“1-р сарын 14–20. Лук 2; Матай 2: Бид Түүнийг бишрэн шүтэхээр ирсэн,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“1-р сарын 14–20. Лук 2; Матай 2,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
1-р сарын 14–20
Лук 2; Maтай 2
Бид Түүнд мөргөхөөр ирлээ
Эхлээд Лук 2, Матай 2-ыг уншаад, хүлээж авсан сүнслэг ойлголтууддаа анхаарлаа хандуул. Энэхүү тойм дахь санаанууд нь танд эдгээр бүлэгт орших хамгийн чухал, ач холбогдолтой зарим зарчмыг тодорхойлоход туслах боломжтой.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Төрсөн цагаасаа эхлэн Есүс энгийн хүүхэд биш гэдэг нь тодорхой байсан юм. Зөвхөн тэнгэрт гарсан шинэ од эсвэл тэнгэр элчийн баярт мэдээ Есүсийн нялх бага насыг онцгой болгоогүй. Түүнчлэн өөр өөр үндэстний, янз бүрийн мэргэжил, нөхцөл байдалтай олон итгэлтэй хүн тэр даруй Түүнд татагдаж эхэлсэн нь үүнийг нотолдог. Бүр Түүнийг “Ирээд, Намайг дага” (Лук 18:22) хэмээн урихаас өмнө тэд Түүн рүү ирсэн. Хүн бүр Түүнд ирээгүй. Үнэндээ олон хүн Түүнд анхаарлаа огтхон ч хандуулаагүй төдийгүй Түүний амийг авахыг эрэлхийлсэн атаач удирдагч хүртэл байсан. Гэвч даруу, цэвэр ариун, зөв шударгыг тууштай эрэлхийлэгчид хайж байсан зүйлээ Түүнээс олсон. Тэдний сүсэг бишрэл бидний сүсэг бишрэлийг сүнслэгээр өдөөдөг. Учир нь хоньчдод авчирсан “үлэмж баярлуулах сайн мэдээ” нь “ард түмэнд” зориулагдсан бөгөөд “Аврагч, Эзэн Христ” бид бүгдийн төлөө тэр өдөр мэндэлсэн билээ (Лук 2:10–11-ийг үзнэ үү).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Есүс Христ даруу нөхцөл байдалд мэндэлсэн.
Хэдийгээр Есүс Христ “ертөнцийг бүтээхээс өмнө” (Иохан 17:5) Бурхан Эцэгийн хамт алдар суутай байсан ч даруу байдалд төрж, дэлхий дээр бидний дунд амьдрахыг хүссэн. Та Лук 2:1–7-г уншиж байхдаа Түүний даруухан төрөлтийн талаар юу олж харсан бэ? Энэ түүхээс өмнө нь анзаарч байгаагүй жижиг зүйл болон ойлголтыг олж тодорхойлохыг хичээ. Та Есүс Христийн төрөх үеийн нөхцөл байдлаас Түүний тухай юу мэдэж авдаг вэ? Эдгээр ойлголт нь Есүсийн талаарх таны бодол мэдрэмжинд хэрхэн нөлөөлдөг вэ?
Христийг төрөх үед олон гэрч байдаг.
Христийн төрөлт, нялх балчир үеийг малын хашаанд очиж харсан даруухан хоньчид, Түүний гэрт бэлэг авчирсан чинээлэг зурхайчид, ариун сүмд үйлчилж байсан бэлэвсэн эмэгтэй, Мессиагийн ирэхийг тэсэн ядан хүлээж байсан итгэлтэй шавь нар зэрэг янз бүрийн угсаа гаралтай гэрч, сүсэг бишрэлтнүүд гэрчилдэг. Та тэдний түүхийг судлахдаа Христийг гэрчилж, шүтэн бишрэх ямар ямар арга замыг олж мэдсэн бэ?
Христийн гэрч |
Би шүтэн бишрэх, гэрчлэх талаар юу мэдэж авсан бэ? |
---|---|
Христийн гэрч Хоньчид (Лук 2:8–20) | Би шүтэн бишрэх, гэрчлэх талаар юу мэдэж авсан бэ? |
Христийн гэрч Симеон (Лук 2:25–35) | Би шүтэн бишрэх, гэрчлэх талаар юу мэдэж авсан бэ? |
Христийн гэрч Анна (Лук 2:36–38) | Би шүтэн бишрэх, гэрчлэх талаар юу мэдэж авсан бэ? |
Христийн гэрч Зурхайчид (Матай 2:1–12) | Би шүтэн бишрэх, гэрчлэх талаар юу мэдэж авсан бэ? |
Түүнчлэн 1 Нифай 11:13–23; 3 Нифай 1:5–21-ийг үзнэ үү.
