Ирээд, Намайг дага
6-р сарын 10–16. Maтай 26; Maрк 14; Лук 22; Иохан 18: ‘Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог’


6-р сарын 10–16. Maтай 26; Maрк 14; Лук 22; Иохан 18 ‘Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

6-р сарын 10–16. Maтай 26; Maрк 14; Лук 22; Иохан 18,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Сүүлчийн зоог

Бэнжамин Макфэрсон, Тэгэхэд шөнө байв

6-р сарын 10–16

Maтай 26; Maрк 14; Лук 22; Иохан 18

“Гэвч Миний хүслээр биш, харин Таны хүслээр болог”

Та Maтай 26; Maрк 14; Лук 22; Иохан 18-д дүрсэлсэн үйл явдлуудыг уншихдаа хүлээж авах мэдрэмжүүддээ, ялангуяа амьдралаа өөрчлөхөд сүнслэгээр нөлөөлсөн мэдрэмжинд анхаарлаа хандуулаарай.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Гетсеманийн цэцэрлэгт Есүс Христийн шаналахыг харсан гуравхан мөнх бус гэрч байдаг бөгөөд тэд ихэнх хугацааг унтаж өнгөрүүлсэн. Есүс цэцэрлэгт мөн дараа нь загалмай дээр байхдаа бүхий л цаг үеийн хүн бүрийн гэм нүгэл, өвчин шаналал, зовлон зүдгүүрийг Өөр дээрээ авсан ч тэр үед амьд байсан бараг хэн ч юу болж байгааг ойлгоогүй. Харин мөнх оршихуйн хамгийн чухал үйл явдлууд ихэнхдээ дэлхийн анхаарлыг татахгүй өнгөрдөг. Гэсэн ч Бурхан Эцэг мэдэж байсан. Тэрээр итгэлтэй Хүүгийнхээ “Эцэг минь, хэрэв Та хүсэж байгаа бол энэ аягыг Надаас зайлуулаач. Гэвч Миний хүсэл бус, харин Таны хүсэл биелэгдэг” хэмээх гуйлтыг сонссон. “Тэгтэл тэнгэрээс тэнгэр элч Түүнд үзэгдэн, Түүнийг тэнхрүүлж байлаа” (Лук 22:42–43). Бид энэ дуулгавартай байдал, амиа үл хайрласан үйлдлийг нүдээр харж гэрчлээгүй ч тодорхой байдлаар Есүс Христийн Цагаатгалын гэрч байж чадна. Бид наманчилж, нүглүүдийнхээ өршөөлийг хүлээж авах бүрдээ мөн Аврагчийн хүчирхэгжүүлэх нөлөөг мэдрэх бүрдээ Гетсеманийн цэцэрлэгт юу болсныг гэрчилж чадна.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Матай 26:17–30; Марк 14:12–26; Лук 22:7–39

Ариун ёслол бол Аврагчийг дурсан санах нэгэн боломж.

Та өөрийн амьдралд чухал байр суурь эзэлдэг хүмүүсийг эргэн санахын тулд юу хийдэг вэ? Аврагч шавь нартаа ариун ёслолыг танилцуулахдаа “Намайг дурсаж үүнийг үйлд” (Лук 22:19; мөн 3 Нифай 18:7-г үзнэ үү) хэмээсэн. Энэхүү ёслолын талх, ус болон бусад хэсэг нь Түүнийг болон Түүний зовлон шаналлыг дурсан санахад танд хэрхэн тусалдаг вэ? Та анхны ариун ёслолын тухай уншихдаа энэ асуултыг тунгаан бодоорой. Түүнчлэн Иосеф Смитийн Орчуулга дээрх залруулгыг үзээрэй (Судруудын удирдамж).

Долоо хоног бүр ариун ёслолын үеэр олж авсан туршлагуудынхаа талаар тунгаан бодох цаг гарга. Илүү утга учиртай болгохын тулд та юу хийж болох вэ? Аврагч, Түүний сургаал, хайрын үйлдлүүд болон Түүнтэй илүү ойр байгаагаа мэдэрсэн үе, Түүний таны төлөө Өөр дээрээ авсан нүгэл, өвчин шаналлын тухай дурсан санахаар өдөөгдөж байгаа хэдэн зүйлээ жагсаан бичиж болно.

Мөн 3 Нифай 18:1–13; Сургаал ба Гэрээ 20:76–79-ийг үзнэ үү.

Матай 26:36–46; Марк 14:32–42; Лук 22:40–46

Аврагч Гетсеманид миний төлөө зовж шаналсан.

Ерөнхийлөгч Рассэлл М.Нэлсон биднийг “Аврагчийн болон Түүний цагаатгагч золиослолын тухай судлахад цаг гарга” (“Есүс Христийн хүчийг амьдралдаа татан авах нь,” 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 26) хэмээн урьсан.

