Ирээд, Намайг дага
12-р сарын 31-ээс 1-р сарын 6 Бид өөрсдөө суралцах үүрэгтэй


“12-р сарын 31-ээс 1-р сарын 6. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“12-р сарын 31-ээс 1-р сарын 6. Бид өөрсдөө суралцах үүрэгтэй,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Зургийн цомгоо үзэж буй гэр бүл

12-р сарын 31–ээс 1-р сарын 6.

Бид өөрсдөө суралцах үүрэгтэй

Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав удирдамжийн зорилго нь Христэд ирж, Түүний сайн мэдээнд илүү гүн хөрвөгдөхөд тань туслах явдал юм. Энэхүү эх сурвалж нь судруудыг ойлгож, тэдгээрт байдаг танд болон гэр бүлд тань хэрэгтэй сүнслэг хүчийг олж авахад тусална. Ингэснээр та Сүмийн ангидаа санал бодлоо хуваалцах мөн бусад гэгээнтэнд Христийг дагахаар хичээж зүтгэж байгаад нь урам өгөх бэлтгэлтэй байх болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

“Та нар юу эрнэ вэ?” хэмээн Есүс шавь нараасаа асуусан (Иохан 1:38). Энэ жил таны Шинэ Гэрээнээс суралцах зүйлс эрж хайх зүйлээс тань шууд хамааралтай учраас та өөртөө энэ асуултыг тавьж болох юм. “Хай, тэгвэл та нар олно” (Maтай 7:7) хэмээн Аврагч амласан. Суралцаж байх үедээ санаанд орж ирсэн асуултыг тавьж, хариултыг нь хичээнгүйлэн эрэлхийл. Та Шинэ Гэрээнээс Есүс Христийн шавь нарын хүчирхэг сүнслэг туршлагын тухай унших болно. Та Аврагчийн итгэлтэй шавийн хувьд энэ ариун нандин номонд гардаг “Ирээд, Намайг дага” (Лук 18:22) хэмээх Түүний урилгыг хүлээн авснаар өөрийн гэсэн хүчирхэг сүнслэг туршлагыг олж авч чадна.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Би чин сэтгэлээсээ Аврагчаас суралцахын тулд “Ирээд, Намайг дага” хэмээх Түүний урилгыг хүлээн авах ёстой.

“Ирээд, Намайг дага” хэмээсэн Аврагчийн урилга нь шавь байх зам дээр дөнгөж гарсан эсвэл бүхий л амьдралынхаа турш энэ замаар алхаж байгаа эсэхээс үл шалтгаалан бүх хүнд хамаатай. Энэ нь зарлигуудыг дагахыг хичээж байсан чинээлэг залуу эрд өгсөн Түүний урилга билээ (Maтай 19:16–22-ыг үзнэ үү). Шавь байх гэдэг нь Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрт бүхий л бодгалиа зориулах гэсэн утгатай болохыг тэрээр ойлгож мэдсэн бөгөөд энэ нь бидний ч ойлгож авах ёстой зүйл юм. Тэднийг бүрэн дүүрэн дагахын тулд бидэнд юу дутагдаж байгаа болон юуг өөрчлөх, эрэлхийлэх хэрэгтэйг тодорхойлсноор бид шавь байх үйл явцдаа өсөж, хөгжиж байдаг.

Аврагчаас суралцах нь Түүний заасан зүйлсийг ойлгох хичээл зүтгэлээс эхэлдэг. Жишээ нь, дараах зүйлсийг судалж, мэдсэнээр өршөөл уучлалын талаарх таны ойлголт хэрхэн гүнзгийрсэн бэ?

Аврагчийн сургаалууд (Maтай 6:14–15; 18:21–35-ыг үзнэ үү)

Аврагчийн амьдралын нэгэн жишээ (Лук 23:33–34-ийг үзнэ үү)

Гэвч Аврагчийн заасны дагуу амьдарч, Түүнийг дагахаас нааш гүйцэд суралцаж чадахгүй. Та хэрхэн илүү өршөөнгүй байж чадах вэ?

Та энэ талаар илүү ихийг сурч мэдэхийг хүсвэл энэ дасгалыг хайр, даруу байдал зэрэг сайн мэдээний өөр зарчим дээр туршаад үзээрэй.

Би өөрөө суралцах үүрэгтэй.

Ахлагч Дэвид А.Бэднар “Та бид суралцагчийн хувьд үгийн дагуу үйлддэг, хийдэг хүмүүс байх ёстой бөгөөд үйлдүүлдэг сонсогч төдий байж болохгүй. Та бид итгэлээр үйлддэг, суралцахыг эрэлхийлдэг хүмүүс үү эсвэл заалгахыг хүлээн, үйлдүүлэхийг хүсдэг хүмүүс үү? … Зөв зарчмуудын дагуу сонгох эрхээ ашигладаг суралцагч нь өөрийн зүрх сэтгэлийг Ариун Сүнсэнд нээж, Түүний зааж, гэрчлэх хүч болон нотлох гэрчийг урьдаг. Итгэлээр суралцах нь идэвхгүй хүлээн авахыг биш, харин сүнслэг байдал, оюун ухаан, бие бялдрын хувьд идэвхтэй хичээж чармайхыг шаарддаг” (“Итгэлээр суралцахыг эрэлхийл,” Лиахона, 2007 оны 9-р сар, 64) гэж заасан.

