“7-р сарын 1–7. Үйлс 1–5: ‘Та нар Намайг гэрчлэх болно’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“7-р сарын 1–7. Үйлс 1–5,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
7-р сарын 1–7
Үйлс 1–5
Үйлс 1–5: “Та нар Намайг гэрчлэх болно”
Таныг Үйлс 1–5-ыг судалж байхад Ариун Сүнс таны амьдралд чухал хамааралтай үнэнүүдийг олоход сүнслэгээр өдөөж чадна. Танд онцгой сэтгэгдэл төрүүлсэн шүлгүүдийг тэмдэглэн, сурч буй зүйлсээ хуваалцах боломжуудыг эрэлхийл.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Петр бусад төлөөлөгчийн хамт Есүсийг Эцэг рүүгээ дээш одохыг харж, “тэнгэр өөд гөлрөн” байхдаа юу бодож, мэдэрч байсан бол гэж та төсөөлөн бодож байсан уу? (Үйлс 1:10). Бурханы Хүүгийн байгуулсан Сүмийг одоо Есүс Бурханы бошиглогч Петрээр дамжуулан удирдаж байв. “Бүх үндэстнийг дагалдагч болгох” оролдлогыг удирдах үүрэг хариуцлага одоо Петрт оногдов (Матай 28:19). Гэвч бид түүнийг өөрийгөө тохирохгүй гэж бодож эсвэл айж байсан эсэх тухай Үйлс номноос ямар ч нотолгоог олж хардаггүй. Харин бид эрэмгий гэрчлэл, хөрвөлтийн үлгэр жишээ, гайхамшигт эдгээлт, сүнслэг нотолгоо, Сүмийн гайхалтай өсөлт хөгжлийг олж хардаг. Одоо Ариун Сүнсний бэлэгтэй болсон Петр Галил нуурын эргээс Есүсийн олсон туршлагагүй загасчин биш болсон. Хэдхэн долоо хоногийн өмнө Назарын Есүсийг таньдаг гэдгээ үгүйсгэснээсээ болж гашуунаар уйлж байсан ухаангүй эр ч биш болсон.
Та Үйлс номноос Есүс Христ, Түүний сайн мэдээний талаарх хүчирхэг тунхаглалыг унших болно. Түүнчлэн сайн мэдээ хүмүүсийг мөн таныг ч хэрхэн Бурханы мэдэж байгаа тэрхүү зоригтой шавь болгон өөрчилж чадахыг харах болно.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Үйлс 1:1–8, 15–26; 2:1–42; 4:1–13, 31–33
Есүс Христ Ариун Сүнсээр дамжуулан Өөрийн Сүмийг удирддаг.
Үйлсийн номонд Аврагчийг дээш одсоны дараа Есүс Христийн Сүмийг байгуулах гэсэн төлөөлөгчдийн хүчин чармайлтыг цэдэглэсэн байдаг. Хэдийгээр Есүс Христ дэлхий дээр байхгүй болсон ч Ариун Сүнсний илчлэлтээр дамжуулан Өөрийн Сүмийг удирдаж байсан. Дараах судрын хэсгүүдийг уншихдаа Христийн Сүмийн шинэ удирдагчдыг Ариун Сүнс хэрхэн удирдан чиглүүлж байсан тухай эргэцүүлэн бодоорой. Үйлс 1:1–8, 15–26; 2:1–42; 4:1–13, 31–33.
Их Эзэн танд ямар ямар даалгавар, дуудлага эсвэл үүрэг хариуцлага өгсөн бэ? Та эдгээр эртний төлөөлөгчийн туршлагаас Ариун Сүнсээр удирдуулахын тулд Түүнд хэрхэн тулгуурлаж болох талаар юу сурсан бэ?
Түүнчлэн Судруудын удирдамжийн “Ариун Сүнс”-ийг үзнэ үү.
Хэлний бэлгийн зорилго юу вэ?
Хэлний бэлэг гэдэг нь заримдаа хэний ч ойлгохгүй хэлээр ярихыг хэлдэг. Гэсэн хэдий ч, бошиглогч Иосеф Смит сүнсний энэхүү бэлэг нь “хэлийг нь ойлгох боломжгүй хүмүүст Пентекостын өдөр тохиосонтой адилаар [сайн мэдээг] номлох зорилгын төлөө … өгөгдсөн юм. … Олон янзын хэлээр ярих [бэлгийн] туйлын зорилго нь гадаадын хүмүүстэй хэл нэвтрэлцэх явдал мөн” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит [2008], 434–435) хэмээн тодотгохын тулд Үйлс 2 дээрх үйл явдлуудыг дурдсан. Иудейчүүдийн гол баяр болох Пентекостын зоог иудейчүүдийг олон үндэстнээс Иерусалимд авчирсан. Хэлний бэлгийн ачаар уг зочид уугуул хэлээрээ ярьсан төлөөлөгчдийн үгсийг ойлгох боломжтой байжээ.
