Ирээд, Намайг дага
7-р сарын 15–21. Үйлс 10–15: ‘Эзэний үг түгэн түгсээр байлаа’


“7-р сарын 15–21. Үйлс 10–15: ‘Эзэний үг түгэн түгсээр байлаа’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“7-р сарын 15–21. Үйлс 10–15,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019

Зураг
Корнел Петртэй ярьж байгаа нь

7-р сарын 15–21

Үйлс 10–15

“Эзэний үг түгэн түгсээр байлаа”

Үйлс 10–15-ыг уншсанаар бэлтгэлээ эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлага эдгээр бүлгийг ойлгоход тань туслах бөгөөд энэ тойм танд заах санаа өгнө.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Зураг
хуваалцах шигтгээ зураг

Хуваалцахад урь

Та хүүхдүүдэд сурч, мэдэрч байгаа зүйлүүдээ хуваалцахад нь туслахын тулд Есүс Христэд итгэдгээ харуулахын тулд юу хийж байгаагаа хуваалцахыг тэднээс хүсэж болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Бага насны хүүхдүүдэд зориулав

Үйлс 10:34–35

Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хайртай.

Хүн бүр Бурханы хүүхэд бөгөөд Тэрээр Өөрийн бүх хүүхдэд хайртай гэдэг нь бага насны хүүхдүүд хүртэл ойлгож чадах үндсэн сургаал юм.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Үйлс 10:34–35-ыг уншиж байхдаа Христ ба дэлхийн тал бүрээс ирсэн хүүхдүүд (Сайн мэдээний зургийн цуглуулга, ду. 116) зургийг үзүүл. Петрийн амьдарч байсан цаг үед зарим хүн Бурхан зөвхөн хэсэг бүлэг хүнийг л хайрладаг гэдэгт итгэдэг байсан ч Бурхан бүх хүүхдэдээ хайртай бөгөөд тэднийг бүгдээрээ сайн мэдээнээс суралцаасай хэмээн хүсдэг болохыг Петр сурсан.

  • Хүүхдүүдийг өөрсдийгөө зурахад урь. Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ гаднах төрх, хаанаас ирсэн зэргээс нь үл хамааран нэг бүрчлэн хайрладаг гэсэн гэрчлэлээ хуваалц.

  • Хүүхдүүдтэй хамт бусдыг хайрлах тухай дуу дуул. Жишээлбэл, “Би үргэлж Тантай байх болно” (Хүүхдийн дууны ном, 78–79-р хуудас). Өөрсдөөс нь өөр ч гэлээ Есүсийн адил бүх хүнд хайраа үзүүлж болох арга замуудыг хуваалцахад тэднийг урь.

  • Хүүхэд бүрийн эцэг эхчүүдээс хүүхдийнхээ хүндлүүштэй хэдэн зан чанарыг хуваалцахыг урьдчилан хүс. Тэдний хариултыг ангидаа хуваалцаад, Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдэдээ хайртай гэдгийг гэрчил.

  • Хүүхэд бүрд хандан, “Тэнгэрлэг Эцэг [нэр]-д хайртай” гэж хэл. Хүүхдүүдээр энэ үгийг бие биенд нь ээлжлэн хэлүүл.

Үйлс 11:26

Би Есүс Христэд итгэж, Түүнийг дагадаг учраас Христийн шашинтан юм.

Таны заадаг хүүхдүүд Сүмийн гишүүд Мормоны Номд итгэдэг учраас ихэнхдээ мормончууд хэмээн нэрлэгддэг болохыг мэддэг байж болно. Гэхдээ бид Есүс Христэд итгэдэг учраас бас Христэд итгэгчид юм гэдгийг тэд мэддэг болов уу?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Үйлс 11:26-г хүүхдүүдэд уншиж өг. Есүс Христэд итгэж, Түүнийг дагадаг хүнийг Христэд итгэгч гэдэг бөгөөд бид ч гэсэн Христэд итгэгчид гэдгийг тайлбарла.

  • “Есүс Христийн Сүм” (Хүүхдийн дууны ном, 48-р хуудас) дууг хүүхдүүдтэй хамт дуул. Бид Есүс Христийн дагалдагчид мөн Түүний Сүмд харьяалагддаг хүмүүсийн хувьд сүм, гэр орон, сургууль дээрээ биеэ хэрхэн авч явах ёстой вэ?