Та өөрөө суралцах үүрэгтэй гэдэг нь ямар утгатай вэ? Ахлагч Бэднарын хэлсэн үгээс болон дараах судруудаас боломжтой хариултуудыг ол. Иохан 7:17; 1 Тесалоник 5:21; Иаков 1:5–6, 22; 2:17; 1 Нифай 10:17–19; 2 Нифай 4:15; Aлма 32:27 ба Сургаал ба Гэрээ 18:18; 58:26–28; 88:118. Та сайн мэдээнээс суралцахад илүү идэвхтэй байхын тулд ямар сүнслэг нөлөөллийг мэдэрдэг вэ?

Би үнэнийг өөрөө мэдэх хэрэгтэй.

Та амьдралд нь юу ч тохиолдож байсан бай, итгэлээ хэзээ ч алддаггүй мэт санагддаг хүмүүсийг мэдэх байх. Тэд танд Аврагчийн сургаалт зүйрлэлд гардаг ухаалаг таван охиныг санагдуулдаг байж болох юм (Maтай 25:1–13-ыг үзнэ үү). Тэд үнэн талаарх гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд шаргуу хичээн зүтгэдэг нь танд харагддаггүй байж болно. Бид гэрчлэлээ хүчирхэгжүүлэхийн тулд хичээнгүйлэн эрэлхийлэх ёстой. Учир нь бид мунхаг охидын адил өөр хэн нэгний хөрвөлтийг зээлдэн хэрэглэж болохгүй.

Бид хэрхэн гэрчлэлтэй болж, үүнийгээ өсгөн нэмэгдүүлэх вэ? Дараах судруудыг тунгаан бодохдоо өөрт төрсөн бодлыг бичиж тэмдэглэ. Лук 11:9–13; Иохан 5:39; Иохан 7:14–17; Үйлс 17:10–12; 1 Коринт 2:9–11 болон Aлмa 5:45–46. (Түүнчлэн “Гэрчлэл” сэдвийг Судруудын удирдамж, topics.lds.org-оос үзнэ үү.)

Замын хажууд зогсож буй залуу эмэгтэй

Бидний хүн нэг бүр гэрчлэлийг өөрөө олж авах ёстой.

Надад асуух зүйл байгаа үед би юу хийх ёстой вэ?

Сүнслэг мэдлэг эрэлхийлэх үед таны оюун бодолд асуултууд орж ирнэ. Дараах зарчмууд нь итгэл, гэрчлэлээ өсгөх замаар асуултуудаа тавихад танд тусална.

  1. Тэнгэрээс томилогдсон эх сурвалжуудаар дамжуулан ойлгохыг эрэлхийл. Бурхан бол бүх үнэний эх сурвалж бөгөөд Тэрээр Ариун Сүнс, судар, бошиглогч, төлөөлөгчдөөрөө дамжуулан үнэнийг илчилдэг.

  2. Итгэлээр үйлд. Хэрэв хариултууд тэр даруй ирэхгүй бол Их Эзэн зөв цагт хариултуудыг илчлэх болно гэдэгт итгэ. Тэр хугацаанд мэддэг үнэнийхээ дагуу амьдар.

  3. Мөнхийн хэтийн төлөвийг баримтал. Аливаа зүйлийг дэлхийн маягаар бус Их Эзэний адил харахыг хичээ. Асуултуудаа Тэнгэрлэг Эцэгийн авралын төлөвлөгөөнд хамааруулан хар.

Гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Maтай 13:1–23

Энэ жил Шинэ Гэрээнээс суралцахаар бэлтгэхэд нь гэр бүлдээ туслах нэг сайн арга бол тариачны сургаалт зүйрлэлийг унших явдал юм. Гэр бүл тань сургаалт зүйрлэлд дүрсэлсэн олон янзын хөрсийг олж харахын тулд гэрийнхээ ойролцоох өөр өөр төрлийн газрыг харах нь зугаатай байж болно. Бид гэртээ “сайн хөрс” боловсруулахын тулд юу хийж болох вэ? (Матай 13:8).

Галат 5:22–23; Филиппой 4:8

“Бид гэр бүлийн залбирал, гэр бүлийн үдэш, сайн мэдээг судлах, зааварлах болон гэр бүлийн үр өгөөжтэй үйл ажиллагаануудад тэргүүн зэргийн ач холбогдол өгч байхыг эцэг эх, хүүхдүүдэд зөвлөж байна. Үр өгөөжтэй, тохиромжтой бусад ажил, үйл ажиллагаа байж болох ч, тэдгээр нь гагцхүү эцэг эх, гэр бүлийн гүйцэтгэж чадах тэнгэрлэг үүргийг орлох ёсгүй” (“Тэргүүн Зөвлөлийн захиас бичиг,” Лиахона, 1999 оны 12-р сар, 1).

Жилийн эхэн үе бол гэр бүлийн зөвлөлөөрөө гэр бүлээ сайн мэдээнд илүү төвлөрүүлэх талаар хэлэлцэх маш тохиромжтой цаг юм. Галат 5:22–23, Филиппой 4:8-д өгүүлсэн зөвлөмж, адислалуудын тухай уншихад танд ямар санаа орж ирж байна вэ? Зорилгуудыг тань сануулах ханын сонин хийж, ханандаа хадаж болох юм.

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Сургаалыг эрж ол. Сургаал бол мөнхийн, өөрчлөгдөшгүй үнэн юм. Ерөнхийлөгч Боид К.Пакэр “үнэн сургаалыг ойлговол энэ нь зан төлөв, харьцаа хандлагыг өөрчилдөг” хэмээн тунхагласан (“Little Children,” Ensign, 1986 оны 11-р сар, 17). Та гэр бүлтэйгээ судруудыг судлахдаа Аврагчтай илүү адил амьдрахад туслах үнэнийг олж хар.

Есүс Христ

Брэнт Борап, Дэлхийн гэрэл

Христ булшнаас гарсан нь

Дэл Парсон, Тэр амилсан