Эцэг эхчүүд гэр бүлээ хамгаалахын тулд илчлэлт хүлээн авч болно.
Иосеф тэнгэрийн тусламжгүйгээр Есүсийг хүүхэд насанд нь хамгаалах үүргээ хэзээ ч биелүүлж чадахгүй байх байсан. Тэрээр зурхайчдын адил аюулаас сэрэмжлүүлсэн илчлэлт хүлээн авсан юм. Иосефын туршлагын тухай уншихдаа өнөөгийн гэр бүлүүдэд тулгардаг материаллаг болон сүнслэг аюулуудын талаар бодоорой. Таныг болон гэр бүл, хайртай хүмүүсийг тань хамгаалсан Бурханы удирдамжийг мэдэрсэн туршлагынхаа талаар тунгаан бод. Энэ туршлагаа бусадтай хуваалцах талаар бодож үз. Ирээдүйд та ийм удирдамж хүлээн авахын тулд юу хийж болох вэ?
Есүс өсвөр насандаа хүртэл Эцэгийнхээ хүслийг биелүүлэхэд анхаарч байсан.
Аврагч залуу эрэгтэй байхдаа сайн мэдээг үнэхээр хүчирхэг зааж байсан бөгөөд Түүний “ухаан болон хариултууд” (Лук 2:47) бүр сүмд байсан багш нарын гайхлыг төрүүлж байв. Та Аврагчийн залуу эрэгтэй байх үеийг харуулсан шүлгүүдээс юу сурч мэдсэн бэ? Таны мэддэг залуу хүмүүс хэрхэн “Эцэгийнхээ ажлыг хийхийг” (Лук 2:49) хичээж байна вэ? Сайн мэдээний илүү гүн ойлголтыг олж авахад тань өсвөр үеийнхэн болон хүүхдүүд танд хэрхэн тусалсан бэ? Та Лук 2:40–52 болон Иосеф Смитийн Орчуулга, Матай 3:24–26 (Судруудын удирдамж) дахь Есүсийн хүүхэд насыг харуулсан жишээнүүдээс өөр юу сурсан бэ?
Иосеф Смитийн Орчуулга гэж юу вэ?
Хэдэн зууны турш Ариун Библийн “олон тодорхой болоод эрхэм үнэт” үнэнүүд алдагдсан учир (1 Нифай 13:28; Мосе 1:41) Их Эзэн Иосеф Смитийн Орчуулга хэмээн нэрлэгдсэн Ариун Библийн сүнслэг нөлөө бүхий засварласан хэсгийг бичихийг Иосеф Смитэд зарлиг болгожээ. Бошиглогчийн бичсэн олон засвар хэсэг нь хожмын үеийн гэгээнтнүүдийн хэвлэсэн судруудын хавсралтад багтдаг. Хаан Жэймсийн Ариун Библийн ХҮГ-ийн хэвлэл нь бошиглогчийн засварласан хэсгийг багтаасан зүүлт тайлбартай. Иосеф Смит—Матай хэмээн нэрлэгддэг Иосеф Смитийн орчуулсан Матай 24-р бүлэг нь Агуу Үнэт Сувдад агуулагддаг. Дэлгэрэнгүй мэдээллийг Судруудын удирдамж дахь “Иосеф Смитийн Орчуулга-аас үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлахад тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд танд Сүнс туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Гэр бүлийнхээ гишүүдийг Лук 2-т дүрсэлсэн нэг хүнийг сонгон авч, уг хүний Аврагчтай хэрхэн харилцаж байсан тухай хэдэн шүлэг уншаад, Есүс Христэд итгэх итгэлийг нь нэмэгдүүлсэн сурсан зүйлсээ хуваалцахад урь. Бид эдгээр дуунаас Аврагчийн төрөлтийн тухай юу сурах вэ?
“Эцэгийн ажил” гэж юу вэ? (Moсе 1:39-ийг үзнэ үү). Бид энэ түүхээс болон Есүс амьдралынхаа турш зааж, хэлж байсан бусад зүйлээс тэрхүү ажлын тухай юу сурах вэ? Гэр бүлээрээ Эцэгийн ажилд оролцож болох арга замуудыг бичиж, шилэн дотор хий. Дараагийн долоо хоногт танай гэр бүл Тэнгэрлэг Эцэгийн ажлыг хийх арга замыг хайхдаа шилэн доторх санаануудаас сонгож болно. Туршлагаа хуваалцах цаг товло.
Бид Лук 2:52-оос Есүсийн амьдралдаа хэрхэн өсөж хөгжиж байсан талаар юу сурч болох вэ? Гэр бүлийн гишүүд ямар арга замаар “бие болон мэргэн ухаанаар өсөж, Бурханы болон олон түмний тааллыг” олж болох вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.