Ирээд, Намайг дага
5-р сарын 27-оос 6-р сарын 2. Иосеф Смит—Матай 1; Матай 25; Марк 12–13; Лук 21: ‘Хүний Хүү ирэх болно’


“5-р сарын 27-оос 6-р сарын 2. Иосеф Смит—Матай 1; Матай 25; Марк 12–13; Лук 21: ‘Хүний Хүү ирэх болно’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“5-р сарын 27-оос 6-р сарын 2. Иосеф Смит—Матай 1; Матай 25; Марк 12–13; Лук 21,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Зураг
Хоёр дахь ирэлт

Харри Андэрсон, Хоёр дахь ирэлт

5-р сарын 27-оос 6-р сарын 2

Иосеф Смит—Maтай 1; Maтай 25; Maрк 12–13; Лук 21

“Хүний Хүү ирэх болно”

Та Иосеф Смит—Maтай 1; Maтай 25; Maрк 12–13; Лук 21-ийг уншихдаа “Эдгээр бүлэгт манай гэр бүлд эсвэл миний дуудлагад зориулсан ямар захиас байна вэ? гэж асууж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Есүсийн шавь нар Түүний Иерусалимын агуу ариун сүм буюу иудейчүүдийн сүнслэг, соёлын төв бүрмөсөн устгагдаж, “нэг чулуу нөгөө дээрээ үлдэхгүйгээр доош хаягдах болно” хэмээх бошиглолыг сонсоод гайхсан нь лавтай. Шавь нар нь илүү ихийг мэдэхийг хүсэн, “Эдгээр зүйл чинь хэзээ болох юм бэ?”, “Таны ирэлтийн тэмдэг нь юу вэ?” (Иосеф Смит—Матай 1:2–4) хэмээн асуусан нь мэдээж. Аврагчийн хариултууд Иерусалимд агуу устгал ирж байна (МЭ 70 онд гүйцэлдсэн бошиглол) гэсэн бошиглол сүүлчийн өдрүүдэд Түүний ирэхийг илтгэсэн тэмдгүүдтэй харьцуулахад харьцангуй жижиг болохыг илчилдэг. Нар, сар, одод, үндэстэн, далай зэрэг Иерусалим дахь ариун сүмээс илүү бат бөх мэт харагдах зүйлс түр зуурынх юм гэдгийг баталдаг. Тэр ч бүү хэл “тэнгэрийн хүчнүүд сэгсрэгдэх болно” (Иосеф Смит—Maтай 1:33). Хэрэв бид сүнслэг байдлаараа соргог байвал энэхүү сүйрэл жинхэнэ хувиршгүй зүйлсэд итгэл найдвараа тавих талаар бидэнд заадаг. Есүсийн амласнаар “тэнгэр хийгээд газар алга … болно, гэвч, миний үгс алга болох нь үгүй. Мөн миний үгийг нөөцлөх хэн боловч хууртагдах нь үгүй” (Иосеф Смит—Maтай 1:35, 37).

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Иосеф Смит—Матай

Иосеф Смит—Mатай гэж юу вэ?

Агуу Үнэт Сувд дахь Иосеф Смит—Mатай ном нь Ариун Библийн Иосеф Смитийн Орчуулгаас авсан түүвэр юм. Энэ нь Матай 23-ын сүүлчийн шүлэг, Матай 24-ийн бүх шүлгийн залруулгыг агуулдаг (Судруудын удирдамж дахь “Иосеф Смитийн Орчуулга”-ыг үзнэ үү). Иосеф Смитийн сүнслэг нөлөө бүхий залруулгууд нь алдагдсан эрхэм үнэнүүдийг сэргээсэн. Иосеф Смит—Матай 12–21-р шүлэг-т эртний Иерусалимын устгалыг дурдаж; 21–55-р шүлэгт сүүлчийн өдрүүдийн тухай бошиглолуудыг агуулсан байдаг.

Иосеф Смит—Maтай 1:21–37; Maрк 13:21–37; Лук 21:25–38

Аврагчийн Хоёр дахь ирэлтийн тухай бошиглолууд надад ирээдүйтэй итгэлтэйгээр нүүр тулахад туслах болно.

Есүс Христийн Хоёр дахь ирэлтийг угтан тохиох үйл явдлуудын тухай унших нь санааг тань зовоож болно. Гэвч Есүс эдгээр үйл явдлын тухай бошиглохдоо шавь нартаа “та нар тэвдэн сандрахгүй байхаа мэдэгтүн” (Иосеф Смит—Maтай 1:23) хэмээн хэлсэн. Та газар хөдлөлт, дайн, худал хуурмаг, өлсгөлөнгийн тухай сонсоод яаж “тэвдэн сандрахгүй” байж чадах вэ? Эдгээр шүлгийг уншаад, энэ асуултын тухай бодоорой. Санааг тань амраасан ямар нэгэн зөвлөгөө олбол бичиж, тэмдэглээрэй.

Мөн Сургаал ба Гэрээ 29:14–21; 38:30; 45:16–52; 88:86–94;

Иосеф Смит—Maтай 1:26–27, 38–55; Maтай 25:1–13; Лук 21:29–36-г үзнэ үү.

Би Аврагчийн Хоёр дахь ирэлтэд үргэлж бэлэн байх ёстой.

Бурхан хүний Хүүгийн ирэх ‘тэр өдрийг ч, цагийг ч’ (Матай 25:13) илчлээгүй. Гэвч Тэр бидэн дээр тэр өдрийг “гэнэт” (Лук 21:34) ирээсэй хэмээн хүсдэггүй учир хэрхэн бэлтгэх тухай зөвлөсөн.

