Ирээд, Намайг дага
7-р сарын 22–28. Үйлс 16–21: ‘Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа’


“7-р сарын 22–28. Үйлс 16–21: ‘Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“7-р сарын 22–28. Үйлс 16–21,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Паул Арейпагийн дунд

7-р сарын 22–28

Үйлс 16–21

“Бурхан биднийг сайн мэдээг тунхагла гэж дуудлаа”

Таныг сайн мэдээг номлох Паулын хичээл зүтгэлийн талаар унших үед Сүнс танд бодол, мэдрэмжүүдээр нөлөөлж болно. Эдгээр нөлөөллийг бичиж тэмдэглээд, үйлдэл болгон хэрэгжүүлэх төлөвлөгөө гарга.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Их Эзэний төлөөлөгчдөдөө хандан хэлсэн эцсийн үгс дунд “Иймээс явж, бүх үндэстнийг дагалдагч болгогтун. Эцэг, Хүү, Ариун Сүнсний нэрээр тэдэнд баптисм хүртээж, Миний та нарт тушаасан бүгдийг сахин биелүүлэхийг тэдэнд заа” (Maтай 28:19–20) хэмээх зарлиг байсан. Төлөөлөгчид бүх үндэстэнд хүрч чадаагүй ч Үйлс 16–21-д Паул болон түүний хамтрагчид Сүмийг зохион байгуулахад томоохон ахиц гаргасныг харуулдаг. Тэд зааж, баптисм хүртээн, Ариун Сүнсний бэлгийг өгсөн. Тэд гайхамшгуудыг үйлдэж, бүр үхсэн хүнийг хүртэл амилуулж, агуу урвалтыг урьдчилан хэлсэн (Үйлс 20:7–12; 20:28–31). Тэдний эхлүүлсэн ажлыг Паулын хэзээ ч төсөөлж чадахааргүй арга замаар Аврагчийн даалгаврыг биелүүлэхэд тусалж байгаа амьд төлөөлөгчид болон таны адил үнэнч шавь нар өнөөдөр үргэлжлүүлж байгаа. Та магадгүй Тэнгэрлэг Эцэгийг эсвэл Түүний сайн мэдээг мэдэхгүй хүмүүсийг таних байх. Та Түүний тухай мэддэг зүйлсээ тэдэнд хуваалцахаар “сүнсээрээ эгдүүцэн” байсан байж магадгүй (Үйлс 17:16). Хэрэв та сайн мэдээг хуваалцахдаа Паулын даруу байдал, зоримог зангийн жишээг дагавал “Эзэн зүрхийг [нь] нээсэн” (Үйлс 16:14) хэн нэгнийг олж болох юм.

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Үйлс 16–21

Сүнс намайг сайн мэдээг хуваалцах хичээл зүтгэлд минь удирдан чиглүүлнэ.

Хүн бүрд Есүс Христийн сайн мэдээ хэрэгтэй ч зарим хүн хүлээн авахдаа бусдаас илүү бэлтгэгдсэн байдаг. Сайн мэдээг хуваалцахад бэлэн байгаа хүмүүс рүү биднийг удирдан чиглүүлэхэд Ариун Сүнс хэрэгтэй байдгийн нэг шалтгаан нь энэ юм. Та Үйлс 16–21-ийг уншихдаа Паулыг болон түүний хамтрагчдыг Сүнс удирдан чиглүүлсэн жишээнүүдийг анзаараарай. Тэдэнд Сүнсийг дагасны ачаар ямар ямар адислал ирсэн бэ? Та хэзээ сайн мэдээг хуваалцах хичээл зүтгэлдээ Сүнсний өдөөлтийг мэдэрч байсан бэ?

Түүнчлэн Aлмa 7:17–20; Даллин Х.Өүксийн “Сэргээгдсэн сайн мэдээг хуваалцах нь” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 48–52-р хуудаснаас; Миний сайн мэдээг номло номын 102–103-р хуудаснаас үзнэ үү.

Үйлс 16–21

Би бүхий л нөхцөл байдалд сайн мэдээг тунхаглаж чадна.

Сайн мэдээг номлосныхоо улмаас шоронд хаягдах нь номлохоо болих хүндэтгэх шалтгаан мэт санагдаж байж болно. Харин Паул, Силас нарын хувьд энэ нь шоронд хоригдож буй хүмүүсийг хөрвүүлэх боломж болсон юм (Үйлс 16:16–34-ийг үзнэ үү). Үйлс 16–21-ээс хүн бүртэй гэрчлэлээ хуваалцах гэсэн Паулын хүслийн бусад жишээг олоорой. Тэр яагаад тийм эрэлхэг, зоригтой байсан гэж та бодож байна вэ? Та Паулын үлгэр жишээнээс юу сурах вэ?

16–21-р бүлэгт сайн мэдээг хуваалцах тухай олон захиас бий. Хэрэв та анхааралтай судалбал, ялангуяа танд тохиромжтой байж болох зарим жишээг олох боломжтой. Энэхүү зорилгыг дотроо бодон, эдгээр бүлгийг уншихыг хичээ. Та юу олсон бэ?

