“7-р сарын 15–21. Үйлс 10–15: ‘Эзэний үг түгэн түгсээр байлаа’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“7-р сарын 15–21. Үйлс 10–15,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
7-р сарын 15–21
Үйлс 10–15
“Эзэний үг түгэн түгсээр байлаа”
Сүнсийг өөртөө бодол, мэдрэмжээр нөлөөлүүлэх цаг гарган, Үйлс 10–15-ыг анхааралтай унш. Эдгээр бүлэгт таны суралцаж болох зүйл юу байна вэ?
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Мөнх бус амьдрал дахь тохинууллынх нь үед Есүс Христийн сургаал ихэвчлэн хүмүүсийн удаан хугацаанд дагаж ирсэн уламжлал, итгэлийг сорьж байсан бөгөөд Түүнийг тэнгэр өөд одсоны дараа ч зогсоогүй. Бүхний дараа Тэрээр илчлэлтээр дамжуулан Өөрийн сүмийг удирдсаар байсан. Тухайлбал, Есүсийг амьдарч байх үед Түүний шавь нар зөвхөн иудейчүүддээ сайн мэдээг номлож байсан. Харин Аврагчийг нас барсны дараахан Петр Сүмийн бошиглогч болж, Есүс Христ иудей биш хүмүүст сайн мэдээг номлох цаг болсныг Петрт илчилсэн. Сайн мэдээг харийнхантай хуваалцах санаа нь өнөө үед тийм ч гайхмаар зүйл биш юм. Тиймээс энэ түүхэнд бидэнд зориулсан ямар сургамж байна вэ? Нэг нь эртний болон орчин үеийн Сүмийн аль алиных нь бодлого журам, уламжлалд орох өөрчлөлтүүд нь Их Эзэнээс Түүний сонгосон удирдагчдад илчлэлтээр ирдэг гэсэн сургамж байж болно (Aмос 3:7; С ба Г 1:38). Тасралтгүй үргэлжлэх илчлэлт бол Есүс Христийн үнэн бөгөөд амьд Сүмийн гол онцлог юм. Бид Петрийн адил тасралтгүй үргэлжлэх илчлэлтийг хүлээн зөвшөөрөхөд мөн “[Түүний] илчилсэн бүгдэд, эдүгээ түүний илчилж буй бүгдэд” мөн “Тэрээр цаашид илчлэх” “Бурханы хаант улсад хамаарах олон агуу хийгээд чухал зүйлийг” (Итгэлийн тунхаг 1:9) багтаасан “Бурханы үг бүрээр” (Лук 4:4) амьдрахад бэлэн байх ёстой.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
“Бурхан бол нүүр тал хардаггүй.”
Иудейчүүд олон үеийн турш “Абрахамын үр удам” байх эсвэл Абрахамын шууд удам байх гэдэг нь Бурханд таалагдсан (сонгогдсон) хүн гэсэн утгатай гэдэгт итгэдэг байсан (Лук 3:8-ыг үзнэ үү). Бусад бүх хүн Бурханд таалагдаагүй, “цэвэр бус” харийнхан гэж тооцогддог байжээ. Үйлс 10-р бүлэгт Их Эзэн Петрт “Түүнд хэн таалагддаг” тухай юу заасан бэ? (Үйлс 10:35). Та энэ бүлгээс Корнел Их Эзэнд таалагдахуйц зөв шударга амьдралаар амьдарч байсан гэсэн ямар нотолгоог олох вэ? “Бурхан бол нүүр тал хардаггүй” (34-р шүлэг) буюу бүх хүн сайн мэдээний дагуу амьдарвал үүний адислалуудыг хүлээн авах боломжтой гэдгийг мэдэх нь яагаад чухал вэ? (1 Нифай 17:35-ыг үзнэ үү).
Иудейчүүд Абрахамын үр удам биш хүмүүсийг дорд үздэг байсны адил та өөрөөсөө өөр хэн нэгний талаар таагүй эсвэл буруу таамаглал гаргаж байгаагаа анзаарч байсан уу? Та энэ байдлаа хэрхэн ялан дийлж чадах вэ? Хэдэн өдөр энгийн үйл ажиллагааг туршиж үзэх нь сонирхолтой байж болох юм. Та хэн нэгэнтэй харьцах бүрдээ “Энэ хүн бол Бурханы хүүхэд” хэмээн дотроо бодож үз. Ингэж байхдаа та бусадтай харилцах, тэдний тухай бодох байдалдаа ямар өөрчлөлтийг ажигласан бэ?
Түүнчлэн Д.Тодд Кристоффэрсоны “Миний хайр дотор бай” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 81–84-р хуудаснаас; 1 Самуел 16:7 мөн “Сайн мэдээг харийнханд хүргэх Петрийн илчлэлт” (LDS.org, видео бичлэгүүд) видео бичлэгийг үзнэ үү.
Тэнгэрлэг Эцэг надад илчлэлтээр дамжуулан шат шатаар заадаг.
