“6-р сарын 17–23. Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19: ‘Гүйцэлдлээ’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“6-р сарын 17–23. Матай 27; Марк 15; Лук 23; Иохан 19,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019
6-р сарын 17–23
Maтай 27; Maрк 15; Лук 23; Иохан 19
“Гүйцэлдлээ”
Maтай 27; Maрк 15; Лук 23 болон Иохан 19 нь Аврагчийн мөнх бус амьдралын эцсийн мөчүүдийг дүрслэн харуулдаг. Аврагчийн золиослол, үхлийн талаар судлахдаа Түүний хайрыг мэдрэхийг эрэлхийл.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Есүс Христ үг, үйлдэл бүрээрээ цэвэр хайрыг буюу төлөөлөгч Паулын хэлснээр энэрлийг үлгэрлэн үзүүлж байсан (1 Коринт 13-ыг үзнэ үү). Аврагчийн мөнх бус амьдралын эцсийн мөчүүдээс өөр ямар ч цаг үед энэ нь ийм тод томруун нотлогдож байгаагүй. Тэрээр худал хуурмагт гүтгүүлж байхдаа хүндэтгэлтэйгээр чимээгүй байсан нь Түүний “уурладаггүй” (1 Коринт 13:5) зан чанарыг харуулсан. Тарчлаахыг зогсоох хүч чадлаа хазаарлан барьж, ташуурдах, элэглэн шоолох, цовдлох зэргийг тэвчих хүсэл нь Түүний “тэвчээртэй,” “бүгдийг далдалдаг” (1 Коринт 13:4, 7) чанарыг харуулсан. Харьцуулшгүй ихээр зовж, шаналж байхдаа ч Түүний ээждээ хандсан нинжин сэтгэл, Өөрийг нь цовдолсон хүмүүст үзүүлсэн нигүүлсэл “[Өөрийнхийг] эрдэггүй” (1 Коринт 13:5) гэдгийг нь харуулж байсан. Есүс дэлхий дээрх сүүлчийн хэдхэн хоромдоо, мөнх бус амьдрал дахь үйлчлэлийнхээ үеэр хийсэн зүйлээ хийж байсан буюу үлгэр жишээгээрээ зааж байсан. Энэрэл бол ‘Христийн цэвэр хайр’ (Моронай 7:47) гэдэг нь гарцаагүй.
Хувиараа судар судлахад зориулсан санаанууд
Maтай 27; Maрк 15; Лук 23; Иохан 19
Есүс Христийн зовж шаналахад бэлэн байсан нь Түүний Эцэгийг болон бид бүгдэд хайртай болохыг нь харуулдаг.
Хэдийгээр Аврагчид тоо томшгүй “олон тэнгэр элчийг” (Матай 26:53) дуудах хүч чадал байсан ч Тэрээр сайн дураараа шударга бус шүүлт, элэглэл доромжлол, төсөөлшгүй бэрх бие махбодын өвчин шаналлыг тэвчихийг сонгосон. Тэр яагаад үүнийг хийсэн бэ? Нифай үүнийг “Хүмүүний үрсийн зүг хандах өөрийн өгөөмөр хайр мөн өөрийн хүлцэнгүй тэсвэрлэлийн учир” (1 Нифай 19:9) хэмээн гэрчилсэн.
Та 1 Нифай 19:9-ийг уншснаар Аврагчийн сүүлчийн мөчүүдийн талаарх судалгаагаа эхэлж болно. Та Есүсийг тэвчих болно гэж Нифайн хэлсэн бүх зүйлийн жишээг Матай 27; Марк 15; Лук 23, Иохан 19-ийн аль хэсгээс олох вэ?
“[Тэд] гологдсон зүйл мэт түүнийг шүүх болно”
“[Тэд] түүнийг ташуурдах” болно
“[Тэд] түүнийг цохих” болно
“[Тэд] түүнийг нулимах бөлгөө”
Аль аль хэсэг танд Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёрын танд хандсан “өгөөмөр хайрыг” мэдрэхэд туслах вэ? Та Аврагчийн үзүүлсэн зан чанаруудаас алиныг нь илүү бүрэн хөгжүүлэхэд сүнсээр нөлөөлөгдөж байна вэ?
Maтай 27:27–49, 54; Maрк 15:16–32; Лук 23:11, 35–39; Иохан 19:1–5
Бурханы үнэнийг элэглэн шоолж байгаа нь миний итгэлийг сулруулах ёсгүй.
Есүс үйлчлэлийнхээ турш доог тохуурхлыг тэвчиж байсан ч энэ нь ташуурдуулж, цовдлуулж байх үед нь улам дэвэрсэн. Гэвч энэ доог тохуурхал Есүс бол Бурханы Хүү хэмээх үнэнийг өөрчилж чадахгүй. Та Есүсийн тэвчиж байсан доромжлолын тухай уншихдаа өнөөдөр Түүний ажилд тулгарч буй эсэргүүцэл, доог тохуурхлын талаар бодоорой. Та эсэргүүцлийг тэвчих тухай ямар ойлголт олж авсан бэ? Maтай 27:54 дэх зуутын даргын хэлсэн үгсийн юу нь таныг гайхшируулж байна вэ?
