Ирээд, Намайг дага
7-р сарын 8–14. Үйлс 6–9: ‘Та надаар юу хийлгэмээр байна вэ?’


“7-р сарын 8–14. Үйлс 6–9: ‘Та надаар юу хийлгэмээр байна вэ?’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“7-р сарын 8–14. Үйлс 6–9,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Паул Дамаск орох зам дээр

Сайм Ловлор, Бид тийн амьдаръя

7-р сарын 8–14

Үйлс 6–9

“Та надаар юу хийлгэмээр байна вэ?”

Үйлс 6–9-ийг уншсанаар эхэл. Энэхүү тойм дахь санаанууд нь танд эдгээр бүлэгт орших чухал зарчмуудыг тодорхойлоход туслах боломжтой ч та өөрөө судалж байхдаа бусад зарчмыг олж болно.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хөрвөгдөх шинжгүй хүн гэвэл Христийн шашинтнуудыг мөрдөн хавчдагаараа алдартай фарисай хүн болох Саул л байсан байж магадгүй. Их Эзэн Ананиа гэгдэх шавьдаа Саулыг эрж олоод, түүнд адислал өг гэхэд Ананиа эргэлзэж байсан нь ойлгомжтой байв. Тэрээр “Эзэн, би түүний тухай олон хүнээс, … Таны ариун хүмүүст тэр хичнээн их хор хүргэснийг сонссон” (Үйлс 9:13) хэмээв. Харин Их Эзэн “Тэр бол харь үндэстнүүд, хаад болон Израилийн хөвгүүдийн өмнө Миний нэрийг үүрэхийн тулд Миний сонгогдсон сав” (Үйлс 9:15) хэмээн Саулын зүрх сэтгэл, чадамжийг мэдэж байсан бөгөөд Түүний санаанд Саулд зориулсан үүрэг даалгавар байсан. Тиймд Ананиа дуулгавартай даган, мөрдөн хавчигч байсан эрийг олоод, “Саул дүү минь” (Үйлс 9:17) хэмээн дууджээ. Хэрэв Саул бүрэн өөрчлөгдөж, Ананиа түүнийг чөлөөтэйгөөр угтан авч чадсан бол бид ч бас өөрчлөгдөх шинжгүй хэн нэгнийг, түүний дотор өөрийгөө авч үзэж болохгүй гэж үү?

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Үйлс 6–8

Миний зүрх “Бурханы өмнө зөв” байх хэрэгтэй.

Сүм өсөж буй нь хаант улсад үйлчлэх шавь нарын хэрэгцээ өсөж байна гэсэн үг юм. Үйлс 6:1–15-д гарснаар арван хоёр төлөөлөгч ямар шинж чанартай хүмүүсийг хамт үйлчлэхээр хайж байсан бэ? Та Үйлс 6–8-ыг уншихдаа Стефан, Филип нар шиг хүмүүс эдгээр болон бусад шинж чанараа хэрхэн харуулж байсныг олж хар. Симонд юу дутагдаж байсан хийгээд өөрчлөгдөх хүслийн талаар түүнээс бид юу сурч болох вэ?

Зүрх сэтгэлээрээ “Бурханы өмнө зөв” байгаа гэдгээ баттай болгохын тулд танд өөрчлөхөөр сүнслэгээр өдөөгдөж байгаа ямар нэгэн зүйл байна уу? (Үйлс 8:21–22). Бурханд үйлчилж байхад тань энэхүү өөрчлөлт таныг хэрхэн адисалж болох вэ?

Үйлс 6–7

Ариун Сүнсийг эсэргүүцэх нь Аврагчийг болон Түүний бошиглогчдыг үл тоомсорлоход хөтөлдөг.

Иудейчүүдийн захирагчид хүмүүсийг Мессиагийн ирэлтэд бэлтгэх үүрэгтэй атлаа бардам зан, эрх мэдэл эрэлхийлсний улмаас Есүс Христийг үл тоомсорлож, Түүнийг цовдлохыг шаардсан. Энэ нь хэрхэн тохиолдсон бэ? Стефан тэдэнд “та нар Ариун Сүнсийг үргэлж эсэргүүцдэг” (Үйлс 7:51) хэмээн тунхагласан. Та Ариун Сүнсийг эсэргүүцэх гэдгийг ямар утгатай гэж бодож байна вэ? Ариун Сүнсийг эсэргүүцэх нь яагаад Аврагчийг болон Түүний бошиглогчдыг үл тоомсорлоход хүргэдэг вэ?

Та Үйлс 6–7-г уншихдаа Стефаны иудейчүүдэд заасан бусад захиасыг олж уншаарай. Тэр ямар зан байдлын эсрэг сэрэмжлүүлсэн бэ? Та тиймэрхүү зан байдлыг өөрөөсөө олж хардаг уу? Стефаны үгс Ариун Сүнсийг эсэргүүцэхийн үр дагаврын талаар танд юу зааж байна вэ? Та амьдралдаа Ариун Сүнсний өдөөлтөд хэрхэн илүү мэдрэмжтэй, уриалгахан хариулж чадах вэ?

Мөн “Стефаныг хөнөөсөн нь” (LDS.org) видео бичлэгийг үзнэ үү.

Үйлс 7:54–60

Есүс Христийн тухай гэрчлэлийнхээ төлөө Стефанаас гадна хэн хэн хөнөөгдсөн бэ?

