“4-р сарын 29-өөс 5-р сарын 5. Иохан 7–10: ‘Би бол сайн хоньчин мөн’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“4-р сарын 29-өөс 5-р сарын 5. Иохан 7–10,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
4-р сарын 29-өөс 5-р сарын 5
Иохан 7–10
“Би бол сайн хоньчин мөн”
Та Иохан 7–10-р бүлгийг уншихдаа эдгээр бүлэг дэх сургаалын зарчмуудын тухай мэдрэмжийг Ариун Сүнснээс хүлээн авч болно. Мэдрэмжүүдээ бичих нь тэдгээрийг дагах төлөвлөгөө гаргахад тань тус болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хэдийгээр Есүс Христ “хүмүүст амар тайван [хийгээд] сайн сайхныг” (Лук 2:14) авчрахаар ирсэн ч “Есүсээс болж олон түмний дотор хагарал гарчээ” (Иохан 7:43). Эдгээр үйл явдлыг хоёуланг нь харсан хүмүүс Есүсийн тухай маш өөр дүгнэлтүүдийг гаргасан. Зарим нь “Тэр сайн хүн” гэхэд бусад нь “Тэр ард олныг төөрөлдүүлж байна” (Иохан 7:12) гэцгээсэн. Түүнийг Хүндэтгэлийн өдөр сохор хүнийг эдгээхэд зарим хүн “Тэр Амралтын өдрийг сахидаггүй учир Бурханаас ирсэн хүн биш” гэсэн бөгөөд бусад нь “Нүгэлт хүн тийм тэмдгүүдийг хэрхэн үйлдэж чадах билээ?” гэцгээж байв (Иохан 9:16). Гэсэн ч энэ бүх төөрөгдлийг үл харгалзан, үнэнийг эрэлхийлж байсан хүмүүс Түүний үгээс хүчийг олж харсан. Учир нь “Энэ хүний ярьж байгаа шиг ярьсан хүн ер үгүй билээ” (Иохан 7:46). Иудейчүүд Есүсээс Христ мөн эсэхээ “бидэнд шуудхан хэлээч” гэхэд Тэр “Миний хонин сүрэг дууг минь сонсдог. Би тэднийг мэддэг бөгөөд тэд Намайг дагадаг юм” (Иохан 10:27) хэмээх үнэнийг худлаас ялган танихад тус болох зарчмыг илчилсэн.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Би Есүс Христийн заасан үнэнүүдийн дагуу амьдарснаар эдгээр нь үнэн болохыг мэдэж авна.
Есүсийг суралцаагүй атлаа ихийг мэдэж байгаад иудейчүүд гайхаж байв (15-р шүлгийг үзнэ үү). Тэр тэдний мэдэх аргаар суралцаагүй байлаа. Есүс тэдэнд хариулахдаа, үнэнийг мэдэх өөр арга байдаг бөгөөд энэ нь боловсрол, амьдралын нөхцөл байдлаас үл шалтгаалан хүн бүрд боломжтой гэдгийг заасан. Иохан 7:14–17-д дурдсанаар, Есүсийн заасан сургаал үнэн гэдгийг хэрхэн мэдэж болох вэ? Энэхүү үйл явц нь сайн мэдээний гэрчлэлээ хөгжүүлэхэд танд хэрхэн тусалсан бэ?
Аврагчийн нигүүлсэл бүх хүнд боломжтой.
Завхайрч байгаад баригдсан эмэгтэйтэй харьцсан Аврагчийн харилцааны тухай ахлагч Дэйл Г.Рэнланд “Есүс садар самууныг зөвтгөөгүй нь лавтай. Гэхдээ Тэрээр уг эмэгтэйг ч бас буруутгаагүй. Тэрээр эмэгтэйд амьдралаа өөрчлөхийг зөвлөсөн. Уг эмэгтэй Түүний нинжин сэтгэл, нигүүлслийн ачаар өөрчлөгдөх хүсэлтэй болжээ. Иосеф Смитийн Библийн орчуулгад тэр эмэгтэйн ямархуу шавь байсан талаар ‘Мөн уг эмэгтэй тэр цагаас эхлэн Бурханыг алдаршуулан мөн түүний нэрэнд итгэв’ хэмээн өгүүлдэг” гэж хэлсэн [Иохан 8:11, зүүлт тайлбар в]” (“Бидний Сайн Хоньчин,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 16).
Аврагчид зэмлүүлэхийн оронд нигүүлсэл хүлээж авсан эмэгтэйтэй адил мэдрэмжийг та хэзээ мэдэрч байсан бэ? Та хэзээ нүгэлгүй биш атлаа бусдыг шүүж, буруутгасан хуулийн багш нар, фарисайчуудын адил байсан бэ? (Иохан 8:7-г үзнэ үү). Хуулийн багш нартай болон фарисайчуудтай мөн завхайрч байгаад баригдсан эмэгтэйтэй харьцсан Аврагчийн харилцаанаас та юу сурч мэдэж болох вэ? Та эдгээр шүлгийг уншаад, Түүний өршөөлийн талаар юу сурч байна вэ?
