“4-р сарын 22–28. Матай 18; Лук 10: ‘Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“4-р сарын 22–28. Матай 18; Лук 10,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
4-р сарын 22–28
Maтай 18; Лук 10
Матай 18; Лук 10: “Мөнх амийг өвлөн авахын тул би яах ёстой вэ?”
Матай 18 ба Лук 10-ыг залбирч уншихдаа, Ариун Сүнснээс ирэх намуухан сүнслэг нөлөөнд анхаарлаа хандуул. Тэрээр эдгээр сургаал, түүх танд хэрхэн хамааралтай болохыг шивнэх болно. Хүлээж авсан мэдрэмжээ бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Та Их Эзэнээс асуугаад, бодож байгаагүй хариултаа хүлээн авч болох юм. Миний хөрш гэж хэн бэ? Таны тусламж, хайр хэрэгтэй байгаа хэн ч байж болно. Тэнгэрийн хаанчлалд хэн хамгийн агуу нь байх вэ? Хүүхэд. Гомдоосон хүнийг долоон удаа уучлах нь хангалттай юу? Үгүй, та дал дахин долоон удаа уучлах хэрэгтэй. (Лук 10:29–37; Maтай 18:4, 21–22.) Хэрэв та Их Эзэний хүслийг эрэлхийлж байгаа бол “[өөрийгөө] бүү зөвтгө” (Лук 10:29. Харин та үнэхээр Түүнээс суралцахыг хүсэж байвал Их Эзэн танд Түүнтэй хамт амьдрах мөнх амьдрал руу хөтлөх замаар хэрхэн амьдрахыг заах болно.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Би Их Эзэний өршөөлийг хүртэхийг хүсэж байгаа бол бусдыг уучлах хэрэгтэй.
Бусдыг долоон удаа уучлах Петрийн зөвлөгөө маш өгөөмөр санагдаж байгаа ч Есүс үүнээс дээгүүрх хуулийг заасан. Түүний “Би чамд долоон удаа гэж хэлэхгүй. Харин дал дахин долоон удаа гэж хэлье” хэмээх хариулт нь тоо заагаагүй, харин Христийнхтэй адил өршөөнгүй зан чанарын тухай зааж байна. Та нигүүлсэх сэтгэлгүй боолын сургаалт зүйрлэлийг уншихдаа Бурханы нигүүлсэл, нинжин сэтгэлийг мэдэрч байсан тухайгаа тунгаан бодоорой. Таны нигүүлсэл, нинжин сэтгэлийг мэдрэх хэрэгтэй хүн байгаа юу?
Далын ахлагч Дэвид И.Сорэнсон “Нүглийг уучлах гэдэг нь муу зүйлтэй эвлэрэх гэсэн үг биш гэдгийг би тодорхой болгомоор байна. … Биднийг гэмтээсэн хөршөө бид уучлах ёстой ч дахин гэмтэхээс сэргийлэхийн тулд болгоомжтой хандах хэрэгтэй” (“Forgiveness Will Change Bitterness to Love,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 5-р сар, 12) гэжээ.
Түүнчлэн Судруудын удирдамж дахь “Өршөөх, уучлах”-ыг үзнэ үү.
Далын гишүүд гэж хэн бэ?
Есүс Христ Хуучин Гэрээнд зохион байгуулагдсан бүтцийг даган (Эхлэл 24:1; Тооллого 11:16-г үзнэ үү), Өөрийг нь гэрчилж, сайн мэдээг нь тунхаглаж, Өөрт нь болон ажилд нь туслах зорилгоор арван хоёр төлөөлөгчөөс гадна “өөр далан хүнийг томилжээ.” Энэхүү бүтэц зохион байгуулалт нь сэргээгдсэн Сүмд үргэлжлэн оршдог. Далын гишүүд бүх дэлхий дэх Есүс Христийн онцгой гэрчүүдийн хувиар арван хоёрт туслахаар дуудагдсан. Дал нь чуулгуудад зохион байгуулагддаг. Эхний хоёр чуулгын гишүүд нь Далын ерөнхий эрх мэдэлтнээр, харин бусад чуулгын гишүүд нь Бүсийн далаар онцгойлон адислагддаг. (С ба Г 107:25–26, 33–34, 97-г үзнэ үү.)
Би мөнх амьдралыг олж авахын тулд Бурханыг болон хөршөө өөрийн адил хайрлах ёстой.
