“5-р сарын 6–12. Лук 12–17; Иохан 11: ‘Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“5-р сарын 6–12. Лук 12–17; Иохан 11,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
5-р сарын 6–12
Лук 12–17; Иохан 11
“Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун”
Та Лук 12–17, Иохан 11-ийг уншихдаа Тэнгэрлэг Эцэг таныг юуг мэдэж авч, юу хийгээсэй хэмээн хүсэж байгааг залбирч эрэлхийл. Та эдгээр бүлгийг судалснаар зөвхөн танд зориулсан захиасуудад зүрх сэтгэл тань нээгдэх болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Ихэнх тохиолдолд 100-аас 99-ийг онцсайн гэж үздэг ч Бурханы хайртай хүүхдүүдийг энэ тоо төлөөлөхгүй (С ба Г 18:10-ыг үзнэ үү). Энэ тохиолдолд алдагдсан хонины сургаалт зүйрлэлд Аврагчийн зааснаар нэг ч гэсэн бодгаль “[бид] түүнийг олтол” (Лук 15:4) нэгд нэггүй, цөхрөнгөө бартал эрж, хайлгуулах эрхтэй. “Гэмших шаардлагагүй ерэн есөн зөвт хүнээс илүүгээр гэмшсэн нэг нүгэлтний төлөө тэнгэрт илүү их баяр хөөр болох” (Лук 15:47) учраас баярлаж эхлэх нь зүйтэй. Хэрэв энэ нь шударга бус санагдаж байвал бодит байдал дээр “гэмших шаардлагагүй” нэг ч хүн байдаггүй гэдгийг санах нь тустай. Бид бүгдээрээ аврагдах хэрэгтэй. Мөн бид бүгдээрээ аврах ажилд тусалж, аврагдсан бодгаль бүрийн төлөө хамтдаа баясаж болно (C ба Г 18:15–16-г үзнэ үү).
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Би зүрх сэтгэлээ дэлхийн зүйлсээс илүүтэй, мөнхийн ач холбогдолтой зүйлсэд төвлөрүүлэх хэрэгтэй.
Том амбаар бариад, ажлынхаа үр жимсийг хураасан амжилттай хүнийг Бурхан яагаад “Мунхаг чи” хэмээн хэлсэн бэ? (Лук 12:16–21-ийг үзнэ үү). Лукийн номон дахь эдгээр бүлэгт Аврагч бидэнд дэлхийн зүйлсийг давж харан, мөнхийн зүйлс рүү хараагаа чиглүүлэхэд туслах хэд хэдэн сургаалт зүйрлэлийг заасан. Эдгээрээс заримыг жагсаав. Та захиас бүрийг хэрхэн нэгтгэн дүгнэх вэ? Их Эзэнийг танд юу хэлж байна гэж та бодож байна вэ?
-
Мунхаг баян хүн (Лук 12:13–21)
-
Их зоог (Лук 14:12–24)
-
Үрэлгэн хүү (Лук 15:11–32)
-
Шударга бус нярав (Лук 16:1–12)
-
Баян хүн, Лазар хоёр (Лук 16:19–31)
Мөн Maтай 6:19–34; 2 Нифай 9:30; Сургаал ба Гэрээ 25:10-ыг үзнэ үү.
Алдагдсан хүмүүсийг олдоход Тэнгэрлэг Эцэг баярладаг.
Нүгэл үйлдсэн эсвэл “алдагдсан” хүмүүсийн талаар Тэнгэрлэг Эцэг ямар мэдрэмжтэй байдаг бол гэж та өмнө нь бодож байсан уу? Фарисайчууд болон хуулийн багш нар Есүсийг тиймэрхүү хүмүүстэй харилцахад хүртэл буруушааж байсан. Хариуд нь Есүс Лук 15-д гардаг алдагдсан хонь, алдагдсан зоос, үрэлгэн хүүгийн тухай гурван сургаалт зүйрлэлийг ярьсан.
Эдгээр сургаалт зүйрлэлийг уншихдаа тэдний хоорондын ижил төстэй болон ялгаатай талуудыг жагсаан бичиж болно. Жишээлбэл, та юу яагаад алдагдсан, хэрхэн олдсон мөн олдоход нь хүмүүс хэрхэн хүлээж авсныг олж бичиж болно. Есүст “алдагдсан” хүмүүс болон өөрсдийгөө алдагдсан гэж бодохгүй байгаа хүмүүст зориулсан ямар захиас байсан бэ? Алдагдсан хүмүүсийг хайдаг хүмүүст хандсан ямар захиас Түүнд байсан бэ?
