Ирээд, Намайг дага
5-р сарын 13–19. Maтай 19–20; Maтай 10; Лук 18: ‘Надад өөр юу дутагдаж байна вэ?’


“5-р сарын 13–19. Maтай 19–20; Maтай 10; Лук 18: ‘Надад өөр юу дутагдаж байна вэ?’” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: Шинэ Гэрээ 2019 (2019)

“5-р сарын 13–19. Maтай 19–20; Maтай 10; Лук 18,” Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав: 2019

Зураг
Усан үзмийн талбайд ажиллагсад

5-р сарын 13–19

Maтай 19–20; Maрк 10; Лук 18

“Надад өөр юу дутагдаж байна вэ?”

Та Maтай 19–20; Maрк 10 болон Лук 18-ыг уншиж, тунгаан бодохдоо хүлээж авах сүнслэг өдөөлтүүддээ анхаарлаа хандуулаарай. Өдөөлтүүдээ тэмдэглэж аваад, тэдгээрийн дагуу хэрхэн үйлдэхээ тодорхойл.

Төрсөн сэтгэгдлээ бичиж тэмдэглэ

Хэрэв танд Аврагчид асуулт тавих боломж байсан бол юу асуух байсан бэ? Нэгэн баян залуу эр Есүс дээр анх удаа ирээд, “Мөнх амийг олохын тул би ямар сайн юм хийх ёстой вэ?” (Maтай 19:16) гэж асуужээ. Аврагч хариулахдаа түүний хийсэн сайн зүйлсэд талархаж байгаагаа мөн илүү ихийг хийхийг хайраар урамшуулан дэмжиж буйгаа харуулсан. Бид мөнх амьдралын боломжийн талаар тунгаан бодохдоо бидэнд хийх илүү их зүйл байгаа болов уу гэж үүний адил боддог байж болно. Бид “Надад өөр юу дутагдаж байна вэ?” (Maтай 19:20) гэж өөр өөрийн арга замаар асуух үед Их Эзэн бидэнд баян залуу эрд хариулсны адил хувийн шинжтэй хариулт өгч болно. Их Эзэн биднээс юу ч хийхийг хүссэн бай Түүний хариултын дагуу үйлдэх нь өөрийн зөвт байдлаас (Лук 18:9–14-ийг үзнэ үү) илүү Түүнд итгэх итгэл хийгээд “Бурханы хаанчлалыг хүүхэд адил хүлээн авахыг” (Лук 18:17 мөн 3 Нифай 9:22-ыг үзнэ үү) биднээс үргэлж шаардах болно.

Зураг
хувиараа судлах шигтгээ зураг

Хувиараа судар судлахад зориулсан санаанууд

Maтай 19:1–9; Maрк 10:1–12

Эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлт Бурханаар томилогдсон.

Аврагч болон фарисайчуудын хооронд өрнөсөн энэхүү харилцан яриа нь гэрлэлтийн талаар Аврагчийн тодорхой заасан зүйлс бичигдсэн цөөн хэдэн жишээний нэг юм. Maтай 19:1–9, Maрк 10:1–12-ыг уншаад, гэрлэлтийн талаарх Аврагчийн үзэл бодлыг өөрийнхөөрөө товчлон жагсааж бич. Эцэгийн авралын төлөвлөгөөний талаарх таны мэдлэг эрэгтэй, эмэгтэй хүний гэрлэлт Бурханаар томилогдсон шалтгааныг ойлгоход танд хэрхэн туслах вэ?

Зураг
Ариун сүмийн өмнө сууж буй ахмад хос

Мөнхийн гэрлэлт нь Бурханы төлөвлөгөөний нэг хэсэг юм.

Maтай 19:3–9; Maрк 10:2–12

Есүс салалтыг хэзээ ч хүлээн зөвшөөрч боломгүй зүйл эсвэл салсан хүмүүс дахин гэрлэж болохгүй гэж заасан уу?

Ахлагч Даллин Х.Өүкс салалтын тухай хэлсэн үгэндээ Тэнгэрлэг Эцэг гэрлэлтийн харилцааг мөнхийн байхаар төлөвлөсөн гэж заасан. Гэсэн ч Бурхан “яагаад гэвэл [бидний] зүрх хатуу тул” хосын нэгнийх нь эсвэл хоёулангийнх нь аминч үзэл, буруу сонголтын улмаас зарим тохиолдолд салах шаардлагатай байдаг гэдгийг ойлгодог.

Ахлагч Өүксийн тайлбарласнаар, Их Эзэн “гэр бүлээсээ салсан хүмүүсийг селестиел хуулинд зааснаар ёс суртахуунгүй байдлын толбогүйгээр дахин гэрлэхийг зөвшөөрдөг. Гэр бүлээсээ салсан гишүүн ноцтой нүглүүд үйлдээгүй л бол бусад гишүүнд хамаарах тэрхүү зохистой байдлын жишгийн дагуу ариун сүмийн эрхийн бичиг авах эрхтэй” (“Divorce,” Ensign эсвэл Liahona, 2007 оны 5-р сар, 70).

Maтай 19:16–22; Maрк 10:17–22; Лук 18:18–23

Хэрэв би Их Эзэнээс асуувал Тэр надад мөнх амийг өвлөн авахын тулд юу хийх хэрэгтэйг зааж өгнө.

Баян залуу эрийн түүх итгэлтэй, бүх насаараа шавь байгаа хүмүүст ч санаа зовох шалтгаан болж болно. Та Марк 10:17–22-ыг уншиж байхдаа залуу эрийн итгэлтэй байдал, чин сэтгэлийг харуулсан ямар нотолгоог олж харсан бэ?

