“5-р сарын 20–26. Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12: ‘Харагтун, чиний Хаан ирж явна’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“5-р сарын 20–26. Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
5-р сарын 20–26
Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12
“Харагтун, чиний Хаан ирж явна”
Энэхүү тойм дахь санаануудыг уншихаасаа өмнө Maтай 21–23; Maрк 11; Лук 19–20; Иохан 12-ыг унш. Гэр бүлийнхэндээ эсвэл Сүмийн ангидаа хуваалцаж болох сэтгэгдлээ бичиж тэмдэглэ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Аврагч Бетанаас Иерусалим руу аялсны дараа өлссөн байсан бөгөөд зайдуухан байсан инжрийн мод жимстэй мэт харагджээ. Гэвч Есүс ойртон очоод, ямар ч жимсгүй болохыг олж харав (Maтай 21:17–20; Maрк 11:12–14, 20-ийг үзнэ үү). Нэг талаар инжрийн мод нь Иерусалим дахь шашны удирдагчидтай адил хоёр нүүртэн мэт байв. Тэдний заадаг хоосон сургаал, гаднаа ариун мэт харагдах байдал ямар ч сүнслэг тэжээл өгөөгүй. Фарисайчууд болон хуулийн багш нар олон зарлиг тушаалыг дагаж байгаа мэт харагдсан ч хамгийн агуу хоёр тушаал болох Бурханаа болон хөршөө өөрийн адил хайрлахыг орхигдуулсан (Maтай 22:34–40; 23:23-ыг үзнэ үү).
Хариуд нь олон хүн Есүсийн сургаалын сайн үр жимсийг анзаарч эхэлсэн. Түүнийг Иерусалимд ирэхэд тэд модноос мөчир огтлон замыг нь засаж, эцэст нь “хаан чинь очиж байна” (Зехариа 9:9) хэмээх эртний бошиглолд баясан угтаж авав. Энэ долоо хоногт уншихдаа өөрийн амьдрал дахь Аврагчийн сургаал, цагаатгах золиослолын үр жимсийг болон хэрхэн “олон үр жимс бий болгож” (Иохан 12:24) болох талаараа бодоорой.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Maтай 23; Лук 19:1–10; 20:45–47
Их Эзэн гаднаас харагдах байдлаар шүүдэггүй, харин зүрх сэтгэлийн хүслээр шүүдэг.
Есүсийн үед олон хүн татвар хураагчдыг шударга бус, хүмүүсээс хулгайлдаг гэж боддог байсан. Закхай татвар хураагчдын ахлагч, баян хүн байсан тул илүү их сэрдэгддэг байсан байх. Харин Есүс Закхайн зүрх сэтгэлийг харсан. Лук 19:1–10 Закхайн зүрх сэтгэлийн талаар юуг илчилдэг вэ? Та эдгээр шүлэгт буй Закхайн Аврагчид үнэнч гэдгээ харуулахын тулд хийсэн зүйлийг дүрсэлсэн үгсийг тэмдэглэж болно. Таны зүрх сэтгэлийн хүсэл юу вэ? Та Закхайн адил Аврагчийг эрэлхийлэхийн тулд юу хийж байна вэ?
Хуулийн багш нар, фарисайчуудтай харилцсан Аврагчийн үйлдэл Закхайтай харилцсан үйлдэлтэй нь харьцуулахад сонирхолтой зөрчилдөөн үүсгэдэг. Ерөнхийлөгч Дийтр Ф.Угдорф “Харин бусдын нүдэнд зөв шударга мэт харагдсанаар дэлхийн магтаал, нөлөө болон эд баялгийг авч, адислагдах ёстой байсан ард иргэдийг дарангуйлж буй бичээчид, фарисайчууд, садукайчууд шиг хоёр нүүртнүүдийг Тэрээр зөвт эсэргүүцлээр эсэргүүцэн боссон билээ” (“Чин үнэнч байх нь,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 66) хэмээн тайлбарласан.
Матай 23-т Аврагч хоёр нүүртэнг дүрслэхийн тулд хэд хэдэн зүйрлэл ашиглажээ. Эдгээр зүйрлэлийг тэмдэглэж эсвэл жагсаан бичиж, уг зүйрлэлүүд хоёр нүүртний тухай юу зааж байгааг тэмдэглэн авч болно. Та Аврагчийн сургаал дээр тулгуурлан юуг өөрчлөхөд сүнслэгээр өдөөгдөж байна вэ?
Мөн Сургаал ба Гэрээ 88:62–63; 137:9-ийг үзнэ үү.