Сайн самари хүний сургаалт зүйрлэл нь “Миний хөрш гэдэг чинь хэн бэ?” хэмээх асуултад хариулсан Есүсийн арга зам байсныг санах нь тустай. Та энэ сургаалт зүйрлэлийг уншихдаа уг асуултыг дотроо бодоорой. Та ямар ямар хариулт олсон бэ?
Есүсийн үед иудейчүүд, самаричуудын хоорондын дайсагнал хэдэн зуун дамжин үргэлжилж байсан. Самаричууд бол Самари нутагт амьдарч, харь хүмүүстэй ураг барилцсан Иудейн удмынхан юм. Иудейчүүд самаричуудыг харийнхантай холбогдон завхарсан, урвасан гэж үздэг байжээ. Иудейчүүд Самари нутгаар дайран өнгөрөхгүйн тулд асар холуур тойрон явдаг байв. (Мөн Лук 9:52–54; 17:11–18; Иохан 4:9; 8:48-ыг үзнэ үү.)
Яагаад Аврагч хөршөө хайрлаж, нигүүлсэнгүй байхын жишээ болгон иудейчүүдийн үзэн яддаг самари хүнийг сонгосон гэж та бодож байна вэ? Энэ сургаалт зүйрлэл таныг бусдад илүү нигүүлсэнгүй хандахын тулд юу хийхэд өдөөж байна вэ?
Түүнчлэн Moзая 2:17 ба “Сайн самари хүний сургаалт зүйрлэл” (видео бичлэг, LDS.org)-ийг үзнэ үү.
Бид мөнх амьдрал руу хөтлөх сонголтуудыг хийснээр “сайныгаа” сонгодог.
Халамжийн нийгэмлэгийн ерөнхий ерөнхийлөгч Бонни Д.Паркин “Мариа, Марта хоёр бол та бид юм. … Энэ хоёр Их Эзэнд хайртай бөгөөд хайраа үзүүлэхийг хүсэж байсан. Энэ тохиолдолд Мариа Түүний үгийг сонссоноор хайраа илэрхийлж байхад Марта Түүнд үйлчилснээр хайраа үзүүлж байсан. Есүс Мартагийн зовнилыг үл ойшоогоогүй, харин ‘сайныгаа’ сонгон ав хэмээн анхаарлыг нь өөр зүйлд хандуулсан. Тэр нь юу вэ? … Хэрэгтэй байсан зүйл бол мөнх амьдралыг сонгох явдал юм [2 Нифай 2:28-ыг үзнэ үү]. Бид өдөр бүр сонголт хийдэг” гэж заасан (“Choosing Charity: That Good Part,” Ensign эсвэл Liahona, 2003 оны 11-р сар, 104). Та Мартад хандан хэлсэн Их Эзэний зөвлөгөөг өөрийн үгээр хэрхэн тоймлон ярих вэ? Цагийн хуваариа шалга. Илүү анхаарал хандуулах шаардлагатай “хэрэгтэй” зүйл байна уу?
Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Эдгээр бүлэгт заасан үнэнүүдийг харуулах ямар ямар дууг гэр бүлээрээ дуулж болох вэ? Эдгээр дууллын үгс Аврагчийн сургаалыг илүү сайн ойлгоход танай гэр бүлд хэрхэн туслах вэ?
Яагаад Есүс биднийг бяцхан хүүхэд шиг болоосой хэмээн хүсдэг вэ? Бидний амьдралдаа хэрэгжүүлбэл зохих, хүүхдүүдийн ямар зан чанар биднийг Христтэй илүү адил болгох вэ? (Moзая 3:19-ийг үзнэ үү).
Сайн самари хүний сургаалт зүйрлэл нь танай гэр бүлийн хувьд юуг илүү чухал болгох вэ? Тэд хувцас өмсөж, жүжигчлэн үзүүлэхийг хүсэх үү? Гэр бүлийнхэндээ сайн самари хүнтэй хэрхэн адил болж болохыг олж харахад туслаарай. Сургууль эсвэл сүм дээр бидний анзаараагүй, тусламж хэрэгтэй хүн байна уу? Бид тэр хүний төлөө юу хийж болох вэ?
Гэр бүлийнхээ хуваарьт сүнслэг зүйлсийг багтаах нь хэцүү байдаг уу? Мариа, Марта хоёрын түүх нь гэр бүлийн зөвлөлийн хурлаар эсвэл гэр бүлийн үдшээрээ эдгээрийг хэрхэн хийх өдөөлт болж болно. Гэр бүлээрээ “сайныгаа” (Лук 10:42) сонгох арга замуудын жагсаалт гаргаж болох юм.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.