Ирээд, Намайг дага
6-р сарын 3–9. Иохан 13–17: ‘Миний хайр дотор байгтун’


“6-р сарын 3–9. Иохан 13–17: ‘Миний хайр дотор байгтун’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“6-р сарын 3–9. Иохан 13–17,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Сүүлчийн зоог

Волтэр Рэйн, Намайг дурсаж

6-р сарын 3–9

Иохан 13–17

“Миний хайр дотор байгтун”

Таныг Иохан 13–17 дээрх Аврагчийн сургаалыг уншихад Ариун Сүнс танд зориулсан захиасыг мэдэхэд тань туслах болно. Хүлээж авсан мэдрэмжээ бичиж тэмдэглэ.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Өнөөдөр бид “Сүүлчийн зоог” хэмээн нэрлэдэг ч Есүсийн шавь нар жил бүрийн Дээгүүр өнгөрөх баярын зоог дээр цугларахдаа энэ нь Багшийгаа үхэхээс өмнө Түүнтэй хамт барьж байгаа хамгийн сүүлчийн зоог байх болно гэдгийг бүрэн ухаарсан эсэхийг мэдэхгүй. Гэсэн хэдий ч Есүс “цаг нь болсныг мэдэж байсан” (Иохан 13:1). Тэрээр удалгүй Гетсемани дахь зовлон шаналал, хамгийн дотны найзуудынхаа урвалт, үгүйсгэл хийгээд загалмай дээрх үхлийн тарчлалтай нүүр тулах гэж байсан. Есүс удахгүй Өөрт нь тохиох гэж байсан энэ бүх зүйлийг үл тоон, Өөртөө биш, харин шавь нартаа үйлчлэхэд анхаарлаа хандуулж байсан. Тэрээр даруухнаар тэдний хөлийг угаасан. Тэр тэдэнд хайрын тухай заасан. Нэг утгаараа Тэр тэднийг хэзээ ч орхихгүй, тэд Түүнийг хэзээ ч орхих хэрэггүй хэмээн тайвшруулж байв. Шавь нар тэр үед болон одоо ч “Би та нарыг өнчрүүлж орхихгүй”(Иохан 14:18) хэмээх Аврагчийн амлалтаас амар амгаланг олдог. “Та нар Миний тушаалыг сахивал Миний хайр дотор байх болно” (Иохан 15:10).

хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Иохан 13–15

Би Түүний хайрла гэсэн тушаалыг сахиснаар Есүс Христийг хайрладгаа харуулдаг.

Хамгийн агуу хоёр тушаал бол хайрлах тухай тушаал юм гэдгийг Есүс аль хэдийн заасан байсан (Maтай 22:34–40-ийг үзнэ үү). Энэхүү онцлогт нийцүүлэн, Түүний төлөөлөгчдөдөө өгсөн сүүлчийн заавруудын гол сэдэв нь хайр байсан юм. Иохан 13–15-ыг уншихдаа хайр гэсэн үгийн хэрэглээ тус бүрийг тэмдэглэж эсвэл бичиж ав.

Эдгээр бүлэгт тушаалууд гэдэг үг хайр гэдэг үгтэй олон удаа холбогдож байгааг та анзаарах болно. Та Аврагчийн сургаалаас хайр, тушаалууд хэмээх үгсийн хоорондох уялдаа холбооны талаар юу сурч мэдэж болох вэ? Эдгээр бүлэгт өөр ямар ямар үг хайр гэдэг үгтэй олон дахин холбогдож байна вэ? Сурсан зүйлдээ тулгуурлан хайрын тухай Аврагчийн хэлсэн сургаалыг хураангуйлан бичиж болно.

Мөн Д.Тодд Кристоффэрсоны “Миний хайр дотор бай” хэлсэн үгийг 2016 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 37-оос үзнэ үү.

Иохан 14–16

Ариун Сүнс надад Есүс Христийн шавийн хувьд зорилгоо биелүүлэхэд тусалдаг.

Есүс Христ удахгүй шавь нараа орхин явахаа, Түүнийг явсны дараа тэдэнд сүнслэг дэмжлэг хэрэг болно гэдгийг мэдэж байсан. Энэхүү дэмжлэгийг хэрхэн хүлээн авахыг ойлгоход нь туслахын тулд Тэрээр Ариун Сүнсний тухай заасан. Та дараах шүлгүүд дэх Аврагчийн үгсээс Ариун Сүнсний үүргийн талаар юу мэдэж авсан бэ?

Яагаад шавь нарт Ариун Сүнсний иймэрхүү тусламж хэрэгтэй байсан бэ? Ариун Сүнс таны амьдралд эдгээр үүргийг хэрхэн биелүүлсэн бэ? Та Шинэ Гэрээнээс үргэлжлүүлэн суралцахдаа Есүсийн шавь нарыг Ариун Сүнс адисалсан арга замуудыг эрж хай. Хэрэв Ариун Сүнсийг өөртөө илүү гүнзгий нөлөөлөхөд уривал таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх вэ?

Мөн Moзая 3:19; 5:1–3; 3 Нифай 27:20; Moронай 8:25–26; 10:5; Сургаал ба Гэрээ 11:12–14; Moсе 6:61-ийг үзнэ үү.

Иохан 15:1–8

Би Христ дотор байснаар сайн үр жимс өгөх болно.

