“6-р сарын 17–23. Maтай 27; Maрк 15; Лук 23; Иохан 19: ‘Гүйцэлдлээ’” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)
“6-р сарын 17–23. Maтай 27; Maрк 15; Лук 23; Иохан 19,” Ирээд, Намайг дага—Хүүхдийн хэсэгт зориулав: 2019
6-р сарын 17–23
Maтай 27; Maрк 15; Лук 23; Иохан 19
“Гүйцэлдлээ”
Maтай 27; Maрк 15; Лук 23; Иохан 19-ийг уншсанаар бэлтгэж эхэл. Хүүхдүүдийн хэрэгцээг залбирч, ойлгохыг хичээ.
Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ
Хуваалцахад урь
Хүүхэд бүрд Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг бариул. Зургийг барьж байхдаа хүүхэд бүр Есүсийн яаж нас барсан талаарх мэддэг зүйлээ хуваалцаж болно.
Сургаалыг заа
Бага насны хүүхдүүдэд зориулав
Maтай 27:11–66; Лук 23; Иохан 19
Есүс миний төлөө нас барсан учраас би амилна.
Есүсийн цовдлолтын тухай сонсоод, бага насны хүүхдүүд сэтгэлээр унаж магадгүй. Шинэ Гэрээний түүхүүд-ийн х. 133–138 дахь “Бүлэг 52: Есүсийг байцаан шүүсэн нь” болон “Бүлэг 53: Есүс цовдлогдсон нь” эсвэл холбогдох видео бичлэгүүд (LDS.org) нь энэ түүхийг тэдэнд хэрхэн зөв хуваалцах зохих арга замыг өгнө.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Есүсийг байцаасан, цовдолсон, оршуулсан талаар ярьж байхдаа Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тойм дахь зургийг үзүүл (мөн Сайн мэдээний зургийн цуглуулга, х. 57, 58-ыг үзнэ үү). Эдгээр үйл явдлын талаар мэддэг зүйлээсээ хуваалцахад хүүхдүүдийг урь. Есүс гурав дахь өдрөө амилсан буюу эргээд амь орсон гэдгийг онцол.
-
Хүүхдүүдээс өөрсдийнхөө төлөө хийж чадахгүй ч эцэг эх нь тэдний төлөө хийдэг зарим зүйлийг нэрлэхийг хүс. Аврагчийн зургийг үзүүл. Бид Есүсийн ачаар амилах бөгөөд үүнийг өөрсдийн хүчээр хийж чадахгүй гэдгийг тайлбарла.
-
Нас барсан таньдаг хүнийхээ зургийг үзүүл. Есүсийн ачаар уг хүн дахин амьдарна гэсэн гэрчлэлээ хуваалц.
Би Есүсийн адилаар бусдыг уучилж чадна.
Та найрсаг бус хүмүүсийг хэрхэн Есүстэй адил уучлах талаар ойлгоход нь хүүхдүүдэд хэрхэн туслах вэ?
Боломжит үйл ажиллагаанууд
-
Цэргүүд Есүст хэрхэн найрсаг бус хандсаныг дүрслээд, (Maтай 27:26–37-г үзнэ үү) дараа нь Лук 23:34-ийг уншина уу. Бид бусдыг уучилснаар тэдний талаарх муу мэдрэмжээ орхин, тэднийг хайрлаж байгаагаа харуулдаг гэдгийг тайлбарла.
-
Хэн нэгэн хүн найрсаг бус зүйл хэлж эсвэл хийж буй нөхцөл байдлыг хуваалц. Тухайн хүнийг хэрхэн уучлах байснаа хуваалцахад хүүхдүүдийг урь.
-
Children’s Songbook номын 99-р хуудсан дээрх “Help Me, Dear Father” дууны үг эсвэл хэллэгийг самбар дээр бич. Хүүхдүүдийг уг дууг олон дахин давтаж дуулахад уриад, дуулах бүрд хэдэн үг арилган, дууг бүтнээр нь сурах хүртэл ийнхүү үргэлжлүүл. Энэ дуунд гарч байгаагаар бид хэнийг уучлах ёстой вэ? Уучлахад хэцүү байвал бидэнд хэн туслах вэ?
-
Хэн нэгнийг уучилсан хүүхдийн түүхийг Friend эсвэл Лиахона сэтгүүлийн сүүлийн дугааруудаас ол. Уг түүхийг хүүхдүүдтэй хуваалц.
Есүс миний төлөө зовж шаналан бас нас барсан учраас би наманчилж мөн уучлагдаж чадна.
Найман нас хүрээгүй хүүхдүүд хариуцлага хүлээхгүй ч одооноос эхлэн буруу сонголт хийсэн л бол хэрхэн наманчлах талаар мэддэг байх нь тэдэнд чухал.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Лук 23:32–33, 39–43-ыг товчлон яриад, Сайн мэдээний зургийн цуглуулга-ын зураг 57 дээрх хоёр гэмт хэрэгтэнг онцол. Эхний гэмт хэрэгтэн Есүсийг шоолж байхад хоёр дахь нь буруу зүйл хийснээ хүлээн зөвшөөрсөн буюу наманчилж эхэлсэн гэдгийг тайлбарла.
-
Сургаал ба Гэрээ 19:16-г хүүхдүүдэд уншиж өг. Яагаад Есүс бидний төлөө зовсон бэ?
-
“The Shiny Bicycle” (LDS.org) видео бичлэгийг үзүүл. Тэнгэрлэг Эцэг, Есүс Христ хоёр бидэнд хийсэн нүгэл, алдаагаа засаж залруулан, өршөөгдөхөд тусална гэдгийг тайлбарла.