Mатай 21:1–11; Maрк 11:1–11; Лук 19:29–44; Иохан 12:12–16
Есүс Христ бол миний Хаан юм.
Maтай 21:1–11; Maрк 11:1–11; Лук 19:29–44; Иохан 12:12–16 дээрх түүхүүд нь Аврагчийн Иерусалим руу ялгуусан байдалд орсныг оролцуулан амьдралынх нь сүүлчийн долоо хоногийн эхлэлийг дүрсэлдэг. Хаанаа гэж таньсан хүмүүс нь Түүнийг тосолж (Иохан 12:1–8), Иерусалим руу орох Түүний зам дээр хувцас, далдуу модны мөчир тавьж, магтаалын дуугаар хашгиралдан, үнэнч байдлаа харуулж байв. Дараах эх сурвалжууд Аврагчийн амьдралын сүүлчийн долоо хоногт эхэлсэн үйл явдлуудын талаарх таны ойлголтыг хэрхэн гүнзгийрүүлж болох талаар бод.
-
Хааныг тосолж буй эртний жишээ: Хаадын дэд 9:1–13
-
Ялгуусан оролтын тухай эртний бошиглол: Зехариа 9:9
-
Хосанна хэмээх үгийн утга: Судруудын удирдамж, “Хосанна”
-
Аврагч хэрхэн дахин ирэх талаарх бошиглолууд: Илчлэлт 7:9–10; 19:11–16
Та Аврагчийг өөрийн Их Эзэн, Хааны хувиар хэрхэн хүлээн авч болох вэ?
Хамгийн агуу хоёр тушаал бол Бурханыг болон бусдыг өөрийн адил хайрлах явдал юм.
Есүс Христийг дагахаар хичээх үедээ шантарвал Матай 22-т гардаг хуульчдын хэлсэн Аврагчийн үгс танд шавийн замдаа анхаарлаа хандуулж, амар хялбар байлгахад тусална. Үүнийг хийх нэг арга зам болох Их Эзэний хэд хэдэн зарлиг тушаалыг жагсаан бич. Жагсааж бичсэн зүйлс тань агуу хоёр тушаалтай тус бүрдээ хэрхэн холбогдож байна вэ? Агуу хоёр тушаал дээр анхаарлаа хандуулах нь бусад тушаалыг сахихад танд хэрхэн туслах вэ?
Сахиус гэж юу вэ?
Сахиус гэдэг нь судрын хэсгүүдийг бичсэн урт нарийн илэг унжуулсан арьсан хайрцаг юм. Иудейчүүд зарлигуудыг санах арга зам болгон ийм жижиг хайрцгуудыг арьсаар ороож, духандаа юм уу гарандаа зүүдэг байжээ (Дэд хууль 6:6–8). Фарисайчууд бардамналынхаа учир Бурханы үгсэд хэчнээн их хайртайгаа бусдад харуулахын тулд ердийнхөөс том сахиус зүүдэг байв.
Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Мариа Аврагчийг хайрладгаа хэрхэн харуулсан бэ? Бид Түүнийг хайрладаг гэдгээ хэрхэн харуулж болох вэ?
Бусад хүнийг шашны үзэл бодлоо илэрхийлж, хамгаалж байгаа үед бид тэдэнд хүндэтгэлтэй хандаж байгаагаа хэрхэн илэрхийлж болох вэ? Нийгмийн ямар ямар үр дагавар заримдаа Христэд итгэх итгэлээ илэрхийлж, хамгаалах эр зоригийг маань мохоодог вэ? Нийгмийн дарамт шахалтад бууж өгөөгүй хүмүүсийн жишээг Даниел 1:3–20; 3; 6; Иохан 7:45–53; 9:1–38; Moзая 17:1–4-өөс хараарай.
Бид ариун сүмд хэрхэн бишрэл хүндэтгэлтэй хандах вэ? Ариун сүм бол “залбирлын гэр” (Maтай 21:12–13), сүнслэг эдгээлтийн газар гэдэг туршлагыг олж авахад бидэнд саад болох ямар ямар зүйлийг бид амьдралаасаа “хөөн гаргаж” болох вэ?
Хоёр хүүтэй хүний сургаалт зүйрлэлийн ямар сургамж танай гэр бүлд тус болох вэ? Жишээлбэл, чин сэтгэлийн дуулгавартай байдал, наманчлалын ач холбогдлын талаар ярихдаа уг түүхийг ашиглаж болно. Гэр бүлээрээ сургаалт зүйрлэлийг жүжиг болгон бичээд, өөр өөр дүрд ээлжлэн тоглож болох юм.
Бурханд өгч болох “Бурханы юм” (21-р шүлэг) гэж юу байна вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.