Петр Үйлс 10-т дүрслэгдсэн үзэгдлийг харахдаа эхлээд ойлгохгүй зовсон бөгөөд “[энэ нь] ямар утгатай болохыг ойлгож ядан байсан” (17-р шүлэг). Харин Петр ойлгохыг хичээхэд Их Эзэн түүнд илүү агуу ойлголтыг өгсөн. Та Үйлс 10, 11, 15-р бүлгүүдийг уншихдаа үзэгдлээ ойлгох Петрийн ойлголт цагаас цагт улам гүнзгийрч байсныг анзаараарай. Та асуух зүйл гарсан үедээ Бурханаас илүү агуу ойлголтыг хэрхэн эрэлхийлж, хүлээн авч байсан бэ?
Үйлс 10, 11, 15-д Их Эзэн илчлэлтээр дамжуулан үйлчлэгчдээ удирдаж байсан жишээнүүдийг өгүүлсэн байдаг. Эдгээр бүлгийг уншиж байхдаа илчлэлтийн тухай олсон зүйлсээ бичиж тэмдэглэх нь тустай байж болно. Сүнс тантай хэрхэн ярьдаг вэ?
Мөн Судруудын удирдамжаас “Илчлэлт”-ийг topics.lds.org-оос; Роналд A.Расбандын “Ариун Сүнс биднийг хөтөлдөг” хэлсэн үгийг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы 81–84-р хуудаснаас мөн “Иерусалимын чуулган” (LDS.org, видео бичлэгүүд) видео бичлэгийг үзнэ үү.
Би Есүс Христэд итгэж, дагадаг учраас Христийн шашинтан юм.
Христийн шашинтан хэмээн дуудуулах нь ямар ач холбогдолтой вэ? (Үйлс 11:26-г үзнэ үү). Христийн шашинтан гэдгээр танигдах эсвэл Есүс Христийн нэрийг өөрсөд дээрээ авна гэдэг нь таны хувьд ямар утга учиртай вэ? (С ба Г 20:77-г үзнэ үү). Нэрнүүдийн ач холбогдлыг эргэцүүлэн бод. Жишээлбэл, овог тань таны хувьд ямар утга учиртай вэ? Сүмийн нэр өнөө үед яагаад чухал вэ? (С ба Г 115:4-ийг үзнэ үү).
Түүнчлэн Мозая 5:7–15; Aлмa 46:13–15; 3 Нифай 27:3–8 болон M.Рассэлл Баллардын “Нэрний ач холбогдол” хэлсэн үгийг 2011 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 93–96-р хуудаснаас үзнэ үү.
Гэр бүлээрээ судар судлахад мөн гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцолж, хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Бид сүнслэг туршлага олж авсан ч дараа нь сурсан эсвэл мэдэрсэн зүйлдээ эргэлзэж байсан уу? Бид эргэлзээгээ даван гарахад бидэнд туслах ямар зөвлөгөөг нэг нэгэндээ өгч болох вэ? (Роналд A.Расбандын “Та мартахгүйн тулд” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы 110–113-р хуудаснаас үзнэ үү.)
Петрийг шоронд хоригдоход Сүмийн гишүүд цугларч, түүний төлөө залбирсан. Танай гэр бүл хэн нэгний төлөө залбирахад сүнслэгээр өдөөгдөж байна уу? Энэ нь Сүмийн аль нэг удирдагч эсвэл хайртай хүн тань байж болно. “Хичээнгүйлэн залбирна” гэдэг нь ямар утгатай вэ? (Үйлс 12:5).
Та нарыг энэ бүлгийг хамтдаа унших явцад гэр бүлийн зарим гишүүн шавь нарт болон Сүмд ирсэн адислалуудыг, бусад гишүүн шавь нарт тулгарсан эсэргүүцэл, сорилт бэрхшээлүүдийг тэмдэглэж болно. Яагаад Бурхан зөв шударга хүмүүст хүнд хэцүү зүйл тохиолдохыг зөвшөөрдөг вэ?
Эдгээр шүлэгт харийн (иудей биш) хөрвөгчид гэрээний нэг тэмдэг болгон, хөвч хөндүүлэх шаардлагатай эсэх талаарх Сүмд үүссэн маргааныг дүрсэлсэн байдаг. Төлөөлөгчдийг энэ сэдвийн талаар хэлэлцэхээр цуглан, сүнслэг нөлөө бүхий хариулт хүлээн авсны дараа уг маргаан шийдэгдсэн. Энэ нь уг хэв маяг одоо ч хэвээрээ гэдгийг гэр бүлийнхэндээ заах тохиромжтой цаг байж болно. Гэр бүлээрээ хамтдаа хариултыг нь олохыг хүсэж байгаа сайн мэдээний асуултыг сонго. Судрууд, хожмын үеийн бошиглогч, төлөөлөгчдийн сургаалаас ойлголтуудыг хамтдаа хай. (Судруудын удирдамж болон чуулганы үгсийг нийтэлсэн Сүмийн сэтгүүлүүд дээрх сэдэвчилсэн гарчиг тус болж болно.)
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.