Баян залуу эрийн адил бид бүгдээрээ төгс бус, дутагдалтай учраас шавийн хувьд “Надад өөр юу дутагдаж байна вэ? гэж амьдралынхаа турш асуух хэрэгтэй. Биднийг үнэн мөн чанараар маань болгоодог Нэгнээс хайраар өгсөн хариултыг анзаараарай (Maрк 10:21-ийг үзнэ үү). Та Их Эзэнээс өөр юу дутагдаж байгаагаа асуухад бэлтгэхийн тулд мөн Түүний хариултыг хүлээн авахын тулд юу хийж чадах вэ?

Түүнчлэн Ларри Р.Лорэнсын “Надад юу дутагдаж байна вэ?” хэлсэн үгийг 2015 оны 10-р сарын Ерөнхий чуулганы х. 17–19-өөс; С. Maрк Палмэрын “Есүс түүнийг ширтэн харж, хайрлав” хэлсэн үгийг 2017 оны 4-р сарын Ерөнхий чуулганы х. 105–107-оос үзнэ үү.

Матай 20:1–16

Сайн мэдээг хэзээ хүлээн авснаасаа үл шалтгаалан хүн бүр мөнх амьдралын адислалыг хүлээн авч чадна.

Усан үзмийн талбайд ажиллагсдын аль нэгнийх нь туршлага тантай ямар нэгэн байдлаар холбогдож байна уу? Та энэ хэсгээс өөртөө тохирох ямар сургамж авч байна вэ? Ахлагч Жэффри Р.Холландын “Талбайд хөдөлмөрлөгсөд” (2012 оны 4-р сарын Ерөнхий чуулган, х. 32–34) хэлсэн үг энэхүү сургаалт зүйрлэлийг хэрэгжүүлэх шинэ арга замуудыг олж харахад танд тусалж болох юм. Ямар нэмэлт өдөөлтийг Сүнс танд өгч байна вэ?

Зураг
гэр бүлээрээ судлах шигтгээ зураг

Гэр бүлээрээ судар судлахад болон гэр бүлийн үдэшт зориулсан санаанууд

Гэр бүлээрээ судар судлах үед тань гэр бүлийнхээ хэрэгцээнд тохируулахын тулд ямар зарчмуудыг онцлох мөн хэлэлцэхийг мэдэхэд Сүнс танд туслах болно. Дараах саналуудыг хавсаргав. Үүнд:

Maтай 19:1–9; Maрк 10:1–12

Гэрлэлт, гэр бүлийн тухай Бурханы сургаалыг ярилцах нь танай гэр бүлд үр нөлөөтэй юү? Тийм бол Гэр бүл: Дэлхий дахинаа өргөх тунхаг”-ийг уншиж болно (LDS.org). Уг тунхаг дээрх сургаал нь гэрлэлт, гэр бүлийн талаарх дэлхийн захиасын гажуудал, буруу ойлголтыг хэрхэн тодорхой болгодог вэ?

Maрк 10:23–27

Баялагтай байх, баялагт итгэх хоёр юугаараа ялгаатай вэ? (Maрк 10:23–24-ийг үзнэ үү). Та 27-р шүлгийг уншихдаа Иосеф Смитийн Орчуулгыг дурдаж болно. “Баялгуудад итгэж найддаг хүний хувьд энэ нь боломжгүй; гэхдээ Бурханд итгэж найдан, Бурханы төлөө бүхнээ орхидог хүнд энэ нь боломжтой. Учир нь түүний хувьд эдгээр бүх зүйл боломжтой.”

Матай 20:1–16

Матай 20:1–16 дахь зарчмуудыг үлгэрлэн үзүүлэхийн тулд богино зайд гүйх зэрэг энгийн уралдаан зохион байгуулж, түрүүлсэн хүнд шагнал амлаж болно. Хүн бүрийг уралдаанд оролцож дууссаны дараа бүх хүнд адилхан шагнал өг. Ингэхдээ хамгийн сүүлд орсон хүнээс эхэлж өгөөд, түрүүлсэн хүнд хамгийн сүүлд өгөөрэй. Энэ нь Тэнгэрлэг Эцэгийн төлөвлөгөөнд хэн мөнх амьдралын адислалыг хүртдэг тухай бидэнд юу зааж байна вэ?

Maтай 20:25–27; Maрк 10:42–45

“Та нарын дунд хэн чинь тэргүүнд байхыг хүснэ, тэр нь та нарын боол болог” гэсэн хэллэг ямар утгатай вэ? (Maтай 20:27). Есүс Христ хэрхэн энэ зарчмын үлгэр жишээ болдог вэ? Бид гэр бүл, тойрог, салбар, эргэн тойрондоо Түүний жишээг хэрхэн дагаж чадах вэ?

Лук 18:1–14

Бид эдгээр шүлгэн дээрх хоёр сургаалт зүйрлэлээс залбирлын тухай юу сурч болох вэ?

Хүүхдүүдэд заах нэмэлт санаануудыг Ирээд, Намайг дага—Хувь хүн, гэр бүлүүдэд зориулав гарын авлагын энэ долоо хоногийн тоймоос олж болно.

Хувиараа судлах үйл явцаа сайжруулах

Өөрийнхөө хувьд боломжтой цагийг ол. Судраас судлахдаа ямар нэгэн саад болох зүйлгүй бол суралцахад хамгийн амар байдаг. Өөрийнхөө хувьд хамгийн тохиромжтой цагийг сонгож, өдөр бүр яг тэр цагтаа тогтмол суралцахын тулд хамаг сайнаараа хичээ.

Зураг
Христ ба баян залуу эр

Хэйнрих Хофманн, Христ, залуу баян захирагч хоёр

Хэвлэх