  • Энэ долоо хоногийн үйл ажиллагааны хуудсан дээрх тэмдгийг өнгөөр ялган будуулж, гэрт нь өлгүүл.

Үйлс 12:1–17

Тэнгэрлэг Эцэг залбирлыг сонсож, хариулдаг.

Тэнгэр элч Петрийг шоронгоос суллаж байгаа түүх нь Тэнгэрлэг Эцэг залбиралд хариулдаг гэдгийг маш хүчтэй заадаг.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Таныг уг түүхийг товчхон ярьж өгч байх хооронд, Үйлс 12:1–17-д буй Петрийн шоронгоос суллагдаж байгаа түүхийг жүжигчлэн тоглоход хүүхдүүдийг урь. Тэнгэрлэг Эцэг Петрийн төлөө залбирч байгаа хүмүүсийн залбиралд хэрхэн хариулсан бэ?

  • Жишээлбэл, залбирлын тухай “Би нүдээ аньж, толгой бөхийн” (Хүүхдийн дууны ном, 18-р хуудас) дууг дуулаад, хүүхдүүдэд залбирч сурахад нь туслах үйлдлүүдийг зохио. Тэнгэрлэг Эцэгтээ талархаж мөн залбирч гуйж болох зүйлээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь.

  • Тэнгэрлэг Эцэг залбиралд тань хариулж байсан туршлагаасаа хуваалцаж байхдаа залбирч байгаа хүмүүсийн зургийг үзүүл (жишээлбэл, Сайн мэдээний зургийн цуглуулга, 111 болон 112-ыг үзнэ үү).

    Зураг
    Залбирч буй эмэгтэй, охин хоёр

    Тэнгэрлэг Эцэг бидэнд хайртай бөгөөд бидний залбиралд хариулах болно.

Зураг
заах шигтгээ зураг

Сургаалыг заа

Том хүүхдүүдэд зориулав

Үйлс 10:34–35; 15:6–11

“Бурхан бол нүүр тал хардаггүй”

Таны заадаг хүүхдүүд Тэнгэрлэг Эцэг бүх хүүхдээ гаднах төрх, хаанаас ирсэн эсвэл ямар сонголт хийсэн зэргээс нь үл хамааран хайрладаг гэдгийг ойлгох хэрэгтэй.

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдээс хэн нэгнийг гаднаас нь хараад ямар хүн болохыг эсвэл хаанаас ирснийг нь тааж хэлж чадах эсэхийг асуу. Үйлс 10:35-д өгүүлснээр Бурхан хэн нэгэн Өөрт нь таалагдах эсэхийг хэрхэн тодорхойлдог вэ?

  • Үйлс 10:34–35 болон 15:6–11-ийг хүүхдүүдтэй хамт унш. Петрийн амьдарч байсан цаг үед иудейчүүд Бурхан иудей биш хүнийг (тэднийг харийнхан хэмээн нэрлэдэг) хүлээн авдаггүй гэдэгт итгэдэг байжээ. Гэвч Бурхан Өөрийн бүх хүүхдэд, тэр дундаа иудей ба харийнхны аль алинд хайртай гэдгийг Петрт заасан. “Би Бурханы хүүхэд” дууллыг хамт дуул (Сүмийн дуулал, 58.) Би эсвэл намайг гэсэн үгсийг бие биенийхээ нэрсээр орлуулахад хүүхдүүдийг урь.

  • Ангийнхаа хэн нэгний талаарх ямар нэгэн онцлог зүйлийг хуваалцахад хүүхдүүдийг урь. “Бурхан бол нүүр тал хардаггүй” гэсэн үг нь Бурхан бүх хүүхдэдээ хайртай бөгөөд тэдэнд хайртай учраас бүх хүүхдээ сайн мэдээг сонсоосой хэмээн хүсдэг болохыг илэрхийлж байгааг тайлбарла.

Үйлс 11:26

Христэд итгэгч гэдэг нь Есүс Христэд итгэж, Түүнийг дагадаг хүн юм.

