“7-р сарын 8–14 Үйлс 6–9: ‘Та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019 (2019)
“7-р сарын 8–14. Үйлс 6–9,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
7-р сарын 8–14
Үйлс 6–9
“Та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?”
Үйлс 6–9-ийг уншсанаар эхэл. Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм нь эдгээр бүлгийг ойлгоход танд тусална. Энэ тойм дахь бага насны хүүхдүүдэд зориулсан үйл ажиллагаануудыг том хүүхдүүдэд зориулан өөрчилж болно.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Үйлс 6–9 дээр гардаг Саул эсвэл Стефан гэх мэт хүмүүсийн нэрийг самбар дээр бичиж болно. Хүүхдүүдийг энэ хүмүүсийн нэгний талаар мэддэг ямар нэг зүйлээ хуваалцахад урь.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Би зөв зүйлийн төлөө зогссоноор Есүс Христийг дагаж чадна.
Хүүхдүүд Есүс Христийн шавь байх талаар Стефанаас юу сурч авч чадах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдэд зөвийг сонгох тухай “Үнэний төлөө зогс” (Хүүхдийн дууны ном, 81-р хуудас) зэрэг дуунд тохирсон хөдөлгөөн зохиоход тусал. Стефаныг Есүс Христийн талаар зааж байхад иудей удирдагчид ихэд уурлаж байсан ч тэдний хэрхэн заасан талаар Үйлс 7:51–60-ыг ашиглан хүүхдүүдэд ярьж өг (мөн Шинэ Гэрээний түүхүүд номын х. 150–151 дахь “Бүлэг 57: Хорон муу санаатнууд Стефаныг хороосон нь” эсвэл LDS.org дахь холбогдох видео бичлэгийг үзнэ үү). Стефан хэрхэн зөв зүйлийн төлөө зогссон бэ?
-
Зөв, буруугийн хооронд сонголт хийх хэрэгтэй болсон хүүхдүүдийн хэдэн жишээг хүүхдүүдэд танилцуул. Хүүхдүүдээс зөв зүйлийн төлөө зогсохын тулд юу хийж болохыг асуу.
Ариун Сүнс сайн мэдээг бусадтай хуваалцахад намайг сүнслэгээр өдөөдөг.
Филип Сүнсний өдөөлтийг дагаж, судрыг ойлгохгүй байсан этиоп хүнд тусалдаг. Таны заадаг хүүхдүүд энэ түүхээс ямар сургамж авч болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хоёр сандлыг нийлүүлээд дугуйт тэрэг болго. Хоёр хүүхдийг дугуйт тэргэнд суухыг урьж, нэгээр нь Филипийг, нөгөөхөөр нь этиоп хүнийг төлөөлүүл. Дараа нь Филип сайн мэдээг этиоп хүнд хэрхэн заасан түүхийг ярьж өг.
-
Та Үйлс 8:29-д Филипт тохиолдсонтой адил, сайн мэдээг хэн нэгэнтэй хуваалц гэсэн Ариун Сүнсний мэдрэмжийг мэдэрч байсан уу? Өөрийн туршлагаас хүүхдүүдтэй хуваалц.
Алдаа гаргах үед маань Тэнгэрлэг Эцэг намайг наманчилж мөн өөрчлөгдөхөд урьдаг.
Есүсийг Саулд Их Эзэний Сүмийг хавчихаа боль хэмээн хэлэхэд Саул тэр даруй наманчилж мөн өөрчлөгдсөн. Энэ түүх таны заадаг хүүхдүүдэд буруу зүйл хийснийхээ дараа хурдан өөрчлөгдөх хүсэлтэй болоход хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Үйлс 9:1–20 дахь Саулын хөрвөлтийн түүхийг товчхон ярьж өг (мөн Шинэ Гэрээний түүхүүд номын х. 154–155 дахь “Бүлэг 59: Саул Есүсийн талаар суралцсан нь” эсвэл LDS.org дахь холбогдох видео бичлэгийг үзнэ үү).
-
Мэлхий болж хувирдаг шанаган хорхой эсвэл улирал даган өөрчлөгддөг мод зэрэг өөрчлөгдөн хувирдаг зүйлсийн жагсаалт эсвэл зургийг авчир. Есүс Христийг Саул дээр ирэхэд тэр хэрхэн өөрчлөгдсөн бэ?
-
Самбар дээр салаа зам зур. Хүүхдүүдийг очихыг хүсэж байгаа газруудаа нэрлэж, тэдгээрийг аль нэг замын эхэнд бичихэд урь. Бид буруу зам руу эргэвэл юу болох вэ? Наманчлал нь зөв замдаа буцаж орохтой хэрхэн адилхан бэ?
-
Саулын “Та надаар юу хийлгэхийг хүсэж байна вэ?” хэмээн Их Эзэнд хандаж асуусан үгсийг давтаж хэлэхийг хүүхдүүдээс хүс. Их Эзэн биднээр юу хийлгэхийг хүсдэг вэ?
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Би Есүс Христийн гэрч болно.