Үйлс 17:16–34

“Бид Бурханы үр удам”

Афинд байхдаа Паул өөр өөр үзэл бодол, шашны итгэл үнэмшилтэй хүмүүсийг олсон. Тэд үргэлж “шинэ зүйл сонсохыг” эрэлхийлж байсан ба Паулын санал болгох зүйл нь тэдний хувьд яах аргагүй шинэ байв (Үйлс 17:19–21-ийг үзнэ үү). Тэд олон бурхныг шүтэж байсан бөгөөд тэдгээрийн дотор “үл мэдэгдэх бурхан” (Үйлс 17:23) гэж дуудагдах нэгэн ч байсан. Гэвч тэд бурхад бол сүр хүч эсвэл хүч чадал мөн бөгөөд харин амьд, биет хүн, тэр дундаа бидний Эцэг биш хэмээн итгэдэг байлаа. Паулын хэлсэн Бурханыг мэдэж авахад туслах зүйлсийг уншаад, Бурханы зан чанарын талаар олсон зүйлсээ тэмдэглэ. “Бурханы үр удам” байна гэдэг нь таны хувьд юу гэсэн үг вэ? (Үйлс 17:29). Таны бодлоор Бурханы хүүхэд байна гэдэг нь зөвхөн Түүний бүтээлүүдийн нэг байхаас юугаараа ялгаатай вэ? Хэрэв та Паулыг гэрчилж байх үед хажууд нь зогсож байсан бол бидний Тэнгэрлэг Эцэгийн тухай эртний грекчүүдэд юу гэж хэлэх байсан бэ? Таны гэрчлэлийг сонсоод тус дэм авах хэн нэгнийг та нар таних уу?

Есүс бяцхан хүүг тэвэрч байгаа нь

Лиз Лэмон Свиндл, Бодгалийн үнэ цэн

Түүнчлэн Ром 8:16; 1 Иохан 5:2; “Бид Бурханы үр удам” (LDS.org, видео) видео бичлэгийг үзнэ үү.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Үйлс 16–21

Эдгээр бүлэгт юу болж байгааг төсөөлөн бодоход нь гэр бүлдээ туслахын тулд хамт уншихдаа Паулын очсон хотуудыг газрын зураг дээр тэмдэглэх нь сонирхолтой байж болох юм (энэхүү тоймын төгсгөл дэх газрын зургийг харна уу).

Үйлс 17:11; 18:24–28

Бид хэрхэн эдгээр судар дээрх гэгээнтнүүдтэй адил байж чадах вэ? Судруудаас өдөр бүр суралцах нь биднийг хэрхэн илүү “уужим сэтгэлтэй” болгох вэ? (Үйлс 17:11). Бид “судрыг сайн мэддэг” болохын тулд юу хийж чадах вэ? (Үйлс 18:24).

Үйлс 19:1–7

Бошиглогч Иосеф Смитийн заасан эдгээр сургаал Үйлс 19:1–7-г судлахад танай гэр бүлд тус болох юм. “Усаар гүйцэтгэдэг баптисм нь хагас баптисм бөгөөд нөгөө хагас нь болох Ариун Сүнсний баптисмгүйгээр хий, хоосон зүйл болох юм. … ‘Ус болон Сүнснээс төрнө’ гэдэг нь нүглээс ангижрахын төлөө усанд умбуулж, дараа нь Ариун Сүнсний бэлэг хүлээж авна гэсэн утгатай. Энэ нь Бурханаас эрх мэдэл олгогдсон хэн нэгний гар тавилтаар өгөгддөг” (Сүмийн ерөнхийлөгчдийн сургаалаас: Иосеф Смит, 110–111). Ариун Сүнсний бэлэг хүлээн авснаар бидэнд ямар ямар адислал ирсэн бэ?

Үйлс 19:13–20

Эдгээр шүлэгт гардаг хүмүүст “тавин мянган мөнгөн зоосны” үнэтэй номнуудаа шатаахад юу нөлөөлсөн бэ? (Үйлс 19:19). Тэнгэрлэг адислалуудыг хүлээн авахын тулд бидний орхих хэрэгтэй дэлхийн эд хөрөнгө эсвэл үйл ажиллагаа бий юү?

Үйлс 20:32–35

Хэзээ танай гэр бүл “авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй” хэмээх Христийн сургаалыг туршлагаараа мэдэж авсан бэ? (Үйлс 20:35). Танай гэр бүлийн өгч болох үйлчлэл, цаг зав, бэлэгнээс тус дэм авч болох хэн нэгэн байгаа юу? Гэр бүлээрээ хэн нэгэнд үйлчлэх санаануудыг хэлэлцэж, төлөвлөгөө гарга. Бид бусдад үйлчлэх үедээ юу мэдэрдэг вэ? Яагаад авахаасаа өгөх нь илүү ерөөлтэй вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ. Ямар нэгэн сэтгэгдэл юм уу гүн ойлголт төрөхөд бичиж тэмдэглэ. Тухайлбал, та бодож байгаагаа судрынхаа зайд, Gospel Library аппликэйшнд эсвэл судлах тэмдэглэлдээ бичиж тэмдэглэж болно. “Та сүнслэг сэтгэгдлээ бичиж тэмдэглэснээр Их Эзэний удирдамжийг үнэлдэг гэдгээ Түүнд харуулахаас гадна, Тэр танд илчлэлтийг илүү ойр ойрхон өгч адислах болно” (Аврагчийн арга барилаар заах нь, 12 мөн 30-ийг үзнэ үү).

Паулын номлолын аяллыг харуулсан газрын зураг

Төлөөлөгч Паулын номлолын аяллууд