Та хүүхдүүдийн үг, үйлдэл нь тэднийг Христэд итгэгч гэдгийг харуулдгийг ойлгоход хэрхэн тусалж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Хүүхдүүдийг Үйлс 11:26; 3 Нифай 27:3–8 мөн Сургаал ба Гэрээ 115:4-ийг уншихад урь. Самбар дээр Христэд итгэгч гэж бичээд, “Христэд” гэсэн үгийн доогуур зур. Христэд итгэгч байна гэдэг нь тэдний хувьд юу гэсэн үг болохыг хүүхдүүдээс асуу.

  • Гэр бүл, Хүүхдийн хэсэг гэх мэт харьяалагддаг бүлгүүдээ нэрлэхийг хүүхдүүдээс хүс. Тэднийг Христэд итгэгч мөн Есүс Христийн Хожмын Үеийн Гэгээнтнүүдийн Сүмийн гишүүн байгаадаа талархаж байгаа шалтгаануудаа хуваалцахад урь. Бид Христэд итгэгч гэдгээ бусдад хэрхэн харуулж болох вэ?

  • Санваарын адислалын зураг гэх мэт Есүс Христийн Сүмийн онцлог үнэнүүдийг төлөөлөх хэд хэдэн эд зүйл эсвэл зургийг харуул. Нэг хүүхдээс эдгээр эд зүйл эсвэл зургуудаас нэгийг сонгож аваад, уг зүйл нь манай Сүмийг хэрхэн адисалдаг талаар тайлбарлахыг хүс. Дэлхий даяарх Христэд итгэгчид өөр өөр олон сүмд харьяалагддаг байхад бид Есүс Христийн дэлхий дээр зохион байгуулсан Сүмд харьяалагддаг гэдгийг тайлбарла.

  • “True Christianity” (LDS.org) видео бичлэгийг үзүүл. Жинхэнэ Христэд итгэгч байхын тулд ямар зүйл хийж болохыг зурахад хүүхдүүдийг урь.

Үйлс 12:1–17

Намайг итгэлтэйгээр залбирахад Тэнгэрлэг Эцэг хариулах болно.

Тэнгэрлэг Эцэг залбиралд тань хариулж байсан тохиолдлуудын тухай бод. Тэнгэрлэг Эцэг хүүхдүүдийн залбирлыг сонсож, Өөрийн арга зам, цаг хугацаанд хариулна гэдгийг та тэдэнд заахдаа эдгээр туршлагаа хэрхэн ашиглаж болох вэ?

Боломжит үйл ажиллагаанууд

  • Таныг энэ түүхийг өөрийн үгээр товчхон ярьж өгч байх хооронд Үйлс 12:1–17 дахь тэнгэр элч Петрийг шоронгоос суллаж байгаа түүхийг жүжигчлэн үзүүлэхэд хүүхдүүдийг урь.

  • “Хичээнгүйлэн залбирч байв” (Үйлс 12:5) гэдэг нь ямар утгатай үг гэж бодож байгааг хүүхдүүдээс асуу. Хүмүүсийн залбирал хэрхэн хариулагдсан бэ? Тэнгэрлэг Эцэг хувийн эсвэл гэр бүлийнх нь залбиралд хариулж байсан туршлагаасаа хуваалцахад хүүхдүүдийг урь. Мөн та өөрийн тань залбирал таны хүсэн хүлээж эсвэл найдаж байснаас өөрөөр хариулагдаж байсан туршлагаасаа хуваалцаж болно. Бурхан бидэнд хайртай бөгөөд бидний залбиралд бидэнд хамгийн тохирсон арга зам, цаг хугацаанд хариулна гэдгийг гэрчил.

Зураг
суралцах шигтгээ зураг

Гэртээ суралцахыг урамшуулан дэмж

Гэр бүлийн гишүүдэд хамтдаа залбирахыг сануулсан, гэртээ тавих зураг эсвэл эд зүйлсийг хүүхдүүдэд өг.

Заах чадвараа сайжруулах

Амлагдсан адислалуудыг гэрчил. Та Хүүхдийн хэсгийн хүүхдүүдийг тодорхой зарчмын дагуу амьдрахад урихдаа уг зарчмын дагуу амьдардаг хүмүүст өгсөн Бурханы амлалтыг хуваалц. Жишээлбэл, та хариулт авахаар залбирч байх үедээ хүлээн авсан амлагдсан адислалынхаа талаар гэрчилж болно.

Хэвлэх