэлийг төрүүлж чадна.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Иохан 5:39, Үйлс 17:10–11-ийг чанга уншаад, судруудыг хэрхэн судлах талаар юу сурсныг нь хүүхдүүдээс асуу.
-
Шинэ Гэрээнээс хэдэн энгийн, хүчтэй судар сонгож, бүгдийг нь жижиг цаасан дээр бичээд, цаасаа нуу. Ангид эсвэл сүмийн байран дотор эдгээр судрыг олох “эрдэнэсийн эрэлд” хүүхдүүдийг хөтлөх сэжүүрүүд бэлд. Тэднийг судар бүрийг олсны дараа уг судар ямар утгатай мөн энэ нь яагаад үнэ цэнтэй болохыг ярилц.
-
Нандигнаж явдаг хэдэн судраа хуваалцаад, эдгээр нь таны хувьд яагаад утга учиртай болохыг тайлбарла. Хүүхдүүд гэртээ эсвэл Хүүхдийн хэсэгт байхдаа энэ жил Шинэ Гэрээнээс олж болох үнэ цэнтэй судруудын жагсаалтыг ангиараа гарга.
-
Яагаад заримдаа судраас унших нь хэцүү байдаг талаар хүүхдүүдтэй ярилц. Хүүхдүүдээс судар судлах талаар нэг нэгэндээ зөвлөж мөн хуваалцахыг хүс. Түүнчлэн судартай холбоотой ямар нэг эерэг туршлагаасаа хуваалцахыг тэднээс хүс.
-
Судрыг хэр ойрхон уншиж байгаагаа тэмдэглэхэд ашиглах энгийн хуанли хийхэд хүүхдүүдэд тусал. Эдгээр хуанли нь өдөр бүр судраас уншихыг тэдэнд сануулна.
Надад өөрийн гэсэн гэрчлэл хэрэгтэй.
Саад бэрхшээлийг даван туулах үед итгэлээ хүчирхэг байлгахын тулд таны заадаг хүүхдүүдэд өөрсдийн гэсэн гэрчлэл хэрэгтэй болно. Та тэдэнд үнэнийг өөрсдөө олж мэдэхэд сүнслэгээр нөлөөлөхийн тулд юу хийж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Арван охины түүхийг хуваалц (Maтай 25:1–13-ыг үзнэ үү; мөн “Бүлэг 47: Арван залуу эмэгтэй,” Шинэ Гэрээний түүхүүд, 118–120 эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү). Хүүхдүүдэд дараах асуултыг тавь. Үүнд: Бидний гэрчлэл хэрхэн дэнлүүтэй адилхан бэ? Яагаад өөрсдийн гэсэн гэрчлэлтэй байх чухал вэ?
-
Бид гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд юу хийж болох талаар ярилц. Иохан 7:17, Moронай 10:3–5-ыг судалж санаа олоход хүүхдүүдийг урь. Тэднийг үнэн гэдгийг нь мэддэг зүйлүүдээ хуваалцахад урь.
-
Гэрчлэлтэй болохын тулд хийдэг залбирах гэх мэт зүйлийн талаар дүрсэлсэн үгсийг угсардаг тоглоомын хэсэг дээр бичихийг хүүхдүүдээс хүс. Угсардаг тоглоом ашиглан хүүхдүүдээр гэрчлэлийг төлөөлсөн байгууламж босгуул.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Та хүүхдүүдийг мөн тэдний эцэг эхчүүдийг гэртээ Шинэ Гэрээнээс суралцахад хэрхэн урамшуулан дэмжиж болох вэ? Жишээлбэл, та хүүхдүүдийг ангид ярилцсан судруудын нэгийг цээжлэхэд (тухайн судрыг богино өгүүлбэрүүдэд хуваах нь тустай байж болно) мөн шүлгүүдийг гэр бүлийнхэнтэйгээ хуваалцахад урамшуулж болно.