“[Христ] дотор байх” гэдэг нь юу гэсэн утгатай вэ? (Иохан 15:4). Ямар “жимс” таныг Есүс Христийг төлөөлдөг модонд залгаатай байгааг харуулдаг вэ?

Иохан 17

Есүс Христ шавь нараа өмгөөлөв.

Иохан 17-д бичигдсэн Есүсийн үгс өмгөөллийн залбирал гэж танигдсан. Есүс энэхүү залбиралдаа Өөрийн төлөөлөгчид, “тэдний үгээр дамжуулан [Түүнд] итгэх хүмүүсийн төлөө” (Иохан 17:20) залбирсан. Энэ нь Тэр таны төлөө залбирсан гэсэн үг юм. Есүс Эцэгээсээ таны болон бусад бүх итгэгчийн төлөө юу гуйсан бэ?

Энэхүү залбирал нь мөн гүн гүнзгий, мөнхийн үнэнийг заадаг. Та үүнийг уншаад, ямар ямар үнэнийг олсон бэ?

Иохан 17:11, 21–23

Тэнгэрлэг Эцэг болон Есүс Христ хэрхэн нэг байдаг вэ?

Есүс Иохан 17 дээр гардаг залбиралдаа Эцэгтэй нэгдмэл байдгаа онцолсон ч энэ нь Эцэг, Есүс хоёр нэг хүн гэсэн үг биш юм. Аврагч Эцэгтэйгээ нэг “байдгийн адил” (Иохан 17:22) буюу тийм байдлаар нэг байхын төлөө өөрсдийн шавь нарыг залбирахдаа нэг хүн бол гэж хэлээгүй. Харин Түүний хүсэл бол Эцэгтэйгээ зорилго, зүрх сэтгэл, оюун бодлоороо төгс нэгдмэл байдгийн адил тэднийг нэгдэн баясаасай хэмээн хүссэн.

гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Иохан 13:1–17

Танай гэр бүл эдгээр шүлэг дэх Аврагчийн үлгэр жишээнээс юу сурч болох вэ? Бид ямар ямар арга замаар Түүний үлгэр жишээг дагаж болох вэ?

Иохан 13:34–35; 15:9–14

Аврагчийн заасан хайрын тухай сургаалын талаар ярилцахдаа ерөнхийлөгч Томас С.Монсоны дараах үгсийн талаар ярилцаж болно. “Өнөөгийн дэлхийд гэр орноос өөр хаана ч хайрын бат бөх суурь байхгүй. Мөн хайрыг гэр бүлийнхээ гол утга учир болгосон хожмын үеийн гэгээнтнүүдийн гэр орноос илүү сайн, ийм суурь болох жишээ дэлхийн хаанаас ч олдохгүй. … Хайр бол сайн мэдээний хамгийн чухал хэсэг бөгөөд хүмүүний бодгалийн хамгийн сайхан зан чанар билээ” (“Би та нарыг хайрласны адилаар,” Лиахона, 2017 оны 2-р сар, 1–2).

Бие биенийхээ юунд нь хайртайгаа илэрхийлэн зураг зурах юм уу, зүрхэн хэлбэртэй цаасан дээр бичих нь танай гэр бүлийнхэнд таалагдаж болох юм. Эдгээр зүрхээ нэг нэгнээ хайрлах хайрын сануулга болгон гэрийнхээ эргэн тойронд байрлуулж болно.

Иохан 15:1–8

Эдгээр шүлгийг гадаа усан үзмийн ороонго, мод эсвэл ямар нэгэн ургамлын дэргэд уншвал сонирхолтой санагдах байх. Энэ үйл ажиллагаа нь Аврагчийн сургаалыг илүү сайн ойлгоход танай гэр бүлд хэрхэн туслах вэ?

Усан үзмийн модон дээрх усан үзэм

Есүс “Би бол усан үзмийн мод, та нар бол мөчрүүд” (Иохан 15:5) хэмээн заасан.

Иохан 15:17–27; 16:1–7

Есүс Христ яагаад шавь нартаа хавчлага мөрдлөгийн талаар сэрэмжлүүлсэн гэж та бодож байна вэ? Өнөө үед Христийн шавь нар хэрхэн хавчигдаж байна вэ? Эдгээр шүлэг дэх Аврагчийн зөвлөгөө бидэнд хавчлага дарамттай тулгарах үед хэрхэн тусалж болох вэ?

Иохан 16:33

Христ дэлхийг хэрхэн ялан дийлсэн бэ? Түүний Цагаатгал бидэнд амар амгалан, урам зоригийг хэрхэн авчирсан бэ? (мөн С ба Г 68:6-г үзнэ үү).

Иохан 17:21–23

Танай гэр бүл Есүс Христ, Тэнгэрлэг Эцэг хоёртой адил хэрхэн илүү нэгдмэл байж чадах вэ? Яагаад Их Эзэн биднийг нэгдмэл байлгахыг хүсдэг вэ? (мөн С ба Г 38:27-г үзнэ үү).

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Заах чадвараа сайжруулах

Чанга унш. Гэр бүлдээ судраас заахдаа чанга унших нь судрын түүхүүдийг илүү бодитой болгоход тусалдаг. Ялангуяа Иохан 13–17-д Аврагчийн үгс их байдаг учраас чанга унших нь хүчирхэг санагдаж болно.

Есүс төлөөлөгчдийн хөлийг угааж байгаа нь

Дэл Парсон, Эзэн үйлчлэгч