Стефаныг Есүс Христийг амилсны дараа хөнөөгдсөн анхны Христийн шашинтан хүн (итгэлийнхээ улмаас алагдсан хүн) гэж үздэг. Түүхэнд бусад олон гэгээнтэн Есүс Христэд итгэх итгэлээ үгүйсгээгүйн улмаас хөнөөгдөж байсан. Эдгээрийн заримыг дараах судруудад дурдсан байдаг. Үүнд: Шастирын дэд 24:20–21; Maрк 6:17–29; Үйлс 12:1–2; Илчлэлт 6:9–11; Moзая 17:20; Aлмa 14:8–11; Хиламан 13:24–26; Сургаал ба Гэрээ 109:47–49; 135:1–7; Aбрахам 1:11. Аврагчийг амилсны дараа Иоханаас бусад шавь нь бүгд алуулсан байж магадгүй.

Үйлс 8:26–39

Бусдыг Есүс Христ рүү удирдан чиглүүлэхэд Ариун Сүнс надад туслах болно.

Та Үйлс 8:26–39 дэх түүхээс сайн мэдээг хуваалцах талаар юу сурах вэ? Ариун Сүнс Филипт хэрхэн тусалсан бэ? Сайн мэдээг бусадтай хуваалцах нь хэрхэн удирдамж болдог вэ? (Үйлс 8:31-ийг үзнэ үү).

Үйлс 9:1–31

Би Их Эзэний хүслийг дагахдаа Түүний мутар дахь зэмсэг болж чадна.

Саулын хөрвөлт гэнэтийн мэт санагддаг. Тэрээр Христийн шашинтнуудыг шоронд хорьдог байснаа “шууд л” синагогуудад Христийг тунхагладаг болсон (Үйлс 9:20). Та түүний түүхийг уншихдаа түүнийг яагаад өөрчлөгдөхөд тийм бэлэн байсан тухай тунгаан бодоорой. (Саулын хөрвөлтийнхөө тухай дүрслэн бичсэнийг Үйлс 22:1–16 болон 26:9–18-аас үзнэ үү. Эдгээр түүхэнд Саулын нэр Паул болон өөрчлөгдсөнийг анзаараарай.)

Ихэнх хүний хувьд хөрвөлт нь удаан хугацааны үйл явц байдаг учир Саулын туршлага ердийн биш нь үнэн. Үүний зэрэгцээ танд хөрвөлтийн талаар Саулаас суралцаж болох зүйл байна уу? Та Саулын хөрвөлтөд нөлөөлсөн Ананиа болон бусад шавийн хандлагаас юу сурах вэ? Та эдгээр сургамжийг амьдралдаа хэрхэн хэрэгжүүлэх вэ? Та Саулын адил залбиралдаа “Та надаар юу хийлгэмээр байна вэ?” хэмээн асууснаар эхэлж болно. Эсвэл энэхүү асуултыг тэмдэглэлийнхээ гарчиг болгон бичээд, үе үе сэтгэгдлээ бичиж тэмдэглэж болно.

Түүнчлэн Дийтр Ф.Угдорфын хэлсэн “Дамаск орох зам дээр хүлээн сууна” хэмээх үгийг 2011 оны 4-р сарын Ерөнхий чуулганы 77-р хуудас; “Дамаск орох зам” (LDS.org, видео бичлэгүүд) зэргээс үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Үйлс 6:8–7:60

Үйлс 6:8, Үйлс 7:51–60 дээрх Стефаны түүхийг Лук 23:1–46 дээрх Аврагчийн түүхтэй харьцуул. Стефан Аврагчийн үлгэр жишээг хэрхэн дагасан бэ?

Үйлс 7:51–60

Ариун Сүнс Стефаныг хавчигдан мөрдөгдөж байхад нь хэрхэн адисалсан бэ? Бид хэзээ хүнд хэцүү цагт Ариун Сүнснээс хүчийг хүлээн авч байсан бэ?

Үйлс 9:5

Танай гэр бүлийнхэн “шилбүүр өшиглөх” гэдэг үгийн утгыг мэдэх үү? Шилбүүр гэдэг нь амьтдыг туухдаа ашигладаг байсан жад юм. Амьтад шилбүүрдүүлэхдээ ихэвчлэн буцааж өшиглөдөг бөгөөд ингэхэд нь жад уг амьтны биед илүү гүн шигдэн ордог аж. Энэхүү зүйрлэл нь ямар замаар бидэнд хамааралтай байж болох вэ?

Петр Табитаг үхлээс босгож байгаа нь

Фрэклэтон Гагон, Tабита бос

Үйлс 9:32–43

Гэр бүлийн гишүүдээс Үйлс 9:32–43 дээрх түүхийг зурахыг хүсэж болно. Тэд Айни, Табита, Иоппагийн бэлэвсэн эмэгтэйчүүдээс үнэнч шавь байх талаар юу сурах вэ? “Сайн үйлсээр баян” хүн бусдыг Их Эзэнд итгэхэд нь хэрхэн тусалж чадах вэ? (мөн Үйлс 9:36, 42; “Бүлэг 60, Петр Табитаг амьдралд эргүүлэн авчирсан нь” Шинэ Гэрээний түүхүүд, 156–157 эсвэл LDS.org дээрээс үүнтэй холбоотой видео бичлэг үзнэ үү).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Судруудыг өөрийн амьдралтай адилтга. Та уншиж байхдаа судрууд дахь түүх, сургаалууд амьдралд тань хэрхэн хэрэгжиж байгаа талаар эргэцүүлэн бодоорой. Тухайлбал, та хэзээ сорилт бэрхшээл, хавчлага мөрдлөгтэй тулгарсан үедээ “Ариун Сүнсээр дүүрч” байсан бэ? (Үйлс 7:55).

Стефан руу чулуу шидэж байгаа нь

Волтэр Рэйн, Бурханы баруун гар талд зогсож байгаа Хүний Хүүг би харж байна