Та Есүс Христийн гэрч болон зогссон Стефаны үлгэр жишээнээс суралцахад нь өөрийн заадаг хүүхдүүдэд хэрхэн тусалж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Үйлс 6:5–15 болон 7:51–60-ыг хүүхдүүдтэй хамт унш. Стефан хэрхэн Есүс Христийн гэрч байж чадсан бэ? Нэг эсвэл илүү олон хүүхдийг Стефаны дүрд тоглож, юунд, яагаад итгэдгээ хуваалцахад урь.
-
Хүүхдүүдийг Үйлс 6:3–10-ыг ээлжлэн уншаад, Стефанд үйлчлэхэд тусалсан зан чанаруудыг хайж олоход урь.
-
Та Есүс Христ болон Түүний сайн мэдээний гэрчийн хувьд зогсож болох нөхцөл байдлуудын талаар бодоход туслахыг хүүхдүүдээс хүс. Тэдэнд зарим нөхцөл байдлыг жүжигчлэн үзүүлэхэд тусал. Хүүхдүүдийг Мозая 18:9-ийг уншихыг хүс. Есүс Христийн гэрч байхад бидний баптисм хүртэхдээ өгдөг амлалтууд ордог гэдгийг онцлон хэл.
-
Самбар дээр Стефан болон Филип гэсэн нэрсийг бич. Стефаны нэрний доор бидний бусдад үлгэр жишээ болж чадах арга замуудыг бич. Филипийн нэрний доор сайн мэдээг бусадтай хуваалцаж болох арга замуудыг бич. Есүс Христийн шавийн хувьд үлгэр жишээ үзүүлэх нь бидэнд сайн мэдээг хуваалцахад хэрхэн тусалдаг вэ?
Санваар бол Бурханы үнэлж баршгүй бэлэг юм.
Материаллаг эд зүйлс бидэнд аз жаргал авчирдаг гэсэн санааг Сатан хөхиүлэн дэмждэг. Та санваар, санваарын адислал гэх мэт сүнслэг зүйлсийг үнэлж сурахад хүүхдүүдэд туслахын тулд Симоны түүхийг хэрхэн ашиглаж болох вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Үйлс 8:5–24 дэх Симоны түүхийг товчхон ярьж өг (мөн Шинэ Гэрээний түүхүүд номын х. 152–153 дахь “Бүлэг 58: Симон ба санваар” эсвэл LDS.org дахь холбогдох видео бичлэгийг үзнэ үү). Бид яагаад санваарыг худалдан авч болохгүй вэ? Хүн санваарыг жинхэнээсээ яаж хүлээн авдаг вэ? (Итгэлийн тунхаг 1:5-ыг үзнэ үү).
-
Хүүхдүүдэд цаасан мөнгө өгөөд, мөнгөөр худалдан авч болох эд зүйлсийн зургийг үзүүл. Тэдгээр эд зүйлийн төлөө энэ хуурамч мөнгөнөөсөө хэдийг төлөхийг хүүхдүүдээс асуу. Дараа нь ариун ёслол, ариун сүм (ариун сүмийн адислалуудыг төлөөлүүлж), баптисм болон санваараар дамжуулан бидний хүлээн авдаг бусад адислалын зургийг үзүүл. Бурханаас ирдэг эдгээр бэлэг үнэлж баршгүй бөгөөд мөнгөөр худалдан авах боломжгүй гэдгийг тайлбарла.
Алдаа гаргасан үед маань Тэнгэрлэг Эцэг намайг наманчилж, өөрчлөгдөхөд урьдаг.
Есүс Саулд Их Эзэний Сүмийг хавчихаа боль хэмээн хэлэхэд Саул тэр даруй наманчилж, өөрчлөгддөг. Энэ түүх таны заадаг хүүхдүүдэд буруу зүйл хийснийхээ дараа аль болох хурдан өөрчлөгдөх хүсэлтэй болоход нь хэрхэн туслах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг цаасыг дундуур нь нугалахад урь. Тэднээс нэг хэсэгт нь Өмнө нь мөн нөгөө хэсэгт нь Дараа нь гэж бичихийг хүс. Үйлс 8:1–3; 9:1–2 болон 9:17–22-ыг хүүхдүүдтэй хамт уншаад, Саул Их Эзэнийг харахын өмнө ямар байсныг дүрсэлсэн үг, хэллэгийг хайж ол.
-
Тойргийн нэг гишүүнийг түүний хөрвөгдөж, Сүмийн гишүүн болсон нь амьдралыг нь хэрхэн Саулынхтай адил өөрчилсөн талаар хуваалцахад урь.
-
Самбар дээр “Дамаск орох зам”-ыг зур. Хүүхдүүдийг Үйлс 9:6, 11, 18, 20–22-ыг уншаад, наманчилж, Есүс Христ рүү эргэхийн тулд Саулын хийснийг хайж олон, тэдгээр үйлдлийг уг замын дагуу бич. Бид Саулаас Eсүс Христтэй хэрхэн илүү адилхан болж болох талаар юу сурч болох вэ?
-
Хүүхдүүдийг Саулын хөрвөлтийн түүхийн дуртай хэсгээ зураад, зургаа ангийнхантайгаа хуваалцахад урь.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Өнөөдрийн ангид хийсэн таалагдсан үйл ажиллагаа болон уг үйл ажиллагаанаас юу сурснаа гэрийнхэндээ ярихад хүүхдүүдийг урамшуулан дэмж.