Эдгээр шүлгийг судлах явцад Аврагчийн Хоёр дахь ирэлтэд үргэлж бэлтгэлтэй байхыг заахдаа Түүний ашигладаг байсан харьцуулалт, сургаалт зүйрлэлүүдийг олж тогтоо. Та эдгээрээс юу ойлгож авч байна вэ? Та юу хийхэд сүнслэгээр өдөөгдөж байна вэ?

Maтай 25:14–30

Тэнгэрлэг Эцэг намайг Өөрийнх нь бэлгүүдийг ухаалгаар ашиглаасай хэмээн хүсдэг.

Аврагчийн үед “талант” гэж мөнгийг хэлдэг байсан. Харин Их Эзэний талантын сургаалт зүйрлэл Өөрийнх нь өгсөн аливаа адислалыг хэрхэн ашиглаасай гэж биднээс хүсдэг тухай заадаг. Их Эзэн өгсөн зүйлсээ хөгжүүлэхийг биднээс хүсдэг. Та энэ сургаалт зүйрлэлийг уншихдаа Тэнгэрлэг Эцэгийн танд өгсөн зарим боломж, адислалыг жагсаан бич. Тэр эдгээр адислалаа хэрхэн ашиглахыг танаас хүсдэг вэ? Та эдгээр бэлгийг хэрхэн илүү ухаалгаар ашиглаж болох вэ? Их Эзэнд үйлчлэхэд авьяас чадвар тань хэрхэн өсөн нэмэгдсэн бэ?

Maтай 25:31–46

Би бусдад үйлчилснээр Бурханд үйлчилдэг.

Хэрэв та амьдралыг тань Их Эзэн хэрхэн шүүх бол гэж бодож байсан бол хонь, ямааны сургаалт зүйрлэлийг уншаарай. Христийн өмнө зогсоход танд юу хамгийн чухал байх вэ?

Мөн Мозая 2:17-г үзнэ үү.

Maрк 12:18–27

Гэрлэлт Амилалтын дараа үргэлжлэх үү?

Бид Есүсийн хэлсэн “үхэгсдээс амилахад тэд гэрлэх ч үгүй, хадамд гарах ч үгүй” гэдэг үгс селестиел гэрлэлтийн гэрээнд ороогүй хүмүүсийг хэлж байгааг хожмын үеийн илчлэлтээс мэдэж авдаг (C ба Г 132:15–16-г үзнэ үү). Селестиел гэрлэлт буюу “эр хүн … шинэ бөгөөд үүрдийн гэрээгээр нэг эхнэртэй гэрлэх” нь эхнэр, нөхөр хоёр гэрээндээ үнэнч байснаар “үүрд мөнхөөр дамжуулан” үргэлжлэх болно (С ба Г 132:19).

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Иосеф Смит—Матай

Гэр бүлдээ энэ бүлгийг судлахад нь туслахын тулд Аврагчийн Хоёр дахь ирэлтэд хэрхэн бэлтгэх тухай Түүний сургаалыг хайж олохыг тэднээс хүс (жишээ нь, 22–23, 29–30, 37, 46–48-р шүлгийг үзнэ үү). Энэ зөвлөгөөг дагахын тулд танай гэр бүл юу хийж болох вэ?

Иосеф Смит—Maтай 1:22, 37

Бурханы үгийг нөөцлөх гэдэг нь юу гэсэн утгатай вэ? Бид үүнийг гэр бүлээрээ хэрхэн хийж чадах вэ? Үүнийг хийх нь бидэнд хууртагдахаас зайлсхийхэд хэрхэн туслах вэ?

Матай 25:1–13

Maтай 25:1–13-р шүлгийн тухай ярилцахдаа энэхүү тоймд хавсаргасан арван охины зургийг ашиглаж болно. Гэр бүлийнхэн тань эдгээр шүлэгт дүрсэлсэн ямар нарийн тодорхой мэдээллийг зурган дээрээс олж харж байна вэ?

Та гэрийнхээ эргэн тойронд тосны дусал шиг хэлбэртэй цаасан хайчилбарууд нуугаад, гэр бүлийнхнээрээ олуулбал тэдэнд хөгжилтэй санагдах болов уу? Та судрууд, сүмийн хувцас, ариун сүмийн зураг гэх мэт танай гэр бүлийнхний гэрчлэлийг хүчирхэгжүүлж, Хоёр дахь ирэлтэд бэлтгэхийг төлөөлсөн зүйлс дээр хайчилбаруудыг тогтоож болно.

Maрк 12:38–44; Лук 21:1–4

Гэр бүлийнхэн тань бэлэвсэн эмэгтэйн жишээнээс юу сурч болох вэ? Аврагч шавь нартаа өргөлийн талаар юу гэж заасан бэ? Аравны нэгийн өргөлийн хуудас үзүүлж, гэр бүлийнхээ Их Эзэнд өргөдөг өргөлүүдийн тухай болон эдгээр нь Бурханы хаант улсыг байгуулахад хэрхэн тусалдаг тухай ярилц. Танай гэр бүл аравны нэгийн хуудас дээр бичих боломжгүй өргөлийг өгч байгаа юу?

Зураг
Бэлэвсэн эмэгтэйн зоос

Сандра Раст, Бэлэвсэн эмэгтэйн зоос

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Орчин тойрноо бэлд. “Бидний орчин тойрон үнэний талаар сурч, мэдрэхэд ихээхэн нөлөөлдөг” (Аврагчийн арга барилаар заах нь, 15). Ариун Сүнсний нөлөөг урихуйц судар судлах боломжтой газар олохыг хичээ. Мөн урам зориг оруулах хөгжим болон зураг Сүнсийг урьж болно.

Зураг
Арван онгон охин

Волтэр Рэйн, Тэдний тав нь ухаалаг болой

Хэвлэх