Сайн мэдээний анхдагч зарчмууд хийгээд ёслолууд нь Христэд ирэхэд надад тусалдаг.
Та Пентекостын өдөр иудейчүүдийн мэдэрч байсан шиг “зүрхийг [тань] хөндсөн” мэдрэмжийг мэдэрч байсан уу? (Үйлс 2:37). Магадгүй та харамсах зүйл хийсэн эсвэл зүгээр л амьдралдаа өөрчлөлт хийхийг хүсэж байж болох юм. Та ийм мэдрэмж мэдэрсэн үедээ яах хэрэгтэй вэ? Үйлс 2:38-д иудейчүүдэд өгсөн Петрийн зөвлөгөө гардаг. Сайн мэдээний анхдагч зарчмууд болон ёслолууд (заримдаа Христийн сургаал гэгддэг итгэл, наманчлал, баптисм, Ариун Сүнсний бэлгийг багтаадаг) нь Үйлс 2:37–47-д цэдэглэснээр эдгээр хөрвөгчид нөлөөлсөн.
Та аль хэдийн баптисм хүртэж, Ариун Сүнсний бэлгээ хүлээн авсан байж болно. Иймээс Христийн сургаалыг хэрхэн үргэлжлүүлэн дагадаг вэ? Ахлагч Дэйл Г.Рэнландын хэлсэн дараах үгсийн талаар эргэцүүлэн бодоорой. “Бид [Христэд] итгэх итгэлээ хөгжүүлж, нүглээ наманчилж, баптисмын гэрээнүүд болоод адислалуудаа шинэчлэхийн тулд ариун ёслолоос хүртэж, Ариун Сүнсийг байнга мөнхийн хамтрагчаа болгон хүлээн авах зэргээр Христийн сургаалд … төгөлдөржинө. Бид эдгээрийг үйлдсэнээр Христтэй илүү адил болж, эцсээ хүртэл тэвчдэг” (“Хожмын үеийн гэгээнтнүүд шантралгүй хичээсээр байдаг,” 2015 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 43).
Түүнчлэн 2 Нифай 31; 3 Нифай 11:31–41; 27; Брайн K.Аштоны хэлсэн “Христийн сургаал” хэмээх үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 102–105-р хуудаснаас үзнэ үү.
“Сэргээх цаг” ба “бүхнийг сэргээх үе” гэж юу вэ?
“Сэргээх цаг” гэж Есүс Христийн дэлхий дээр эргэн ирэх үе буюу Мянган жилийг хэлж байна. “Бүхнийг сэргээх үе” гэдэг нь сайн мэдээний Сэргээлтийг хэлж байгаа юм.
Есүс Христийн шавь нарт Түүний нэр дээр гайхамшгуудыг үйлдэх хүч өгөгдсөн байдаг.
Хазгар хүн ариун сүмд ирсэн хүмүүсээс мөнгө авна хэмээн найдаж байв. Харин Их Эзэний шавь нар хамаагүй илүүг түүнд өгсөн. Та Үйлс 3; 4:1–31; 5:12–42-ыг уншихдаа гайхамшгууд дараах хүмүүст хэрхэн нөлөөлснийг тунгаан бодоорой.
Хазгар хүн
Петр, Иохан хоёр
Ариун сүмд байсан гэрчүүд
Тэргүүн тахилчид болон захирагчид
Бусад гэгээнтэн
Түүнчлэн “Peter and John Heal a Man Crippled Since Birth,” “Peter Preaches and Is Arrested” видео бичлэгүүдийг үзнэ үү (LDS.org).
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Хэзээ бид хэн нэгнийг сайн мэдээг зааж байх үед “[бидний] зүрхийг хөндсөн” мэдрэмж мэдэрч байсан бэ? Энэ мэдрэмж нь ямар утгатай вэ? Ийм мэдрэмж мэдэрсэн үедээ “Бид одоо яах вэ?” хэмээн асуух нь яагаад чухал вэ?
Ариун сүмд байсан эр хэрхэн бодож байснаасаа өөрөөр адислагдсан бэ? Бид Тэнгэрлэг Эцэгийн адислалууд хэрхэн төсөөлж байгаагүй арга замаар ирэхийг харж байсан бэ?
Петр, Иохан нарын итгэлтэй байдлын юу нь танд гүнзгий сэтгэгдэл төрүүлж байна вэ? Бид Есүс Христийг гэрчлэхдээ хэрхэн зоримог байж чадах вэ?
Танай гэр бүлд Ананиа, Сапфир нарын түүхийг энгийн өмсгөл, зоос ашиглан жүжигчлэн тоглох нь зугаатай санагдаж болох юм. Энэ түүхээс бид ямар сургамж авах вэ? Гэр бүлийнхнийхээ хэрэгцээнд тулгуурлан шударга байдлын тухай, Сүмийн удирдагчдыг дэмжин батлах эсвэл ариулан адислах тухай хэлэлцэж болно.
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.