Иудейчүүд Есүсийг “Абрахамыг бий болохоос өмнө Би байдаг” хэмээн хэлэхэд яагаад уурласан бэ?
Иехова Мосед Өөрийгөө Эхлэл 3:14-т цэдэглэснээр “Би байдаг” хэмээн танилцуулдаг байсан. Есүс “Би байдаг” хэмээн хэлэхдээ Хуучин Гэрээний Бурхан, Иеховагийн хувиар Өөрийгөө танилцуулсан. Иудейчүүд үүнийг доромжлол хэмээн үзсэн бөгөөд Мосегийн хуулиар бол шийтгэл нь чулуугаар шидүүлж үхэх ял байв.
Бурхан сорилт бэрхшээлээр маань дамжуулан Өөрийгөө бидний амьдралд үзүүлж болно.
Нүгэл ихэвчлэн сөрөг үр дагавар дагуулж байдаг учраас бид зарим азгүйтлээ буруу үйлдлийнхээ үр дүн гэж үзэж болно. Хэдийгээр Аврагчийн шавь нар төрөлхийн сохор эрийг эцэг эх нь нүгэл үйлдсэн учраас сохор төрсөн гэж таамагласан боловч Есүс тэднийг засаж залруулсан юм. Иохан 9:3 дээрх Аврагчийн үгс өөрийнхөө болон бусдын сорилт бэрхшээлийн талаарх таны үзэл бодлыг хэрхэн өөрчилж байна вэ? Та Иохан 9-ийг уншихдаа, хэрхэн “Бурханы ажлуудыг харуул[сан]”-ыг (Иохан 9:3) тунгаан бод. Таныг сорилт бэрхшээлтэй тулгарах үед тэдгээр нь хэрхэн харагдсан бэ?
Иохан 9:3-т гардаг дагалдагчдын асуулт Их урвалтын үед Христийн шашинтнуудын дунд алдагдсан боловч бошиглогч Иосеф Смитээр дамжин сэргээгдсэн сургаалд буюу мөнх бус амьдралын өмнөх оршихуйд тэдний итгэдэг байсныг илтгэж байгаа нь хачирхалтай (С ба Г 93:29; Moсe 4:1–4; Aбрахам 3:22–26-г үзнэ үү).
Иохан 10:16-д Аврагчийн дурдсан “өөр хонин сүрэг” гэдэг нь хэнийг хэлж байгаа вэ?
Аврагч амилсныхаа дараа Америкт зочлохдоо Түүний өөр хонин сүрэг хэн болохыг тайлбарласан (3 Нифай 15:21–16:5-ыг үзнэ үү).
Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Та Иохан 7:24 дээрх Есүсийн сургаалыг ойлгоход нь гэр бүлийнхэндээ хэрхэн тусалж чадах вэ? Нэг арга бол гадаа гараад, гэр бүлийнхээ нэг гишүүнийг халтар бохир болгох явдал юм. Гаднах төрхийг нь харсан танихгүй хүн түүний талаар юу гэж бодох бол? Түүний гаднаас нь хараад дүгнэх боломжгүй сайн талуудыг жагсаан бич (мөн 1 Самуел 16:7-г үзнэ үү).
Бид заримдаа хэрхэн нүглийн боол болдог вэ? Есүсийн заасан ямар ямар үнэн биднийг чөлөөлж чадах вэ?
Та гэр бүлдээ Иохан 9-д гардаг сохор хүнийг эдгээсэн Есүсийн түүхийг төсөөлөн бодоход хэрхэн тусалж болох вэ? Хамтдаа уг түүхийг жүжигчлэн үзүүлэх юм уу “Jesus Heals a Man Born Blind” (LDS.org) видео бичлэгийг үзэж болно. Түүхийг үе үе зогсоо, тэгээд гэр бүлийн гишүүд Иохан 9-өөс тохирох шүлгүүдийг уншиж болно. Тэднийг уг түүхээс ямар сургамж авснаа бичиж авахад урь. Жишээ нь, Есүс Христийн сайн мэдээнд хөрвөгдөх гэдэг нь ямар утгатай болохыг тэд ойлгосон байж болно.
Сайн Хоньчны тухай сургаалт зүйрлэлээс суралцахад гэр бүлийн гишүүдийг оролцуулахын тулд гэр бүлийн гишүүн бүрээс дараах зүйлсийн аль нэгийг зурахыг хүс. Үүнд: хулгайч, үүд, хоньчин, хөлсний хүн (хөлсний ажилчин), чоно, хонь. Тэднийг Иохан 10:1–18, 27–29-ийг уншихад уриад, дараа нь тэдний зурсан зүйлсийн талаар Аврагч юу гэж заасан тухай ярилц.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.