“6-р сарын 24–30. Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21: ‘Тэр амилсан’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“6-р сарын 24–30. Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20–21,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
6-р сарын 24–30
Maтай 28; Maрк 16; Лук 24; Иохан 20–21
“Тэр амилсан”
Maтай 28; Maрк 16; Лук 24, Иохан 20–21-ийг залбирч уншаад, Христийн амилсны ачаар танд байгаа баяр баяслын тухай эргэцүүл. Энэхүү үйл явдлын талаарх гэрчлэлээ хэрхэн хуваалцах талаар тунгаан бод.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Олон ажиглагчид Назарын Есүсийн үхэл гайхалтай амьдралын егөөдөлтэй төгсгөл мэт санагддаг байж болох юм. Энэ чинь Лазарыг үхлээс босгосон хүн биш үү? Тэр фарисайчуудын алах заналхийллийг удаа дараа сөрж гарсан биш бил үү? Тэр сохор, уяман өвчтэй, саа өвчтэй хүмүүсийг эдгээх хүчтэй гэдгээ харуулсан. Салхи болон далай Түүний үгэнд орсон. Гэтэл Тэр энд загалмайнд хадуулан, “гүйцэлдлээ” (Иохан 19:30) хэмээн хэлээд байж байсан. “Тэр бусдыг аварсан боловч Өөрийгөө аварч чаддаггүй” (Maтай 27:42) хэмээх элэглэн шоглосон үгсэд чин сэтгэлийн гайхширал байсаар байна. Гэвч бид Есүсийн үхэл энэ түүхийн төгсгөл биш байсныг мэднэ. Бид булшин дахь нам гүм байдал түр зуурынх байсан бөгөөд Христийн авралын ажил дөнгөж эхэлж байсныг мэднэ. Тэрээр өнөөдөр “үхэгсдийн дунд” (Лук 24:5) биш, харин амьд хүмүүсийн дунд байгаа. Христийн сургаал мартагдахгүй, учир нь Түүний үнэнч шавь нар “үеийн төгсгөл хүртэл Би та нартай үргэлж хамт байх болно” хэмээх амлалтад нь итгэн, сайн мэдээг “бүх үндэстэнд” (Maтай 28:19–20) тунхаглах болно.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Матай 28; Марк 16; Лук 24; Иохан 20
Есүс амилсан учраас би ч бас амилуулагдах болно.
Эдгээр хэсэгт хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн чухал үйл явдал болох Есүс Христийн Амилалтын тухай унших болно. Уншихдаа Амилалтын эргэн тойронд болсон үйл явдлуудын гэрч болсон хүмүүсийн оронд өөрсдийгөө тавиад үзээрэй. Эдгээр гэрч юу мэдэрсэн бол? Та Аврагчийн Амилалтын тухай уншихдаа юу мэдэрч байна вэ? Энэ нь амьдралын талаарх таны үзэл бодол, бусадтай харьцах харилцаа, Христэд итгэх итгэл, сайн мэдээний бусад үнэнд итгэх итгэл зэрэгт хэрхэн нөлөөлсөн талаар эргэцүүлэн бод.
Мөн Судруудын удирдамжаас “Амилуулалт”-ыг үзнэ үү.
Бид Аврагчийг “бидэнтэй хамт байхад” урьж болно.
Аялж явахдаа амилсан Аврагчтай таарсан хоёр шавийн туршлага шавь байх замд адилхан байдаг. Христийн шавийн хувьд таны туршлага, энэ түүх хоёр хоорондоо ямар холбоотой байна вэ? Та өнөөдөр хэрхэн Түүнтэй хамт алхаж мөн Түүнийг жаахан удаан хамт “байхыг” урьж болох вэ? (Лук 24:29). Та амьдралдаа Түүний оршихуйг хэрхэн олж харах вэ? Ариун Сүнс ямар арга замаар Есүс Христийн бурханлаг байдлыг танд гэрчилж байсан бэ?
Есүс Христ бие махбодтой юу?
Амилсан Их Эзэний Магдалын Мариад үзэгдсэн мөн дараа нь шавь нартайгаа харилцсан тухай түүхүүдээр дамжуулан бид Есүсийн Амилалт бол жинхэнэ, бие махбодын амилалт байсан гэдгийг мэдэж авдаг. Тэрээр амилсан мөн алдар суут биеэрээ шавь нартайгаа хамт алхаж, ярьж, зооглосон. Бусад сударт ч гэсэн Есүс Христийг мах, яснаас бүрдсэн бие махбодтой гэдгийг гэрчилдэг. Тухайлбал: Филиппой 3:20–21; 3 Нифай 11:13–15; Сургаал ба Гэрээ 110:2–3; 130:1, 22.
“Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ.”
Бодит баримт харахгүйгээр ямар нэгэн зүйлийг үнэн гэдэгт итгэхэд хэцүү. Та заримдаа “үзэхээс нааш би итгэхгүй” (Иохан 20:25) хэмээн хэлсэн Томастай адил мэдрэмж мэдэрч болох юм. Аврагч хариуд нь Томаст “Хараагүй атлаа итгэсэн хүмүүс нь ерөөлтэй еэ!” (Иохан 20:29) хэмээсэн. Та харж чадахгүй сүнслэг зүйлсэд итгэснээр адислагдаж байсан уу? Та Аврагчийг харж чадахгүй байсан ч Түүнд итгэлтэй байхад юу тусалдаг вэ? Та бодит нотолгоогүй өөр ямар үнэнд итгэдэг вэ? “Үнэн хийгээд үл харагдах зүйлүүдэд” итгэх итгэлээ үргэлжлүүлэн хэрхэн хөгжүүлэх вэ? (Aлмa 32:21 мөн Ифер 12:6-г үзнэ үү). Та Есүс Христэд итгэхэд тусалсан туршлагуудаа тэмдэглэлдээ бичиж, таньдаг хүндээ хуваалцаж болно.
Аврагч намайг Өөрийнх нь бусад хонийг тэжээхэд урьдаг.
Иохан 21 дээр гардаг Аврагчийн төлөөлөгчидтэйгөө харилцах харилцааг Лук 5:1–11-д цэдэглэгдсэн анх тэдэнд загасны тороо хаяхыг тушаасан түүхтэй харьцуулах нь сонирхолтой санагдах байх. Та ямар адил мөн ялгаатай талыг олсон бэ? Та шавь байх тухай ямар ойлголтыг олж авсан бэ?
Иохан 21:15–17 дээр буй Аврагчийн Петрт хэлсэн үгс тантай хэрхэн холбогдох вэ? Их Эзэний хоньдод тохинуулахад саад болж байгаа зүйл танд байна уу? Хэрэв Их Эзэн танаас “Намайг хайрладаг уу?” хэмээн асуувал та юу гэж хариулах вэ? Их Эзэнийг хайрладаг гэдгээ хэрхэн харуулж болох талаар тунгаан бод.
Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ сайн мэдээнүүдийг уншиж дуусгах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
“Тэр энд байхгүй. Учир нь Тэр амилсан” хэмээх үгс яагаад хамгийн чухал, хамгийн их найдвар тээсэн үгсийн нэг байдаг вэ?
Гэр бүлээрээ эдгээр бүлгийг уншихдаа түүх бүр дээрх Есүстэй харилцсан хүмүүст анхаарлаа төвлөрүүлээрэй. Жишээлбэл, та нэг удаа Аврагчийн булшинд айлчилж ирсэн хүмүүс дээр төвлөрч болно. Өөр тохиолдолд та Еммау хүрэх зам дээр явж байсан төлөөлөгчид, шавь нарын үйлдлийг анхааралтай судалж болно.
Христийн төлөөлөгчдөөсөө хийхийг хүссэн ажлын талаар гэр бүлээрээ ярилц. Бид энэ ажлыг гүйцэлдүүлэхэд хэрхэн тусалж чадах вэ? “Эзэн [тантай] хамт ажиллаж” Өөрийнх нь зорилгыг биелүүлэхэд танд тусалж байсныг мэдэрсэн үеэ хуваалцаж болно (Марк 16:20).
Хамтдаа хоол идэж байхдаа эдгээр шүлгийг уншиж болно. Энэ нь “Миний хургануудыг тэжээ” хэмээх Аврагчийн үгсийг илүү утга учиртай болгох байх. Шинэ Гэрээнд Есүсийн хонины тухай заасан зүйл дээр үндэслэн (жишээлбэл, Maтай 9:35–36; 10:5–6; 25:31–46; Лук 15:4–7; Иохан 10:1–16) хонь тэжээх нь яагаад Бурханы хүүхдүүдийг хооллож, халамжлахад тохирох зүйрлэл болж байна вэ? Уг зүйрлэл Тэнгэрлэг Эцэг, Есүс хоёрын бидний талаар ямар мэдрэмжтэй байдаг тухай юу зааж байна вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.