Тэнгэрлэг Эцэг Есүсийг загалмай дээр орхисон уу?
Ахлагч Жэффри Р.Холланд дараах ойлголтыг өгсөн. “Түүний төгс Эцэг Хүүгээ тэр мөчид орхиогүй юм гэдгийг би … хэлж байна. Гэсэн хэдий ч Эцэг Хүүгийнхээ агуу золиослолыг ганцаардмал байсан шиг нь бүрэн төгс байлгахыг хүссэн тул түр зуур Өөрийн Сүнсний тайвширлыг мөн Өөрийн хувийн оршихуйн дэмжлэгийг ч Есүсээс холдуулсан. … Цагаатгалаа агуу хийгээд мөнхийн байлгахын тулд Тэрээр зөвхөн бие махбодын хувьд үхээд зогсохгүй, сүнсээрээ үхэх нь тэнгэрлэг Сүнс холдон одох, тэр чигтээ ямар ч найдваргүй ганцаараа хоцорсон мэт мэдрэмж ямар байдгийг өөрийн биеэр амсах хэрэгтэй байлаа” (“Түүнтэй хамт хэн ч байсангүй,” 2009 оны 4-р сарын Ерөнхий чуулган, 97).
Аврагч уучлал өршөөлийн үлгэр жишээ юм.
Таныг Лук 23:34 дээрх Аврагчийн үгсийг унших үед ямар мэдрэмж төрсөн бэ? Ерөнхийлөгч Хэнри Б.Айринг Аврагчийн үгсийн талаар “Бид өөрсдийгөө гомдоосон хүмүүсийг уучилж, өс санахгүй байх ёстой. Аврагч загалмай дээрээс үлгэр жишээ үзүүлсэн. … Биднийг гомдоосон хүмүүсийн зүрх сэтгэлийг бид мэдэхгүй шүү дээ” (“That We May Be One,” Ensign, 1998 оны 5-р сар, 68) хэмээн заасан. Хэрэв та хэн нэгнийг уучилж чадахгүй шаналж байгаа бол энэ шүлэг танд хэрхэн тусалж чадах вэ?
Аврагчийн хулгайчид хэлсэн үгс дэх “диваажин” гэдэг нь ямар утгатай вэ?
Судрууд дахь диваажин хэмээх үг ихэвчлэн зөв шударга хүмүүст зориулан бэлтгэгдсэн газар буюу “зуурдын амьдралын дараах сүнсний дэлхийд аз жаргал хийгээд амар амгалангийн газар” гэсэн утгатай байдаг. Бошиглогч Иосеф Смит Лук 23:43-т гардаг диваажин гэдэг үгийн талаар энэ нь “буруу орчуулга бөгөөд Их Эзэн үнэндээ тэрхүү хулгайчийг Түүнтэй хамт сүнсний дэлхийд байх болно хэмээн хэлсэн” гэж заасан (Итгэлдээ үнэнч байх нь, 84–85-ыг үзнэ үү) . Сүнсний дэлхийд хулгайч сайн мэдээг сонсох болно.
Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд
Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:
Иудас хэдийгээр Есүсийг мэддэг байсан ч “[Есүсээс] нүүр буруулж, түүний үгсэд гомдсон” (Иосеф Смитийн Орчуулга, Maрк 14:31). Хүчтэй гэрчлэлтэй мэт санагдаж байсан хүмүүс Аврагчаас нүүр буруулахад юу нөлөөлдөг вэ? Бид Есүс Христэд хэрхэн чин үнэнчээр үлдэж чадах вэ?
Пилат Есүсийг буруугүй гэдгийг мэдэж байсан мөртлөө яагаад цовдлуулахаар явуулсан бэ? Пилатын туршлагаас бид зөв гэж мэддэг зүйлээ хамгаалах тухай юу ойлгож авч болох вэ? Зөв зүйлийг хамгаалах дадлага хийх боломж олгон, жүжигчилсэн тоглолт хийх нь гэр бүлийнхэнд тань тустай байж болох юм.
Эдгээр шүлгэн дээрх Аврагчийн загалмай дээр байхдаа хэлсэн үгсийг гэр бүлийнхэндээ тус бүрд нь нэг юм уу түүнээс олныг даалгаж өгөөд, Аврагчийн болон Түүний номлолын тухай ойлгож мэдсэн зүйлээ хуваалцахыг хүсэж болно.
Цовдлуулалтын тухай уншаад, Есүс бол “Бурханы Хүү” хэмээх бидний гэрчлэл хэрхэн хүчирхэгжсэн бэ?
Бид эдгээр шүлгээс гэр бүлийнхнээ хайрлаж, дэмжих талаар юу сурах вэ?
Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.