Ирээд, Намайг дага
5-р сарын 6–12. Лук 12–17; Иохан 11: ‘Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун!’


“5-р сарын 6–12. Лук 12–17; Иохан 11: ‘Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“5-р сарын 6–12. Лук 12–17; Иохан 11,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

хүүгээ тэврэн авч буй эцэг

Лиз Лэмон Свиндл, Үрэлгэн хүү

5-р сарын 6–12

Лук 12–17; Иохан 11

“Би алдагдсан хонио олсон тул надтай хамт баярлагтун”

Лук 12–17 болон Иохан 11-ийг залбирч уншаад, эдгээр бүлэг дэх үнэнийг ойлгож, Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд зааж буй хүүхдүүддээ хэрхэн тусалж болохыг эрэлхийл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Лук 12–17 ба Иохан 11-д гардаг зарим сургаалт зүйрлэлийг хүүхдүүдэд сануулаад, аль нэгийг сонгож, зургийг нь зурахад тэднийг урь.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүд

Лук 15

Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ Өөр дээрээ эргэн ирээсэй гэж хүсдэг.

Таны ангид Хүүхдийн хэсэгтээ тогтмол ирдэггүй хүүхдүүд байж болно. Та заадаг хүүхдүүдээ ирдэггүй хүүхдүүдэд хүрч туслахад нь хэрхэн нөлөөлж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Нэг хүүхдэд зоос, нөгөө хүүхдэд хонины зураг, бас нэг хүүхдэд үрэлгэн хүүгийн зургийг өг (LDS.org). Лук 15-д гардаг гурван сургаалт зүйрлэлийг яриад, эдгээр зүйлийг дурдах үед зоос эсвэл зургаа өргөхөд хүүхдүүдийг урь. Та хүүхдүүдийг сургаалт зүйрлэлүүдийг нэг нэгэндээ өөрсдийнхөө үгээр дахин ярихад урьж болно.

  • Суралцагчдаас ямар нэг зүйл алдаж байсан үеийнхээ тухай хуваалцахыг хүс. Хүмүүс Бурханы хайрыг мэдрэхээ больсон эсвэл Түүнээс нүүр буруулсан үедээ сүнслэг байдлын хувьд алдагддаг гэдгийг тайлбарла. Бурхан алдагдсан хүмүүст Өөрт нь эргэж ирэхэд биднийг туслаасай хэмээн хүсдэгийг эдгээр сургаалт зүйрлэл заадаг болохыг гэрчил.

  • Хүүхдүүдийг Хүүхдийн хэсэгт ирдэггүй бусад хүүхдийн талаар бодоход урь. Тэдгээр хүүхдийг Хүүхдийн хэсэгт эсвэл үйл ажиллагаанд ирэхийг урьсан зурвас бичихэд тэдэнд тусал. Тэдгээр хүүхдэд Тэнгэрлэг Эцэгийн тэднийг гэсэн хайрыг мэдрэхэд нь бид өөрөөр хэрхэн тусалж чадах вэ?

Лук 17:11–19

Би адислалууддаа талархснаар Тэнгэрлэг Эцэгтээ хайраа харуулж чадна.

Уяман өвчтэй арван хүний түүх талархалтай байхад нь хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүсийн эдгээсэн уяман өвчтэй арван хүний түүхийг ярь. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүлээд, хүүхдүүдийг хуруугаараа арав хүртэл тоолоход урь. Дараа нь Есүст талархсан уяман өвчтэй нэг хүнийг харуулахын тулд есөн хуруугаа гаргахгүй байхыг тэднээс хүс. Хэзээ хүүхдүүд найздаа эсвэл хайртай хүндээ талархсан бэ?

  • Хүүхэд бүрийг талархдаг ямар нэг зүйлээ жүжигчлэн үзүүлэхэд уриад, энэ нь юу болохыг бусад хүүхдээр таалга. Бид адислалууддаа талархдаг гэдгийг Тэнгэрлэг Эцэгт харуулж болох арга замуудыг хуваалцахыг хүүхдүүдээс хүс.

Иохан 11:1–46

Есүс бол Бурханы Хүү гэдэгт бид итгэдэг.

Лазарын дүү Марта Есүст: “Та бол Бурханы Хүү болох Христ, … мөн гэдэгт би итгэсэн” (Иохан 11:27) хэмээн хэлсэн. Мариа, Марта, Лазар нарын түүх Есүс Христийн талаарх хүүхдүүдийн гэрчлэлийг хүчирхэгжүүлж чадна.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Есүс Лазарыг үхлээс амилуулсан түүхийг товч яриад (мөн Шинэ Гэрээний түүхүүд-ийн х. 107–109 дэх “Бүлэг 43: Есүс Лазарыг амьдралд эргүүлэн авчирсан нь” эсвэл LDS.org дээрх холбогдох видео бичлэгийг үзүүлнэ үү), хатаж гандсан мөчир болон амьд ургамлыг үзүүл. Нас барсан хүмүүс Есүс Христийн хүчээр амилж, мөнхөд амьдрах болно гэдэг гэрчлэлээ хуваалц.

  • Есүсийн “Би бол амилалт ба амь мөн” (Иохан 11:25) хэмээн Мартад хэлсэн үгийг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Аврагч амилсан учраас бид нас барсан хайртай хүмүүстэйгээ дахин уулзана гэдгийг тайлбарла.

заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Лук 15

Би Есүст алдсан хонио олоход нь тусалж чадна.

Хүүхдийн хэсэгт ирдэггүй хүүхдүүд ангид байдгийг хүүхдүүд мэдэхгүй байж болно. Та тэдэнд хүрч туслахад нь хүүхдүүдэд хэрхэн нөлөөлж чадах вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Лук 15:1–10-т гардаг алдагдсан хонь эсвэл алдагдсан зоосны тухай сургаалт зүйрлэлийг дотроо уншаад, сурсан зүйлээ хуваалцах даалгаврыг хүүхэд бүрд өг.

  • Эцэг, том хүү, бага хүү гэж самбарт бич. “Үрэлгэн хүү” (LDS.mn) видео бичлэгийг үзүүлээд, жагсааж бичсэн хүмүүст төрсөн зарим мэдрэмжийг самбар дээр бичих боломжийг хүүхдүүдэд олгохын тулд үе үе түр зогсоо.

  • Нэг хүүхдээс өрөөнөөс гарахыг хүсээд, бусад хүүхдээр зоос эсвэл цаасан хонийг нуулга. Өнөөх хүүхдийг буцааж оруулаад, зоосыг эсвэл хонийг олуул. Хүмүүс сайн мэдээний адислалуудаа алдаж болно гэдгийг хүүхдүүдэд сануул. Ийм хүнд хүрч туслах арга замыг санал болгоход тэднийг урь. Хүмүүс Бурханд эргэж ирэх үед ирдэг баяр баясгаланг гэрчил.

  • “Алдагдсан” хүмүүст сайн мэдээний адислал байхгүй учраас Есүс тэднийг төлөөлүүлэхээр хонь, зоос, үрэлгэн хүүг ашигласан гэдгийг тайлбарла. Хүүхдүүдийг сүмд ирдэггүй таньдаг хүмүүсийнхээ тухай бодоход урь. Тэд Тэнгэрлэг Эцэгийн хайрыг мэдрэхэд нь хүмүүст туслахын тулд юу хийж болох вэ?

Мөрөн дээрээ хурга үүрсэн Есүс

Лиз Лэмон Свиндл, Алдагдсан хонь

Лук 17:11–19

Би адислалууддаа талархснаар Тэнгэрлэг Эцэгтээ хайраа харуулж чадна.

Уяман өвчтэй арван хүний түүх нь адислалуудынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт талархахад хүүхдүүдийг урамшуулах сайхан арга байж болно.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Уяман өвчтэй арван хүний түүхийг хамтдаа унш. Талархсан уяман өвчтэй хүн хэрхэн адислагдсан бэ? Яагаад адислалуудынхаа төлөө Бурханд талархах нь чухал вэ?

  • Хүүхдүүдийг нэрнийхээ үсэг бүрээр эхэлсэн талархаж явдаг зүйлүүдээ жагсааж бичихэд урь.

  • Адислалуудынхаа төлөө Тэнгэрлэг Эцэгт талархлын зурвас бичихийг хүүхдүүдээс хүс. Тэд залбирах үедээ талархал илэрхийлэх хэрэгтэйг өөртөө сануулахын тулд уг зурвасаа орныхоо дэргэд өлгөж болно.

Иохан 11:1–46

Есүс бол Бурханы Хүү гэдэгт бид итгэдэг.

Мартагийн адил Есүс бол “Бурханы Хүү болох Христ” гэдгийг мэдэхэд хүүхдүүдэд туслахын тулд та Мариа, Марта, Лазар нарын түүхийг хэрхэн ашиглаж болох вэ? (Иохан 11:27).

Боломжит үйл ажиллагаанууд

  • Иохан 11 дээрх хүмүүсийн хэлсэн зарим мэдэгдлийг самбар дээр бич. Хүүхдүүдийг мэдэгдэл бүрийг хэн хэлснийг тааж, таавраа шалгахын тулд Иохан 11-ийг судлахад урь. Тэд Есүс, Марта, Мариа, Лазар байсан бол тэдэнд ямар санагдах байсан бэ? Есүст итгэх нь гунигласан эсвэл айсан үед бидэнд хэрхэн туслах вэ?

  • Иохан 11:20–27 дээрх Мартагийн гэрчлэлийг унш. Хүүхдүүдээс Мартагийн итгэлтэй байсныг харуулсан үг, хэллэгийг хайж олохыг хүс. Хүнд хэцүү үед итгэлтэй байхын тулд бид юу хийж болох вэ?

  • Иохан 11:25-ыг цээжлэхэд хүүхдүүдэд тусал. Хүн бүр амилах боловч зөвхөн зөв шударга хүмүүс мөнх амьдралыг хүлээн авч, Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёртой дахин хамт амьдарна гэдгийг тайлбарла.

суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Долоо хоногийн туршид талархаж буй зүйлсээ бичих юм уу зурах цаас эсвэл жижиг тэмдэглэлийн дэвтрийг хүүхдүүдэд өг.

Заах чадвараа сайжруулах

Давталт бол суралцах түлхүүр юм. Сайн мэдээний зарчмыг нэгээс олон удаа сонсож эсвэл үйл ажиллагаа хийх нь хүүхдүүдэд ач тустай. Үйл ажиллагаануудыг олон арга замаар давтан хийхийг хичээ.