Та ерөнхийлөгч Нэлсоны урилгыг хүлээн авахын тулд юу хийх тухайгаа бод. Та эдгээр шүлэгт дүрслэгдсэн Гетсемани дахь Аврагчийн зовлон шаналлын тухай залбирч, тунгаан бодож, төрсөн сэтгэгдэл, асуултуудаа бичиж авснаар эхэлж болно.

Аврагч, Түүний Цагаатгалыг илүү гүн гүнзгий судлахын тулд дараахтай төстэй асуултуудын хариултыг бусад судраас олохыг хичээ.

Гетсеманид юу болсон талаар судлахдаа Гетсемани нь чидун модны цэцэрлэг байсан бөгөөд тэнд гэрэл, хүнс хоол, эмчилгээнд ашиглахын тулд чидун жимсийг бяцалж, тос шахаж гаргах тээрэм байдаг байсныг мэдэх нь сонирхолтой байж болох юм (Лук 10:34-ийг үзнэ үү). Чидун жимсний тос гаргахын тулд хүнд жин ашиглах үйл явц нь Аврагч бидний төлөө гэм нүгэл, өвчин шаналлын хүнд даралтыг үүрснийг бэлгэддэг (Д.Toдд Кристоффэрсон, “Миний хайр дотор бай,” 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 37-г үзнэ үү).

Maрк 14:27–31, 66–72; Лук 22:31–32

Хөрвөлт бол байнгын үйл явц юм.

Петрийн харсан гайхамшиг, суралцсан сургаалууд зэрэг Аврагчтай хамт байхдаа олж авсан туршлагуудын талаар бод. Тэгэхэд Аврагч яагаад Петрт хандан “Чи нэгэн цагт дахин эргэж, ах дүүсээ батжуул” хэмээн хэлсэн бэ? (Лук 22:32; налуу бичилт нэмэгдсэн.) Ахлагч Дэвид А.Бэднар гэрчлэлтэй байх, жинхэнээсээ хөрвүүлэгдэх хоёрын ялгааг юу гэж заасан бэ? (“Их Эзэнд хөрвүүлэгдэв,” 2012 оны 10-р сарын Ерөнхий чуулган, 130–133-ыг үзнэ үү). Та Maрк 14:27–31, 66–72 дээр гардаг Петрийн туршлагын тухай уншихдаа өөрийнхөө хөрвөлтийн тухай бод. Та Петрээс ямар ямар сургамж авч болох вэ? Та Шинэ Гэрээг үргэлжлүүлэн уншихдаа Петрийн хөрвөлт, бусдыг батжуулж, хүчирхэгжүүлэх гэсэн түүний хүчин чармайлтын талаар ямар нотолгоо олсон бэ? Ариун Сүнсний бэлэг хүлээж авсан нь түүний хөрвөлтөд ямар нөлөө үзүүлсэн бэ? (Иохан 15:26–27; Үйлс 1:8; 2:1–4-ийг үзнэ үү).

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ Аврагчийн амьдралын сүүлчийн долоо хоногийн талаар үргэлжлүүлэн судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Матай 26:17–30; Марк 14:12–26; Лук 22:7–39

Долоо хоног бүрийн ариун ёслолын үеэр танай гэр бүл ямар туршлагатай болдог вэ? Анхны ариун ёслолын тухай унших нь ариун ёслолын ач холбогдлын талаар мөн гэр бүлийн гишүүд сүсэг бишрэлээ илүү утга учиртай болгох арга замын талаар ярилцахад нөлөөлж болно. Ариун ёслолын өмнө, дундуур, дараа нь юу хийж болох талаарх санаануудаа бие биетэйгээ хуваалцаж болно.

Лук 22:40–46

Гэр бүл тань эдгээр шүлгийг уншихдаа “Аврагч Гетсеманид миний төлөө зовж шаналсан” гэсэн нэртэй хувиараа судраас судлах хэсгийн санал болгосон судруудаас юу сурснаа хуваалцаж болно.

Лук 22:50–51

Энэ туршлагаас бид Есүсийн талаар юу сурах вэ?

Христ боолын чихийг эдгээсэн нь

Волтэр Рэйн, Боль, үүнийгээ зогсоо

Матай 26:36–46; Марк 14:32–42; Лук 22:40–46

Бид эдгээр шүлгэн дээрх Аврагчийн үгсээс юу ойлгож авах вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн үгсийг судал. Судраас олсон зарчмуудын тань талаар хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчид юу заасан тухай унш . Жишээ нь, хамгийн сүүлийн Ерөнхий чуулганы сэтгүүлээс та “Цагаатгал” гэсэн сэдвийг хайж болно (Аврагчийн арга барилаар заах нь, 21-ийг үзнэ үү).

Христ Гетсеманид

Волтэр Рэйн, Миний хүсэл бус, харин Таны хүсэл