Мэдээж хэрэг алдагдахгүй байх нь ямагт сайн. Лук 15:7-ийн тухай ахлагч Жэймс Э.Талмэйж “Наманчлагч нүгэлтэн нь нүглийг эсэргүүцдэг зөвт хүнээс илүү чухал гэсэн санааг зөвтгөх ёсгүй” (Jesus the Christ [1916], 461) гэж бичсэн байдаг . Гэсэн хэдий ч, бид бүгдээрээ нүгэл үйлддэг бөгөөд аврагдах хэрэгтэй. Бурхан нэг ч бодгалийг үрэгдүүлэхийг хүсдэггүй учраас Аврагчийн сургаалт зүйрлэл дэх тайтгарлын нэг захиас нь хүн бүр наманчилж, зөвт байдал руу эргэн ирж чадах явдал юм.
Мөн Сургаал ба Гэрээ 18:10–16-г үзнэ үү.
Есүс шударга бус нярвын сургаалт зүйрлэлээр юу заасан бэ?
Ахлагч Жэймс Э.Талмэйж уг сургаалт зүйрлэлээс сурч болох нэгэн сургамжийг “Хичээнгүй бай. Учир нь дэлхийн баялгаа ашиглаж болох өдрүүд удахгүй дуусна. Шударга бус явдал, хилэнцээс хүртэл сургамж ав. Хэрэв тэд өөрсдийн санаа зовж буй цорын ганц ирээдүйн төлөө хашир аргаар бэлтгэж байгаа гэвэл мөнхийн ирээдүйд итгэдэг та нар хэчнээн илүү их бэлтгэх хэрэгтэй билээ! Хэрэв та ухаалаг байдал, ‘шударга бус эд баялгийг’ ашиглахдаа хашир хянамгай байхад суралцаагүй бол илүү тэсвэртэй эд баялгийг та нарт хэрхэн хариуцуулах билээ?” гэж тайлбарласан. (Jesus the Christ, 464).
Адислалууддаа талархах нь намайг Бурханд илүү ойртуулах болно.
Хэрэв та уяман өвчтэй арван хүний нэг байсан бол өөрийгөө эргэж ирээд Аврагчид талархах байсан гэж бодож байна уу? Талархсан уяман өвчтэй хүн талархал өргөснөөрөө ямар ямар адислал хүлээж авсан бэ? Талархлаа илэрхийлэх нь таны сүнслэг байдалд хэрхэн нөлөөлдөг вэ? Ерөнхийлөгч Хэнри Б.Айрингийн “Ай, санагтун, санагтун” хэмээх захиастаа дүрсэлсний адил талархаж байгаа зүйлүүдээ тэмдэглэлдээ бичиж эхлэх нь үр дүнтэй байж болох юм.
Есүс Христ бол Амилалт ба Амь мөн.
Лазарыг үхлээс босгосон гайхамшиг нь Есүсийг үнэхээр Бурханы Хүү, амлагдсан Мессиа мөн гэдгийг харуулсан хүчирхэг, няцаашгүй гэрчлэл байсан. Иохан 11:1–46-д гардаг ямар үг, хэллэг эсвэл тодорхой мэдээлэл Есүс Христ бол “амилалт ба амь мөн” гэдэгт итгэх итгэлийг тань хүчирхэгжүүлдэг вэ? Энэ мэдлэг таны амьдралд болон сонголтод хэрхэн нөлөөлдөг вэ?
Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Ямар нэгэн зүйлээ алга болгох эсвэл өөрөө төөрөх нь ямар байдгийг гэр бүлийнхэн тань ойлгодог уу? Өөрсдийн туршлагаас хуваалцах нь алдагдсан хурга, алдагдсан зоосны сургаалт зүйрлэлийн талаарх яриаг эхлүүлж болох юм. Эсвэл нэг нь нуугдаад, бусад нь түүнийг олох тоглоом тоглож болно. Энэ үйл ажиллагаа нь эдгээр сургаалт зүйрлэлийг ойлгоход хэрхэн туслах вэ?
Бид хайртай хүнээ алдсан үедээ энэ түүхэнд гардаг эцэгтэй хэрхэн адил байж чадах вэ? Том хүүгийнх нь туршлагаас бид Христтэй илүү адил байхад бидэнд туслах юуг ойлгож авч болох вэ? Энэ сургаалт зүйрлэл дэх эцэг ямар байдлаар Тэнгэрлэг Эцэгтэй адилхан байна вэ?
Та уяман өвчтэй арван хүний түүхийг хэрэгжүүлэхэд нь гэр бүлийнхэндээ туслахын тулд тэднийг талархлын нууц зурвас бичээд, гэр дотроо энд тэнд байрлуулахыг хүс. Та нар хамтдаа Сүмийн дуулал болон хүүхдийн дуу номын 7-р хуудасны “Адислал бүрээ тоол” дууллыг дуулж, хүлээж авсан адислалуудынхаа талаар ярилц.
Гэр бүлийн гишүүд Есүс Христийн тухай гэрчлэлээ хуваалцаж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.