-
Буруу сонголтуудыг төлөөлүүлэн хүүхдүүдээр самбар дээр шохойгоор тэмдэг тавиул. Дараа нь наманчлалыг төлөөлүүлэн тэднээс самбарыг арчихыг хүс. Аврагчийн зургийг үзүүлээд, Түүний ачаар бид наманчилж чадна гэдгийг гэрчил.
Сургаалыг заа
Том хүүхдүүдэд зориулав
Maтай 27:11–66; Лук 23; Иохан 19
Есүс намайг хайрладаг учраас миний төлөө нас барсан.
Та нар Есүсийг өөрсдийн чинь төлөө нас барсанд яагаад талархдаг вэ? Та Аврагчийн тэдний төлөө хийсэн золиослолын ач холбогдлыг ойлгоход хүүхдүүдэд хэрхэн тусалж чадахаа бодож үз.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Maтай 27:11–66 дахь шүлгийн гол үйл явдлуудыг жагсаа (үүнийг хийхэд тусламж авахын тулд Шинэ Гэрээний түүхүүд-ийн х. 133–138 дээрх “Бүлэг 52: Есүсийг байцаан шүүсэн нь” болон “Бүлэг 53: Есүс цовдлогдсон нь”-ийг үзнэ үү). Хүүхдүүдийг эдгээр шүлгийг судлаад, үйл явдлуудыг зөв дараалалд оруулахад урь.
-
“Jesus Is Condemned before Pilate” болон “Jesus Is Scourged and Crucified” (LDS.org) видео бичлэгүүдийг үзүүл. (Мөн “Цагаатгал”-ыг LDS.org-оос үзнэ үү.) Есүс яагаад бидний төлөө зовохыг хүссэн бэ?
-
Нэг хүүхдээс Maтай 27:54-ийг уншихыг хүсээд, хүүхдүүдийг Есүс бол Бурханы Хүү гэдгийг мэдэхэд туслах зүйлсийг хуваалцахад урь.
-
Сүмийн дуулал болон хүүхдийн дуу номын 16-р хуудсан дээрх “Хараач, Их Гэтэлгэгч халинам” дууг эсвэл ариун ёслолын өөр дууллаас цовдлолтын талаар юу сурч болохыг хүүхдүүдээс асуу.
Би Есүстэй адил бусдыг уучилж чадна.
Бусдыг уучлах амаргүй байж болно. Таны заадаг хүүхдүүд Аврагчийн үлгэр жишээг дагаж, бусдыг уучилснаар адислагдана.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Хүүхдүүдийг Есүст найрсаг бус хандсан цэргүүдийн тухай Maтай 27:26–37-оос мөн Есүс тэднийг уучилж байгааг Лук 23:34-өөс ээлжилж уншихад урь. (Лук 23:34, зүүлт тайлбар c дээр Иосеф Смитийн Орчуулгын нэмэлт тайлбарыг үзнэ үү.) Бид Есүсийн үлгэр жишээнээс юу сурч болох вэ?
-
Самбар дээр Та нар найрсаг бус хандсан хүнийг уучлахын тулд юу хийж чадах вэ? гэж бич. Түүнд найрсаг хандахын төлөө залбирах эсвэл Түүний талаар сайн зүйл бодох гэх мэт санааг хүүхдүүдээр самбарт бичүүл.
-
Найрсаг бус хандсан хүнийг хэрхэн уучилж байгаа нөхцөл байдлыг хүүхдүүдээр зуруул. Зургаа ангийнхантайгаа хуваалцах боломжийг тэдэнд олго.
Есүс миний төлөө зовж, нас барсан учраас би наманчилж мөн уучлагдаж чадна.
Энэ хичээл нь Есүс бол Христ, бид нүглүүдээ наманчилж мөн уучлагдаж болно гэдгийг гэрчлэхэд тохиромжтой цаг юм.
Боломжит үйл ажиллагаанууд
-
Нэг хүүхдийг Лук 23:32–33, 39–43-ыг уншихад урь. Есүстэй хамт цовдлуулж байгаа хоёр хүн бол гэмт хэрэгтнүүд гэдгийг тайлбарла. Хоёр гэмт хэрэгтний нэг нь наманчилж байгаагаа хэрхэн харуулсан бэ?
-
Дараах өгүүлбэрийг самбарт бичээд, налуу бичсэн үгсийг хоосон үлдээ. “Есүс Христийн Цагаатгалын ачаар би наманчилсан үедээ уучлагдаж чадна.” Хоосон зайг нөхөхөд туслах сэжүүрүүдийг хүүхдүүдэд өг.
-
Нэг хүүхдээр уут бариулаад, бусад хүүхэд хэн нэгний хийж болох буруу сонголтуудыг нэрлэх зуур уутыг жижиг чулуугаар дүүргэ. Нүгэл үйлдсэн үедээ бидний үүрдэг сүнслэг ачаа дарамтыг уг ууттай харьцуулахад хүүхдүүдэд тусал. Наманчлал нь уутнаас чулууг авахтай хэрхэн адил вэ?
-
“You Can Repent and Forgive” (Friend, 2015 оны 8-р сар, 10) өгүүллийг ашиглан хэрхэн наманчлахыг хүүхдүүдэд заа.
Гэртээ суралцахыг урамшуулан дэмж
Хүүхдүүдэд уучлах хэрэгтэй нэг хүнийхээ тухай бодоод, уучилсан гэдгээ уг хүнд харуулахын тулд нэг зүйл хийнэ гэсэн шийдвэр гаргахад урамшуул.